Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 125/ШШ/2019/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын П газрын  Б.О-ийн дүгнэлттэй,

Хариуцагч: Ховд аймгийн М  газрын Эм био бэлдмэлийн  Г.М-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн М газрын Эм био бэлдмэлийн  Г.М-ын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0144410 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ховд аймгийн П газрын  Б.Д , Ховд аймгийн М газрын Эм био бэлдмэлийн Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын П газрын  Б.О нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Д.О  нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Ү сумын “Хөх-үзүүр” багийн нутаг дэвсгэрт орших “Т ” эмийн сангаар үйлчлүүлсэн иргэдэд эмийн жороор олгох эмийг жоргүйгээр олгосон зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож “Зөрчлийн тухай хуулийн” 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Эрх бүхий албан тушаалтан Г.М дээрх зөрчлийг шалгахдаа тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж тогтоолгүйгээр эм баригч Д.О-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3-д зааснаар торгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Г.М нь хуульд заасан зөрчлийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг хийгээгүй байна. Мөн “Т ” эмийн сан нь эм, эмийн түүхий эд, био бэлдмэл худалдсан бол “Зөрчлийн тухай хууль”-иар бус Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

 Иймд Ховд аймгийн М газрын эм био бэлдмэлийн  Г.М-ын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0144410 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ховд аймгийн М газрын Эм био бэлдмэлийн  Г.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан тайлбарлахдаа: Ховд аймгийн М  газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны  5 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын эмийн эргэлтийн сан, Үенч сумын Т эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт байх явцад тус эмийн сангийн жор баригч ажилтай Д.О нь жороор олгох ёстой эмийг жоргүйгээр олгож байсан зөрчил шалгалтын явцад илэрсэн. Жороор олгох заалт бүхий карбамазепин эмийг хүлээн авсан орлого зарлагын баримтыг эмийн санд хүлээж авсан жортой тулгаж үзэхэд уг эмийн жор дутаж, жоргүйгээр болох нь тогтоогдсон.

Энэхүү зөрчил илрэхээс өмнө буюу хяналт шалгалт хийж эхлэхдээ Тунгалаг тун эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг Д.О-ээс асуухад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар холбогдох материалыг аймгийн Эрүүл мэндийн газарт бүрдүүлж өгсөн гэж тайлбарласан. Үүнийг тогтоох үүднээс газар дээр нь аймгийн Эрүүл мэндийн газрын зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ангирмаатай утсаар холбогдож тодруулахад  Тунгалаг тун эмийн сангийн тусгай зөвшөөрлийг судлуулахаар өгсөн байгаа, Эрүүл мэндийн сайдын 2015 оны 298 дугаар тушаалын дагуу тусгай зөвшөөрөл олгох комисс нь улиралд нэг удаа хуралддаг. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болох комиссын хурлаар Тунгалаг тун эмийн сангийн тусгай зөвшөөрлийг сунгана, материал бүрэн ирсэн, анх удаа сунгуулж байгаа биш, үйл ажиллагаагаа олон жил явуулсан учраас сунгалт хийгдэнэ гэдгийг утсаар надад хэлсэн.

Дараа нь Д.О-ийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл байгаа эсэх, эм барих эрхтэй эсэхийг шалгахад Эрүүл мэндийн сайдын 2017 оны 8 сарын 24-ний өдрийн А/325 дугаар тушаалаар эм барих эрхийн зөвшөөрлийг 2017 оны 8 сарын 24-ний өдрөөс 2022 оны 8 сарын 24-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгосон гэрчилгээ байсан.

 Түүнээс гадна Тунгалаг тун эмийн сан нь хуулийн этгээдийн эрхтэй эсэхийг шалгахад 4...... регистрийн дугаартай “Т” нэртэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ үзүүлсэн. Тунгалаг тун эмийн сангийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ дээр “Тунгалаг уст үенч хоршоо”-нд 2 дугаар зэргийн эмийн сангийн үйл ажиллагаа явуулах эрхийг олгосон байсан. Өөрөөр хэлбэл заавал хуулийн этгээдэд эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодог ба Тунгалаг тун эмийн сан энэхүү шаардлагыг хангаж байсан.

Улмаар тус өдөр Д.О-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар 50 нэгжээр торгосон. Энэхүү зөрчлөө зөрчил гаргагч Д.О өөрөө хүлээн зөвшөөрч торгуулийн мөнгөө төлсөн тул хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэсэн.

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ Т эмийн сан нь хуулийн этгээд мөн эсэхийг тогтоогоогүй, хуулийн этгээд нь эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэхийг асуугаагүй гэжээ. Зөрчлийн 03-022/69 дугаартай хэрэгт Д.О нь жороор олгох эмийг жоргүйгээр олгосон зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байтал зөрчлийн хэргийн хүрээнээс хэтрүүлэн хуулийн этгээд мөн эсэх, тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаагүй гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэнийг ойлгохгүй байна.

Жор баригч Д.О нь жороор олгох эмийг жоргүйгээр олгосон нь дээрх дурдсан баримтаар тогтоогдож байхад жоргүй олгосон иргэдийг олж гэрчийн мэдүүлэг аваагүй гэж буруутгаж байгаа нь ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл хэн хэн гэдэг хүмүүст жоргүй эм олгосныг тухайн үед тогтоох боломж байгаагүй.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймгийн П газрын  Б.Д  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын П газрын  Б.О нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 07 дугаар дүгнэлтээр эрх бүхий албан тушаалтан Г.М-ын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №0144410 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан.

 Учир нь эрх бүхий албан тушаалтан нь “Т ” эмийн сан буюу хуулийн этгээд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байхад иргэн хүнд шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тухайн зөрчлийг хүн үйлдсэн бол 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай.

Захиргааны хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Т ” эмийн сан нь хуулийн этгээд болох нь тогтоогдсон байна. Байцаагч Г.М-ын хувьд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах байтал иргэн хүнээр шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа шалгаж тогтоох нөхцөл байдлуудыг тодорхой заасан. Хэдийгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шалгаж, гуравдагч этгээд зөрчлөө хүлээн зөвшөөрсөн боловч хуулийн этгээдийн эрхтэй эсэхийг эрх бүхий албан тушаалтан шалгах ёстой байсан гэж үзэж байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь П газрын  Б.О-ийн дүгнэлтийг дэмжиж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын  Б.О-ээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн “М газрын Эм, био бэлдмэлийн  Г.М-ын 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 0144410 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

М газрын Эм, био бэлдмэлийн  Г.М нь Үенч сумын “Т ” эмийн сангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийх явцдаа эм баригч Д.О жороор олгох эмийг жоргүй олгосон зөрчлийг илрүүлж, зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг үндэслэн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 0144410 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар 50.000 /тавин мянган/ төгрөгөөр торгожээ.

Дээрх зөрчлийн материалыг хянасан хяналтын прокурор Б.О 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 07 дугаар дүгнэлтдээ “.... эрх бүхий албан тушаалтан нь “Т ” эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх, Д.О-ийн эм барих эрхтэй эсэх, ямар эмийг жоргүйгээр хэнд олгосон зэргийг тогтоогоогүй атлаа зөвхөн эм баригчийг Зөрчлийн хуулиар торгосон. “Т ” эмийн сан нь эм, эмийн түүхий эд, био бэлдмэл худалдсан бол Зөрчлийн тухай хуулиар бус Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.” гэж дүгнэжээ.

Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч тайлбарлахдаа “... Хяналт шалгалт хийж эхлэхдээ “Т ” эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Д.О-ийн эм барих эрхтэй эсэхийг асууж, холбогдох байгууллагаас тодруулсан. Хяналт шалгалтын явцад эм баригч Д.О нь жороор олгох эмийг жоргүй олгосон зөрчлийг илрүүлж, зөрчил гаргагч хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн.” гэж маргаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д “... Эмнэлгийн мэргэжилтэн жороор олгох эмийг жоргүйгээр олгосон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгоно” гэж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Эмийн сангийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: 16.5.1.жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгох; 29 дүгээр зүйлийн 29.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар “Т ” эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Д.О-ийн эм барих эрх нь хууль ёсных болох нь тогтоогдож байх ба эрх бүхий албан тушаалтан зөрчилд шийтгэл оногдуулахаас өмнө дээрх байдлыг тодруулсан, зөрчилд холбогдогч энэ талаар гомдол гаргаагүй байхад хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн материалд дээрх баримтыг хавсаргаагүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох буюу зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх боломжгүй.

Харин зөрчлийн хэргийн зүйлчлэл тохирсон эсэх тодруулбал Д.О-д шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн хууль зүйн үндэслэл, торгуулийн хэмжээний талаар прокурор дүгнэлтдээ дурдаагүй байх тул энэ талаар шүүхээс дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

“Т ” эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Т ” хуулийн этгээдийн тухайд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох байсан гэх прокурорын дүгнэлтийн үндэслэлийн тухайд Д.О-ийн гаргасан зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдох эсэх талаар дүгнээгүй атлаа хуулийн этгээдэд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцохоор байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэл муутай болжээ.

Зүй нь шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуульд нийцсэн эсэх, эсхүл Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор зохицуулалт байгаа эсэхэд прокурор үндэслэлтэй дүгнэлт өгөх ёстой.   

 Иймд эмийн сангийн үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээдийн тухайд Эрүүгийн хариуцлага тооцох байсан гэх тодорхой бус дүгнэлтээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Д нь”.... “Т ” эмийн сангийн үйл ажиллагаатай холбоотой учир хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах байтал хүн /эмнэлгийн мэргэжилтэн/-д шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй” гэх тайлбар гаргасан боловч маргаан бүхий прокурорын дүгнэлтийн үндэслэлд энэ талаар дурдагдаагүй байх тул тайлбарыг хүлээн аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын хяналтын прокурор Б.О-ийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ