| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2017/0098/Э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2017-04-03 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
Улсын яллагч Г.Ганхөлөг,
Хохирогч Д.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,
Шинжээч Г.Ханхүү,
Шүүгдэгч М.Үүрийнтуяа, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гучид овогт Мөнхболдын Үүрийнтуяад холбогдох эрүүгийн 201626022973 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 3-235 тоотод оршин суух,, урьд ял шийтгэлгүй, МА91030106 регистрийн дугаартай, Гучид овогт Мөнхболдын Үүрийнтуяа.
Шүүгдэгч М.Үүрийнтуяа нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 3 дугаар байрны 235 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Д.Отгонцэцэгийн эрх чөлөөнд халдаж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Үүрийнтуяа мэдүүлэхдээ:
2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ байсан. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 05:00 цагийн үед вагонаар манай өвөө Даваа Сэлэнгээс ганцаараа ирж аав, ээж хоёр очиж тосож авсан. Тэгээд би гэртээ хүүхэддээ хоолыг нь хийж өгч, манай ээж өвөөг дагуулаад гандангаар явж, эмнэлэгт үзүүлчихээд гэртээ ирээд, өвөөг жижиг өрөөнд оруулж унтуулсан. Гэтэл манай хаалганы хонх дуугарч ээж хаалга онгойлгож өгөхөд Отгонцэцэг эгч, охин Өнө-Анужингийн хамт ирсэн. Тэгээд Отгонцэцэг эгч “Сэлэнгэ аймгаас явуулсан тортой юмаа өвөөгөөс авах гэсэн юм” гэхээр нь ээж өгөөд гаргасан. Гэтэл удаагүй хэсэг хугацааны дараа хаалганы хонх дуугарахаар нь би очиж онгойлгоход Отгонцэцэг эгч, охин Өнө-Анужингийн хамт зогсож байсан. Тэгээд Отгонцэцэг эгч надад “өвөөгөө дуудаадах, аавтай уулзмаар байна” гэхэд нь би “өвөө гадуур яваад ядраад, орондоо ороод унтчихсан байна” гэхэд “дуудаадах гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би “өвөө орондоо ороод ядраад унчихсан байна, та дараа уулзахгүй юу” гэхэд “гичий минь чи дуудаадах, би чамтай уулзах гэж ирээгүй, муу янханууд минь, та нар өглөө аавыг 2 цаг вокзал дээр хүлээлгэсэн байсан” гээд миний ээж, аав руу хүртэл дайрсан. Манай аав, ээж хоёр өвөөг өглөө вокзал дээр хоёр цаг хүлээлгээгүй. Тэгээд Отгонцэцэг эгч намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би “та дуугүй байгаач ээ, орцны айлууд сонсож байна, та зүгээр цаашаа яв” гэхэд хэл амаар доромжлоод л байсан. Өмнө нь намайг малгай хулгайлсан хэрэгт гүтгэсэн...Отгонцэцэг эгч “чиний энэ муу муухай зүйлийг чинь салсан нөхөрт чинь хэлнэ гэхээр чи айгаад өмдөндөө шээс алдах гэж байгаа биз дээ, чиний амьдрал миний гарт байгаа” гэж хэлээд над руу сарвайхад нь би биеэ хамгаалах гээд гутал аваад шидчихсэн. Би маш их гэмшиж байна. Би хохирогч Отгонцэцэгт хүндэвтэр гэмтэл хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогчид 550.000 гаруй төгрөг төлсөн. Би маш их гэмшиж байгаа. Хохирогчийн хацрын яс нь хугарсан, 2 удаа хагалгаанд орсон. Батмөнх ах 150.000 төгрөг төлсөн. Үлдсэн 400.000 төгрөг нь миний хувиас гарсан мөнгө байгаа. 100.000 төгрөг нь анх зураг авахуулахад нь өгсөн мөнгө байгаа. Үлдсэн мөнгө нь бусад ойр зуурын эм тариа авч өгсний төлбөр байгаа. Мөн манай аав, ээж хоёр ч эм тариа авч өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Отгонцэцэг мэдүүлэхдээ:
2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аав өглөө суудлаар Сэлэнгэ аймгаас ирсэн. Тэгээд би 15:00 цаг өнгөрөөд эгчийн охин Үүрийнтуяагийнд ууттай юмаа авах гээд очсон. Тухайн үед Үүрийнтуяа ээж, аавтайгаа байсан. Би хаалгыг нь цохиод гэрт нь орохгүй охиныгоо гэр рүү нь ороод ууттай юм аваад ир гэж оруулахад Үүрийнтуяа охинтой минь зөрж гарч ирээд үүдэнд нь зогсож байхад надтай муудалцсан. Би Үүрийнтуяаг тэр малгайг авсан гэж хэлээгүй, үзэж хараагүй гэдгээ эгчдээ хэлж байсан. Тухайн үед Үүрийнтуяад ч хэлэхэд чиний бөө удган чинь тэр л юм байгаа биз гэж намайг хэл амаар доромжилсон. Тухайн үед Үүрийнтуяаг орцонд орилж хашгираад байхаар нь би “80 настай аав минь байна, би аавынхаа хажууд чамтай муудалцмааргүй байна, хөгшин настай хүний даралт ихсэнэ” гэж хэлэхэд намайг элдвээр доромжилсон. Үүрийнтуяа тухайн үед намайг цохиход аав, ээжтэй нь хамт байсан. Би Үүрийнтуяагийн үснээс нэг ширхэг ч үс унагаагаагүй, намайг доромжлоод чамайг нөхөрт чинь хэлнэ гэхээр нь чи хэлээд юу олох вэ гэж хэлсэн. Үүрийнтуяагийн салсан нөхөрт хэлнэ гэж би юм яриагүй. Үүрийнтуяа миний нүүр рүү олон удаа цохиход нь би аавынхаа хажууд Үүрийнтуяад гар хүрээгүй. Манай аав хажууд гараад ирсэн байсан. Тэгээд би Үүрийнтуяад би чиний ээжийн чинь эгч байхад намайг хэл амаар доромжиллоо гэж хэлсэн, намайг олон удаа цохьсон болохоор нь би Үүрийнтуяаг янхан гэж хэлсэн. Үүрийнтуяа ч намайг ядуу, гуйлгачин, арчаагүй гэж хэлсэн. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Үүрийнтуяа над руу залгаад надад 800.000 төгрөг байгаа, 800.000 төгрөг аваад гарын үсгээ зур гэж хэлэхэд нь би “надаас гарсан зардал 800.000 төгрөг болж байгаа, би хувийн эмнэлгээр явж өөрийгөө эмчлүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Гадуур судалж үзэхэд бараг 6.000.000 төгрөг болох юм байна гэдгийг Үүрийнтуяад хэлсэн. Үүрийнтуяагийн ээж нь намайг хагалгаанд орсны дараа ирж хэрвээ миний охиныг шоронд явуулах юм бол нөхрийг чинь шоронд хийнэ гэж хэлсэн. Үүрийнтуяа надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэх үед 100.000 төгрөг өгсөн. Оёдол тавиулахад 40.000 төгрөг өгсөн. Эм тариа авч өгсөн. Миний нүдний хугархайны яс хугарсан. Хацрын ясны хугаралд эмчилгээ хийгдээгүй байгаа. Хамрынхаа ясыг хадуулсан байгаа. Миний хацрын яс товойсон, урууландаа хоёр удаа хагалгаа хийсэн учраас дээшээгээ хумигдсан, нүдний хараа муудсан, нүдний шил шаардлагатай гэсэн. Нүдийг томаграфикт харж байгаад дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Би эм тарианы 745.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 150.000 төгрөг, нийт 895.200 төгрөг нэхэмжилж байна. Та Батмөнхөөс авсан 150.000 төгрөгөө томаграфикийн зураг авахуулсан, Үүрийнтуяа эмнэлэгт байхад 100.000 төгрөг өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Ханхүү мэдүүлэхдээ:
Хохирогч Отгонцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн биеэр шүүх эмнэлгийн шинжилгээний газарт ирж үзлэг хийлгэсэн. Хэсэг газрын үзлэг, зориур болон бусад эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Амь насанд аюултай гэмтэл биш. Надад авч ирсэн эмнэлгийн бичиг баримтуудаар цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Отгонцэцэгийн биед хацар ясны баруун талын нүдний аяганы доод ирмэг хэсгээр доош гайморовын хөндийн урд хана дайрсан зөрүүтэй, хоншоор яс баруун талын нүдний дотор доод ирмэг хэсгээр хамрын хөндий рүү цөмөрсөн, хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун талын нүдний ухархайн дотор хана дотогш этмойд хөндий рүү, доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун гайморовын хөндий, этмойд хөндий дэх цусархаг шингэн, баруун доод зовхинд шарх, баруун дээд зовхинд зулгаралт, баруун дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хохирогчид учирсан гэмтэл нь цаашид нүдний хараанд нөлөөлөх боломжтой, нөлөөлөхгүй байх ч боломжтой гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад гэрч Д.Дугармаагийн өгсөн:
“... 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 3 дугаар байрны 235 тоотод байх гэртээ байсан бөгөөд ... миний төрсөн дүү Отгонцэцэг хүүхдээ дагуулж ирсэн бөгөөд, ааваар өгч явуулсан хувцасыг авъя гэхээр нь Өнө-Анужин охиныг гэртээ оруулаад, хувцасыг нь өгөөд гаргаж явуулсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа дахиад хаалга дуугарсан ба манай охин Үүрийнтуяа хаалга тайлж өгөөд, үүдэнд хүнтэй хэрэлдээд зогсоод байхаар нь би очтол Үүрийнтуяа Отгонцэцэгтэй түлхэлцээд, нэгнийгээ цохиж байхаар нь дундуур нь ороод салгасан ба би Отгонцэцэгийг гэрийн үүднээс холдуулах гээд түлхэж байхад Отгонцэцэг манай охинд хандаж “чиний янхандаж явдгыг нөхөрт чинь хэлнэ шүү” гээд их чанга дуугаар орилоход, манай охин үүдэнд байсан урт түрийтэй гутлаар Отгонцэцэгийн нүүр рүү нь нэг удаа цохисон. ... Үүрийнтуяа, Отгонцэцэг 2 хэдэн сарын өмнөөс л ер нь бол маргаантай байсан. ... Аав Даваагийн урт түрийтэй гутлаар цохисон ба аавын гутал одоо байхгүй байгаа ...” гэх /хавтаст хэргийн 14-15-р хуудас/
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Т.Өнө-Анужингийн өгсөн:
“... Тухайн өдөр манай өвөө хөдөөнөөс ирсэн байсан бөгөөд ээж бид 2 Үүрийнтуяа эгчийнд очсон ба эхлээд намайг хаалга нүдэхэд Үүрийнтуяа эгчийн ээж Дугармаа эгч хаалга тайлж өгсөн. Тэгээд би үүдэнд нь зогсож байхад Дугармаа эгч надад гялгар ууттай хувцас өгөхөөр нь би авчихаад, ээж дээрээ очоод би өвөөдөө үнсүүлмээр байна гэж хэлээд, дахиад Үүрийнтуяа эгчийн гадна ирээд, хаалгыг нь тогшсон. Тэгэхэд Үүрийнтуяа эгч хаалгаа тайлж өгчихөөд ээжтэй хэрэлдэж байгаад шууд ээжиг цохиж авсан бөгөөд Үүрийнтуяа эгчийн ээж нь гарч ирээд, салгах гээд тэр хоёрын дундуур ортол Үүрийнтуяа эгч гутлаар ээжийн нүүр рүү цохисон. Тэгэхэд Үүрийнтяа эгчийн ээж нь даавуу гаргаж ирээд ээжийн цусыг нь тогтоож өгөөд эмнэлэг рүү явцгаасан ...” гэх /хавтаст хэргийн 16-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 15157 дугаартай:
1. Отгонцэцэгийн биед хацар ясны баруун талын нүдний аяганы доод ирмэг хэсгээр доош гайморовын хөндийн урд хана дайрсан зөрүүтэй, хоншоор яс баруун талын нүдний дотор доод ирмэг хэсгээр хамрын хөндий рүү цөмөрсөн, хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун талын нүдний ухархайн дотор хана дотогш этмойд хөндий рүү, доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун гайморовын хөндий, этмойд хөндий дэх цусархаг шингэн, баруун доод зовхинд шарх, баруун дээд зовхинд зулгаралт, баруун дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-р хуудас/,
- Сэжигтэн яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийг хамгаалах тогтоол /хх-н 40/ зэрэг баримууд болон
шүүгдэгч М.Үүрийнтуяагийн хувийн байдалтай холбоотой:
Мөрдөн байцаалтад гэрч Д.Дугармаагийн өгсөн:
“... Охин Үүрийнтуяа ... цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1998 онд Сэлэнгэ аймгийн 4 дүгээр 10 жилийн сургуульд элсэн орж суралцаж байгаад 2008 ондоо сургуулиа төгссөн ба манай охин их гоё дуулдаг бөгөөд урлагийн наадмуудад дандаа амжилттай оролцож байсан. Их даруухан, уян зөөлөн зантай бөгөөд хүмүүстэй их л эвтэй байж хамт олныхоо дунд нэр хүнд сайтай. Үржингэрэл гэдэг 1 нас 3 сартай эмэгтэй хүүхэдтэй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/,
- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-29/,
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-30/,
- Шагналын талаарх баримтууд /хх-н 31-39/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч М.Үүрийнтуяа нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 3 дугаар байрны 235 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Д.Отгонцэцэгийн нүүрэн тус газар гутлаар цохиж бие махбодид нь хацар ясны баруун талын нүдний аяганы доод ирмэг хэсгээр доош гайморовын хөндийн урд хана дайрсан зөрүүтэй, хоншоор яс баруун талын нүдний дотор доод ирмэг хэсгээр хамрын хөндий рүү цөмөрсөн, хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун талын нүдний ухархайн дотор хана дотогш этмойд хөндий рүү, доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун гайморовын хөндий, этмойд хөндий дэх цусархаг шингэн, баруун доод зовхинд шарх, баруун дээд зовхинд зулгаралт, баруун дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч М.Үүрийнтуяагийн “...Тэгээд Отгонцэцэг эгч намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “тэр малгайг хулгайлаагүй шүү, та үзэж хардаг юм бол зөв үзэж хараарай ” гэхэд Отгонцэцэг эгч “чиний энэ муу муухай зүйлийг чинь салсан нөхөрт чинь хэлнэ гэхээр чи айгаад өмдөндөө шээс алдах гэж байгаа биз дээ, чиний амьдрал миний гарт байгаа” гэж хэлээд над руу сарвайхад нь би биеэ хамгаалах гээд гутал аваад шидчихсэн. Би маш их гэмшиж байна. Би хохирогч Отгонцэцэгт хүндэвтэр гэмтэл хүлээн зөвшөөрч байгаа ...” гэх мэдүүлэг,
хохирогч Д.Отгонцэцэгийн мэдүүлсэн “...Тухайн үед Үүрийнтуяаг орцонд орилж хашгираад байхаар нь би “80 настай аав минь байна, би аавынхаа хажууд чамтай муудалцмааргүй байна, хөгшин настай хүний даралт ихсэнэ” гэж хэлэхэд намайг элдвээр доромжилсон. Үүрийнтуяа тухайн үед намайг цохиход аав, ээжтэй нь хамт байсан. Би Үүрийнтуяагийн үснээс нэг ширхэг ч үс унагаагаагүй, намайг доромжлоод чамайг нөхөрт чинь хэлнэ гэхээр нь чи хэлээд юу олох вэ гэж хэлсэн. Үүрийнтуяагийн салсан нөхөрт хэлнэ гэж би юм яриагүй. Үүрийнтуяа миний нүүр рүү олон удаа цохиход нь би аавынхаа хажууд Үүрийнтуяад гар хүрээгүй. Манай аав хажууд гараад ирсэн байсан. Тэгээд би Үүрийнтуяад би чиний ээжийн чинь эгч байхад намайг хэл амаар доромжиллоо гэж хэлсэн, намайг олон удаа цохьсон болохоор нь би Үүрийнтуяаг янхан гэж хэлсэн. Үүрийнтуяа ч намайг ядуу, гуйлгачин, арчаагүй гэж хэлсэн. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Миний нүдний хугархайны яс хугарсан. Хацрын ясны хугаралд эмчилгээ хийгдээгүй байгаа. Хамрынхаа ясыг хадуулсан байгаа. Миний хацрын яс товойсон, урууландаа хоёр удаа хагалгаа хийсэн учраас дээшээгээ хумигдсан, нүдний хараа муудсан, нүдний шил шаардлагатай гэсэн. Нүдийг томаграфикт харж байгаад дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Би эм тарианы 745.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 150.000 төгрөг, нийт 895.200 төгрөг нэхэмжилж байна ...” гэх,
шинжээч Г.Ханхүүгийн “...Хохирогч Отгонцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн биеэр шүүх эмнэлгийн шинжилгээний газарт ирж үзлэг хийлгэсэн. Хэсэг газрын үзлэг, зориур болон бусад эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Амь насанд аюултай гэмтэл биш. Надад авч ирсэн эмнэлгийн бичиг баримтуудаар цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна ...” гэх мэдүүлгүүд,
мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Дугармаагийн “...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 3 дугаар байрны 235 тоотод байх гэртээ байсан бөгөөд ... миний төрсөн дүү Отгонцэцэг хүүхдээ дагуулж ирсэн бөгөөд, ааваар өгч явуулсан хувцасыг авъя гэхээр нь Өнө-Анужин охиныг гэртээ оруулаад, хувцасыг нь өгөөд гаргаж явуулсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа дахиад хаалга дуугарсан ба манай охин Үүрийнтуяа хаалга тайлж өгөөд, үүдэнд хүнтэй хэрэлдээд зогсоод байхаар нь би очтол Үүрийнтуяа Отгонцэцэгтэй түлхэлцээд, нэгнийгээ цохиж байхаар нь дундуур нь ороод салгасан ба би Отгонцэцэгийг гэрийн үүднээс холдуулах гээд түлхэж байхад Отгонцэцэг манай охинд хандаж “чиний янхандаж явдгыг нөхөрт чинь хэлнэ шүү” гээд их чанга дуугаар орилоход, манай охин үүдэнд байсан урт түрийтэй гутлаар Отгонцэцэгийн нүүр рүү нь нэг удаа цохисон. ... Үүрийнтуяа, Отгонцэцэг 2 хэдэн сарын өмнөөс л ер нь бол маргаантай байсан ...” гэх,
насанд хүрээгүй гэрч Т.Өнө-Анужингийн “...Тэгэхэд Үүрийнтуяа эгч хаалгаа тайлж өгчихөөд ээжтэй хэрэлдэж байгаад шууд ээжийг цохиж авсан бөгөөд Үүрийнтуяа эгчийн ээж нь гарч ирээд, салгах гээд тэр хоёрын дундуур ортол Үүрийнтуяа эгч гутлаар ээжийн нүүр рүү цохисон. ...” мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 15157 дугаар дүгнэлт зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч М.Үүрийнтуяаг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Отгонцэцэг нийт 895.200 төгрөг нэхэмжилж шүүгдэгч М.Үүрийнтуяа нь 550,000 төгрөг төлсөн гэх бөгөөд хохирогчийн гаргаж өгсөн зарим баримтууд нь бүдэг мөн төлөгдсөн баримтууд байгаа талаар талууд мэдүүлж байх тул иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж үзээд хохирогч нь нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 1 нас 5 сартай бага насны хүүхэдтэй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин Үржингэрэлийг төрүүлсэн нь 1107004709 тоот төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба 1 нас 5 сартай охин Үржингэрэлийг асран тэжээх, өсгөн хүмүүжүүлэх боломж олгож М.Үүрийнтуяад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Гучид овогт Мөнхболдын Үүрийнтуяаг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Үүрийнтуяаг 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Үүрийнтуяад оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Үүрийнтуяа энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.Отгонцэцэг нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг журамлан шүүгдэгч М.Үүрийнтуяад 01 /нэг/ жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргахыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Үүрийнтуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Үүрийнтуяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ