Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/01598

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/01598

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Б,

 

Хариуцагч: О ХХК  нарт  холбогдох,

 

                Бетон зуурмагийн үнэд 32,634,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, О ХХК-ийн захирал Х.Ц, гэрч Х.Х,  нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Б манай байгууллагад ажилд орж байхдаа О ХХК-руу 214 м/куб зуурмагийг гаргаж байсан. Нийтдээ 32,634,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг О ХХК-ийн объект руу гаргасан байна. Энэ бетон зуурмагийн үнийг Л.Б болон О ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна. Тухайн үед Л.Б О ХХК-тай холбогдон үйлдвэрийн хашаанаас гаргаж байсан. О ХХК нь манай компанитай албан ёсоор гэрээ хэлэлцээр хийж байгаагүй. Энэ зуурмагийн үнэ 32,634,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч М ХХК-иас Л.Б, О ХХК нарт холбогдуулж 214 м/куб бетон зуурмагийн үнийг нэхэмжилж байгаа боловч энэ тухайгаа нотолсон ямар ч баримт байхгүй байна. Бид болсон үйл баримтыг мэдэх гол шаардлагатай гэрчээ дагуулаад ирсэн болохоор гэрчээрээ гэрчлүүлнэ. Зуурмаг нийлүүлсэн гэх үйл явдлаас хойш 7-8 жил өнгөрсөн байхад ямар ч нотлох баримт байхгүй, өөрийн компанийн зохион байгуулалтгүйгээс болж ажилтнаасаа нэхэмжилж байна. Л.Б гүйцэтгэх захирлаар томилсон тушаал байхгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлсийг нь өгөхгүй байдаг байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 тушаал нөхөж хийгээд өгсөн, энэ талаар өмнө цагдаад шалгуулаад баримт гарч ирээгүй Л.Б буруутай гэж тогтоогдоогүй, уг бетон зуурмагийг Х захирал өөрөө өрөндөө  өгсөн байдаг гэв.

 

Хариуцагч О ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2010 оноос хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Бетон зуурмаг өгсөн гээд байгаа барилгыг ямар компани барьсан, ямар компани улсын комисст өгсөн гэдгээ шалгаж байж нэхэмжлэлээ өгөх нь зүйтэй байсан. О ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан ямар ч үйл ажиллагаа явуулаагүй 5 давхрын барилга барих зөвшөөрөлтэй компани байсан, тухайн барилгын хувьд 9 давхар барилга байгаа. Манайхыг хариуцагчаар татсан нь цаг алдсан явдал.  Манайх нотлох баримт өгье гэхээр ямар ч нотлох баримт байхгүй. Манайхаас өгсөн ганц баримт нь Чингэлтэй дүүргийн татварын газар маргаантай байсан 2016 оны Прокурорын тогтоол байна. Манай аав нас барсан учраас ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй. Энэ компани татан буугдах гэж байгаа компани. Манайх 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

 

           Нэхэмжлэгч М ХХК нэхэмжлэлдээ “...Л.Б үйлдвэрийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2015.05.02-ны өдөр 16,023,000 төгрөгийн үнэ бүхий 108 м/куб бетон зуурмагийг, 2015.05.14-ний өдөр 15,582,000 төгрөгийг үнэ бүхий 106 м/куб бетон зуурмагийг О ХХК-ийн барьж буй ..... дүүргийн .... дүгээр хороонд байрлах, .... тоот барилгад буулгасан” гэх үндэслэлээр бетон зуурмагийн үнэ нийтдээ 32,634,000 төгрөгийг хариуцагч Л.Б, О ХХК нараас гаргуулахыг хүссэн байна. 

 

          Хариуцагч Л.Б хариу тайлбартаа “...худалдан авалтыг гүйцэтгэх захирал А.Х хариуцдаг байсан, захирлын зөвшөөрлөөр бетон зуурмагийг нийлүүлдэг байсан” гэх, хариуцагч О ХХК хариу тайлбартаа “...М ХХК болон Л.Б гэдэг этгээдүүдийг мэдэхгүй, манай компани ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй” гэх үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд М ХХК-ийн бетон зуурмаг нийлүүлсэн гэх  2015.05.02-ны өдрийн 20 ширхэг, 2015.05.14-ний өдрийн 14 ширхэг нийтдээ 34 ширхэг бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлсэн боловч дээрх баримтуудад хүлээн авсан этгээдийн гарын үсэг зурагдаагүй, хариуцагч Л.Б “...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон  Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018.07.02-ны өдрийн 692 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарсан байна.

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал А.Хийн 2018.02.05-ны, 2018.02.13-ны өдрийн “...бетон зуурмаг нийлүүлэх талаар надад мэдэгдэх ёстой, надад хэлсэн гэдэг боловч би санахгүй байна, О ХХК-тай гэрээ байгуулаагүй, хамтран ажиллаж байгаагүй” гэх хохирогчийн мэдүүлэг, И ХХК-ийн захирал М.Ц-гийн 2018.05.02-ны өдрийн “...Л.Б танихгүй, М ХХК-иас авсан бетон зуурмагийг О ХХК руу нийлүүлсэн, манайх Т ХХК-иас авлагатай байсан, тэрэндээ авсан байх” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.   

 

          Хариуцагч Л.Б тус компанид 2015 оны 3-6 сарын хооронд 3 сар үйлдвэрийн даргаар ажиллаж байсан гэх боловч ажилд авсан, чөлөөлсөн тушаал гараагүй, цалин аваагүй гэж тайлбарладаг бөгөөд Л.Б-тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт байхгүй болох нь М ХХК-ийн 2020.03.24-ний өдрийн 12 тоот албан бичгээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасан “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна”, 135.4-т заасан “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэх заалтаар Л.Б-аас шаардах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч О ХХК-нь 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгч М ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, харин гэрч Х.Х шүүх хуралдаанд оролцож “...  дүүргийн .... дүгээр хорооны .... байрыг 2013-2017 оны хооронд иргэн Ө, Х.Х нарын захиалгаар О ХХК барьсан, Ц гэдэг хүнээс авлагадаа 50,000,000 төгрөгөөр зуурмаг авсан, М ХХК болон Л.Б нарыг мэдэхгүй” гэж мэдүүлжээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээх бөгөөд тухайлбал 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

          Дээрх заалтаас үзэхэд бетон зуурмагийг холбогдох бичиг баримтын хамт М ХХК нь нэр бүхий хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтад хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, хүлээн авсан этгээдийн гарын үсэг зурагдаагүй тул нэхэмжлэгч М ХХК-ийг  нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй гэж шүүх дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч Л.Б, О ХХК-иас бетон зуурмагийн үнэд 32,634,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ