Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1766

 

МАГАДЛАЛ

 

2018.07.27                                                     Дугаар 1766                                Улаанбаатар хот

 

 

 

 

С.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01504 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Ж, П.Х нарт холбогдох,

 

Газар эзэмших эрх солилцсон гэрээг цуцлан, гэрээний гүйцэтгэлийг биет   байдлаар нь харилцан буцаах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.С ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ж, П.Х ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний охин С.С  нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд 0,5 га газрыг Сүхбаатар дүүргийн Газрын албанаас зөвшөөрөл авч газарт нь 4 тал хашаа хүнээр хийлгэж, хатгасан газрыг эзэмшиж байсан ба уг газарт гэрэл болон нойл татаагүй байсан. П.Ж надад 15 000 000 төгрөгийн үнэтэй 2 газар байгаа. Нэг нь манай эмэгтэй дүүгийн газар гэж хэлсэн. Ингээд шинэ газар болон хашаагаа П.Ж-ны газраар сольж, газар эзэмших эрхийг шилжүүлсэн. П.Ж-ны өгсөн газар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын зуслангийн газар байсан. 2017 оны намар миний эзэмшлийн газар гэж шилжүүлсэн өнөөх газар дээр нь очиход хүмүүс ирчихсэн, газар янзлаад хашаа барьчихсан байсан. Учрыг нь асуухад н.Б гэдэг эмэгтэй газрын гэрчилгээ, кадастарын зураг үзүүлэн миний эзэмшлийн газар, уг газрыг аваад 5-6 жил болж байна гэсэн. Миний охин нөхрийнхөө хамт газрын алба дээр очиж уулзан уг газар нь П.Ж гэдэг хүний газар биш байсан ба шилжүүлсэн газар дээр нь очиж үзэхэд уулын орой дээр, огцом өгсүүр, хад, чулуу ихтэй, хашаа байхгүй, зам, цахилгаан байхгүй, худаг болон буудал нь хол огт өөр газар зааж өгсөн. Тухайн үед гэр бүлийнхэн минь надад хэлээгүй. Учир нь би зүрхний өвчтэй байсан. П.Ж-д яагаад өөрийнхөө эзэмшлийн газрыг мэдэхгүй байгаа юм бэ гэдэг талаар хэлэхэд намайг хүн залилсан байна гэж хэлсэн. П.Ж нь бараг сэлбэгэнд очихоор приус 10 машин өгсөн. Гарын үсэг зурсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хийсэн наймайгаа буцааж, газраа эргээд солилцъё гэж байгаа юм гэжээ.

Хариуцагч П.Хишигжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний дүү П.Ж түнх солиулах хагалгаанд орох шаардлагатай болсон тул би түүнд 6 000 000 төгрөг зээлсэн. Дараа нь надад 6 000 000 төгрөгийн оронд энэ газрыг өгсөн. Уг газрыг аваад хаалгыг урд талд нь гаргах, жорлон барих, тог татуулах гээд 1 200 000 төгрөгийн зардал гаргасан. Хэрвээ газраа буцаан авах бол зөрүүнд өгсөн машин болон миний гаргасан 1 200 000 төгрөг, мөн 6 000 000 төгрөгийг өгөөд газраа буцаан авч болно гэжээ.

Хариуцагч П.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Уг газрыг 15 000 000 төгрөгөөр бодож н.Ө гэх залуугаас авсан ба уг газрыг энэ газар гэж зааж өгөөд нэрээ шилжүүлсэн. Уг газар нь 0,12 м.кв хэмжээтэй байсан ба тал газрыг нь н.Г болон түүний эхнэр С.С той наймаа тохирч зөрүүнд нь бух бенз өгч нэрээ шилжүүлсэн. Үүнээс хойш 2 жилийн дараа уг газар нь өөр хүнийх болж таарсан ба худалдаж авсан хүндээ залилуулсан гэдгээ мэдсэн. Миний н.Г болон түүний эхнэрийн нэр дээр шилжүүлсэн газар нь уг амны наад талд нь байсан. Би хохироод үлдсэн. Энд маргаад байх зүйл байхгүй. Машин болон гаргасан мөнгийг буцаагаад өгвөл газраа ав гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн хуулийн 274 дугаар зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.С ос хариуцагч П.Ж, П.Х нарт холбогдуулан гаргасан гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах тухай нэхэмжлэлийн шаардлагыг   бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж гэнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нараас     1 000 000 төгрөг шаардаж шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Би настай хүн болохоор шүүгчийн яриаг буруу, дутуу ойлгож буруу хариулж байсан болно. Энэ газар охин бид хоёрын цорын ганц амьдрах өмч юм. Шаардлагатай гэвэл би 1 000 000 төгрөг тодорхой хугацаанд төлөх болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч С.С  нь хариуцагч П.Ж, П.Х нарт холбогдуулан газар эзэмших эрх солилцсон гэрээг цуцлан, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхэд талууд харилцан тохиролцож, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч талаас приус 10 автомашин, 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаанд хариуцагч нарт буцаан өгч, С.С-ын газрын гэрчилгээг буцаан авах, хариуцагч нар татгалзах зүйлгүй, хариуцагч нар нь С.С ос авсан газраа буцаан өгч, приус 10 автомашин, 1 000 000 төгрөг авах” гэж заан, эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан журамд нийцүүлэн бичгээр байгуулсан байна. Уг гэрээний агуулга гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “нэхэмжлэгч талаас приус 10 автомашин, 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаанд хариуцагч нарт буцаан өгч, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай зусланд байрлах, 545 м.кв талбайтай С.С-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг авахаар, хариуцагч нар С.С ос авсан уг газраа буцаан өгч, приус 10 автомашин, 1 000 000 төгрөг авах” талаар тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод мэдэгдсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                       ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ