Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01373

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр                          Дугаар 102/ШШ2021/01373                        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 6 дугаар хороо,, Ерөнхий боловсролын К сургууль-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 18 дугаар хороо, Б дүүрэг, 23 дугаар хороо бүртгэлтэй/-д оршин суух,  Ш Н-д холбогдох,

 

5,104,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сард Н овогтой Э нь Ерөнхий боловсролын К сургуулийн 2-1 ангид суралцаж эхэлсэн. Сурагч Эн ээж Намуун нь сургуулийн захиргаа суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын хооронд хийсэн гэрээг үзэглэн баталгаажуулсан бөгөөд тус гэрээний 5-1-т заасны дагуу сургалтын төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор  1,520,000 төгрөг,  2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 570,000 төгрөг,  2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 570,000 төгрөг,  2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 570,000 төгрөг тус тус төлөх ёстой байсан. Ингээд 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 3,800,000 төгрөг төлөх ёстой байсан боловч  2,090,000 төгрөгийг төлсөн. Төлөгдөөгүй үлдэгдэл нь 1,710,000 төгрөг байгаа. Хариуцагч Ш.Н хамгийн сүүлийн төлөлтөө 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 440,000 төгрөгөөр хийсэн, үүнээс хойш төлбөр төлөөгүй. Үлдэх төлбөрийг төлөхийг хариуцагч Ш.Нс удаа дараа шаардаж нэхэмжилсэн боловч төлөөгүй байна. Ерөнхий боловсролын К сургуулийн захиргаа, суралцагчдын эцэг, эх асран хамгаалагчдын хооронд хийсэн гэрээний үүргийн дагуу төлөх сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,710,000 төгрөг, алданги 3,394,350 төгрөг, нийт 5,104,350 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна. Хариуцагч Ш.Н нь төлбөрөө төлөөгүй хүүхдээ өөр сургууль руу шилжүүлсэн. Гэвч одоо буцаад манай сургууль дээр хүүхдээ сургаж байгаа, гэхдээ тэр нь тусдаа асуудал гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ерөнхий боловсролын К сургууль нь хариуцагч Ш.Нд холбогдуулан гэрээний үүрэгт нийт 5,104,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.   

 

Хэрэгт нэхэмжлэгч Ерөнхий боловсролын К сургууль болон хариуцагч Ш.Н нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн №2-1-22 тоот Ерөнхий боловсролын “К” сургуулийн захиргаа, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын хооронд хийгдсэн гэрээ авагджээ.  

 

Дээрх гэрээгээр Н-ны Энх-Энэрэлтийг 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын К сургуульд элсүүлэн сургах, хичээлийн 1 жилийн сургалтын төлбөрийг 3,800,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байна.    

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Ш.Н охиноо сургасан төлбөрт нийт 3,800,000 төгрөг төлөхөөс 2,090,000 төгрөгийг төлсөн. Ийм учраас үлдэгдэл 1,710,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 3,394,350 төгрөг, нийт 5,104,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарласан.   

 

Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн №2-1-22 тоот Ерөнхий боловсролын “К” сургуулийн захиргаа, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын хооронд хийгдсэн гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. 

 

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

а/ 1,710,000 төгрөгийн шаардлага:

 

Хариуцагч Ш.Н нь түүнээс 5,104,350 төгрөгийг шаардсан дээрх нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байжээ. Гэвч хариуцагч ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Нэгэнт нэхэмжлэгчийн “...сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 1,710,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй” гэсэн агуулга бүхий тайлбарыг хариуцагч ямар нэг байдлаар эсэргүүцээгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгүүдтэй харшлахгүй. 

 

б/ алданги 3,394,350 төгрөг:

 

Дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаар маргаан гаргаагүй.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцнэ. Ийм учраас гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсжээ.  

 

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан байдаг тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 1,710,000 төгрөгийн тал хувь болох 855,000 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэв.  

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ш.Нс нийт 2,565,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,539,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ш.Намуунаас 2,565,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын К сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,539,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Нс 56,038 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын К сургуульд олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

    

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                          Н.ХАНГАЛ