| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/01057/И |
| Дугаар | 183/ШШ2021/00989 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2021/00989
2021 оны 05 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2021/00989 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Д-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д би Ду-тэй 2012 онд танилцаж 2013 онд хамт амьдрах болсон. Бидний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Н төрсөн. Бид хамт амьдарсан цагаас зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2016 оны 03 дугаар сараас тусдаа амьдарсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард дахин нийлсэн. Бид 2018 оны 01 дүгээр сард Чех улсад очсон 2019 оны 01 дүгээр сараас хойш дахин тусдаа амьдарсан бөгөөд одоо хэн хэн нь тусдаа амьдралтай болсон. Миний охин Н нь төрсөн цагаас миний ээж О дээр байсан бөгөөд одоо ч миний ээж дээр байдаг. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, Б.Д-гийн Н охиныг минь миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Б.Д Н.Ду нар нь 2012 танилцаад 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн. Тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Д.Н мэндэлсэн. Ингээд 2013 оноос 2016 оны хооронд хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцаанаасаа болоод тусдаа амьдарч байгаад буцаж нийлээд 2018 онд Б.Д нь Чех улс руу ажиллахаар яваад 2019 онд Н.Ду нь араас нь Чех улс руу явсан. Ингээд Б.Д, Н.Ду нар нь 2018 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь тус тусын амьдралтай, Б.Д нь эхнэр хүүхэдтэй болсон. Иймд Б.Д, Н.Ду нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эцэг Б.Д-гийн асрамжид үлдээж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нямгомбо би уг шүүх хуралдаанд Д-гийн төлөөлөгчөөр оролцох бөгөөд Д нь цагийн зөрүү болон ажил ихтэй учраас өөрөө оролцох, цахимаар оролцох боломжгүй гэсэн. Энэ цар тахалын үед хүүхэд шүүхийн танхим руу явуулахгүй, хүүхдийн асрамж дээр маргахгүй гэж хэлсэн. Одоо охин Б.Дгийн эхийн асрамжид байгаа, анхнаасаа л охин аавынхаа эх, эцгийн асрамжид байсан, охиныг тэжээн тэтгэдэг, асран халамжилдаг тул хүүхдийн тэтгэлэгийг төлөхөд татгалзахгүй. Харин Б.Д өөрөө ирэхээрээ хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Тиймээс охиныг ээжийн асрамжид өгөхөд татгалзахгүй гэсэн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Н.Ду шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргахдаа гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байгаа, харин хүүхдийн асрамжийг л харилцан тохиролцохгүй байх юм бол өөрөө ирсний дараа шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэсэн юм. Хэрвээ хүүхдийн асрамжийн асуудалд тохиролцох юм бол заавал хуралд биечлэн оролцох шаардлагагүй, би итгэмжлэлийн дагуу орж болно. Тиймээс шүүх хуралдаанд хариуцагчаас олгосон итгэмжлэлийн дагуу миний бие оролцох хүсэлтэй байна.
Б.Д, Н.Ду нар нь 2012 танилцаад 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн. Тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Д.Н мэндэлсэн. Хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн таагүй харилцааны улмаас 2016 онд тусдаа амьдарч байгаад эргэж нийлээд Б.Д нь 2018 онд Чех улс руу яваад араас нь Н.Ду нь 2019 онд мөн Чех улс руу явсан. Н.Ду нь Чех улсад очоод Б.Д-тэй уулзах гэж хичээсэн боловч зугтаад уулзахгүй байсан гэж тайлбарлаж байсан. Ингээд Б.Д нь 2020 оны 9 дүгээр сараас хойш гэрлэлтээ цуцлуулмаар байна гэж надад тайлбарлаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулахыг дэмжиж байна, харин охин Д.Н-ийг эх Н.Ду-гийн асрамжид үлдээж өгнө үү.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байна. Миний охин Ду Чех улсад ажиллаж амьдарч байгаа тул цагийн зөрүүгээс тус хуралдаанд биеэр болон цахимаар оролцох боломжгүй. Дугийн охин Н-ийг ээжийн асрамжид үлдээх хүсэлтэй байна, охиныг эцэг Б.Д нь тэжээн тэтгэж асран халамжилдаг талаар маргахгүй, хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулахад татгалзахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Ду-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Б.Д, Н.Ду нар нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Д.Н төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1122000175 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, 000000 дугаарт бүртгэгдсэн Д-гийн Н-ийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-6-р хуудас/
Нэхэмжлэгч Б.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №98 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ. /хэргийн 7-р хуудас/
Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй 2019 оноос тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч хариуцагч нар нь хэн аль нь эвлэрэн амьдрах боломжгүй гэсэн гэж тэдгээрийн төлөөлөгч нар нь тайлбарлаж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш охин Д.Н нь эцгийн асрамжид байсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Дгийн Номуундарийг эх Н.Дугийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Д.Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Д-гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасан байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Ду-д тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэж тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тайлбарласан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 030 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй” гэж заасан боловч улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, цар тахал гарсантай холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзахгүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Д, Н.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Д-гийн Н-ийг эх Н.Ду-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Д нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгүүдэд зааснаар зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Д-гийн Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Д-гээр тэжээн тэтгүүлсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Н.Ду-д даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Н.Ду нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргийг биелүүлэхийг эцэг Б.Д-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Ду-д тус тус даалгасугай.
8.Зохигч нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 030 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.
10.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН