| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 226/2020/0033/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 33
Б-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2020/0033/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Прокурор Г.Мөнхболд,
Шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч О.Дүүриймаа нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1839000960167 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1989 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эцгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Саригийн 02-18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Дн Б-
Б- нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-ийн “Н” худалдааны төвийн 2 давхрын арын вакум цонхыг хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 26 ширхэг гар утас, 137000 төгрөгийг хулгайлан, бусдад нийт 5442000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Д-н Б-г хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Б-г 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б- давж заалдах гомдолдоо: Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт аавын хамт амьдардаг. Би ходоодны шархтай, байнгын эм тариа хэрэглэдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан байдаг. Иймд миний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан ялыг багасгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, цаашид засарч, хүмүүжих бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б- нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд эцгийн хамт амьдардаг, биеийн байдлын хувьд ходоодны шархтай, байнгын эм тариа хэрэглэдэг, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Иймд Б- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу түүнд оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. Мөн Б- цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ял эдэлсэн хоногт оруулан тооцож өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Б- нь хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар зүйлчлэлийн талаар маргадаггүй. Анхан шатны шүүхээс Б-д 1 жил 8 сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Б- нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-ийн “Н” худалдааны төвийн 2 дугаар давхрын вакум цонхыг хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 26 ширхэг гар утас, 137000 төгрөгийг хулгайлж, бусдад нийт 5442000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дэлгүүрийн лангуун дотор байсан 26 ширхэг гар утас хулгайд алдагдсан. ...нийт 5330000 төгрөгийн хохирол учирсан. ...цоожийг цүүг нь хөшиж онгойлгосон байсан...” гэх мэдүүлэг /хх 19-23х/,
Хохирогч С.МөнхТ-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Камерийн бичлэгийг үзэхэд саравчтай малгайтай, өндөр биетэй эрэгтэй хүн байсан. ...Т-гийн лангуунаас гар утаснууд хулгайлж, гоо сайхны хэсгээс болон кассаас бэлэн мөнгө авсан байсан...” гэх мэдүүлэг /хх 25-28х/,
Хохирогч Д.У- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний шургуулгад байсан 37000 төгрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх 30-31х/,
Гэрч Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр “T” дээр дүүтэйгээ уулзахаар очиход, гар утас хямд зарна гэсэн хүний дугаар өгсөн. Утаснуудыг нь үзээд хулгайнх байж магадгүй гэж бодоод бичиг баримт асуутал “байхгүй” гэсэн, “хулгайн утас юм биш үү, цагдаад шалгуулъя” гэхэд зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх 36-37х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Гэмт буруутай этгээдэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан, хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг үндэслэн хохирлын хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс Б-д оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “1 жил 8 сарын” гэснийг “1 жилийн” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Б- цагдан хоригдсон 36 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Б.СҮХГОМБО