| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2021/00301/И |
| Дугаар | 148/ШШ2021/00345 |
| Огноо | 2021-07-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 148/ШШ2021/00345
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******гийн ******* /*******/-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ийн ******* /*******/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие П.*******тэй 2016 оноом хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү Д.*******, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү Д.******* нар төрсөн. Нөхөр П.******* нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гэр бүлийн хайр халамж нь эрс муудаж цаашид амьдрах зорилго, итгэл алдарч, биднийг эргэж тойрохоо больсон тул 2019 оноос хоёр тусдаа амьдрах болсон.
Миний бие нь хоёр бага насны хүүхэдтэй, ******* амьдралд тус дэм болдоггүй бидэнд амьдрах хүндхэн байна. Бага хүүхдээ төрөх үед ч байгаагүй. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй.
Иймд хүүхдүүдийн маань төрсөн эцэг П.*******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! гэв.
Хариуцагч П.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Шаамар сумын харьяат ******* овогтой ******* би 2006-2019 он хүртэл Л.*******тай хамт амьдарч 2 хүүхдийн эцэг эх болон Шаамар суманд амьдарч байсан. Амьдрах хугацаанд тайван сайхан ажиллаж амьдарч байсан. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд би архи уусан. Түүнээс болж гэр оронд хэрүүл маргаан тасрахгүй байсан Би асуудлыг ойлгож миний буруу гэдгээ ойлгож байгаа. Сүүлийн 1 жил гаруй би Улаанбаатар хотод ажиллаж байгаад ирсэн. Улаанбаатар хотод ажиллаж байх хугацаанд цалин мөнгө олсон орлогоо ******* болон 2 хүүхдэдээ өгдөг байсан. Одоо архины асуудал гаргахгүй. *******д ойлгуулж хэлж ярьсан боловч ойлгож хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Заавал 2 хүүхдийн тэтгэмж авна гээд шүүхэд хандсан байна. Би одоогоор эрхэлсэн ажилгүй мөнгө олох боломжгүй гэдгээ хэлээд эргээд учраа олъё гэсэн. 2 хүүхдээ бодоод сайхан амьдрах хүсэлтэй байна. Би дахин архи ууж хэл ам татлахгүй бүх үнэнээ хэлж гуйсан. Алдаагаа ойлгож байна. Д.*******, Д.******* нар нь миний хүүхдүүд мөн. Шинжээч томилуулах шаардлага байхгүй. Ажил төрөлтэй болчихвол хүүхдүүддээ мөнгө өгөлгүй л яахав! Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Зохигчид нь 2016 оноос эхлэн хамтран амьдарсан байх ба тэдний дундаас 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү Д.*******, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү Д.******* нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Зохигчид 2019 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд цаашид ч хамтран амьдрах боломжгүй болсноо хэн хэн нь илэрхийлсэн, тусдаа амьдраад 3 жил болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг хангаж үндэслэлтэй байна.
Зохигчид хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй тул насанд хүрээгүй хүү Д.Үүрийнцолсон, Д.******* нарыг эх Л.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хэдийгээр хариуцагч П.******* нь ... ажил төрөл байхгүй, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй...гэх тайлбарыг шүүхэд гаргаж байгаа ч энэхүү татгалзлын үндэслэлээ баримтаар няцааж чадаагүй ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38-д заасан үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Д.*******, Д.******* нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг эх чөлөөлөгдөхгүй тул эцэг П.*******гээс хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь П.*******гийн төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (207.400х12=2,488,800 ) улсын тэмдэгтийн хураамжид 54.771 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Д.*******, Д.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар Д.*******, Д.******* нарыг 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.*******гээр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар П.*******гээс 54.771 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ