Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2021/01169

 

 

 

 2021 оны 05 сарын 28 өдөр                         Дугаар 183/ШШ2021/01169                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.О,

Нэхэмжлэгч: Г..Н-ын хууль ёсны төлөөлөгч П.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б.Г-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 244.79 мкв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 0-00, 0-00 тоот 30 мкв талбай бүхий автомашины зогсоолуудыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд гэр бүлийн гишүүдийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч Г.Н-ын хууль ёсны төлөөлөгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.О миний бие Б.Г-тэй 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Г.Н төрсөн. Хамтран амьдрах энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 244.79 мкв талбай бүхий орон сууц болон 0-00, 0-00 тоот автомашины зогсоолуудыг худалдан авч гэр бүлээрээ амьдарч байсан. Нөхөр Б.Г нь орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үедээ гэрчилгээг зөвхөн өөрийн нэр дээр гаргуулан авсан байх бөгөөд энэ нь эхнэр П.О хүү, Г.Н нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хууль ёсоор өмчлөх, эд хөрөнгийн эрхтэй холбоотой эрх ашгийг зөрчиж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаар бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 244.79 мкв талбай бүхий орон сууц болон  0-00, 0-00 тоот автомашины зогсоолууд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд гэр бүлийн гишүүн болох П.О, Г.Н нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч Б.Г-д даалгаж өгнө үү. Жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 “эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заасны дагуу өөрийн хүү Г.Н-ыг төлөөлж мөн нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч П.О, хариуцагч Б.Г болон тэдний дундаас төрсөн хүү болох Г.Н нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг Б.Г нь ганцаараа өмчлөгчөөр нь бүртгүүлсэн байгаа тул уг хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан. Өөрөө маргахгүй зөвшөөрч байна гэдэг боловч гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр бүртгүүлье, улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэгч болон хүүгийнхээ нэрийг оруулья гэхээр ойлгомжгүй байдал үүсгээд идэвхтэй үйлдэл хийдэггүй байгаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 300 байр, 316 тоот, 0-00, 0-00 тоот хаягт байршилтай 244,79 м.кв орон сууц, 30 м.кв талбайтай зургаан өрөө орон сууц автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 онд худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нь авсан байдаг. Уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд Б.Г л өөрийнхөө нэрийг бүртгүүлсэн. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар анхнаасаа хуваарьт хөрөнгө гэж харилцан тохиролцсон зүйл байхгүй, өөрөө дараа нь бүртгүүлчихнэ гэж байсан болохоор нэг гэр бүлийн хүмүүс учир ойлгож байсан. Хариуцагчийн төлөөлөгчийн уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хүү Г.Н-ын нэрийг бүртгүүлэхийг татгалзахгүй, П.О-ийн нэрийг оруулахыг зөвшөөрөхгүй гэсэн байж, үл хөдлөх эд хөрөнгийг хуваахад хоёр л хуваана, П.О, Б.Г нарт л хуваагдах учир энэ хоёр хүнд л хуваана гээд байгааг ойлгохгүй байна. Манай нэхэмжлэлийн шаардлага бол үл хөдлөх эд хөрөнгийг хуваах, ногдох хэсгийг гаргуулна гэсэн зүйл байхгүй. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгоод хариуцагч өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийлгэхгүй байгаа учир түүнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд гэр бүлийн гишүүдийн буюу хамтран өмчлөгчдийн нэрийг л бүртгүүлэх гэсэн юм.  

Гэтэл хариуцагч, түүний төлөөлөгч нар нь нэхэмжлэгч нарыг гэр бүлийн гишүүн, үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эд хөрөнгө гэдгийг маргахгүй гэсэн байж нэг бол хүүхдэд хуваахгүй гээд байна. Тиймээс л гэр бүлийн гишүүд бүгд тэгш эрхтэй учраас нэхэмжлэгч насанд хүрээгүй хүүхдээ төлөөлөн нэхэмжлэгчээр оролцож байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол өөрсдийн амьдарч байсан, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөө адил тэнцүү л өмчлөх эрхтэй гэж байгаа болохоос одоо яг хуваана гэсэн юм биш, ингээд л хариуцагч нь зөвшөөрч байна гээд зөвшөөрөхгүй ч байгаа юм шиг, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироогоод байгаа болохоор л шүүхэд хандсан юм.

Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гэр бүлийн гишүүн бүр адил тэнцүү эрхтэй бөгөөд хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 127.1.3-т зааснаар хуваарьт хөрөнгө гэсэн боловч үүнийгээ нотлоогүй учир уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оноос хойш гэрлэлтээ батлуулаад дундаасаа хүүхэд төрсөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл хүүгээ гэрчилгээнд оруулахыг зөвшөөрөөд эхнэрийг зөвшөөрөхгүй гэдэг нь үндэслэлгүй, эсхүл хүүдээ өгөхгүй эхнэртэйгээ хоёр хуваана гээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч П.О-тэй 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлээ батлуулан хууль ёсны гэр бүл болж 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү нь болох Г.Н мэндэлсэн байна. Тэд хамтын амьдралын хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх хөрөнгөд амьдарч ирсэн бөгөөд энэхүү орон сууцыг гэр бүлийн орлогоор худалдан авсан ба үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ гэр бүлийн хууль ёсны гишүүдийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэлгүй зөвхөн өөрийн нэр дээр бүртгүүлэн гэрчилгээг гаргуулан авсан нь үнэн байна. Иймд нэхэмжлэлийн шаадлагад дурдагдсан үл хөдлөх хөрөнгийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолголгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд нэхэмжлэгчдийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон автозогсоолыг гэрлэгчдийн гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө бол хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гэдгийг зөвшөөрч байна. Харин уг хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох талаар бол гэр бүлийн гишүүдийн аль нэг нь гишүүнээс гарсан тохиолдолд тодорхойлдог. Хариуцагч нь уг хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдгийг зөвшөөрдөг боловч яагаад бүртгүүлэхгүй байгаа нь энэ хүмүүсийн хоорондын хувийн асуудал л байгаа байх. Хэдийгээр Г.Н тэдний хүүхэд мөн боловч хэрвээ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах юм бол хоёр л хуваана. Өөрөөр хэлбэл хоёр хуваагаад П.О-өд ногдох хэсгээс нь хүү Г.Н-ад өгнө. Уг хөрөнгийг 2018 онд бий болоход буюу худалдан авахад нь нэхэмжлэгч мэдэж байсан боловч ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хуваарьт хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэж байна. Тиймээс уг үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн хуваарьт хөрөнгө учраас өөрийнхөө нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлсэн. Хэрвээ ногдох хэсгийг гаргуулахаар хуваах юм бол хоёр л хуваана. Нэхэмжлэгч нь хэрвээ уг үл хөдлөх эд хөрөнгийг хуваарьт хөрөнгө биш гэж үзэж л байгаа юм бол нэхэмжлэл гаргахгүй, тиймээс анхнаасаа хуваарьт хөрөнгө байсан гэсэн агуулга байна.

Хэрэв Г.Н-ыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлчих юм бол эд хөрөнгө гурав хуваагдах гээд байна. Гэр бүл цуцлах юм бол эд хөрөнгө хоёр хуваах биш гурав хуваагдах нөхцөл байдал үүснэ. П.О хүүгээ өөр дээрээ авчих юм бол гурав хуваагдана. Тиймээс хамтран өмчлөх дундын хөрөнгөөр Г.Н-ыг бүртгэхэд татгалзахгүй гэж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.Г, Г.Н нар байна гэсэн үг, харин П.О-ийг хамтран өмчлөгчөөр бол зөвшөөрөхгүй. Хэрэв П.О-ийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөгч гэх юм бол эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахад Б.Г болон П.О нарт л ногдох хэсгийг гаргуулах болохоос Г.Н-ад ногдох хэсгийг гаргуулахгүй. Хэрэв эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар гурав хуваах юм бол энэ нь Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №03 дугаартай “Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал” гэсэн зөвлөмжтэй харшлана. Анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд нэхэмжлэгч ямар нэгэн шаардлага гаргаагүй нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3-д заасан хариуцагчийн хуваарьт хөрөнгө гэдгийг нь өөрөө хүлээн зөвшөөрч байсан гэдгийг нотлож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Г.Н-ын хууль ёсны төлөөлөгч П.О нь хариуцагч Б.Гд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 244.79 м.кв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байрны 0-00, 0-00 тоот 30 м.кв талбай бүхий автомашины зогсоолуудыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд гэр бүлийн гишүүдийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Г.Н нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн бөгөөд Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “7 хүртэл насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байна”, 33.1-д “эрх зүйн чадамжгүй хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж зааснаар түүнийг эх П.О нь төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн болно. /хэргийн 6-р хуудас /

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч П.О, хариуцагч Б.Г нар нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болон гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, тэдний дундаас 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Г.Н төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэлтийн №1199000129 тоот баталгааны хуулбар, Г.Н-ын №000000 тоот хүүхдийн төрсний  гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 6, 8-9-р хуудас/

Нэхэмжлэгч нь хамтран амьдрах хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр 000 тоот хаягт байршилтай 244,79 м.кв орон сууц болон 0-00, 0-00 тоот автомашины зогсоолуудыг худалдан авч гэр бүлээрээ амьдарч байсан боловч хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг зөвхөн өөрийн өмчлөлд бүртгүүлсэн тул уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг нь тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр 000 тоот хаягт байршилтай 244,79 м.кв орон сууц болон 0-00, 0-00 тоот автомашины зогсоолуудыг худалдан авч, өмчлөгчөөр нь бүртгүүлэхийг нэхэмжлэгч мэдэж байсан тул энэ нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш хуваарьт хөрөнгө, уг үл хөдлөх эд хөрөнгө нь хуваарьт хөрөнгөд хамаарах тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэв хамтран өмчлөгчөөр бүртгүүлвэл хүү Г.Н-ын нэрийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд оруулахыг зөвшөөрнө, эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох бол П.О болон Б.Г нарт л хуваана гэж маргасан.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан байх бөгөөд гэрлэгчид нь хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгийг дундын өмчлөлийнх мөн болохыг тогтоолгохоор бие биендээ шаардлага гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрхтэй болно.

Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 316 тоотод байршилтай 244.79 м.кв зургаан өрөө орон сууц, дээрх хаягт байршилтай 0-00, 0-00 тоот 30 м.кв талбайтай автомашины зогсоолуудыг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээ”-гээр Х.Д-аас худалдан авсан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ,  хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй. /хэргийн 7-р хуудас/

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00000000 дугаар гэрчилгээнд хариуцагч Б.Г-ийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 300 байр, 316, 0-00, 0-00 тоот хаягт байршилтай 244,79 м.кв, 30 м.кв талбайтай зургаан өрөө, орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-000000 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ. /хэргийн 5-р хуудас/

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д “гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан байна.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууц, автозогсоолыг худалдан авах, өмчлөх эрхийг бүртгүүлэхийг мэдэж байсан боловч ямар нэгэн шаардлага гаргаагүй тул хуваарьт хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрсөн, мөн уг хөрөнгө нь түүний амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө гэж маргасан.

            Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “гэр бүлийн гишүүн дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна”, 127.1.3-т “амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө” нь хуваарьт хөрөнгөд хамаарах боловч хариуцагч нь маргаан бүхий эд хөрөнгийг хуваарьт хөрөнгөд хамаарах талаарх тайлбараа баримтаар нотлоогүй.

Мөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлснийг мэдэж байсан, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр нэхэмжлэгч нь шаардаж байсан гэж тайлбарласныг хариуцагчийн төлөөлөгч нь үгүйсгээгүй бөгөөд түүний үл хөдлөх эд хөрөнгийг анх улсын бүртгэлд бүртгүүлэхэд нь ямар нэгэн шаардлага гаргаагүй нь хуваарьт хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Иймд гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмчлөл байх зохицуулалтын дагуу эхнэр, нөхөр нь бие биендээ өмчлөх эрхийн талаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэрлэгчид гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойших хугацаанд бий болсон, хэн алиных нь хуваарьт хөрөнгөд хамаарахгүй, өмчлөх эрх нь гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар байна гэж үзэв.

Хариуцагчийн төлөөлөгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг тодорхойлоход хүү Г.Н-ыг оролцуулахгүй, зөвхөн нэхэмжлэгч буюу хариуцагч нарт ногдох хэсгийг тодорхойлно гэж мэтгэлцсэн боловч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох буюу хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваалгахаар шаардлага гаргаагүй.

Зохигч талууд Г.Н-ыг гэр бүлийн гишүүн буюу тэдний дундаас төрсөн хүүхэд нь болох талаар маргаагүй, Иргэний хуулийн 126.4-т “гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн хөрөнгө хамтран өмчлөх эрх эдлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хүү Г.Н-ыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 244.79 м.кв талбай бүхий зургаан өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 0-00, 0-00 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий автомашины зогсоолуудыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд гэр бүлийн гишүүдийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг гаргасан бөгөөд гэр бүлийн гишүүд үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх нь бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн адил Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсэх тул хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 244.79 м.кв талбай бүхий зургаан өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 0-00, 0-00 тоот 30 м.кв талбай бүхий автомашины зогсоолууд нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах тул нэхэмжлэгч П.О, хүү Г.Н нарыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Б.Г-д даалгахаар шийдвэрлэв.

           

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 657 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 126.4 дэх хэсгүүдэд зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 244.79 мкв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 000 дугаар байр, 0-00, 0-00 тоот 30 мкв талбай бүхий автомашины зогсоолуудыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож, нэхэмжлэгч П.О, Г.Н нарыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч Б.Г-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 657 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.О, Г.Н нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

                                 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.ХУЛАН