| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 187/2024/0028/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/263 |
| Огноо | 2024-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,
Улсын яллагч: С.Алтай
Шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц овогт Ц-ийн О холбогдох 2310027331927 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбатар хот, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Ц овогт Ц-ийн О /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь “2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, *** дүгээр байрны гадна хохирогч Г.Э-ын биед нь халдан цохиж, өшиглөн, ноцолдох явцад түүний эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.О нь “2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, *** дүгээр байрны гадна хохирогч Г.Э-ын биед нь халдан цохиж, өшиглөн, ноцолдох явцад түүний эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О-ын “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2310027331927 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Э-ын хохирогчоор өгсөн “...Нөгөө ах миний цамцнаас хоёр гараараа заамдаад, чамайг энд ална шүү гэж хэлсэн. Энэ үед би тавь гээд баруун гараас нь өөрийн хоёр гараараа барихад зүүн гараараа миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохисон. Нүүр лүү битгий цохь гээд хэлэхэд миний зүүн хөлний бүдүүн гуя хэсэгт 1 удаа өшиглөхөд нь тухайн ахыг өөрөөсөө холдуулж түлхэхэд машины өмнө өрөөстэй байсан ногоонд тээглээд тухайн ах газарт унасан, би өөрөө хойшилсон. Энэ үед хажуугаас 35-40 насны орчим танихгүй ах, мөн хажууд жимс зардаг ах нар ирээд алуулахаасаа өмнө чи эндээс яв гэх утгатай зүйлийг хэлсэн. Та нарт хөөгдөж, туугдаад байх зүйл байхгүй, өнөө орой эндээс явна. Надаас ногоо худалдаж авч байсан эгч та нар болиоч ээ гэхэд ногоо зардаг О ах та нар шиг ийм гичийнүүдээс болж энд ийм маргаан үүссэн шүү гэхэд нь миний уур хүрээд зүгээр байгаарай, та нарын өмчлөөд авсан газар юм уу гөлөгнүүд минь гэхэд жимс зардаг ах уурлаад миний хоолойноос багалзуурдаад байхаар нь гарын тавиулах гээд ноцолдож байх үед миний куртик суга хэсгээрээ урагсан. Би куртикээ урагдчихаар нь тайлаад та нар куртик урлаа, төлж өгөөрэй гэхэд ногоо зардаг О ах ирээд миний зүүн нүдний ойролцоо хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Цохисон гарыг нь бариад өөрийгөө хамгаалсан чинь миний зүүн хөл рүү дахин нэг удаа өшиглөхөд нь би хавсраад унагасан. Унахдаа миний цамцны энгэр хэсгээс зуураад миний цамцыг урсан. Миний цамцнаас О ах барьсан байсан тул гарыг нь тавиулах гээд тонгойх үед хөлөөрөө миний хамар, уруул хэсэгт өшиглөхөд уруул болон шүднээс цус гарсан. Тэгээд би та хэдээс гуйсан биз дээ, миний нүүр лүү битгий хүр гээд машин дээрээ очиж, уранхай цамцаа тайлаад, куртикээ өмсөөд цагдаагийн байгууллагад өөрийн гар утсаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.А-ийн гэрчээр өгсөн “...Ц.О нь мөн адил хүнсний ногоо худалдан борлуулдаг тул зэрэгцэж зогслоо гэх шалтгаанаар тэр хоёр муудсан юм шиг байсан. Би яг хажууд нь байгаагүй болохоор юунаас муудсаныг нь сайн мэдэхгүй байна. Яг хэдэн цагийн үед муудсаныг бол санахгүй байна. Ц.О-ын машины дэргэд Ц.О газар унасан байдалтай харагдаж байсан ба энэ үед өөрийн машинаас бууж ирээд Г.Э-д хандаж, чи боль оо, яагааад хэрүүл хийдэг юм бэ гэж хэлэхэд Г.Э нь намайг та ч гэсэн Хятад жимс зардаг биз дээ гэж хэлсэн. Би Г.Э-той зодолдсон зүйл байхгүй. Тэгээд цагдаа ирээд, тэр хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8655 дугаартай “Г.Э-ын биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.О-т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ц.О нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, *** дүгээр байрны гадна хохирогч Г.Э-ын биед нь халдан цохиж, өшиглөн, ноцолдох явцад түүний эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ц.О-ын мэдүүлэг, хохирогч Г.Э-ын мэдүүлэг, гэрч М.А-ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8655 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Ц.О нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.О-ын “2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, *** дүгээр байрны гадна хохирогч Г.Э-ын биед нь халдан цохиж, өшиглөн, ноцолдох явцад түүний эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Хохирогч Г.Э нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.О нь “2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, *** дүгээр байрны гадна хохирогч Г.Э-ын биед нь халдан цохиж, өшиглөн, ноцолдох явцад түүний эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Ц.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 73 тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Ц.О-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ц.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ц-ийн О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч гомдол саналгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтой болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ