Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01252

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр                          Дугаар 102/ШШ2021/01252                      Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 21 дүгээр хороо оршин суух,  Э Ү -гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 18 дугаар хороо оршин суух,  А Б

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо оршин суух,  Л Т

 

Хариуцагч: Б дүүрэг, 18 дугаар хороо оршин суух,  М Б

 

Хариуцагч: Б дүүрэг, 18 дугаар хороо оршин суух,  Б М нарт холбогдох,

 

орон сууц чөлөөлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ү нь Д аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангиас зохион байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцож эрхийн улсын Ү-2 дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо хаяг орших 35 м2 талбайтай орон сууцыг 41,000,000 төгрөгөөр худалдан авч ялагч болсон. Тэрээр дээрх орон сууцны төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12-т заасны дагуу хуулийн хугацаанд нь бүрэн дүнгээр төлсөн. Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т “Дуудлага худалдаагаар удалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно” гэж заасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71.14-д “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно” гэж тус тус заасан байдаг. Э.Ү нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй этгээд мөн болсон. Улмаар Б дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсээс Э.Үг Ү-2 дугаартай, Б дүүрэг, 18 дугаар хороо хаягт орших 35 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн дээрх орон сууцандаа чөлөөтэй оршин суух, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Учир нь дээрх орон сууцанд А.Б гэх хүн оршин суудаг болохыг сүүлд олж мэдсэн. А.Б гэх этгээдэд дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх талаар урьдчилан мэдэгдэхээр тус орон сууцанд удаа дараа очсон боловч тэрээр хаалгаа тайлахгүй, тус орон сууцанд нэвтрүүлэхгүй байсаар өдийг хүрсэн бөгөөд ийм байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр баталгааг шуудангаар хугацаатай шаардлага хүргүүлсэн, мөн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шуудангаар шаардлага хүргүүлсэн боловч ямар нэг шийдтэй хариу өгөөгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн  106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан. А.Бн нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдаж буй дээрх үйлдэл удаан хугацаанд үргэлжлэх тусам   эрх ашиг улам хохирч, тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын болон бусад зардлын өр төлбөр үүсэх, гуравдагч этгээдийн өмнө үүрэг үүсэх гэх мэт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй. Иймд Э.Ү миний өмчлөлийн Ү-2 дугаартай, Б дүүрэг, 18 дугаар хороо хаяг орших 35 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг А.Бт даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ихэсгэсэн шаардлагадаа: Э.Ү нь өөрийн өмчлөлийн Ү- 2 дугаартай, Б дүүрэг, 18 дугаар хороохаяг орших 35 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгөхийг А.Бт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашиглаж байх хугацааны төлбөр тооцооны өр төлбөртэй болох нь харьяа, холбогдох байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдоод байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг цахилгааны төлбөр 54,932 төгрөг, СӨХ-ны төлбөр 175,450 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 779,775.98 төгрөг, нийт 1,010,157.98 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Ү нь эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо хаягт байршилтай, 35м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч А.Бн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд анх хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Т, М.Б, Б.М нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Мөн хариуцагч нараас орон сууц ашиглалтын зардалд 1,010,157.98 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа ихэсгэсэн. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч М.Б нь “...маргаан бүхий орон сууцанд оршин суудаггүй” гэсэн үндэслэлээр түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсан. Түүнчлэн өөрийн ихэсгэсэн шаардлага болох ашиглалтын зардал 1,010,157.98 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа. 

Нэхэмжлэгч Э.Ү нь өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг хариуцагч А.Б, Л.Т, Б.М нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Хамгийн анх Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаар захирамжаар иргэн А.С-с 40,015,000 төгрөгийг гаргуулан “А ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 18 дугаар хороо хаягт байршилтай, 35м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад маргаан бүхий орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 41,000,000 төгрөгөөр худалдан борлуулахад орон сууцны ялагч нь нэхэмжлэгч болсон. Ингээд байрны өмчлөлийг албадан дуудлага худалдааны ялагч Э.Үд шилжүүлж, бүртгэлийн гэрчилгээг олгосон. Ингээд хууль ёсны дагуу худалдан авсан орон сууцыг өөрөө эзэмших гэхэд хариуцагч нар орон сууцнаас гарахгүй байгаагаас шалтгаалж нэхэмжлэгч өөрийн өмчлөлийг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. Иймд эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 18 дугаар хороо хаягт байршилтай, 35м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Батзориг миний бие нэхэмжлэгч Э.Ү-с тус шүүхэд надад холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаа. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн тэрээр нэхэмжлэлдээ “...тус орон сууцанд удаа дараа очсон боловч тэрээр хаалгаа тайлахгүй, орон сууцанд нэвтрүүлээгүй, ...би түүнд 2019.09.15-ны өдөр баталгаат шуудангаар хугацаатай шаардлага хүргүүлсэн, мөн 2020.09.18-ны өдөр шуудангаар шаардлага хүргүүлсэн боловч ...хариу өгөлгүй өдий хүрлээ...” гэжээ. Дээрх хугацаанд Э.Ү нь манай гэрт надтай уулзахаар нэг ч удаа ирээгүй бөгөөд надад ямар нэгэн шуудангийн баримт, шаардлага зэргийг хүлээлгэж өгөөгүй болно гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий орон сууц нь А.С гэж хүний өмчлөлийнх байсан. А.С нь хариуцагч А.Бн эгч юм. Хариуцагч нар 2014 оноос хойш хууль ёсны өмчлөгч А.С-н зөвшөөрлийн дагуу тухайн орон сууцанд амьдарч байгаа. Орон сууцыг хуулийн байгууллагуудаас 2018 онд битүүмжилсэн, уг битүүмжлэл одоо ч хүчинтэй байгаа. Гэтэл ямар учир шалтгаанаар 2020 онд нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч орон сууцны өмчлөлийг хууль бусаар шилжүүлэн авсан гэж хариуцагч талаас үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Э.Үүрийнзолбоо нь эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 18 дугаар хороо хаягт байршилтай, 35м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч А.Бн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Т, М.Б, Б.М нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нь хариуцагч М.Бс татгалзсан учир түүнд холбогдох шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгоно.  

 

Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу буюу Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т заасны дагуу төлбөрөө бүрэн төлж өмчлөх эрхийг олж авсан. Гэвч хариуцагч нар орон сууцнаас гарахгүй байгаагаас шалтгаалж өөрийн өмчлөлийг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй болоод байна” гэжээ. 

 

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа “...нэхэмжлэгчид хууль ёсны дагуу өмчлөх эрх үүссэн эсэх нь эргэлзээтэй. ...орон сууцны жинхэнэ өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу оршин сууж байгаа” гэсэн агуулгаар тайлбарласан. Харин маргаан бүхий орон сууцанд хариуцагч А.Б,  Л.Т, Б.М нар оршин сууж байгаа талаар маргаагүй. 

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.  

 

Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаар захирамжаар А.Сэлэнгээгээс 40,015,000 төгрөгийг гаргуулан “А ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 18 дугаар хороо хаягт байршилтай, 35м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. 

 

Улмаар Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4640 дугаар захирамжийн дагуу 767 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. 

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 18 дугаар хороо хаягт байршилтай, 35м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 41,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, орон сууцны өмчлөлийг албадан дуудлага худалдааны ялагч Э.Үд шилжүүлж, бүртгэлийн гэрчилгээг олгосон үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна /хх 43-133 хуудас/.  

 

Нэхэмжлэгч Э.Ү нь маргааны зүйл болж буй эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 18 дугаар хоро хаягт байршилтай, 35м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч мөн болох нь дээрх баримтаар нотлогдож байхаас гадна, уг орон сууц хариуцагч нарын бодит эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан Б дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 109 тоот албан бичиг, уг бичгийн хавсралт, зохигчийн тайлбаруудаар тогтоогдож байна. 

 

Иймд маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг хариуцагч  А.Б, Л.Т,  Б.М нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай Э.Үн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасантай нийцнэ. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ү нь хариуцагч М.Бд холбогдох болон орон сууц ашиглалтын зардалд 1,010,157.98 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Бдүүргийн 18 дугаар хороо хаягт байршилтай, 35м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч А.Б, Л.Т, М.М нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28,800 төгрөг, хариуцагч А.Б, Л.Т, Б.М нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Үд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                Н.ХАНГАЛ