Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсумын Идэр |
Хэргийн индекс | 166/2022/0284/Э |
Дугаар | 2022/ШЦТ/306 |
Огноо | 2022-09-22 |
Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0284/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Иргэдийн төлөөлөгч Г.Балжинням,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн Б овогт Ц-ийн Б-д холбогдох 2218000000308 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ц-ийн Б /РД: .......... /, ..... оны .... дүгээр сарын ... -ны өдөр ...... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, сэрээт машины ачигч мэргэжилтэй, “........ ” ХХК-ийн ......... аймаг дахь салбарт сэрээт ачигчийн жолоочоор ажилладаг, ам бүл .. , .......-ийн хамт ........ аймгийн ........ сумын ... дугаар багийн ........... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 04 цагийн үед ....... аймгийн ........ сумын .... дугаар багийн ......... дүгээр гудамжны .... тоотод иргэн А.П-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хатгагдаж нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн тухайн цаг хугацаанд иргэн Д.М-ийн гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалгад зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ын мэдүүлсэн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.М-д 200,000 төгрөгийн хохирол төлсөн. Харин П-т эмчилгээний зардлыг нь төлсөн.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218000000308 дугаартай хэргээс:
Гэрч Б.Г-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, гэрч Б.Ц-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, хохирогч Д.М-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, гэрч Ц.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, шүүгдэгч Ц.Б-ын нийгмийн даатгал төлсөн баримт тухай баримт /хавтаст хэргийн 98 дахь тал/, эд хөрөнгө өмчилдөг эсэх лавлагаа /хавтаст хэргийн 100 дахь тал/, “........... ” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 106 дахь тал/, Б.Э, Б.Ч, Б.Ч нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 107-108 дахь тал/, Ц.Б-ын мэргэжлийн сертификат /хавтаст хэргийн 109-110 дахь тал/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 111 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ц.Б-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд ....... аймгийн ...... сумын ... дугаар багийн ....... дүгээр гудамжны ..... тоотод Д.М-ийн гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн А.П-ийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Б Д.М-д 200,000 төгрөгийг, хохирогч А.П-т 775,000 төгрөгийн хохирол тус тус төлсөн тул бусдад төлөх төлбөргүй байна.” гэв.
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 04 цагийн үед ....... аймгийн ..... сумын .... дугаар багийн ...... дүгээр гудамжны .. тоотод иргэн А.П-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хатгагдаж нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн тухайн цаг хугацаанд иргэн Д.М-ийн гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалгад зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4, 5-5-6 дахь тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан мөнгөлөг өнгийн метал иштэй хутганд үзлэг хийхээр тогтов. Тухайн хутга нь ажлын хэсэг нь 13см урттай, 1.6см өргөнтэй, бариул хэсэг нь 10см урттай, 1.6см өргөнтэй мөнгөлөг өнгийн метал материал бүхий хутга байлаа. Хутганы ажлын хэсэг нь 3мм мөлийж нарийсаж ир гаргасан байлаа. Хутганы ажлын хэсгийн үзүүр хэсэг шовх хурц үзүүртэй байлаа. Тухайн хутганы ажлын хэсэг болон бариул хэсэгт гарын мөр байгаа эсэхийг тогтоох зорилгоор шинжээч Ш.Батзориг сажа нунтаг, энгийн багс ашиглаж шинжлэхэд гарын мөр илрээгүй болно. Тухайн хутганы бариул болон ажлын хэсэгт ямар нэгэн биологийн шингэнээр бохирлогдсон зүйлгүй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд тусгаж хавсаргав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийн явцад шинжээч 3 кадр гэрэл зураг дарж зургийн аргаар бэхжүүлэв. Хэргийн газрын үзлэгээр хойшлуулшгүйгээр прокурорын зөвшөөрөлгүйгээр хураан авсан метал мөнгөлөг өнгийн хутгийг эд мөрийн баримтаар тооцож хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд цуг шийдвэрлүүлэх саналтай шилжүүлэхээр тогтож үзлэгийн тэмдэглэлийг дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11, 12-13 дахь тал/,
Хохирогч А.П-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 20, 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед би баяр болж байна гээд нэг ямаа гаргаад мах чаначихсан байсан болохоор найз болох Б руу залгаад хүрээд ир ганц шил архи ууж сууя гэж хэлсэн. Тэр үед Б Дархан сумын 5 дугаар баг 18-н буудал дээр байна гэж хэлэхээр нь би машинтайгаа очсон. Намайг очиход Б эхнэртэйгээ цуг байсан. Тэгээд эхнэртэй нь хамт аваад Дархан сумын ..... дугаар баг ...... тоот гэртээ ирсэн. Тэгээд манай дүү болох М, Г, Б болон түүний эхнэр бид тав 3-4 шил архи хувааж уусан. Тэр үед Бын эхнэр болох Б нар манай дүү болох Мтэй шөнийн 00 цаг өнгөрч байхад муудалцаж эхэлсэн. Би тэр үед Б-ыг эхнэртэй нь цуг дүүтэй муудалцаад байхаар нь гэрээс гар гээд хөөгөөд гаргасан чинь шөнийн 03 цаг өнгөрч байхад гэнэт миний гэдэс рүү юмаар хатгах шиг болохоор нь сэрээд хартал Б гартаа хутга барьчихсан зогсож байсан. Би тэр үед юу болж байна гэж хэлээд Бын хутгатай гарыг бариад авах гэтэл Б гараад явчихсан ба дүү М-ийг харсан чинь бас 2 гарын булчинг нь зүсчихсэн байсан. Тэгээд М миний гар утсаар цагдаа дуудсан ба би гэдэснээс цус гараад байхаар нь тогтоогоод явж байгаад ухаан алдаад нэг мэдсэн чинь эмнэлэг дээр сэрсэн. М-тэй Б-ын эхнэр муудалцаж байгаад сүүлдээ Б бас М-тэй муудалцаад хэрэлдээд байхаар нь би Быг эхнэртэй нь цуг гэрээсээ гаргаснаас болж уурандаа буцаж орж ирээд бид хоёрыг гэмтээсэн байх гэж бодож байна. Миний хэвлийн хөндий рүү хутга нэвтрээд элэг рүү орсон байсан. Би эмчилгээний зардал болох 450,300 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид эмчилгээ боолт хийлгэх 325,000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Болдог бол Б-ыг шоронд явуулахгүй шийдвэл сайн байна. Б нь бага насны 4 хүүхэдтэй гэрээсээ ганцаараа ажил хийж гэр бүлээ авч явдаг хүн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал/,
Хохирогч Д.М-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 10, 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед Дархан сумын .... дугаар баг ... тоот гэртээ П ахын хамт 1 шил 750 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад сууж байхад гаднаас Баяраа ах эхнэрийн хамт орж ирсэн. Мөн гаднаас Панз хочит Г ах орж ирсэн. Ингээд бид 5 ууж байсан архи дуусаад Г, П , Б ах нар дэлгүүр орж 750 граммын Хараа нэртэй архи авчирсан. Ингээд бид тав архиа хувааж ууж дуусгаад 2022 оны 07 дугаар сарын 10-ны үүрээр 04 цагийн үед Б ах болон эхнэрийг нь та хоёр гэртээ харь гэж хэлэхэд манай гэрээс гараад явсан. Удалгүй 2-3 минутын дараа Б ах буцаж орж ирээд гал тогооны өрөөнд байсан цагаан өнгийн бариултай хутга бариад том өрөөнд орж ирээд миний булчин хэсэгт нэг удаа хутгалахад би том өрөөний ор луу унахад миний хажууд сууж байсан П ахын цээж хэсэг рүү нэг удаа хутгалсан. Тухайн үед П ах миний хажууд бараг суугаагаараа нэлээн согтчихсон унтаж байсан юм. Б-ыг бид нар Б гэж дууддаг. ...Надад гомдол санал гээд байх зүйлгүй алга. Архи хэтрүүлэн хэрэглэснээс л болж хэрэг гарлаа гэж үзэж байна.“гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал/,
Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны 05 цаг 05 минутад 103-н машинаар 2 хүн ирсэн ба П гэх хүн нь их хэмжээний согтолттой ухаангүй ирсэн. Үзлэг хийхэд хэвлийн урд хэсэгт зүсэгдсэн шархтай 3 орчим см шархтай, шархийг шалгаж үзэхэд 7см орчим нэвт орсон ирмэгтэй гүн мэсний шархтай байсан. Шарх дээр оёдол тавьж боолт хийсэн. Хэвлийн эход харах гээд хүлээж байна. Мөн Д овогтой М гээд хүн цуг ирсэн ба согтолт нь дунд зэрэг ухаантай, биеийн байдал дунд зэрэг, хоёр гарын бугалга хэсгээр өвдөж цус гарсан гэж ирсэн. Үзлэг хийхэд баруун гарын бугалга дунд хэсэгт 3см орчим хөндлөн зүсэгдсэн шархтай, зүүн бугалгын урд дунд хэсэгт 6см орчим урт хөндлөн ил шархтай, мөн цаад гурван толгойт булчин урд хэсгээрээ хөндлөн тасарсан, тал булчин зүсэгдсэн мэсийн шархтай байсан. Булчин болох арьсыг оёж шарх цэвэрлээд гарыг сойж боон 500грамм шингэн хийж өгсөн. Ажиглаж байна. Мөн цагдаагийн машинаар 6 цагт Б гэх эрэгтэй согтолттой баруун гарын бугуйн дотор хэсэг 7см орчим хөндлөн гүн зүсэгдсэн шархтай шалгаж үзэхэд олон шөрмөснүүд тасарсан байсныг ерөнхий оёдол, боолт хийж шөрмөс залгах хагалгаа хийгээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчим гэртээ байхад манай найз Пүрэв залгаад чи манай гэрт хүрээд ир ганц шил архи хуваагаад уучихъя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Дархан-Уул аймгийн 3 дугаар баг Улиастайн 4-25 тоотод байрлах Пүрэвийн гэрт очиход М, Баяраа болон Баяраагийн эхнэр нар 750 грамм Хараа гэх нэртэй архи дундаа тавьчихсан ууж байсан. ингээд би уг архинаас хамт ууж эхлээд сууж байтал уг архи нь дуусаад Пүрэв бид хоёр 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд дэлгүүр гарч 1 шил 750 граммын Хараа нэртэй архи аваад буцаж гэрт орсон. Ингээд М, Пүрэв, Баяраа болон Баяраагийн эхнэр бид тав уг худалдаж авсан архийг хоорондоо ойр зуурын юм яриад ууж байтал 07 дугаар сарын 10-ны үүрээр 04 цагийн орчимд архи дуусаад М нь Баяраа болон түүний эхнэрийг гэртээ харьж амар гэж хэлэхэд Баяраа нь өөрийн эхнэрийг Пүрэвийн гэрээс дагуулаад гарсан. Ингээд удалгүй 2-3 минутын дараа Баяраа нь ганцаараа Пүрэвийн гэрт буцаж орж ирээд гал тогооны өрөөнөөс цагаан өнгийн бариултай хутга баруун гартаа бариад том өрөө рүү орж ирээд намайг шууд хутгалах гээд гараа далайхаар нь би Баяраад хандан битгий намайг хутгалаач гэж хэлэхэд миний ард зогсож байсан Мийн хоёр гарын булчин хэсэг рүү нь нэг нэг удаа хутгалсан. Тухайн үед М нь хоёр гараа дараад орон дээр унахад Баяраа нь Мийн хойд талд зогсож байсан Пүрэв рүү дөхөж очоод Пүрэвийн хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалсан. Ингээд Баяраа нь гэрээс гараад явсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад М дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
Гэрч Б.Цийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед гэр лүүгээ явах гээд таксинд суухаар явах замд нөхөр тамхи авахаар “Өнгөт” дэлгүүр орохдоо 2 шил Нийслэл пиво авч гарч ирсэн. Тэгэхээр нь нэгийг нь саравчинд хувааж уусан. Тэгээд харихаар алхаж байтал нөхөр маань найз Пүрэвтэйгээ утсаар ярьсан. Пүрэвээ утсаар яриад манайд хүрээд ир гэсэн бололтой манай нөхөр танайд хэн байгаа юм гэж асуухад аав, дүү байна гэсэн. Тэгсэн манай нөхөр аав чинь байгаа бол очихгүй гэсэн. Аав зүгээрээ аавтай ярь гээд манай нөхрийг найз Пүрэвээ нь аавтайгаа яриулсан. Аавтай нь ярихдаа Баяр хашааны зэрлэгтэй холбоотой юм ярьж байгаад Пүрэвээ хамаатны дүү Мийг дагуулаад өөрийнхөө машинтай ирж авсан. Пүрэвээ замаараа 1 шил хараа нэртэй архи аваад гэрт нь очсон. Гэрт нь очиход аав нь Г гэх залуутай хоёулаа байсан. Тэгээд тэр архиа М, Г гэх хоёр залуу, Пүрэвээ, манай нөхөр бид тав хувааж уусан. Уугаад байж байсан чинь Пүрэвээгийн аав манай нөхрийг хашааны зэрлэг хадаад өгөөч гээд манай нөхөртэй хамт гарсан. Нөхрийг хашааны зэрлэг хадаж байхад бид гурав нөгөө архиа уугаад сууж байсан. Нөхөр удалгүй дуусчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд Пүрэвээгийн аавыг явсны дараа архиа дуусгаад нөгөө гурав дэлгүүр орохоор явсан. Тэгээд хоёр шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авчирсан. Дараа нь дэлгүүр хаах дөхөж байхад Пүрэвээ дахин нэг шил 0,75 литрийн Хараа архи авчирсан. ...Сүүлийн архиа залаад ууж байгаад нэг мэдсэн хоорондоо муудалцаад байх шиг байсан. Тэгээд М Г руу чамайг бол би нэг л цохино шүү гээд байсан. Сүүлдээ М илүү агсраад дуу нь өндөрсөөд янз бүрийн үг хэллэг хэлээд байсан. Тэгээд байж байтал нэг мэдсэн манай нөхөр гэр лүүгээ яваад ирсэн. Сүүлд охиноос сонсоход гэрээс цүнхэнд хувцас хийгээд авч ирээд Пүрэвээгийн гэрийн гадаа тавьсан байсан. Нөхрийг гэр лүү яваад ирэхэд хүмүүс маргалдсан хэвээрээ байсан болохоор манай нөхөр Мд хандаж одоо болиоч яасан их орилж хашхирдаг юм бэ, түрүүнээс хойш томроод байх юм гэж хэлсэн. Тэгсэн М манай нөхөр рүү чи муу дуугүй байгаарай, чамайг алчхаж чадна шүү, чамайг нэг л цохино гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр нэлээн удаан маргалдсан. Тэгэхээр нь тэсэхээ байгаад Мд хандаж чи одоо больчих чамайг больчихвол бүгдээрээ болчихно гэж хэлсэн. Тэгээд нөхрийгөө гэртээ харъя гэхэд үг сонсохгүй нөгөө залуутай хэрэлдээд байсан болохоор нь нөхрийг араас ирэх байх гэж бодоод гэр лүүгээ явсан. ...Би нөхрөө гэртээ ирж хоноогүй болохоор өглөө хайж Пүрэвээгийн гэрт очиход гэр нь цоожтой байсан. Тэгээд нөхрөө дэлгүүр, голын эрэг гээд байж болох газруудаар нь хайгаад явж байтал манай охин Минжинсор залгаад аав хүн хутгалчихсан юм шиг байна. Өөрийнхөө бас гарыг зүсээд булчин шөрмөсөө тасалчихсан эмнэлэгт бие нь муу байна гэж надад хэлэхээр нь эмнэлэг дээр очсон. 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр Б үдээс хойш гэртээ баруун гарынхаа бугуй хэсэгт оёдол тавиулсан гээд гараа боочихсон ирсэн. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 709 дугаартай “...А.Пүрэвийн биед хэвлийн хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хэвлийн хатгагдаж нэвтэрсэн шарх нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “...Даваажавын М, ...хэсэг газрын үзлэгээр: баруун бугалга 3см хөндлөн, урт 3см орчим гүн зүсэгдсэн шархтай, зүүн бугалга урд дунд 3/1 хэсэгт 6см урт хөндлөн гурван толгойт булчин хагас тасарсан шархтай. Хоёр бугалга урд дунд 3/1 шархтай” гэх яаралтай тусламжийн хуудас 48 дахь тал,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 722 дугаартай “...Д.Мийн биед баруун, зүүн бугалгад зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
Ц.Бын мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр, 08 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би найз болох Пүрэвээтэй утсаар яриад мэнд асуусан. Тэр үед Пүрэвээ намайг хүрээд ир гэхээр нь би тухайн үед танайд ямар хүмүүс байгаа юм бэ гэж асуухад аав дүү хоёр байгаа гэхээр нь би аав чинь байгаа бол би очихгүй гэж хэлсэн бөгөөд тэр үед Пүрэвээ зүгээрээ би очоод авъя гэж хэлээд Дархан сумын 5 дугаар баг 18-н буудал дээрээс ирж авсан. Тэр үед би эхнэртэйгээ цуг явж байсан бөгөөд Пүрэвээ замаараа 1 шил архи аваад Пүрэвээгийн гэрт очиход Пүрэвээгийн аав нь гэртээ байсан ба гаднаас Панз буюу Г, Шөмбөөлөө буюу М, Пүрэвээ, манай эхнэр болох Ц, мөн би гээд тавуулаа цуг Пүрэвээгийн гэрт очсон. Тэгээд Пүрэвээгийн гэрт М, Пүрэвээ, Г бид дөрөв цугтаа 1 шил архи хувааж уучхаад Пүрэвээ тэр үед намайг цахилгаан хадуураар хашааны өвс зэрлэг хадаад өгөөч гэхээр нь би тэдний хашааны өвсийг хадаж өгсөн юм. Тэгээд өвсөө хадаж дууссаны дараа Пүрэвээгийн аав надад 10,000 төгрөг өгчхөөд гараад явчихсан ба би тэр өгсөн мөнгөн дээр бид хэд мөнгө нэмж цуглуулаад дэлгүүр орж хоёр шил архи авсан юм. Тэгээд бид хэд тэр хоёр шил архиа хувааж ууж дуусаад дэлгүүр хаахаас өмнө шөнийн 23 цаг нэлээд өнгөрч байхад Пүрэвээ дахин дэлгүүр явж нэг шил авчирсан. Тэр сүүлийн архи ууж байхад М нь Гтай муудалцаад Гантулгыг цохиод байхаар нь би тухайн үед болио ахын дүү гэж хэлэхэд М над руу агсам тавьж өөрийг чинь бас цохино шүү гээд над руу томроод байсан. М бид хоёр хоорондоо жаахан муудалцсан. Тэр үед Пүрэв бас намайг эхнэртэйгээ гэр лүүгээ харь гээд гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд л би шөнө үүр цайх гэж байхад гэрээс нь эхнэрээ дагуулаад гарч байсан ба нэг мэдсэн чинь би тэдний хашааны гадна гартаа утга барьчихсан зогсож байсан ба миний гар нил цус болчихсон байсан юм. Тэгээд би хоёр хүн алчихлаа гэж бодоод айгаад өөрийнхөө гарыг зүсчхээд гол руу алхаад явсан. Тэгээд гол дээр байж байтал цагдаа нар ирээд намайг авч яваад эмнэлэгт хүргэж өгсөн. Би Пүрэвийн гэрийн гал тогооны хэсэгт чанасан махан дээр байсан төмөр иштэй хутга байсныг авсан. ...Би Пүрэвээгийн хагалгааны зардал болон 460,000 төгрөгийг дансаар шилжүүлж Мд эмчилгээний зардал болох 30,000 төгрөгийг бэлэн, 50,000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлж өгсөн. Миний үйлдсэн хийсэн хэрэг маань тодорхой. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 72 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Архидан согтуурсан үедээ хүний биед гэмтэл учруулсан болохыг хэргийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг зэргээр үндэслэн гэм буруутай гэж үзэж байна.” гэж дүгнэв.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Д.Мийн эрүүл мэндэд учирсан баруун, зүүн бугалгад зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг,
мөн хохирогч А.Пүрэвийн эрүүл мэндэд учирсан хэвлийн хатгагдаж нэвтэрсэн шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан амь насанд аюултай хүнд гэмтлийн шалгуур шинжийг тус тус хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Бын согтуурсан үедээ хохирогч А.Пүрэвийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол, хохирогч Д.Мийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултайг ухамсарлаж, түүнийг хүсэж, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл учирсан хөнгөн, хүнд хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.
“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болох ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг зэвсэг хэрэглэж гэж хүндрүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Хохирогч А.Пүрэв, Д.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн. Хохирол нэхэмжлэхгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Ц.Баас гаргуулах төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч Ц.Быг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн тул эрүүгийн хариуцлагаа хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүний эрүүл мэнд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ц.Б нь 2014 оноос эхлэн “АПУ” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт өдийг хүртэл тасралтгүй ажилласан хөдөлмөрч хүн бөгөөд ам бүл 5, насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, зөөлөн даруй, тогтуухан зан ааштай гэж хамт ажилладаг хүмүүс болон гэр бүлийнхэн нь илэрхийлдэг. Мөн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба гэм буруугийн тухайд мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 04 сар 10 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногийн хугацаагаар тооцож, 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүхээс оногдуулсан ялыг 3 жил 05 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсаныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, санаатай гэмт хэрэг 2 удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Ц.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Бд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч А.Пүрэвт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргаагүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бору овогт Цэгмэдийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,
зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ