Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/01134

 

 

 2021 оны 05 сарын 25 өдөр                         Дугаар 183/ШШ2021/01134                       Улаанбаатар хот

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ж Э С С” ХХК-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгуулах буюу барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О миний бие нь “Ж Э С С” ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 100/1-000 дугаар бүхий “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 00 дүгээр байрны 000 тоотод байрлах 27,3 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг нийт 43 680 000 төгрөгөөр захиалж, ажлын хөлсийг 3 хувааж буюу 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 33 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 7 000 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сард 3 680 000 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар ажил гүйцэтгэгч “Ж Э С С” ХХК-ийн зүгээс орон сууцыг 2013 оны 08 дугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч 2014 оны 03 дугаар улиралд улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулснаар 27.3 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцаа 2014 оны 03 дугаар улиралд “Ж Э С С” ХХК-иас хүлээн авч байсан бөгөөд миний бие нь Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлдэг байсан тул тухайн байраа гэрээний үндсэн дээр бусдад хөлсөлж байсан ба одоогоор миний төрсөн дүү Д.Б амьдарч байгаа болно. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4-т зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх, барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг тус тус хүлээсэн боловч ажил гүйцэтгэгч “Ж Э С С” ХХК нь Төрийн банктай 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 162 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2 500 000 000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 80 хувийн гүйцэтгэлтэй байсан 14 000 мкв талбай бүхий Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 00 дүгээр байрыг барьцаалсан болохыг хожим буюу  2018 оны 05 дугаар сард улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахаар хөөцөлдөж байсан боловч  гэрчилгээг гаргуулж чадаагүй. Үүнээс өмнө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг ажил гүйцэтгэгч компаниас шаардаж байсан боловч улсын комиссын акт гараагүй, удахгүй гаргаж өгнө гэх зэрэг шалтаг шалтгаан хэлдэг байсан бөгөөд бусдын барьцаанд тавигдсан байсан учир орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй байсныг сүүлд оршин суугч иргэдээс олж мэдсэн. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэж үзэхээр зохицуулсан байдаг. Гэтэл ажил гүйцэтгэгч “Ж Э С С” ХХК нь 80 хувийн гүйцэтгэлтэй байсан 00 дүгээр байрыг бүхэлд нь 2 500 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байгаа нь “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ зөрчиж, захиалагч надад эрхийн доголдолтой ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

Иймд гэрээний нэг тал болохын хувьд хуульд заасан эрхээ хэрэгжүүлж буюу Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол доголдлыг арилгуулах шаардлага гаргах эрхийн дагуу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2-т тус тус зааснаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 00 дүгээр байрны 000 тоот 27.3 мкв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж өгөхийг ажил гүйцэтгэгч “Ж Э С С” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Д.О нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, хариуцагч “Ж Э С С” ХХК-иас 1 өрөө орон сууцыг 43 680 000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээний үнийг бүрэн төлсөн. Орон сууц 2015 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон, орон сууцыг хүлээн аваад байрандаа нүүн орсон. Гэтэл орон сууцыг хүлээн авсан, төлбөрөө бүрэн төлсөн байхад хариуцагч өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. 1 жилийн дараа Төрийн банктай байгуулсан зээлийн барьцаанд орон сууцыг бүхлээр нь барьцаалсан болохыг мэдсэн байдаг. Тиймээс хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Учир нь Иргэний хуулийн 350 дугаар зүйл, 352 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь эрхийн доголдолгүй эд хөрөнгийг захиалагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул уг үүргээ биелүүлж барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах шаардлага гаргасан юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ хариуцагч нь зөрчсөн тул уг үүргээ биелүүлж Төрийн банкны зээлийн барьцаанаас нэхэмжлэгчийн орон сууцыг чөлөөлж, доголдлыг арилгах үүрэгтэй. Хэрэв хариуцагч нь энэ үүргээ биелүүлэх юм бол Улсын бүртгэлд хандаад өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй болох юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмчлөгчийн эрхийг нь хамгаалж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-О шүүхэд гаргасан хариу тайлбар болон ирүүлсэн хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаанаас чөлөөлөх шаардлага дээр манай компани Төрийн банк ХХК-тай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шүүхийн шатандаа явж байгаа учраас одоогоор чөлөөлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой юм. Иймд хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч “Ж Э С С” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 00 дүгээр байр, 000 тоот 27,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгуулах буюу барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбарыг үндэслэн шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, уг орон сууцанд амьдарч байгаа тул өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгуулах буюу барьцаанаас чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны үнийг бүрэн төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн талаараа маргаагүй болно.

 

Зохигч талууд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр №100/1-000 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч “Ж Э С С” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан-Соёмбот уулын хормойд байрлах, Mountain View Residence орон сууцны 1 дүгээр орц, 000 тоот, 27,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг захиалагч тал Д.О-д хүлээлгэн өгөх, захиалагч Д.О нь орон сууцны үнэ 43 680 000 төгрөгийг гүйцэтгэгч “Ж Э С С” ХХК-нд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 7-9-р хуудас/

Зохигч талууд №100/1-000 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан талаар маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.О нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 100/1-000 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан-Соёмбот уулын хормойд байрлах, Mountain View Residence орон сууцны 1 дүгээр орц, 000 тоот, 27,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны төлбөр болох 43 680 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь “Ж Э С С” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/18 тоот тодорхойлолт, талуудын тайлбараар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв. /хэргийн 11-р хуудас/

            Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №100/1-000 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний зүйл болох орон сууцны барилга нь 2015 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон болох нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18/10 дугаартай хүсэлт, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/18 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. /хэргийн 10-11-р хуудас/

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Гэрээний зүйл болох орон сууцны барилга нь 2015 оны 01 дүгээр сард ашиглалтад орж, хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч нь үнийг бүрэн төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар уг гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг ашиглалтад орсноос хойш шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.  

Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1.4-т “захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд туслаж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 583 тоот албан бичиг, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 41-50-р хуудас/

Хариуцагч “Ж Э С С” ХХК нь нэхэмжлэгч Д.О-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууцыг 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр буюу нэхэмжлэгчтэй 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсны дараа Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээнд барьцаалсан байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, түүнд эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д “гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ”, 352 дугаар зүйлийн 352.2.1-д “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар эрхийн доголдлыг арилгуулах буюу талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох орон сууцыг барьцаалахгүй байх үүргээ хариуцагчийг биелүүлээгүй гэж үзэж, уг доголдлыг арилгуулах буюу барьцаанаас чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 00 дүгээр байр, 000 тоот 27,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгуулах буюу барьцаанаас чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-О нэхэмжлэлийн хувийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гардан авч, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар, шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 353 дугаар зүйлийн 353.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О-г Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 00 дүгээр байр, 000 тоот 27,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “Ж Э С С” ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн /376,350+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж Э С С” ХХК-иас 446 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН