Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 34

 

Г-од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0034/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Г-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.С- давж заалдах гомдлоор Г-од холбогдох эрүүгийн 2039000000122 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Батширээт суманд 1973 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх 3 дугаар баг, Нарстайн-Ам гэх газарт оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн  261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх У овогт Н-н Г

Г- нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт С-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У овогт Н-н Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Г- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Ц.С- эмчилгээний  зардалд тооцож нэхэмжилсэн 330000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Хохирогч С- давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Г- “...С- машинаа өгөхгүй гэсэн. ...мөн араас гарч ирээд манай эхнэрийг хэл амаар доромжлоод байхаар нь нүүр рүү нь нь нэг удаа алгадсан...” гэж мэдүүлсэн байна /хх 30-31х/. Би тухайн үед Г-ын эхнэрийг хэл амаар доромжлоогүй, машинаа өгөхгүй гэж хэлээгүй, харин ч “уучлаарай, 20 цагаас хойш жуулчны жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог, таны очих газар хэр хол юм бэ” гэж асуусан. Гэтэл Г- уурлаж намайг зодсон. ...Би жуулчдынхаа болон Баяраа ахын гэр бүлийн өмнө эвгүй байдалд орж сэтгэл санаагаар унасан. Шинжээчийн дүгнэлтээр миний биед хөнгөн гэмтэл учирсан тул миний 2 сарын хугацааны олох ёстой байсан орлого болох 670000 төгрөгийг Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.  

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Г-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогч С- нь 670000 төгрөгийг Г-оос гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэхээр дурдсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С- давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хохирогч С- эмчилгээний зардалд нэхэмжилсэн 670000 төгрөгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй. Харин давж заалдах шатны шүүхээс хохирогчийн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хохирогч Ц.С- давж заалдах гомдлоор Г-од холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Г- нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт С-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

Хохирогч Ц.С- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчимд Г-од нүүр болон толгой тус газраа цохиулж биедээ гэмтэл авсан. ...эмчилгээний зардалд 330000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 6-9х/,

Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Г- гаднаас орж ирээд С- нүүрэнд нь гараараа цохисон. ...удалгүй буцаж орж ирээд  С- түлхэж унагаачихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 12-13х/,

Гэрч Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Г- буцаж орж ирээд С- нүүрэнд нь гараараа цохиод унагаасан. ...бид нар болиулсан боловч буцаж орж ирээд С- түлхээд унагаасан...” гэх мэдүүлэг /хх 18-19х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаартай

“- Ц.С- биед хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд  тогтоогдлоо....

...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 23х/,

Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...С- биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...би найзынхаа  машиныг  цаснаас  татуулах  гээд жолоочоос нь машиныг нь гуйсан юм, тэгтэл С- машинаа өгөхгүй гэсэн. Энэ асуудлаас болж С- бид хоёр маргалдсан, би уурандаа эхлээд нүүр рүү гараараа мангасдаад түлхсэн. ...С-   араас гарч ирээд манай эхнэрийг хэл амаар доромжлоод байхаар нь би буцаж ороод  нүүр рүү нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх 30-31 х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна. 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тусгайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч С- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2 сарын орлого 670000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс гаргуулах боломжгүй тул цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.С- давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хохирогч Ц.С- нэхэмжилсэн 670000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО