| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/00489/И |
| Дугаар | 102/ШШ2021/01329 |
| Огноо | 2021-05-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2021/01329
2021 оны 05 сарын 24 өдөр Дугаар 102/ШШ2021/01329 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, Ерөнхий шүүгч М.Баясгалан, шүүгч З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 6 дугаар хороо оршин суух, Б Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 22 дугаар хороо оршин суух, Э Б-т холбогдох,
гэм хорын хохиролд 784,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, иргэдийн төлөөлөгч Ч.Д, Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 07 цаг 55 минутад Б дүүргийн 6 дугаар хороо, 00 дугаар хорооллын урд талын замд хариуцагч Э.Б нь “Т” ХХК-ийн 48-20 УНУ улсын дугаартай, 0-000 паркийн дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 12.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас охин Б.Нг мөргөсөн. Уг зам тээврийн ослоос болж охины дээд үүдэн 2 шүдний 1 нь гэмтэж, 1 нь унаж, хамар нь муруйж, мөн нүдний шил нь гэмтэж зурагдсан. Охин маань одоогоор өсөлт явагдаж байгаа учраас хамарт муруй засуулах, шүд хийлгэх зэрэг эмчилгээ нь шууд хийгдэх боломжгүй эмнэлгийн заалттай. Эдгээр эмчилгээг 23 наснаас хойш хийгдэх хүлээлттэй байгаа. Хөдөлгөөн орсон шүдэнд бэхэлгээ хийсэн. Унасан шүдэнд тагнайтай хиймэл шүд хийлгэсэн. Мөн ослоос болж хамар битүүрдэг, нусаа нийхээр толгой дүйрч өвдөж, хамраас цус гардаг болсон. Одоо эм дусаадаг байгаа. Э.Бт холбогдох 20 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газраас хянаад прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолд “...Б.Н өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг Иргэний хуулийн 499, 501, 505 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээр арилгуулахаар ‘Т’ ХХК-иас нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу анх хариуцагч Э.Бс гэм хорын хохиролд буюу эмчилгээ, эм тариа, такси үйлчилгээ, нотариатын зардал, нүдний шил авах зэрэгт төлсөн мөнгө болох 773,060 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Уг нэхэмжлэлийг хохирогч Б.Нн төрсөн эцэг болох П.Б миний бие гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охин маань насанд хүрсэн учир түүний болон миний хүсэлтээр нэхэмжлэгчийг Б.Нр сольсон ба би өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэхүү хуралд орж байна. Ингээд анх нэхэмжлэл гаргахдаа, мөн дараа нь тодруулахдаа бага зэргийн тооцооллын алдаа гаргасан байсан ба одоо хариуцагчаас дараах зүйлийг шаардаж байна. Үүнд:
1/ Таксины зардалд 107,500 төгрөг;
2/ Эмчилгээний зардалд 520,600 төгрөг;
3/ Тээврийн прокурорын газраас баримт хувилуулж авсан 32,000 төгрөг;
4/ Нүдний шил 95,000 төгрөг;
5/ Зураг угаалгасан 12,900 төгрөг;
6/ Шуудангийн зардал 5,060 төгрөг;
7/ Нотариатын зардал 11,000 төгрөг. Ингээд нийтдээ 784,060 төгрөгийг хариуцагч Э.Бс гаргуулна. Эдгээр зардлууд нь бүгд хариуцагчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой бөгөөд зам тээврийн ослоос үүдэж нэхэмжлэгчид учирсан бодит хохирол юм. Хариуцагч нь өөрөө “Т” ХХК-д огт ажилладаг байгаагүй мөртлөө бусдын автобусыг гуйж, зөвшөөрөлгүй унаж яваад зам тээврийн осол гаргасан. Ийм учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу автобусны өмчлөгч хариуцна гэж байгаа нь үндэслэлгүй. Харин ч компанийн автобусыг зөвшөөрөлгүй унаж явсан учир гэм хорыг өөрөө хариуцах ёстой гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Э.Бр нь “Т” ХХК-ийн 00-00 УН улсын дугаартай, 0-000 паркын дугаартай автобусыг жолоодож явахдаа холбогдох дүрэм, журмыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг осолд нэхэмжлэгч Б.Н өртсөн болон түүнд тодорхой хэмжээний эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол учирсан тал дээр хариуцагч талаас маргахгүй. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрөхгүй байгаа. Учир нь уг ослыг хянасан прокурорын тогтоолд хохирогч Б.Нг өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг Иргэний хуулийн 499, 501, 505 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээр арилгуулахаар “Т” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй гэж тодорхой заасан байгаа. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “Иргэд, аж ахуйн нэгжийн амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч хариуцна” гэсэн байна. Иймд хохирлыг “Т” ХХК хариуцна гэж үзэж байна. Хариуцагч Э.Б нь тухайн осол гарах үед автобусны жолоочоос “...унаад хэд тойроод ирье” гэж гуйгаад, ийм байдлаар замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан юм билээ. Түүнээс биш Э.Б нь “Т” ХХК-д ажиллаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой учир нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг заавал хүлээн авахгүй, шүүх хуралдаан дээр тайлбараа хэлээд явна. Угаасаа хариуцагч осол гаргасан гэм буруу, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тооцоолол, баримтууд дээр маргаан байхгүй, гагцхүү хариуцах этгээд дээр маргаантай байгаа гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Ч.Д шүүх хуралдаанаас гаргасан дүгнэлтдээ: “Т” ХХК-ийн автобусны жолоочийн зөвшөөрлөөр Э.Б нь тухайн ослын үед жолоо барьж явсан болохоор өөрөө хариуцлагатай, анхаарал болгоомжтой явж байх ёстой, хариуцлагаа эрсдэлээ жолооч үүрэх болохоор автобусыг унаж явсан жолоочоос 784,060 төгрөг гаргуулах нь зөв гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанаас гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч жолоо барьж байхдаа осол гаргасан. Гэм буруутай үйлдэлдээ гэм буруугаа хүлээж хохирлыг Э.Б барагдуулах, өөрийн энэ хариуцлагагүй үйлдэлдээ хариуцагч тогтоолгох шаардлагатай бол “Т” ХХК-тай асуудал үүсгэх, ном журмаараа шийдвэрлүүлэх ёстой гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч П.Б хариуцагч Э.Бт холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч П.Бг Б.Нр сольсон /хх 75-79 хуудас/.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрийн шаардлагыг дараах байдлаар тодруулсан. Үүнд:
1/ Таксины зардалд 107,500 төгрөг;
2/ Эмчилгээний зардалд 520,600 төгрөг;
3/ Тээврийн прокурорын газраас баримт хувилуулж авсан 32,000 төгрөг;
4/ Нүдний шил 95,000 төгрөг;
5/ Зураг угаалгасан 12,900 төгрөг;
6/ Шуудангийн зардал 5,060 төгрөг;
7/ Нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 784,060 төгрөгийг хариуцагч Э.Бс гаргуулна гэжээ.
Э.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 07 цаг 55 минутын орчим Б дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 00 дугаар хорооллын урд талд “Т” ХХК-ийн эзэмшлийн 00-00 УН улсын дугаартай, 0-000 паркын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай Б.Нг мөргөж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэсэн дүгнэлтийг хийсэн 000 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Тээврийн прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол хэрэгт авагдсан байна.
Хариуцагч Э.Б дээр дурдсан зам тээврийн ослыг гаргасан буюу түүний буруутай үйлдлийн улмаас шалтгаалан уг осол гарсан тал дээр маргаагүй. Харин нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа “...Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол болон Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг автобусны өмчлөгч болох ‘Т’ ХХК хариуцах ёстой” гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна”, 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалт нь гэм хорын хохирол шаардаж буй этгээд тээврийн хэрэгслийн өмчлөгч болон тухайн тээврийн хэрэгслийг шууд эзэмшигчийн алинд нь ч холбогдуулан гаргаж болох боломжийг олгосон учир хариуцагчийн “...өөрт учирсан хохирлоо ‘Т’ ХХК-иас нэхэмжлэх ёстой” гэх татгалзал үндэслэл муутай.
Хариуцагч зам тээврийн осол түүний буруутай үйлдлийн улмаас болсон эсэх тал дээр маргаагүй, мөн нэхэмжлэгч нь осол гарах үед тээврийн хэрэгслийг эзэмшиж явсан этгээд буюу хариуцагч Э.Бт холбогдуулан өөрт учирсан хохирлыг шаардан шүүхэд хандсан. Ийм учир нэхэмжлэгчид зам тээврийн ослын улмаас өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирол, ослоос шалтгаалан гарсан бусад зардлыг хариуцагчаас шаардах эрх хуульд заасны дагуу үүсжээ.
Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бус зарим хэсгийг дор дурдсан үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох, холбогдох баримтуудаа хуулиар шаардсан хэлбэрт нийцүүлэн, өөрөө цуглуулж шүүхэд өгөх үүрэгтэйгээр оролцдог.
Нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болсон зам тээврийн ослоос шалтгаалж өөрт учирсан гэх хохиролтой холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Гэвч эдгээр баримтуудын зарим нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгүүдэд нийцээгүй, мөн осолтой шалтгаант холбоотойгоор гарсан зардал гэж үзэхэд эргэлзээтэй байна /хх 9, 10 хуудас/.
Тухайлбал, нэхэмжлэгчид учирсан гэмтлээс үзэхэд тэрээр эмчилгээ хийлгэх зэрэг зайлшгүй шалтгааны улмаас такси үйлчилгээ авсан байхыг үгүйсгэхгүй ч энэ нөхцөл байдал баримтаар тогтоогдсон байх ёстой. Хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэж дээрх шаардлагыг хангах боломжгүй байна /хх 11-27/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт цуглуулах, бүрдүүлэхтэй холбоотой ямар нэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй.
Иймд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хэргийн төв архиваас баримт хуулбарлан авахад төлсөн 32,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Д” шүдний эмнэлгийн 80,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 12,900 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Д” шүдний эмнэлгийн 250,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Улсын 0-р эмнэлгийн 16,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 30,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн үзлэг хийлгэхэд төлсөн 10,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “О” эмнэлэгт үзлэг хийлгэхэд төлсөн 30,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “С” эмнэлэгт үзлэг хийлгэхэд төлсөн 30,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Э” эмнэлэгт үзлэг хийлгэхэд төлсөн 25,000 төгрөг, нотариатын зардалд төлсөн 11,000 төгрөг, нийт 496,900 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э.Бс гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 287,160 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э.Бс 496,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 287,160 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бс 15,557 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН