Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/01415

 

           

2021 оны 06 сарын 25 өдөр                  Дугаар 183/ШШ2021/01415                             Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Т-ын нэхэмжлэлтэй,    

       

Хариуцагч: О.Б -д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч О.Б, нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.                                                   

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2011 онд хамт ажиллаж байх хугацаандаа танилцаад үерхэж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин Т.Ч төрсөн. Охиноо төрөөд 3 нас хүртэл хамт байсан ба гэр бүлийн маргаанаас болж хамт амьдрах боломжгүй болоод салсан. Одоо тус тусдаа амьдрал зохиосон. Одоо охиндоо хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч О.Б шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Бид хоёр 2011 онд хамт ажиллаж байгаад танилцаад, 2014 он хүртэл хамт амьдарсан ба хоорондын үл ойлголцлоос болоод салсан. 2016 оноос хойш тусдаа амьдарч байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход маргахгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Б-д холбогдуулан гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Ц.Т, О.Б нар нь 2011 оны 10 дугаар сард танилцаж хамтран амьдарч эхэлсэн байх  бөгөөд тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин Б.Ч төрсөн болох нь.... дугаартай төрсний гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Ч, эх Ц.Т, эцэг О.Б нарын хооронд эрх, үүрэг үүснэ. 

 

Талууд 2016 оноос хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд охин Б.Ч эхийн асрамжид байсан ба хариуцагч О.Б хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Ч-ийг эхийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Ч-д хүүхдийн тэтгэлгийг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                

        ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013.11.14-ний өдөр төрсөн охин Т.Ч-ийг эх Ц.Т-ын асрамжид үлдээсүгэй.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013.11.14-ний өдөр төрсөн охин Т.Ч-ийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр О.Бгаас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Б-гаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ