| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2022/0341/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/374 |
| Огноо | 2022-11-15 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0341/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Б.Ихтамир, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Иргэдийн төлөөлөгч ***,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***т холбогдох 2218000000372 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** /РД: ***/, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-ийн карказ угсралтын бригадад гэрээт ажилтан ажилтай, ам бүл ***, *** нарын хамт *** хотын *** дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багт баригдаж байгаа “***” хотхоны барилгын *** давхарт хувийн маргааны улмаас иргэн ***ыг хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч уушги, зүүн талын 7-р хавирга, өрцийг гэмтээсэн шарх, зүүн уушгины шалчийлт, цээжний хөндийн хий цус хуралт, хурц цус алдалтын шок, бүсэлхий хэсгийн хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын мэдүүлсэн: “...Тухайн үед дөрвүүлээ хоёр шил архи уусан. Надад хохирогчтой өс хонзон байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хоёр сая гаруй төгрөг өгсөн. Маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ын мэдүүлсэн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр барилгачдын баяр болж байсан. Шүүгдэгч бид хоёр нэгнээ сайн танихгүй, тухайн үед танилцсан. Би түүнд 2 удаа хутгалуулсан байсан. Тухайн үед би унтлаа гэж бодсон тэгсэн өглөө эмнэлэгт сэрсэн. Би ажил хийж чадахгүй найз нөхдөөсөө мөнгө зээлж амьдарч байгаа. *** бид хоёр ярилцаад таван сая төгрөг дээр тохиролцсон боловч шүүгдэгч одоогоор чимээгүй л байгаа. Шүүгдэгч нь надтай тохиролцсон мөнгөө өгөхгүй байгаад гомдолтой байна. Мөн шүүгдэгч үүрээр над руу залгаад ална хядна гэж ярьсан. Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Надад амьдрахад хэцүү байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218000000372 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-7 дахь тал/, хохирогч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, яллагдагч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч ***ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *** нь *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн *** хотхоны баригдаж буй барилгын *** давхарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан ***той тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зүүн дал, бүсэлхий нурууны баруун талд хутгалж, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ***ын үйлдлийг хор уршиг зориуд учруулсан гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрт 2,542,900 төгрөг төлсөн, хохирогчоос 5,000,000 төгрөгийг холбогдох баримтгүйгээр нэхэмжилсэн үүнийг шүүгдэгч төлөхийг зөвшөөрч байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч ***ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багт баригдаж байгаа “***” хотхоны барилгын *** давхарт хувийн маргааны улмаас иргэн ***ыг хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч уушги, зүүн талын 7-р хавирга, өрцийг гэмтээсэн шарх, зүүн уушгины шалчийлт, цээжний хөндийн хий цус хуралт, хурц цус алдалтын шок, бүсэлхий хэсгийн хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хохирогч ***ын мөрдөн байцаалтад *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагийн үед ажил дээрээ очоод ***, ***, *** нарыг сэрээх гээд тэд нарын байгаа өрөө рүү яваад ороход тэр гурав архи ууж байсан. Тэгээд би тэр гуравтай нийлээд хамт архи уугаад *** болон *** нартай танилцаад бид хэд дахин хоёр шил архи уугаад би нэлээн согтоод байхаар нь өөрийгөө муудаж байна гэж бодоод унтах гээд ***ын ар талаар хэвтэх шиг болсон. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд би эмнэлэгт ухаан орсон. Би эмчээс өөрийгөө хутгалуулсан гэдгийг сонссон. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4, 5-7 дахь тал/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагийн үед хамт ажилладаг ***, ***, *** нарын хамт Эдэн нэртэй 0,75 литрийн нэг шил архийг задалж уусан. Би архинаас 3 хундагыг уучхаад унтчихсан. Тэгээд хэсэг хугацаанд унтаж байгаад сэрээд нойлын өрөө рүү ороход *** надтай цуг нойлын өрөө рүү орсон. Намайг нойлын өрөө рүү ороход ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй. *** бид хоёр нойлын өрөөнд бие засаж тамхи татаж дуусчхаад буцаад байсан өрөө рүүгээ ороод би буцаад орон дээрээ хэвтэхэд хажууд цонхны харалдаа паарны орчимд улаан өнгийн цус мэт зүйл харагдахаар нь босоод юу болсон юм бэ гэж хэлэхэд *** цонхны наана хэсэгт паарны хажууд зогсож байсан. ***, *** хоёр ***ыг байрнаас хамт аваад гарсан. Тухайн өрөөний шал цус болчихсон байсан. Би хутгалсан үйл явдлыг хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө *** сумын *** дугаар багт байрлах *** ХХК-ийн баригдаж буй шинэ байрны *** давхарт *** цагийн үед ***, ***, *** нартай нэг шил Эдэн нэртэй архи хувааж уусан. Тэгсэн *** гэх нэртэй хамт ажилладаг хүн дэлгүүр яваад архи аваад ирсэн. ***ын авчирсан Эдэн нэртэй архийг дөрвүүлээ хувааж уугаад байж байсан. Би ***тай хажуу талын өрөөнд юм яриад зогсож байсан. Тэгээд нөгөө өрөөнд ***, *** хоёр хэрэлдээд орилоод байхаар нь ***ын хамт яваад ороход *** цус болчихсон ширээний баруун талд зогсож байсан. *** нь ширээний зүүн талд гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд ***ын гарт байсан хутгыг булааж аваад ширээний хажууд байсан орны гудасны доор хийсэн. Тэгээд *** цус алдаад байхаар нь 103-т дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай “...***ын биед цээжний хөндийд нэвтэрч уушги, зүүн талын 7-р хавирга, өрцийг гэмтээсэн шарх, зүүн уушгины шалчийлт, цээжний хөндийн хий цус хуралт, хурц цус алдалтын шок, бүсэлхий хэсгийн хатгагдсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ***ын биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.3.1, 3.3.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. ***ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” Гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
***ын яллагдагчаар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “***” ХХК-ийн барьж байгаа барилгын *** давхарт захын өрөөнд хамт ажилладаг ***, ***, **** нарын хамт бид дөрөв архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд бид дөрөв дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн архи худалдаж авч ууж байгаад би *** ахтай үг зөрж маргалдсан. Тэгээд байж байхад ***, *** хоёр юм яриад өрөөнөөс гараад явахад *** ах одоо чамайг ална гэж хэлээд намайг цохихоор нь би түлхээд ширээний цаад тал руу унагаагаад араас яваад очиход *** ах хаанаас авсныг нь мэдэхгүй шалнаас хутга бариад босоод ирэхээр нь би хутгыг нь булааж аваад ар нуруу хэсэг рүү нь нэг удаа хутгалчихсан. Тэгээд *** ахын биеэс цус гарахаар нь сандраад байж байхад *** орж ирээд миний гарт байсан хутгыг булаагаад авсан. Тэгээд бид нар түргэн дуудаад эмнэлэг рүү аваад явсан. Би ***ын эмчилгээний зардал буюу мэс заслын эмчид 1,100,000 төгрөг өгсөн, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эмчилгээний зардалд 260,000 төгрөг, 272,600 төгрөг, 260,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын13-ны өдөр эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө 450,300 төгрөг, ***ын данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Эмчилгээний зардалд нийт 2,542,900 төгрөгийг зарцуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/ болон хэрэгт авагдсан эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна.” гэж дүгнэв.
Гэмтлийн “хүнд” зэрэгт учрах үедээ амь насанд аюултай гэмтэл хамаарах бөгөөд хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан цээжний хөндийд нэвтэрч уушги, зүүн талын 7-р хавирга, өрцийг гэмтээсэн шарх, зүүн уушгины шалчийлт, цээжний хөндийн хий цус хуралт, хурц цус алдалтын шок, бүсэлхий хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.3.1, 3.3.3-т заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг тус тус хангаж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч ***ын согтуурсан үедээ хохирогч ***ыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултайг ухамсарлаж, түүнийг хүсэж, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.
“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болох ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг зэвсэг хэрэглэж гэж хүндрүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь 5,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгээс өмнө хохирогчид 2,542,900 төгрөгийг, гэм буруугийн шүүх хуралдааны завсарлагын хугацаанд 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул үлдэх 1,457,100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *** *** дүүргийн *** дүгээр хороо *** тоотод оршин суух *** овогт ***ийн *** /РД: ***, утас ***/-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч ***ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос тодорхой хэмжээний хохирыг төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч *** нь урьд 3 удаагийн ял шийтгүүлсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээсэн байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Шүүхээс шүүгдэгч ***т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***т 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 1,457,100 төгрөг гаргуулж хохирогч *** хотын *** дүүргийн *** дүгээр хорооны *** тоотод оршин суух *** овогт ***ийн *** /РД: ***, утас ***/-д олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ