Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 35

 

Б-, О-,

М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0035/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б- давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2039001100060 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1984 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Жавхлант” гэх газарт оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх Ш овогт П-н Б-,

Хэнтий аймгийн Биндэр суманд 1974 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 2, хүүгийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр баг “Шаазгай хороолол” гэх газарт оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Л-н О-

Хэнтий аймгийн Биндэр суманд 1998 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Г-н М-  

Б- 2020 оны 02 дугаар сарын 09-11-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутгаас Баийн 47 тооны адуу, мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Бад-ийн 2 тооны адуу нийт 49 тооны адууг мотоцикль ашиглан хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч Баөд 58700000 төгрөгийн, Бад-эд 1700000 төгрөгийн, нийт 60400000 төгрөгийн хохирол учруулсан,

О-, М- нар нь бүлэглэн П.Б- 2020 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутгаас хулгайлсан 49 тооны адууны 26 тооны адууг Хэнтий аймгийн Биндэр сумын төв “Шаазгайн хороолол”-д байх өөрийн хашаандаа ажиллаж худалдан борлуулж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шв овгийн П-н Б- бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б овгийн Г-н М-, Б овгийн Л-н О- нарыг мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч О-, М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр О-г 3 жилийн, М-г 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б- 4 /дөрөв/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасны дагуу согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ, шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан мотоциклын үнэ болох 400000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М-гийн эзэмшлийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Ба-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад зардалд тооцож нэхэмжилсэн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэнийг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Амаржаргал нь ээлжийн амралттай, шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн тул өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоход татгалзах зүйлгүй.

М-, О- бид нар хохирогчтой адууг адуугаар нь, ажилласан адуугаа мах хэлбэрээр, зарагдсан адууны мөнгийг нь өгөхөөр тохиролцсон. Тухайн үед өмгөөлөгч, мөрдөгч нар хамт байсан. Ба-ийн 16 тооны адууг зүсээр нь буцааж өгсөн. Ажилласан 26 тооны адуунаас 12 тооны адууг зарж борлуулсан байсан бөгөөд мөнгийг нь хохирогчид буцааж өгсөн. Бусад ажилласан 14 тооны адууны мах болон арьсыг нь хохирогчид буцааж өгсөн бөгөөд өөрсдөө зарж борлуулж мөнгө болгосон. Дээр нь 26 тооны адуу өгөхөөр хохирогчтой тохиролцсон бөгөөд М- тууж аваачиж өгсөн. Хохирогчид учирсан бусад зардлыг бэлнээр төлсөн. Сүүлд хохирогчид адууг туранхай байна гээд байхаар нь 5 тооны туглах үнээ өгсөн. Хохирогч “хохирол төлсөн” талаар бичиг хийж өгөхдөө “М-д гомдолгүй” гэсэн бичиг хийж өгсөн байсан. О- бид хоёрыг танихгүй болохоор ийм бичиг хийж өгсөн байх гэж бодож байна. Хэрэг шүүх рүү шилжсэний дараа Амаржаргал өмгөөлөгчтэй хэргийн  материалтай танилцахдаа энэ талаар хэлэхэд Амаржаргал өмгөөлөгч “хохирол төлсөн гэдгийг чинь прокурор мэдэж байгаа юм чинь хамаагүй” гэж хэлсэн. Би ч тэгж бодсон. Шүүх намайг хохирол төлөөгүй үзээд надад 4 жил 8 сарын хорих ял оногдуулсан байх, бас хэзээ ч нэхэмжилж болох хохирол үлдээж хохирогчийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би 2014 онд ял эдэлж гарч ирээд засрал хүмүүжлээ харуулсан гэж бодож байна. Учир нь спортын болон урлагийн төрлүүдэд олон удаа амжилт гаргаж, аймаг болон сумдуудаар явж урлагийн тоглолт хийж байсан. 2017 онд эхнэртэй болсон, 2 хүүхэдтэй, хадам аавынхаа хамт амьдардаг. Манай эхнэр зүрхний ховдлын цооролттой. Иймд эдгээр нөхцөл байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 4 жил 8 сарын хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхээс Б-д оногдуулсан 4 жил 8 сарын хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Б- давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Б- 2020 оны 02 дугаар сарын 09-11-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутгаас Баийн 47 тооны адуу, мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Бад-ийн 2 тооны адуу нийт 49 тооны адууг мотоцикл ашиглан хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч Баөд 58700000 төгрөгийн, Бад-эд 1700000 төгрөгийн, нийт 60400000 төгрөгийн хохирол учруулсан,

О-, М- нар нь бүлэглэн П.Б- 2020 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутгаас хулгайлсан 49 тооны адууны 26 тооны адууг Хэнтий аймгийн Биндэр сумын төв “Шаазгайн хороолол”-д байх өөрийн хашаандаа ажиллаж худалдан борлуулж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:  

Хохирогч Баийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын эхээр 24 тооны адуугаа алдсан. ... зарагдаагүй 14 тооны адууны махыг болон 24 тооны адууны арьсыг хүлээж авсан.. Үлдсэн 23 тооны адууг яасныг нь мэдээгүй. ...14 тооны адууны мах нийт 5220000 төгрөг болсон. Үүнээс жолоочид 490000 төгрөг өгөөд 4730000 төгрөгийг дансаараа авсан. Ер нь бол юу ч үгүй хоосон байснаас гэж бодоод махыг нь авсан. ...Биндэр сумаас мах ачсан жолоочид 490000, 16 тооны адуугаа сум руу ачуулсны хөлсөнд 800000, Биндэр рүү очсон бензинд 200000 төгрөг төлсөн. Үүнийг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-51х/,

Хохирогч Бад-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайх Баян-Адарга сумын Сайхан багт нутагладаг. 2020 оны 02 дугаар сарын 09-нд адуугаа бүртгэхэд 2 адуу алга болсон байсан. ...тэгтэл 2 адууны шир цагдаагийн хашаанд байсан. ...Ба гэх хүн 26 адууны арьснаас 24 адуугаа өөрийнх болохыг таньсан...” гэх мэдүүлэг /хх 57х/,

Гэрч М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би сумын төвд Шаазгайнд хороонд байдаг О-гийнд машинтайгаа очсон. Намайг очиход бараан зүсмийн 2 адуу унагачихсан 2 залуу ажиллаж байсан, хашаан дотор нь нилээн хэдэн тооны адуу хашчихсан байсан. ...хэд хэдэн мах амбаартаа юм дэвсээд дэлгэчихсэн байсан. ....миний машинд 12 тооны адууны мах ачсан, арьснуудыг нь амбаар дотроо эвхээд тавьчихсан байсан, толгой нь харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх 79-80х/, 

Гэрч С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 сарын 12-ны өглөө 09-10 цагийн үед Биндэр сумын төвд О- эгчийн хашаанд очиход М-, О- хоёр байсан, ...20 гаруй тооны адуу хашаатай байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95х/,

П.Б- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би М-гээс 3-4 сая төгрөг зээлсэн байсан. Мөнгөбүүвэй надаас мөнгөө нэхэж эхэлсэн. ...М-гийн мотоциклыг унаад  2020 оны 02 дугаар сарын 08-ны орой адуу хулгайлахаар гарсан.  ...2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө Биндэр сум руу дөхөөд тууж явсан адуугаа 2 тасдаж 20 гаруй адууг нь орхиод 20 гаруй адууг нь шууд сумын төв рүү М-гийн хашаа руу тууж хашаанд  нь хашсан.  ...хулгай хийгээд адуугаа хашсаныхаа хойно М-д  “буруу гарын адуу шүү, өглөг, авлага дууссан шүү” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 163-164х/,

 О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эхний өдөр 12 адууг нь ажиллаад Улаанбаатар хот руу  ачуулсан. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг /хх 169-170х/

М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б- 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө ...20 гаруй тооны адуу тууж ирээд манай хашаанд хашсан.  Би хашилцсан. ...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 адууг нь ажиллаад хот руу ачуулсан.  ...маргааш нь үлдсэн 14 адууг ажиллаад  машинд  ачуулчихсан байж байгаад  цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх 175-176х/,   

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний  өдрийн 122 дугаартай “Хохирогч Бад-ийн алдсан 2 тооны адууны үнэлгээг нийтэд нь 1700000  төгрөгөөр тогтоосон” шинжээчийн дүгнэлт /хх 109х/,

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаартай “Хохирогч Баийн алдсан 47 тооны адууны үнэлгээг нийтэд нь 58700000 төгрөгөөр тогтоосон” шинжээчийн дүгнэлт /хх 112-115х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх  3-9, 16-18х/,

Хэргийн газрын үзлэгээр  хураан  авсан 26 тооны  адууны  арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх 11-15х/,

Хохирогч Баөд 24 тооны адууны арьсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 19-20х/,

Хохирогч Баөд 16 тооны адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 21х/,

Гэрч Г.Мөнхзулаас 3405697 төгрөгийг хураан авч хохирогч Баөд   хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 26х/,

Хохирогч Бад-ийн алдсан 2 тооны адууны арьсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 22-26х/,

Хохирогч Ба нь гэмт хэргийн хохиролд тооцож 24 адуу, 5 үхэр хүлээн авсан М-д гомдолгүй тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх 242х/,

Хохирогч Бад- нь М-гээс гэмт хэргийн хохиролд тооцож авсан 2 адууг 1700000 төгрөгөнд бодож авсан, гомдол байхгүй тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх 243х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна. 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-, О-, М- нарт оногдуулсан нь ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж 2020 оны 02 дугаар сарын 13-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ гэмт хэрэг нь 2020 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрийн хооронд үйлдэгдсэн байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт хохирол төлсөн болон одоо хэн хэнд хэдэн төгрөгийн хохирлыг төлөх болохыг ойлгомжгүй бичигдсэнийг зөвтгөн өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч Баөд шууд учруулсан хохирлыг Б-, О-, М- нар бүрэн төлж барагдуулсан нь хохирогч Баийн тодорхойлолтоор тогтоогдсон /1хх 242х/ байхад шүүхээс гаргуулахаар заасан нь ойлгомжгүй болжээ.

Харин хохирогчийн адууны мах ачсан жолоочид төлсөн гэх 490000, 16 тооны адууг амьдаар нь ачуулсны хөлс 800000, Биндэр сум руу өөрөө очихдоо зарцуулсан бензиний үнэ 200000 төгрөг буюу шууд бус хохирол болох нийт 1490000 төгрөгийг хохирогч Ба нь шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй тухай шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс хуульд заасан ял оногдуулсан байх тул шүүгдэгч П.Б- “ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “хохирогч Баийн гэмт хэргийн улмаас учирсан шууд бус зардал 1490000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б-, О-, М- нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.   

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Б- цагдан хоригдсон 35 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО