| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/00951/И |
| Дугаар | 183/ШШ2021/01538 |
| Огноо | 2021-07-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2021/01538
2021 оны 07 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2021/01538 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Т-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, түүний өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Э.Т-тай 1992 онд танилцаад хамт амьдарч байгаад 2013.09 сард гэр бүлээ батлуулсан. Бид дундаасаа үр хүүхэд байхгүй. 2015 онд үр цацлагын аргаар хүүхэдтэй болсон. Түүнээс хойш зан ааш нь өөрчлөгдөж бидний дунд маргаан гарах болсон. 2017.12.16-ны өдөр хүү Э.Бын хамт гэрээсээ хөөгдсөн. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Э.Т миний бие тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Ж.Э-ын нэхэмжлэлтэй гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаанд хариуцагчаар оролцож байгаа болно. Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ‘Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах агуулга бүхий нэмэлт хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна.
1. Миний бие Ж.Э-ын “Гэрлэлт цуцлуулах” шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулан авах шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь миний хүүгийн төрсөн эх нь Б.Н бөгөөд би хуульд заасан үндэслэл журмын дагуу 2015 онд Э.Б-ыг үрчлэн авч хууль ёсны эх нь болсон. Нэхэмжлэгч Ж.Э бид 2-ын дунд гэр бүлийн таарамжгүй харилцаа үүссэн нь үнэн боловч би өөрийн хүү Э.Б-ыг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна.
2. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулан авах шаардлагыг мөн л хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан Э.Т миний нэр дээр бүртгэлтэй “Н” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дараах эд хөрөнгө болох
1. ... аймгийн Рашаант сумын нутагт байрлах Х Жуулчны бааз
2. ... дүүрэг, ....-р хороо, ....-нд байрлах “.....” оффисын барилга 3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 3082 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болон газар
3. ..... дүүрэг, ....-р хороо, .... дугаар хэсэг, ....-р байр .... тоот 500.000.000 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө
4. .... дүүрэг, ... дүгээр хороо, ..... тоот үл хөдлөх хөрөнгө
5. ...... дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамааруулан өөрт оногдох хэсгийг гаргуулан авахаар нэхэмжлэл аргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Ж.Э-ын гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.Э гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Т-д холбогдуулан гаргасан, харин хариуцагч удаа дараа хариу тайлбар ирүүлсэн байх бөгөөд 2020.05.06-ны өдрийн нэмэлт хариу тайлбартаа “...гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулахыг зөвшөөрөхгүй” гэжээ.
Хэргийн баримтаас үзэхэд Ж.Э, Э.Т нар 1991.09.01-ний өдөр гэр бүл болсныг ..... дүүргийн ...... дугаарт 2013.09.13-ны өдөр бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Ж.Э, Э.Т нар хүүхэд төрүүлээгүй байх бөгөөд үр цацлагын аргаар 2015.09.05-ны өдөр төрсөн хүү Э.Б-ыг төрүүлсэн эх Б.Н-гээс үрчлэн авсан гэж тайлбарладаг бөгөөд үрчилсний бүртгэл хийгдсэнээр Ж.Э, Э.Т нар хүүхдийн эцэг, эх болсныг бүртгэсэн төрсний гэрчилгээ хэрэгт авагдсан байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020.03.03-ны өдрийн 54 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд уригдсан тал Э.Т нь “...эвлэрүүлэн зуучлалын шатанд нөхөр Ж.Э-той эвлэрч амьдрах боломжгүй, гэрлэлт цуцлах маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж байна” гэх үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байна.
Талуудын хооронд 2004 оноос эхлэн маргаан үүссэн, улмаар хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 12 сараас хойш тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд хүү Э.Б эцгийн асрамжид байсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж гэрлэгчид үзсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн талаар талууд маргасан тул тус шүүхийн 2021.01.19-ний өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар ..... дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд тус хэлтсийн 2021.04.26-ны өдрийн ...... дугаар албан тоотоор шинжээчийн баг ажилласан дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дүгнэлтээр “...хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх ахуйн нөхцөл бололцооны хувьд хүүхдийн одоогийн аавтайгаа амьдарч байгаа байр илүү тохь тухтай, орчин нөхцөл сайтай, Э.Т-ын хувьд сүүлийн 2 жилд хүүтэйгээ уулзах, хайж олох хүүдээ анхаарал халамж тавих, тусалж дэмжих тал дээр санаачилгагүй, сэтгэлгүй хандаж байсан нь хүүхэдтэй уулзах уулзалтаар харагдаж байсан. Э.Б-ын хувьд аавдаа ээнэгшилтэй, харилцаа хандлага аавд илүү байх тул хүүхдийн асран хамгаалах эрхийг одоогийн нөхцөл байдалд аав дээр нь байлгах саналтай ...“ гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хүүхдийн нас, эцгийн халамж, ахуйн нөхцөл бололцоог харгалзан 2015.09.05-ны өдөр төрсөн хүү Э.Б-ыг түүний эцэг Ж.Э-ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчид хамтран хүлээхээр байна.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн тул хариуцагчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т зааснаар энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүү Э.Б-ыг эх Э.Т-ын асрамжид байлгахаар шийдвэрлэсэн тус шүүхийн 2020.05.15-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 5 дахь заалтын үйлчлэл дуусгавар болсныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т “хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж заасан, гэвч хариуцагч Э.Т мэтгэлцэхийг хүсээгүй, шүүхийн үл хүндэтгэн шүүх хуралдааны танхимыг дур мэдэн орхиж гарсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ж.Э, Э.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2015.09.05-ны өдөр төрсөн хүү Э.Б-ыг эцэг Ж.Э-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг болон хөрөнгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй болохыг, мөн тус шүүхийн 2020.05.15-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 5 дахь заалтын үйлчлэл дуусгавар болсныг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ