Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн,

Улсын яллагч: Л.Төгсжаргал,

Шүүгдэгч Л.Г,

Хохирогч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргалаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн Г-д холбогдох эрүүгийн 2410000000120 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, урьд

-Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-тус шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, уг ял дээр 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 07 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Б овогт Л-ийн Г /РД:***/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г нь ”...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр С.Э-ын толгой, дух хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дух, баруун чамархайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун хөхлөг сэртэн, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулэх гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн...” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Л.Г нь ”...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр С.Э-ын толгой, дух хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дух, баруун чамархайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун хөхлөг сэртэн, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулэх гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г-ын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э-ын “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой нөхөр болох Г, хадам ээж М, миний хүүхэд болох А нарын хамтаар гэртээ хоол идээд эгч, нөхрийн хамтаар архи хувааж ууцгаасан юм. Тэгээд бид нар ууж сууж байгаад нөхөр Г нь намайг хэл амаар доромжилж олон нөхөр сольсон янхан гэх мэтээр доромжлоод байхаар нь хүн амьтан ирсэн байна дуугүй бай гээд хэлсэн чинь Г босож ирээд баруун гараар миний дух хэсэг рүү цохиж сандлаас боож унагаагаад буйдан хүртэл намайг чирч явсан юм. Миний цээжин тус газар руу нь өвдөглөж мөн гараараа миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон юм. Тэгээд хадам эгч болох М нь ирж салгаад би нойл орж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Надад хохирол, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

2410000000120 дугаартай эрүүгийн хэргээс:

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст 86094924 дугаараас гаргасан “...манай нөхөр агсам тавиад байна...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 2 дугаар тал/,  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Э-ын хохирогчоор өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой нөхөр болох Г, хадам ээж М, миний хүүхэд болох А нарын хамтаар гэртээ хоол идээд эгч, нөхрийн хамтаар архи хувааж ууцгаасан юм. Тэгээд бид нар ууж сууж байгаад нөхөр Г нь намайг хэл амаар доромжилж олон нөхөр сольсон янхан гэх мэтээр доромжлоод байхаар нь хүн амьтан ирсэн байна дуугүй бай гээд хэлсэн чинь Г босож ирээд баруун гараар миний дух хэсэг рүү цохиж сандлаас боож унагаагаад буйдан хүртэл намайг чирч явсан юм. Миний цээжин тус газар руу нь өвдөглөж мөн гараараа миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон юм. Тэгээд хадам эгч болох М нь ирж салгаад би нойл орж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.М-ийн гэрчээр өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн дүү болох Г-ын гэрт 17 цаг орчмын үед очсон. Намайг очиход тэдний гэрт Г нь эхнэрийн хамт байсан. Би тэднийд очихдоо нэр нь мэдэгдэхгүй 0.5 литрийн виски аваад очсон юм. Г болон түүний эхнэр Э-тай маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад гэр рүүгээ явсан. Тухайн өдөр Г нь эхнэр Э-ын биед халдсан эсэхийг хараагүй, намайг байх хугацаанд тэр хоёр зүгээр хэрэлдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

Аюулгүй зэргийн үнэлгээний “3” гэсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1049 дугаартай “С.Э-ын биед дух, баруун чамархайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун хөхлөг сэртэн, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Л.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дах хэсэгт  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч Л.Г нь хохирогч С.Э-ын биед “дух, баруун чамархайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун хөхлөг сэртэн, зүүн сарвуунд цус хуралт” бүхий гэмтлийг учруулсан болох нь хэргийн 18-19 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1049 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1049 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 1049 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Г болон хохирогч С.Э нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн ...2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой нөхөр болох Г, хадам эгч М, миний хүүхэд болох А нарын хамтаар гэртээ хоол идээд эгч, нөхрийн хамтаар архи хувааж ууцгаасан... /хх-6 тал/  гэх мэдүүлэг, гэрч Б.М-ийн “...Намайг очиход тэдний гэрт Г нь эхнэрийн хамт байсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч, хохирогч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Л.Г-ын үйлдсэн ”... 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр С.Э-ын толгой, дух хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дух, баруун чамархайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун хөхлөг сэртэн, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулэх гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн...” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Л.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  гэж шүүх дүгнэв.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Л.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй бөгөөд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Г-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.  

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй боолхыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Г-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Г-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Л.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ