Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01251

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр                       Дугаар 102/ШШ2021/01251                       Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т аймаг, У сум оршин байрлах хаягтай, “Э” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 8 дугаар хороо оршин байрлах хаягтай, “Г” ХХК-д холбогдох

 

173,091,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Э” ХХК болон хариуцагч “Г” ХХК-иуд №ГМУТ07/2011 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан. “Г” ХХК нь газар тариалан усжуулах бороожуулагч тоног төхөөрөмжийг гадаадаас импортоор оруулж ирдэг байсан. Уг тоног төхөөрөмжийг худалдан авах нийт өртөг нь 101,124 ам доллар байсан. Уг гэрээний дагуу “Г” ХХК нь ямар нэг доголдолгүй усалгааны системийг “Э” ХХК-д 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор худалдах, үүний хариуд “Э” ХХК нь 101,124 ам доллар төлөхөөр болсон. Дээрх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд “Э” ХХК-иас “Г” ХХК руу 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 40,500 ам доллар, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3,050,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлээд хариуцагчийг хүлээсэн. Гэвч хариуцагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул бид харилцан ярилцаад 2011 оны худалдах-худалдан авах гэрээг цуцалж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Э” ХХК болон “Г” ХХК-иуд №02 тоот “Тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Гэвч төлбөрөө төлөхгүй байсан учир 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бид ахиад №02 тоот тооцоо нийлсэн акт хийсэн. Бид энэ актаар 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №ГМУТ07/2011 тоот гэрээг дууссан болохыг тохирсон, мөн хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 23,000,000 төгрөг, 41,500 ам долларыг “Э” ХХК-д төлөхөөр тохиролцсон. 2018-2019 онд хариуцагч нь 23,000,000 төгрөгийг төлсөн боловч 40,500 ам долларыг хугацаандаа төлөөгүй. Ийм учраас нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулж дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1/ 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 тоот “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөр 40,500 ам доллар;

2/ Нэхэмжлэгч “Э” ХХК болон хариуцагч “Г” ХХК-иудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №ГМУТ07/2011 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний 6.1 дэх хэсэгт “...Худалдагчийн буруугаас эд хөрөнгийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг үндэслэн шилжээгүй эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хоног тутамд тогтоон худалдан авагчид торгууль төлнө” гэж заасны дагуу алданги 20,500 ам доллар. Алданги 2018 оны 34 хоног, 2019 оны 365 хоног, 2020 оны 366 хоног, 2021 оны 63 хоног бүгд 828 хоногоор тооцоход 33,120 ам доллар буюу 94,367,160 төгрөг болж байгаа ч  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 20,250 ам долларыг гаргуулна. Ингээд нийт 60,750 ам доллар буюу 173,091 ,937 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 63.2 га талбай услах чадалтай, Л компанийн З маркийн бороожуулагч нийлүүлэх ГМУТ07/2011 тоот 101,124 ам.долларын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээн дээр компанийг төлөөлөн Б овогтой Д гарын үсэг зурсан. Гэрээнд заасан бороожуулах төхөөрөмжийг 2012 оны 5 дугаар сарын 05-ны дотор Улаанбаатар хотод авч ирэн захиалагчийн талбайд угсарч хүлээлгэж өгөх ёстой байсан. Ингээд “Г” ХХК гэрээнд заасны дагуу тоног төхөөрөмжийг 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсад импортлон оруулж ирсэн. “Э” ХХК урьдчилгаа төлбөр хийсэн боловч гэрээнд заасан хугацаандаа тоног төхөөрөмжөө хүлээж аваагүй. Авахгүй байсан шалтгаанаа уг төхөөрөмжийг хүлээж авах бэлтгэл ажлаа хангаагүй буюу шугам хоолой, насос зэрэг өөрсдөөс хамаарах бэлтгэл ажлаа хангаж чадаагүй хэмээн тайлбарласан болно. Гэрээнд зааснаар барааг оруулж ирээд хэрэглэгч буюу нэхэмжлэгчид утсаар буюу бичгээр мэдэгдсэнээс хойш хэрэглэгч 14 хоногийн дотор төхөөрөмжийг талбай дээрээ хүлээн авч, угсруулан хүлээж авах ёстой байсан. Бид нэхэмжлэгчид бараа ирснийг утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч бараа хүлээн авах мэдэгдэл хүлээн авснаас хойш 2012 оны 8 дугаар сард урьдчилгаа төлбөр дээр нэмж 10,000,000 төгрөгийг 2 удаа буюу нийт 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш нэхэмжлэгч ямар нэг хариу өгөөгүй ба бид захиалагч талыг тоног төхөөрөмжийг хүлээн авахыг хүлээж байсан боловч 2017 онд “Э” ХХК-ийн зүгээс тоног төхөөрөмжийг авахгүйгээр урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг буцаан авахаа илэрхийлсэн. Хэдийгээр эхний гэрээний үүргийн биелэлт эцэслэн шийдэгдээгүй ч гэсэн төлбөрийг буцаан олгох тал дээр тохиролцоонд хүрэх зорилгоор акт үйлдсэн. Уг акт үйлдэх нөхцөл нь гэрээний зүйл буюу усалгааны тоног төхөөрөмжийн хамгийн чухал, өндөр үнэтэй эд ангиуд нь удаан хугацааны хадгалалтын явцад хэрэглэх боломжгүй болсон, тодорхой хэсэг нь алдагдсан, мөн захиалагч талбайн бэлтгэл ажлаа 5 жилийн хугацаанд дуусгаагүй зэрэг байсан. Одоо бороожуулах төхөөрөмж нь бидэнд байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч тал тухайн үеийн долларын ханшийг өнөөгийн Монгол Банкны ханшаар тооцсон байна. Бидний хувьд гэрээг ам доллароор заадаг боловч Монгол Улсад мөрдөгдөж буй журмын дагуу дотоодын төлбөр тооцоог зөвхөн Монгол төгрөгөөр хийх журмыг баримталдаг. Иймээс хэрэглэгчдийг заавал доллар гэхгүй, төлбөр хийх өдрийн Монгол банкны ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцоо хийх, эсвэл гадаад гүйлгээ хийдэг валютын данс руу ам.доллар шилжүүлэх сонголтыг өгдөг байсан. Нэхэмжилж буй 40,300 ам.долларыг гэрээ байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны ханшаар хөрвүүлж үзэхэд 55,430,635 болж байна. Иймээс нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн авах боломжгүй. Ингээд хариуцагчийн зүгээс талуудын хооронд үүссэн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэх хүсэлтэй байгаа. Үүнд:

1. Гэрээнд тусгасан хэлцэл, заалтуудыг шийдэхэд төөрөгдөл үүсэх тул нэхэмжлэгчийн хэргийн материалд хавсаргасан тооцоо нийлсэн актуудыг нэхэмжлэлээс тусгаарлан авч үзэх ёстой.

2. Гэрээний дагуу тоног төхөөрөмж Монгол улсын хилээр орж ирсэн 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлэх хүртэл нийт 2000 гаруй хоног өнгөрсөн. Энэхүү хоногийг 2011 оны талуудын анх байгуулсан гэрээний 6.1-д заасан алдангийн хувиар тооцоход Иргэний хуулиар зөвшөөрөгдсөн дүнгээс давж буй тул 40,300 ам доллар буюу гэрээ хийх үеийн Монгол банкны ханшаар тооцсон 55,430,635 төгрөгийг “Г” ХХК-ийн алдангид суутган тооцох ёстой.

3. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн актын дагуу төлсөн 23,000,000 төгрөгийг гэрээний төлбөр болгон төгрөгөөр тооцон хийсэн 20,000,000 төгрөгт тооцон суутгах ёстой.

Ийм байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх өргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК болон хариуцагч “Г” ХХК-иуд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №ГМУТ07/2011 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ. Уг гэрээний дагуу худалдагч тал болох “Г” ХХК нь биет байдлын болон эрхийн доголдолгүй усалгааны системийг худалдан авагч “Э” ХХК-д 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хэтрүүлэлгүй хүлээлгэн өгөх, үүний хариуд “Э” ХХК нь 101,124 ам долларыг гэрээгээр тогтоосон хугацааны дагуу “Г” ХХК-д төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.   

 

Дээрх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд “Э” ХХК-иас “Г” ХХК руу 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 40,500 ам доллар, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3,050,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байхаас гадна энэ үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Э” ХХК болон “Г” ХХК-иуд №02 тоот “Тооцоо нийлсэн актыг харилцан үйлдсэн ба уг актаар “Г” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №ГМУТ07/2011 тоот гэрээний үлдэх төлбөрийг хэрхэн барагдуулах талаараа харилцан тохирчээ /хх 11 хуудас/.

 

Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Э” ХХК болон “Г” ХХК-иуд №02 тоот “Тооцоо нийлсэн акт” дахин үйлджээ. Энэхүү актаар 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №ГМУТ07/2011 тоот гэрээний дагуу “Г” ХХК-ийн буцаан төлөх төлбөрийн хэмжээг “...23,000,000 төгрөг, 40,500 ам доллар” гэж тодорхойлсон байх бөгөөд төлбөр төлөх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэжээ /хх 12 хуудас/.

 

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Элсэн цагаан” ХХК болон “Г” ХХК-иудын хийсэн №02 тоот тооцоо нийлсэн актын дагуу 23,000,000 төгрөгийг “Г” ХХК төлж барагдуулсан талаар маргаагүй. 

 

2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд ханджээ. Үүнд:

 

1/ 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 тоот “Тооцоо нийлсэн акт”-ын төлбөр 40,500 ам доллар;

2/ Нэхэмжлэгч “Э” ХХК болон хариуцагч “Г” ХХК-иудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №ГМУТ07/2011 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний 6.1 дэх хэсэгт “...Худалдагчийн буруугаас эд хөрөнгийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг үндэслэн шилжээгүй эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хоног тутамд тогтоон худалдан авагчид торгууль төлнө” гэж заасны дагуу алданги 20,500 ам доллар;

Нийт 60,750 ам доллар буюу 173,091,937 төгрөгийг гаргуулах /хх4-5 хуудас/.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир бид харилцан тохирсны үндсэн дээр 2011 онд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг цуцалсан. Ингээд гэрээний дагуу төлбөрөө хэрхэн буцаан барагдуулах талаараа тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гэвч хариуцагч актын дагуу төлбөрөө бүрэн барагдуулаагүй. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 тоот ‘Тооцоо нийлсэн акт’-ын дагуу үлдсэн 40,500 ам доллар, 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №ГМУТ07/2011 тоот ‘Худалдах-худалдан авах гэрээ’-ний 6.1 дэх хэсэгт заасны дагуу алданги 20,500 ам долларыг тус тус шаардсан” гэжээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК болон хариуцагч “Г” ХХК-иуд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №ГМУТ07/2011 тоот гэрээг байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. 

 

Харин дээрх гэрээний харилцааг “...урьдчилгаа төлбөрөө төлсөн боловч гэрээнд заасан ажил үйлчилгээ аваагүй” гэсэн шалтгаанаар талууд харилцан дуусгавар болгосон нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 тоот “Тооцоо нийлсэн акт”-аар тогтоогдож байна.

 

Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №ГМУТ07/2011 тоот худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-аар харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна. 

 

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 тоот “Тооцоо нийлсэн акт”-ын төлбөрт 40,500 ам долларыг шаардах эрхтэй. Мөн уг нэхэмжлэгч тал хариуцагчаас 40,500 ам долларыг буцаан шаардахдаа шүүхэд хандах үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасантай харшлахгүй. 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсгийг хангахгүй орхив. Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д “Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно”, 236.1.3-д “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон”, 236.2-т “Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэж тус тус заасан.

 

2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №ГМУТ07/2011 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 тоот “Тооцоо нийлсэн акт”-ыг үйлдсэнээр дуусгавар болсон ба дуусгавар болсон гэрээний дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй. Түүнчлэн талууд “Тооцоо нийлсэн акт”-д зохигчид гэрээний хариуцлага буюу алдангийн талаар харилцан тохироогүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 115,394,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57,697,312 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,023,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 734,923 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                Н.ХАНГАЛ