| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаргарьдын Сүхгомбо |
| Хэргийн индекс | 226/2020/0032/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 32
Х-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2020/0032/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Прокурор Г.Мөнхболд,
Шүүгдэгч Х-, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, хохирогч С- нарын давж заалдах гомдлоор Х-т холбогдох эрүүгийн 2039000590080 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1989 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг “Өг” гэх газарт оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Ө том овогт Д-н Х
Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Өргөн мандал” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж С-ын зүүн эгмэн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө том овогт Д-н Х-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х-ыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-т оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шатаж харласан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Болортунгалаг давж заалдах гомдолдоо: Х- нь Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргийг үйлдсэн боловч хохирогчид анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж, өөрийн гэм буруутай үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа ойлгож ухамсарласан, мөн хохирогчоос уучлалт гуйж эмчилгээний зардал болон бусад зардлыг бүрэн төлж С-той эвлэрсэн. Одоо хохирогчийн биеийн байдал сайжирсан бөгөөд цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд илэрхийлсэн. Х-ын хувьд гэр бүлтэй болж анхны хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа бөгөөд түүнд нэг сар нэг өдрийн өмнө ч гэсэн гэр бүл, үр хүүхэдтэйгээ уулзах нь туйлын хүсэл нь болж байна. Иймд Х-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял 5 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч С- давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхээс Х-т оногдуулсан 7 жилийн хорих ял хүндэдсэн гэж үзэж байна. Х- нь миний төрсөн эгч Сэлэнгийн 2 дахь хүү юм. Х-ыг залуу хүнийх болон төрсөн эгчийн минь хүүгийн хувьд дахин алдахгүй байж өөрийн хийсэн хэрэгт дүгнэлт хийж харамсаж гэмшиж байгаа гэдэгт итгэж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хүсэлттэйгээ илэрхийлж байна. Тухайн үед хутгалуулснаас болж миний зүүн гарын мэдрэлийн судас тасарч хүнд гэмтэл учирсан боловч одоогийн байдлаар эмчилгээний үр дүнгээс хамаарч биеийн байдал сайжраад байна. Х- намайг Өмнөдэлгэр суманд гэртээ байхад эхнэр хүүхдийн хамт ирж уучлалт гуйж, буруугаа хүлээж, эмчилгээний зардал өгч хохирол төлбөрөө барагдуулсан. Х- нь 2018 онд гэр бүл зохиож 2019 онд хүүтэй болсон. Миний хувьд Х-ын хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал болон гэр үл, үр хүүхдийнх нь ирээдүйг бодож уучилж эвлэрсэн бөгөөд шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөсэй гэж хүсч байна. Иймд Х-т хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Х- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж, уучлалт гуйж эвлэрсэн. Миний бие цаашид гэмт хэрэгт холбогдохгүй үр хүүхдийнхээ төлөө амьдрах болно. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 7 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Х- нь хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх бөгөөд Х-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, хохирогч С- нарын давж заалдах гомдлоор Х-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Өргөн мандал” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж С-ын зүүн эгмэн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг цай чанаад байж байтал Х- шүүгээн дээр байсан хутга аваад миний зүүн талын эгэмний орчимд 1 удаа хутгалсан. ...Х-т хутгалуулснаас болж миний уушиг зүсэгдэж, венийн болон артерийн бүх судас тасарсан. ...Эмнэлэгт уушиг, зүүн гарын тасарсан судас залгах хагалгаанд 5 удаа орсон. ...надад 13880478 төгрөгийн хохирол учирсан. ...Х- эмчилгээний зардалд 800000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх 21-26х/,
Гэрч Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед Б буюу О над руу залгаад “яаралтай эмнэлэг аваад ир” гэж хөдөө гэрийн утсаар ярьсан. ...би сумын эмнэлэгт мэдэгдэж цагдаа нартай очиход гэрийн багруун талын орон дээр манай нөхөр С- дээшээ хараад хэвтэж байсан. ...Манай нөхрийн хувцас болон гар, цээж хэсгээр цус болчихсон, гэр дотор энд тэнд цустай даавуу хөглөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх 27-29х/,
Гэрч Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 55 минутад ...Өмнөдэлгэр сумаас хойд зүгт 30 орчим километр газарт дуудлагын дагуу очиход гэрийн баруун орон дээр С- гэх хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Биеийн зүүн талын эгэмний яснаас доош 2 хуруу газарт хутганы зүсэгдсэн шархтай их хэмжээний цус алдсан ухаан балартсан, арьс салтст цайж цонхийсон, шархны гүн нь эгц дээшээ 9 см, өргөн нь 3 см орчим байсан. ...Х- нь архи уусан согтуу байсан. Дуудлаганд очсон цагдаагийн урдаас эсэргүүцэл үзүүлж, хэл амаар доромжилж байсан...” гэх мэдүүлэг /хх 30-31х/,
Гэрч З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хэдийг очиход С- ...зүүн талын эгэмнийхээ доод талд шархтай байсан. ...би гал түлэх гээд зуухыг нь нээж үзэхэд зуухан дотор иш нь шатсан хутга байсан. С- ахыг хутгалсан хутга нь байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх 32-33х/,
Гэрч Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сэрээд хартал С- Х-т хутгалуулчихлаа гээд гэрийнхээ хойд талын орны урдуур газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх 34-35х/,
Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах С-ыг Х- хутгалчихлаа гэхээр нь би сэрээд хартал гэрийнхээ зүүн хойд талд газар хэвтчихсэн Х- зүүн талын эгэмнийх нь орчимд даавуугаар дарсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх 39-40х/,
Гэрч А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ороход ах С- баруун талын оронд хэвтчихсэн зүүн эгэмний орчимд хутгалуулсан сорвитой цус гарч байсан. Ц ах намайг Х- буюу Бүдээ хутгалсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 41-43х/,
Гэрч О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С- намайг дуудаад Х- намайг хутгалчихлаа гэж хэлсэн. С-ын зүүн талын эгэмний орчимд хутгалуулсан шархтай цус гарч байсан. ...Х- би ахыгаа хутгалчихлаа гэж байсан. Гар нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх 44-46х/,
Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би С- ахын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. С- ах бид хоёрын дунд өр, авлага, өс, хонзон байхгүй, бид хоёр өмнө нь маргалдаж муудаж байгаагүй. Би эмчилгээний зардлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх 138-139х/,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаартай
“- С-ын бие зүүн эгмэн доорх артер, венийн судасны тасрал гэмтэл, мөрний мэдрэлийн багцын тасрал, цээжний хөндийн шингэн, хий хуримтлал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
- Уг гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д заагдсанаар амь насанд аюултай тэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 57-58х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс Х-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 7 жилийн хугацаагаар хорих оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Иймд хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С-, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х-ын цагдан хоригдсон 41 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СҮХГОМБО
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Б.ДЭНСМАА