| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03105/И |
| Дугаар | 183/ШШ2021/01537 |
| Огноо | 2021-07-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2021/01537
| 2021 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2021/01537 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Н-д холбогдох,
дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,899,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 08 дугаар сард орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 1,421,950 төгрөгийг ... дүүргийн ... дүгээр хороо .... дүгээр байрны ... тоотын эзэмшигч Д.Н-ээс гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 1,899,150 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна. Өмнөх шүүх хурлууд дээр СӨХ-ны гэрчилгээний хугацаа дууссан байна гэж маргасан тул ... дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргаад Ж СӨХ-ны гэрчилгээг 2 жилийн хугацаагаар сунгаж өгсөн. Манайхаас гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрт оруулж хавтаст хэрэгт өгсөн гэв.
Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... миний бие тус СӨХ-ны албан ёсны гишүүн биш бөгөөд тус СӨХ-г байгуулахад оролцоогүй. Холбоо байгуулагдаад оршин суугч нартай нэг ч удаа уулзалт хийж байгаагүй. Хийх ажил болон цаашид хэрхэн ажиллах талаар танилцуулсан зүйл байхгүй. Засвар үйлчилгээг хийгээч, тохижилтоо анхаараач, баригдаад 4-5 жил болж байгаа байрны үүдийг засаач, бага багаар засан сайжруулаад яваач тэгтэл бага зардал гарна гэж маш олон удаа хэлсэн. Мөн СӨХ-ны фейсбүүк хаягаар маш олон удаа бичсэн боловч намайг СӨХ-ны фейсбүүк группээс хассан. Засвар үйлчилгээг чанартай үзэмжтэй хийгээд хийсэн ажлаа тайлагнаад явбал СӨХ-ны төлбөрийг төлнө. Юу ч хийхгүй байж мөнгө л нэхээд байгааг ойлгохгүй байна. СӨХ-ноос ажил хийхгүй байсан болохоор өөрийн байрны орцны 1 оршин суугчтай хамтарч нийт 2,900,000 төгрөгөөр 2020 оны 07 дугаар сард орцныхоо үүд хэсгийг чулуун хавтангаар бүрж, орцондоо толь суулгуулж тохижилт хийсэн. СӨХ-ноос нэг ч төгрөг гаргаагүй. Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Ж СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж СӨХ нь 2018 оны 7 дугаар сараас эхлэн 2020 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,421,950 төгрөгийг хариуцагч Д.Н-ээс гаргуулахыг хүссэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2020 оны 6 сараас 2021 оны 1 сар хүртэлх хугацааны төлбөр 477,200 төгрөгийг нэмж нийтдээ 1,899,150 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хариуцагч Д.Н нь дээрх нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэргийн баримтаас үзэхэд Ж СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар байгуулагдсан болох нь 2018.02.13-ны өдөр олгогдсон 18/06 дугаар гэрчилгээ, 2017.04.17-ны өдрийн 1 тоот бүх гишүүдийн хурлын шийдвэр, СӨХ-ны дүрэм, мөн сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа эрхлэгчид 2020.03.31-нд олгосон гэрчилгээг сунгасан байдлаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул Ж СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.
Хариуцагч Д.Н нь 2018 оны 7 дугаар сараас эхлэн 2021 оны 1 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн талаарх Төрийн банкны хуулга, засвар, үйлчилгээ хуримтлалын тарифыг баталсан 2018.04.28-ны өдрийн Ж СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт зэргийг үндэслэн нийтдээ 1,899,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн өөрийн зардлаар орцонд засвар хийсэн” гэж тайлбарладаг боловч Ж СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Г болох нь, мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон хаягжуулалтын дагуу 204А, 204Б байруудыг /хариуцагчийн оршин суугаа байр/ 204 байр болгон нэмж бүртгэсэн, 2020.03.31-нд олгосон гэрчилгээг 2021.05.18-ны өдрөөс 2023.05.18-ныг хүртэл хугацаагаар сунгасан болох нь тус тус баримтаар тогтоогдсон, харин хариуцагч Д.Н орцондоо хэдэн төгрөгөөр засвар хийж тохижуулсан талаарх баримтгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Ковид-19 хавьтал болсон гэх боловч нотолсон баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Д.Н-гээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,899,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,750 төгрөг /37,750+15,000/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-гээс улсын тэмдэгтийн хураамжид 52,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ