Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/01559

 

                             

 

 

 

 

 

 

      2021 оны 07 сарын 19 өдөр

        Дугаар 183/ШШ2021/01559                                 Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б ХХК -д  холбогдох,

 

 Түрээсийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У, нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч байгууллага 2019.10.11-ны өдрөөс 2020.10.10-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хариуцагч Б ХХК-д түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч тухайн тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаанд ашигласан бөгөөд сүүлийн 5 сарын түрээсийн төлбөр 25,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгч байгууллага түрээсийн зүйлийг буцааж хүлээж авахдаа тодорхой баримт үйлдээгүй. Баримт үйлдээгүй шалтгаан нь түрээслэгч тал тээврийн хэрэгслийг буцааж өгөлгүй, гэрээний хугацаа дууссан байхад ашиглаж байсан учир түрээслэгч сургуулийн багш нар тухайн тээврийн хэрэгслийг очиж авч байсан. Тийм байдлаар тээврийн хэрэгслийг авч байхдаа хүлээж авсан акт үйлдэх боломжгүй нөхцөлд байсан. Тухайн тээврийн хэрэгслийг түрээслэн ашиглуулсан талаар талууд маргаагүй, харин түрээслэгч талаас үнийн дүнг багасгах, тохиролцох талаар  ярилцсан боловч нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Гэрээний хугацаа дууссан, гэрээний зүйлээ хүлээж авсан. Гэрээний нөхцөл дээр сул зогсолт гэсэн заалт байгаа тэр заалт нь өөр гэрээний хэсгээс буруу хуулбарлаад оруулчихсан байсан. Сул зогсолт гэсэн зүйл байхгүй, хариуцагч хүлээж авснаас хойш тээврийн хэрэгслийг тасралтгүй ашиглаж, үр шимийг нь хүртсэн, харин нэг дугуйг хэдэн төгрөгөөр авсан бодит баримтыг сургуулийн захиргаанд авчирч өгвөл нэхэмжлэлийн нийт дүнгээс хасаж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

      Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

 

    Шүүх М Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

          Нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулахыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2021.05.13-ны өдөр гардан авсан атлаа хариу тайлбар ирүүлээгүй  байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн   72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019.10.11-ний өдрийн .... дугаартай автогрейдер түрээсээр ажиллуулах гэрээ байгуулсан, гэрээний 1.1-д гэрээний зорилгыг МСҮТ нь автогрейдер /MITSUBISHI mg23 маркийн..... улсын дугаартай/-ийг Б ХХК-д түрээслүүлэх, хамтран ажиллахад оршино гэж заасан, гэрээний 1.4-т хүчинтэй байх хугацааг 2019.10.11-ний өдрөөс 2020.10.10-ний хооронд гэж, гэрээний 4.1-д сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөг байхаар тус тус тохиролцон тогтоосон байна.

 

       Шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Түүнчлэн автогрейдер хүлээлцсэн тухай протоколоор техникийн тухайн үеийн байдлыг “хэвийн” гэж тодорхойлсоноос үзэхэд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.1.1-д зааснаар хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

Дээрх байдлаас үзэхэд хөлслөгчид тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх шилжсэн байх бөгөөд 1 жилийн хугацааны туршид тээврийн хэрэгслийг ашигласан байх тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.1, 289.1.2-т зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.

     МСҮТ-ийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд гэрээний дагуу эхний 7 сарын хөлс 35,000,000 төгрөгийг төлсөн, сүүлийн 5 сарын хөлс 25,000,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний зүйл болох автогрейдерийг 2020.10.11-ний өдөр буцаан авсан байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т зааснаар хариуцагчаас үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

    

           Харин хариуцагч Б ХХК-ийн захирал С.Б 2021.07.05-ны өдрийн шүүх хуралдаанд “...нийтдээ 6 дугуй авч тавьсан, үүнээс 3 дугуйны мөнгийг нь МСҮТ-өөс гаргана, бусад засвар үйлчилгээг манайхаас хариуцна гэж харилцан тохиролцсон, хэрэв 3 дугуйны үнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасвал эвлэрэх боломжтой” гэж тайлбарласан боловч хэзээ, хэдэн төгрөгөөр, ямар дугуй авсан талаарх баримтаа ирүүлээгүй болно.

 

     Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т зааснаар автогрейдерт техник үйлчилгээ хийх, авч тавих аккумлятор 2 ширхэг, дугуй 3 ширхэгийн төлбөрийг түрээсийн төлбөрөөс хасаж суутгана гэж талууд тохиролцсон байх бөгөөд  “...хариуцагч  талаас дугуй авсан  баримтыг ирүүлсэн тохиолдолд төлбөрөөс хасах боломжтой” гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан байна.

 

             Хариуцагч  шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгосугай.

 

           2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 282,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ