Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1763

 

МАГАДЛАЛ

 

2018.07.27                                                  Дугаар 1763                                   Улаанбаатар хот

 

 

 

 

СББ Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01321 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч СББ Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Г-д холбогдох,

 

З 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүрэгт байрлах Soссеr pub-ыг түрээслэн ажиллуулдаг иргэн Ш.Г-той 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ON17/228 дугаар бүхий зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрсдийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний тооцоог 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийж 2 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Зээлдэгч нь худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагчтай тооцоо нийлсэн акт үйлдсэн. 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 136 хоног болж байна. 1 хоногийн 10 000 төгрөгөөр тооцож, хариуцагч Ш.Г-оос гэрээнд заасны дагуу алданги 1 000 000 төгрөг, үндсэн төлбөр 2 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас 984 500 төгрөгөөс татгалзаж байх тул үлдэх            2 015 500 төгрөгийг хариуцагч Ш.Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “СББ т ” ХХК-иас зээлээр худалдан авсан барааны үнэ 3 000 000 төгрөг төлөх үнийн дүнг зөвшөөрөхгүй байна. Ш.Г миний өөрт байгаа баримт болох хувийн тооцооны дэвтэрт бичигдсэнээр 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр СББ Т ХХК-ийн худалдааны төлөөлөгч Б.Э-тай тооцоо нийлэхэд 2 400 000 төгрөгийн үлдэгдэл байсан. Үүнээс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 100 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 150 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 200 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 08-өдөр 150 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр   200 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 50 000 төгрөг, 2017 оны 12 дугаар 19-ний өдөр 100 000 төгрөг нийт 950 000 төгрөгийг Б.Э-д хүлээлгэн өгч үлдэгдэл 1 450 000 төгрөг болсон талаар Б.Э-ын гарын үсэг бүхий баримт байгаа. Иймд хугацаа хэтрүүлсэн 1 450 000 төгрөгийн нэг хоногийн алданги 7 250 төгрөг, 78 хоногийн 565 500 төгрөг, бүгд 2 015 500 болж байна. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний 4.1-р зүйлд зааснаар худалдагч тал нь НӨАТ-ын дугаар бүхий буцаан олголтын баримт өгөх ёстой байж өгөөгүй. Тиймээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны НӨАТ-ын баримтын 10 хувийг манайд нийлүүлсэн нийт барааны үнийн дүнгээс тооцуулан 2 015 500 төгрөгийг хасч, үлдэгдэл мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Г-оос 2 015 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СББ т ” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн     62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г-оос 47 198 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СББ т ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Удаа дараа өмгөөлөгч авч энэхүү маргаанд оролцох хүсэлтээ амаар хэлж байсан боловч шүүх хурлыг миний эзгүйд хийж шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг маань хангалгүй орхиж шүүхэд гаргасан хүсэлтийг маань шийдвэрлэлгүйгээр орхигдуулж шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дүгээр зүйл заалтийг шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосон гэх боловч миний зүгээс бэлэн мөнгөөр банк санхүүгийн байгуулагаас зээл огт аваагүй "СББ Т" ХХК-ийн үйлдвэрлэсэн барааг зарж өгсөн асуудлыг зээл олгосон түүнд нь алданги тооцуулан гаргуулах зэргээр банкны зээлийн гэрээний хариуцлага ногдуулж хуулийг буруу хэрэглэж хууль зөрчсөн байна. "СББ т " ХХК-ийн хуулийн дагуу худалдан авсан барааны НӨАТ-ын баримт тухай бүрт нь олгох үүрэгтэй байсан надад 159 234 983 төгрөгийн бараа нийлүүлж мөнгийг нь авчихаад түүнд хуулийн дагуу ногдох 10 хувь болох 15 923 төгрөгийн НӨАТ-ын баримтуудыг огт гаргаж өгөөгүй байгаа юм. Энэ байдал нь татварын болон НӨАТ-ын хууль зэргийг зөрчиж 15 923 498 төгрөгийн бодит хохирол надад шууд учруулсан. Иймд анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “СББ т ” ХХК нь хариуцагч Ш.Г-д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт З 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 984 500 төгрөгөөр багасган өөрчилж, хариуцагчаас 2 050 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчээс хүлээн авсан бараа, бүтээгдэхүүний үнийг сар бүрийн 10, 30-ны өдрүүдэд бэлэн болон бэлэн бусаар төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 2 400 000 төгрөгийн тооцоотой байснаас хариуцагч нь 950 000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Дээрх гэрээний 6.5-д “…худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх”-өөр талууд тохиролцсон ба хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 136 хоног хугацаа хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь худалдан авсан гэрээний зүйлийн үлдэгдэл төлбөрийг, гэрээгээр тохиролцсон алдангийн хамт төлөх үүрэгтэй.

Шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй боловч маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, тухайн маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна. Гэвч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулах боломжтой юм.

Хариуцагчийн гомдолд дурдаж буй нэхэмжлэгчийн зүгээс татварын баримт олгоогүй улмаас өөрт нь хохирол учирсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул уг гомдлыг хангахгүй орхив. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 47 198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

 

                                                             М.НАРАНЦЭЦЭГ