Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 125/ШШ/2018/0012

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Т.Т-ын Ховд аймгийн Х, х үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С , гуравдагч этгээд С.Н  бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Нэхэмжлэгч Т.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гуравдагч этгээд С.Н нь Т.Т-ын ХААН банкны 5862059491 дугаар дансанд ажилгүй байсан хугацааны цалингаас 1500000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Т Ховд аймгийн Х үйлчилгээний газрын даргад холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч Т.Т нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гуравдагч этгээд С.Н нь Т.Туулд 1500000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Хариуцагчийн нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар Т.Т-ын Ховд аймгийн Х үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Г.СОНИНБОЛОР