| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/00164/И |
| Дугаар | 102/ШШ2021/01511 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/01511
2021 оны 06 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2021/01511 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 8 дугаар хороо оршин байх хаягтай, “Т ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 15 дугаар хороо оршин суух хаягтай, Л Г-д холбогдох,
128,353,116.20 төгрөг гаргуулах үндсэн, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 06/68 тоот “Зээлийн гэрээ”-ний 3.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулах буюу 700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Гтай “Т ББСБ” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр №01/68 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 70,000,000 төгрөгийнг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлдэгч Л.Гэрэлтуяа нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2,450,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг төлснөөс өөр ямар ч эргэн төлөлтийг хийгээгүй. Зээлийн төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч өдийг хүртэл төлбөр тооцоогоо хийгээгүй. Ийм учраас бид анх хариуцагч Л.Гс үндсэн зээл 70,000,000 төгрөг, хүү 45,442,602.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,794,897.02 төгрөг, нийт 117,237,499.76 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, зээлийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Зээлийн гэрээнд заасан үүргийн үнийн дүн болох 70,000,000 төгрөг, зээлийн хүү 56,558,219.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,794,897.02 төгрөг, нийт 128,353,116.20 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Энэ шаардлагаа бүрэн дэмжиж байна.
Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заажээ. Харин 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтад “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заажээ. Талууд зээлийн гэрээний нөхцөлөө тохиролцон Зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч түүнд зээлдэгч гарын үсэг зурсан байгаа нь гэрээний бусад нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагын зээлийн бодлогын бичиг баримтад зээлийн гэрээний нөхцөлийн талаар тодорхой заасан. Зээлийн бодлогын 4.4 дэх хэсэгт зээлийн гэрээнд зээлийн хэмжээ, хугацаа, хүү шимтгэл, нөхцөл, барьцаа болон 2 талын эрх үүргийг тодорхой тусгаж байхаар заасан. Дээрх үндэслэлээр зээлийн гэрээнд шимтгэлийг 1 хувь байхаар тодорхойлсон. Энэ нөхцөлийг зээлдэгчид урьдчилан танилцуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээг уншиж танилцсаны үндсэн дээр гарын үсэг зурсан байх тул хууль бус үйлдэл гэж үзэхгүй. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан А/203 дугаар тушаалын хавсралт “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 4 дүгээр зүйлд заасны дагуу тогтоож, гэрээнд тусгасны дагуу шийдвэрлэдэг. Иймээс ямар нэг хууль тогтоомж зөрчиж шимтгэл аваагүй.
Ковид 19 цар тахлын үед буюу бүх нийтийн хөл хорио тогтоосон үед бид нэмэгдүүлсэн хүүг дандаа хөнгөлсөн, хөл хорионы үед хариуцагчаас ямар нэг нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй, тооцоололд оруулаагүй болохыг зээлийн тооцооллоос бүрэн харж болно.
Хариуцагч Л.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Л.Г надад холбогдох зээлийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг хүлээн аваад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1/ Зээлийн тооцооллыг хийхдээ Монгол Улсын иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг баримтлаагүй байна.
2/ Зээлийн хүүг жилийн байхаар тохирсныг анхаараагүй нэхэмжлэлийн хүүтэй холбоотой тооцоолол буруу байна.
3/ Зээлийн гэрээний 4.9 дэх заалт болох нэмэгдүүлсэн хүүний талаарх заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д заалттай нийцээгүй, зөрчсөн байна. Хүүнээс хүү тооцохыг хуулиар зөвшөөрдөггүй. Энэ гэрээний заалтыг үндэслэл нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.
4/ Зээлийн гэрээний 3.8 дахь заалтыг үндэслэн зээл олгосон үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл буюу 700,000 төгрөг авсан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасантай нийцээгүй. Үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
5/ Ковид 19 цар тахлын үед хүүний төлөлтийг төр засгийн шийдвэрээр чөлөөлж хөнгөлсөн байгааг харгалзан үзээгүй, урдын адил тооцсон байна. Үүнийг мөн харгалзаж үзнэ үү гэжээ.
Хариуцагч Л.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Т ББСБ” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 06/68 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувийг буюу 700,000 төгрөгийн зээл олгосны шимтгэлийг суутгах эрхийг өөртөө олгосон зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж, дээрх мөнгийг зээлийн дүнгээс суутгаж авсан байна. Зээлийн гэрээний 3.8-т “Зээлдэгч олгосон зээлийн дунгийн 1 хувьтай тэнцэх бэлэн мөнгөний шимтгэл төлнө.” гэж заасан бөгөөд үүний дагуу зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 700,000 төгрөгийг нь “шимтгэл” нэрээр буцаан суутган хасч зээл олголтыг дутуу олгосон байна. Дээрх хууль бус үйлдлээр нэхэмжлэгч үнэндээ гэрээгээр тохирсноос нийт 700,000 төгрөгийг дутуу зээл олгосон гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна. Зээлдэгч бидний хувьд зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр зээлийн хугацааны туршид зориулалтын дагуу ашиглах эрхтэй атал нэхэмжлэгчийн зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг бүрэн бүтэн олгох гэрээний үүргээ зөрчсөн байхаас гадна Иргэний хуулийн 451.1-т “...мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “...мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх...” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно.” гэж заасан байх бөгөөд зээлийн хөрөнгийг ашигласны хариу төлбөр гагцхүү хүү байхаар хуульчилсан байтал хүүнээс гадна давхар шимтгэл авахаар гэрээнд зааж, зээлээс суутгасан байгаа нь тус хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна. Иймээс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 06/68 тоот “Зээлийн гэрээ”-ний 3.8 дах заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу хариуцагч талаас 700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 01/68 тоот зээлийн гэрээ байгуулсан, гэрээний үнийн дүн 70,000,000 төгрөг байсан, мөн 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байсан талаар маргаангүй. Харин нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбаруудыг өгч байна. Үүнд:
1/ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хууль бус нэмэгдүүлсэн хүү тооцоолж нэхэмжилсэн байна. Учир нь талуудын байгуулсан зээлийн гэрээний тохиролцоо, эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үндсэн зээлийн төлөлтийг гэрээний хугацааны эцэст бөөнд нь буюу 70,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөх нөхцөлтэй. Харин гэрээний хугацаанд гагцхүү сар бүрийн хүүг төлөх нөхцөлтэй байна. Үндсэн зээлийн төлбөрийг төлөх хугацаа болоогүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй юм. Нэмэгдүүлсэн хүүг гагцхүү хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдлээс бодох учиртай билээ. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд гэрээний хугацаа дуусаагүй байсан учир нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжлэх боломжгүй.
2/ Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хугацаа хэтэрсэн зээлийн хүүд 19,412,054.8 төгрөгийг тооцож, хууль бусаар хугацаа хэтэрсэн зээлийн хүүг нэхэмжилсэн байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүү авах талаар, хугацаа хэтэрсэн зээлийн хүү ямар хэмжээтэй байх талаар тусгайлан харилцан тохиролцсон зүйл байхгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасан. Хуулийн 24.3-т үндсэн хүүгийн талаар зохицуулсан. Хугацаа хэтэрсэн зээлийн хүүг авахаар бол зээлийн гэрээнд үндсэн зээлийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тусгасны үндсэн дээр хуулийн дагуу авах эрх үүсэх юм. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүг заагаагүй байх тул хугацаа хэтэрсэн зээлийн хүүг тооцон авах эрхгүй юм.
3/ Хэрэгт авагдсан Л.Гн “К” банкны дансны хуулганаас үзвэл зээлдүүлэгч байгууллагын зүгээс зээл олгох үүргээ дутуу биелүүлсэн буюу 69,300,000 төгрөгийг олгосон үйл баримт нотлогдож байна. Зээл олгох үүргээ дутуу гүйцэтгэсэн хэрнээ 70,000,000 төгрөгийн үндсэн зээл нэхэмжилсэн байхаас гадна 70,000,000 төгрөгөөс хүү тооцсон нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний хугацаанд хүүг тооцохдоо 69,300,000 төгрөгөөс хүү тооцох нь холбогдох хууль тогтоомжид нийцнэ. Нэмэгдүүлсэн хүүний талаар зээлийн гэрээний 4.9-т заасан байх боловч энэ нь нэмэгдүүлсэн хүүний талаар зохицуулсан холбогдох хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Хуульд нийцэхгүй гэрээний заалтаар нэмэгдүүлсэн хүү тооцоолон нэхэмжилсэн байгаа нь хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Зээлийн гэрээний 4.9-т “Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээл, хүү төлөгдөх хугацааны эцсийн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүгээс үндсэн хүүгийн хувийг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөх өдөр хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү авна” гэжээ. Гэтэл нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүнээс тооцох нь холбогдох хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Нэмэгдүүлсэн хүүг гагцхүү хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлээс тооцохоор хуульчилсан байдаг.
4/ Хатуу хөл хорионы хугацаанд тооцож нэхэмжилсэн торгуулийн хүүний хувьд: 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд тооцоолон нэхэмжилж буй 1,204,934 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний хувьд МУЗГ, УОК-ын шийдвэрээр хатуу хөл хорио тавьсан хугацаатай давхцаж байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үздэггүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорионы нөхцөл байдал бий болсон үүрэг гүйцэтгэгчийн буруу биш юм. Нийтэд илэрхий болсон үйл явдлыг шүүхэд баримтаар нотлох шаардлагагүй. Шүүхийн үйл ажиллагаа ч тодорхой хувиар хөл хорионы горимд шилжиж байсан. Ийм гэнэтийн нөхцөл байдлыг мэдсээр байж “нэмэгдүүлсэн хүү” буюу “торгууль” тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэл муутай байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Т” ХХК болон Л.Г нар №01/68 тоот “Зээлийн гэрээ” байгуулсан байна. Гэрээний дагуу “Т” ХХК нь хариуцагч Л.Гд 70,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлжээ. Мөн зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээл, хүү төлөгдөх хугацааны эцсийн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүгээс үндсэн хүүгийн хувийг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөх хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү авахаар харилцан тохирсон байна.
Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахаар гэрээгээр тохирсон боловч бодит байдал дээр барьцааны гэрээ хийгдээгүй байна.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Л.Гд холбогдуулж №01/68 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,000,000 төгрөг, үндсэн хүү 45,442,602.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,794,897.02 төгрөг, нийт 117,237,499.76 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.
2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагыг ихэсгэж үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 56,558,219.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,794,897.02 төгрөг, нийт 128,353,116.20 төгрөгийг хариуцагчаас шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан №01/68 тоот “Зээлийн гэрээ”-ний 3.8 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу нэхэмжлэгчээс 700,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна /хх 30 хуудас/.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан, мөн зээлийн буцаан төлөлтийн талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №01/68 тоот “Зээлийн гэрээ”-ний 7.1.6-д “Зээлдэгч зээлийн хугацааг 5 хоногоос дээш хоногоор хэтрүүлбэл энэхүү гэрээний 10.2-т заасан нөхцөл бүрдвээс зээлийн гэрээний хугацаанд бодогдсон хүүг эхний ээлжинд төлүүлэх ба зээлийн хүүгийн төвшинг алдагдсан боломжийг тооцон нэмэгдүүлэх эрхийг зээлдүүлэгч дангаар эдлэх”, 10.2-т “Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй”, 10.2.2-т “Зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн”, 10.2.6-д “...зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар ...эрс муудаж байгаа нь тогтоогдсон” гэж тус тус заасан байна.
2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №01/68 тоот “Зээлийн гэрээ”-ний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болох байсан ба хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2,450,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг төлснөөс өөр ямар ч эргэн төлөлтийг хийгээгүй байна.
Дээрх байдлаар зээлдэгч нь гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчсөөр байхад зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлдэгчийг илүү хүндрүүлсэн нөхцөлд оруулсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий байхад зээлдүүлэгч гэрээг цуцлаагүй нь үүргийн хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож шийдвэрлэв.
Ийнхүү тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 70,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 45,523,150.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,794,897.02 төгрөг, нийт 117,318,047.7 төгрөг болох бөгөөд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдтэй харшлахгүй гэж шүүхээс үзлээ.
Дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан №01/68 тоот “Зээлийн гэрээ”-ний 3.8 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу нэхэмжлэгчээс 700,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна /хх 30 хуудас/.
2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан №01/68 тоот “Зээлийн гэрээ”-ний 3.8-д “Зээлдэгч олгосон зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх бэлэн мөнгөний шимтгэл төлнө” гэжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ”, 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заасан.
Зээлдэгчээс авах шимтгэлийг зээлдүүлэгч гэрээнд нээлттэй тусгасан, хураамжийн хэмжээг талууд харилцан тохирч, шимтгэлийн хэмжээг гэрээнд тусгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүхээс үзлээ.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй буюу хариуцагчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан №01/68 тоот “Зээлийн гэрээ”-ний 3.8 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу нэхэмжлэгчээс 700,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн зүйл, заалтын нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ.
Цар тахлын үед нэмэгдүүлсэн хүүг тооцож явсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүү байхаар тохиролцсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Түүнчлэн “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлэх тул хариуцагчийн хугацаа хэтэрсэн хүүг авахын тулд заавал гэрээнд тусгах шаардлагатай гэсэн тайлбар үндэслэл муутай байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хууль зөрчсөн байдлаар тооцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Гс 117,318,047.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,035,068.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан №01/68 тоот “Зээлийн гэрээ”-ний 3.8 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу нэхэмжлэгчээс 700,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 799,716 төгрөг, хариуцагч Л.Гс төлсөн 96,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 744,540 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ