| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0600/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/634 |
| Огноо | 2024-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/634
2024 05 30 2024/ШЦТ/634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч С.Энхням (томилолт),
шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408007****** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл **, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, У овогт Л-ийн С /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.С нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **** тоотод эхнэр Б.Ү-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Ү-ийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нөхөр С болон найз Б-ийн хамт явж байгаад орой 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн ба бид нар тухайн үед бүгдээрээ согтуу байсан юм. Түүний дараа бид нар гэртээ байж байтал манай найз Б архиндаа согтоод унтаад өгсөн. Нөхөр С болон манай охин М байсан ба М өрөөндөө амарч байсан. Тэгтэл С “танай ах дүү нар байнга юм хэлж байх юм, танайхан бүгд гуйлгачид” гэх зэргээр хэл амаар доромжилсон тул түүнээс болж бид хоёр маргалдсан. Тэгсэн нөхөр С нь миний зүүн нүд болон хамар луу цохиж, түүний дараа цээж болон зүүн мөр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би С-ийн дүү рүү залгасан ба дүү нь төд удалгүй гэрт цагдаагийн албан хаагч нарын хамт орж ирсэн. С бид хоёр гэрлэлтээ 2005 онд батлуулж, тухайн үеэс эхлэн хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа нэг охинтой. Надад гомдол, санал байхгүй, сэтгэцийн хор уршгаа тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 13 дахь тал),
2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай: “...Б.Ү-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дахь тал),
3. Шүүгдэгч Л.С-ийн: “...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би эхнэр Ү-ийн хамт гадуур явж байгаад орой 20 цагийн үед гэртээ орж ирсэн юм. Тухайн үед бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд унтаж амрах гэж байтал манай эхнэр Ү-ийн ар гэр ах, эгч нь залгаж “байнга архи ууж явж байх юм эр хүн юм бол аятайхан явчихаач” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Ү-д хандаж “танай гэрийн ах дүү нар чинь байнга олон юм ярьж байх юм” гээд бид хоёр маргалдсан ба би Ү-гийн зүүн нүд рүү 1 удаа, хамар хэсэг рүү нь 1 удаа цохисон юм. Тэгтэл цагдаа нар ороод ирсэн ба намайг эрүүлжүүлэх байр луу аваад явсан. Ү бид хоёр 2005 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа * хүүхэдтэй. Бид хоёр гэрлэлтээ 2005 онд батлуулж байсан. Би одоогоор *** аймгийн *** боомтод уурхайн **** ажилладаг. Би сардаа 3.000.000 төгрөгийн орлоготой” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Л.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ү-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. (хавтаст хэргийн 13, 80 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.С-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.С нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Л-ийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ