Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01369

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр                         Дугаар 102/ШШ2021/01369                         Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 15 дугаар хороо, хаягт оршин суух,  Ц Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 4 дүгээр хороо оршин суух, С Ж-д холбогдох,

 

1,044,984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б болон хариуцагч С.Ж нар 143 тоот орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Б дүүрэг, 4 дүгээр хороо хаягт байршилтай, 27м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг С.Ж нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар хөлслөхөөр болсон. Төлбөрийг нэг сарын 650,000 төгрөг байхаар тохирсон. Ингээд түрээсийн гэрээ үргэлжлэх явцад талууд харилцан тохироод 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ц.Б болон С.Ж нар 0523 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч С.Ж нь өмнөх орон сууц хөлслөх гэрээний зүйл болох 0-00 тоот хаягт байршилтай орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 000 тоот орон сууц хөлслөх гэрээний дагуу хариуцагч С.Ж нь жилд 7,800,000 төгрөг төлөх ёстой. Тэрээр 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 7,800,000 төгрөг төлөхөөс 7,150,000 төгрөг төлсөн. Үүн дээр барьцаа болгож өгсөн 300,000 төгрөгийг нэмэхэд нийт 7,450,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 0523 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу хариуцагч нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор байрны төлбөрийг төлөх ёстой байсан. Гэвч тэрээр байрны мөнгөө төлөөгүй ахин 16 хоног байранд түрээсээр суусан. 1 хоногийн түрээсийн төлбөр нь 21,666 төгрөг болж байгаа /650,000:30 хоног/.

Хамгийн анх нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч тал нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн талаар маргаан гаргасан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг Ц.Бр сольсон. Ингээд Ц.Б нь дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1/ Хариуцагч С.Ж 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл орон сууц түрээсийн гэрээний дагуу 7,800,000 төгрөг төлөхөөс 7,150,000 төгрөг төлсөн. Ингээд тооцохоор 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 143 тоот орон сууц хөлслөх гэрээний дагуу хариуцагч 650,000 төгрөгийг төлөөгүй. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр талуудын байгуулсан орон сууц түрээсийн гэрээ дууссан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 0523 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй орон сууцанд ахин 16 хоног үнэгүй суусан. Уг 16 хоногийн түрээсийн төлбөр 346,656 төгрөг болно. Уг хоёр төлбөр нь нийт 996,656 төгрөг болно. Уг төлбөрөөс хариуцагчийн анх орон сууц хөлслөх гэрээ байгуулахдаа төлсөн 300,000 төгрөгийг хасахад 696,656 төгрөг болж байгаа.

2/ Дээрх үлдэгдэл төлбөрийн алдангийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “орон сууц хөлслөх гэрээ”-ний 3.6-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу, мөн хуульд заасны дагуу тал хувиар бодоход 348,328 төгрөг болж байна. Ингээд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц түрээсийн гэрээний үүрэгт нийтдээ 1,044,984 /348,328+696,656/ төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Бид анх нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Энэхүү тодруулсан шаардлагаа өнөөдрийн хурал дээр дэмжиж оролцож байна гэжээ. 

 

Хариуцагч С.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ц.Бн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цтай 143 тоот орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Б дүүрэг, 4 дүгээр хороо, хаягт байршилтай, 27м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар, төлбөрийг нэг сарын 650,000 төгрөг байхаар тохирсон. Уг байрыг түрээслэх гэрээг анх байгуулахдаа барьцаа болгож 300,000 төгрөг төлсөн. Улмаар түрээсийн гэрээ үргэлжлэх явцад буюу 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ц.Бтай буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цтай 0523 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, түрээслэж байсан орон сууцаа худалдан авахаар болсон. Уг худалдах-худалдан авах гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг төлсөн. Харин ч би нэхэмжлэгчид илүү 4,000,000 төгрөгийг төлсөн, одоо уг мөнгөө нэхэмжлэгчээс шаардаад шүүх дээр тусдаа маргаан үүсээд явж байгаа. Миний бие 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 000 тоот орон сууц хөлслөх гэрээний дагуу жилд нийтдээ 7,800,000 төгрөг төлөх ёстойгоос 7,150,000 төгрөг төлсөн. Үүн дээр барьцаа болгож өгсөн 300,000 төгрөгийг нэмэхэд нийт 7,150,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Үүн дээр анх хөлслөх гэрээ байгуулахдаа төлсөн 300,000 төгрөгийг нэмэхээр нийт 7,450,000 төгрөгийг төлсөн, одоо төлөх үлдэгдэл нь 350,000 төгрөг байгаа. Уг мөнгийг л төлөх ёстой бол төлнө. Орон сууцыг хөлслөх хугацаанд төлбөрөө тохирсон хугацаанд нь өгөөд явж байсан. Мөнгөө анхнаасаа тохирсон ёсоор урьдчилж төлж байсан. 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ц.Бтай байгуулсан 0523 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулснаар өмнөх орон сууц хөлслөх гэрээ дууссан учир уг гэрээний талаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.       

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б болон хариуцагч С.Ж нар 000 тоот “орон сууц хөлслөх гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Б дүүрэг, 4 дүгээр хороо, хаягт байршилтай, 27м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг С.Ж нь тус өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар хөлслөхөөр, нэг сарын төлбөрийг 650,000 төгрөг байхаар харилцан тохирчээ /хх 6 хуудас/.

 

Улмаар дээрх гэрээ хүчинтэй үргэлжлэх хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ц.Б болон С.Ж нар 0523 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 000 тоот “орон сууц хөлслөх гэрээ”-ний зүйл болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо хаягт байршилтай, 27м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг С.Жаргал 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц.Бд төлж барагдуулахаар харилцан тохирсон байна /хх 5 хуудас/.  

 

2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч С.Жд холбогдуулж орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 1,417,185 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг Ц.Бр сольсон ба нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1/ 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “орон сууц хөлслөх гэрээ”-ний үлдэх төлбөрт 696,656 төгрөг;

2/ 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “орон сууц хөлслөх гэрээ”-ний 3.6-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу алдангид 348,328 төгрөг;

Нийт 1,044,984 /348,328+696,656/ төгрөгийг хариуцагч С.Жс гаргуулах. 

 

Шүүхээс зохигчийн тайлбарыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б болон хариуцагч С.Ж нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхийг дээрх хуулийн заалтаар зохицуулсан. 

 

Харин Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ц.Б болон С.Ж нар 0523 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулснаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 143 тоот “орон сууц хөлслөх гэрээ” дуусгавар болсон талаар маргаагүй. 

 

Ийм учраас нэхэмжлэгч нь хариуцагч С.Жс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний үлдэх төлбөрт 350,000 төгрөгийг, худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүртэл буюу 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 2 хоногийн хугацааны төлбөр 43,332 төгрөгийн хамт шаардах эрхтэй гэж шүүхээс үзлээ.

 

Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөр орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон учир нэхэмжлэлийн шаардлагаас уг хугацаанаас хойших орон сууц хөлслөх гэрээний төлбөр, мөн уг гэрээгээр тохирсон алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Жс 393,332 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 651,652 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Жс 12,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

    

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ