Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01374

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр                         Дугаар 102/ШШ2021/01374                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар   

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 1 дүгээр хороооршин “Т банк” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 23 дугаар хороо, оршин суух, Ц Ө

 

Хариуцагч: Б дүүрэг, 23 дугаар хороо оршин суух, Б Ч  нарт холбогдох,

 

25,802,198.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагч Ц.Ө, Б.Ч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т банкны Ялалт тооцооны төв нь зээлдэгч Ц.Ө, хамтран зээлдэгч Б.Ч нартай 2018 оны 11 дугаар сарын 30-ны өдөр 10 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 24,500,000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй, 50 сарын хугацаатай, эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн 10 тоот дансанд зээлийг олгосон. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө №10 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г байгуулж 00-00 УБ улсын дугаартай, “С ф” /S f/ маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон. Уг автомашины өмчлөл нэхэмжлэгчид ирж бүртгэгдсэн байгаа. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хариуцагч нар ямар ч төлбөр төлөөгүй. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх, нэмэлт хугацаа олгох зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4,160,158.14 төгрөг, хүүнд 5,369,221.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,430.74 төгрөгийг тус тус төлсөн. Дээр дурдсанчлан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хариуцагч нар ямар ч төлбөр төлөөгүй, хугацаа, боломжийг олгосон ч хариуцагч нар ямар нэг арга хэмжээ аваагүй. Хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн учир талуудын байгуулсан гэрээг цуцалж, гэрээний үүргийг хариуцагчаас буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Ийм байдлаар зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул “Т банк” ХХК нь зээлдэгч Ц.Ө, Б.Ч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, Ц.Ө, Б.Ч нараас үндсэн зээл 20,339,841.86 төгрөг, зээлийн хүү 5,382,458.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,898.14 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 25,802,198.15  төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс №10 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-ний үүргийг шаардаагүй. 00-00 УБ улсын дугаартай, “С ф” /S f/ маркийн автомашиныг хариуцагч нар бусдад зарсан гэсэн тул энэ талаар бид шаардлага гаргаагүй. Цар тахалтай холбоотойгоор банкны зүгээс элдэв янзын нэмэгдэл, хүү нэхэмжлээгүй. Гэрээг шүүхэд хандсан 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр тооцон цуцалсан бөгөөд үүнээс хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй байгааг анхаарч үзээсэй гэжээ.

 

Хариуцагч Ц.Ө, Б.Ч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Ө нь өөрийн эхнэр болох Б.Чтай хамтран 2018 онд зээлийн гэрээ байгуулж, зээлж авсан мөнгөөрөө “с ф” автомашиныг лизингээр авсан нь үнэн. Бид зээлээ хэвийн төлөөд явж байсан боловч  ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу эхнэр дутуу төрж хромсомын эмгэгтэй, өвчлөлтэй хүүхэдтэй болсноос үүдэн зайлшгүй нэг нь гэртэй байж хүүхдээ асрах шаардлагатай  болсон. Мөн цар тахлаас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаанд доголдол гарч зээлээ хэвийн төлж чадахаа больсон. Зээлээ төлөөгүй энэ хугацаанд бид өөрсдөө банктай холбоо барьж үүссэн асуудлаа хэлэхэд зээлийн эдийн засагч “...зээлийн нөхцөлөөр авсан машинаа зараад зээлээ хааж болно” гэж хэлсэн. Ингээд эхнэрийн төрсөн ахад зээлээр авсан машинаа 2020 оны 2020 оны 5 дугаар сард 17,000,000 төгрөгөөр зарсан. Гэвч ах нь урьдчилгаа 7,000,000 төгрөгөө өгөөд үлдэх 10,000,000 төгрөгөө өгөөгүй машиныг А аймаг руу аваад алга болсон. Бид машины үлдэх мөнгийг авмагц зээлээ бүрэн төлнө. Гэхдээ зөвхөн нэхэмжилж буй мөнгөнөөс үндсэн зээлийг л сар бүр 400,000 төгрөгөөр төлж дуусгах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч банкнаас үүсээд буй нөхцөл байдлыг харгалзаж үзээд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж өгөхийг хүсч байна. Бидний зүгээс зээлийн тооцоолол, үлдэгдэл, төлбөр төлсөн байдал дээр маргахгүй гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг талаас “Т банк” ХХК, нөгөө талаас Ц.Ө, Б.Ч нар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №10 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 24,500,000 төгрөгийг 50 сарын хугацаатай, сарын 1.80 хувийн хүүтэй зээлж авчээ.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө №10 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г байгуулж 00-00 УБ улсын дугаартай, “С ф” /S f/ маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон байна. 

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан, эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр байна. 

 

Нэхэмжлэгч “Т банк” ХХК нь хариуцагч Ц.Ө, Б.Ч нарт холбогдуулж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 20,339,841.86 төгрөг, зээлийн хүү 5,382,458.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,898.14 төгрөг, нийт 25,802,198.15 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн учир талуудын байгуулсан гэрээг цуцалж, гэрээний үүргийг хариуцагчаас буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн” гэсэн агуулгаар тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэхээр байна. 

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, “Барьцаат зээлийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй. 

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч талаас гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

 

Мөн хариуцагч нар зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаангүй. Ийм учир хариуцагч нараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 20,339,841.86 төгрөг, зээлийн хүү 5,382,458.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,898.14 төгрөг, нийт 25,802,198.15 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.   

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Ө, Б.Ч нараас 25,802,198.15 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т банк” ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ө, Б.Ч нараас 286,961 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т банк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                Н.ХАНГАЛ