Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01187

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр                          Дугаар 102/ШШ2021/01187                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 11 дүгээр хороо оршин суух, Э Ц

 

Нэхэмжлэгч: С дүүрэг 29 дүгээр хороо оршин суух, Б Снарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 5 дугаар хороо оршин суух,  А Б,

 

Хариуцагч: Б дүүрэг, С дүүрэг, 5 дугаар хороо, “Х плаза” төвийн 3 давхарт оршин байрлах, “А” ХХК-д холбогдох,

 

2,565,801 төгрөгийг Э.Цд, 2,567,646 төгрөгийг Б.Ст гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ц, Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Ц миний бие анх тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа иргэн А.Бд холбогдуулан 2,574,000 төгрөгийг нэхэмжилсэн ба тооцооллын алдаа гаргаж, үнийн дүнг зөрүүтэй бодсон байснаас гадна, хариуцагчаар “А” ХХК-ийг татсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийн дүнг зөвтгөн нэхэмжлэлийн шаардлагыг 8,199 төгрөгөөр багасгасан.

Э.Цэцэгдарь миний бие 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “А” ХХК-ийн захирал А.Бтай түүний ажлын байран дээр очиж АНУ-ын Н2 ангиллын визний материал бүрдүүлэлт, ажилд зуучлуулж, виз хөөцөлдүүлэх асуудлаар уулзсан. Тухайн үед тус компани нь маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан. Тус компанийн зүгээс “...АНУ-д Н2 визээр хөдөлмөр эрхлэхэд зуучилж өгнө, гэрээний төлбөр 1,500-2,000 ам.доллар болно, одоо бүртгүүлсэн хүмүүсийг хамгийн сүүлийн хугацаа нь 2020 оны 4 дүгээр сар гэхэд АНУ-руу явуулна” гэж амлалт, баталгаа өгч байсан. Ингээд би тус компанид итгэж гэрээ байгуулахаар шийдсэн ба гэрээ байгуулах үед бидэнд гэрээний зүйл заалтуудыг бүрэн гүйцэд танилцуулаагүй, АНУ-руу ажилд зуучлах бүх асуудлыг зохицуулсан гэрээ гэж хэлсэн тул би болон надтай адил бусад хүмүүс гэрээний зүйл заалтыг нарийвчлан уншиж танилцуулалгүйгээр гэрээ байгуулсан. Миний хувьд тус компанид итгэж, гэрээ байгуулсны дараа өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 300 ам.доллар, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 600 ам.долларыг тус компанийн захирал А.Б-ы Худалдаа хөгжлийн банкны 458034058 дугаартай дансанд шилжүүлсэн. Үүнээс эхний 300 ам.доллар нь гэрээ байгуулсны баталгаа болгож өгсөн ба тэрээр надад  “АНУ-ын хөдөлмөрийн биржид хувь хүний анкет байрлуулах болон бусад зардалд хэрэглэнэ” гэж надад хэлсэн. Харин 600 ам.долларыг авахдаа “...АНУ-ын хөдөлмөрийн биржээс ажлын санал ирсэн тул гэрээнд  заасны дагуу төлбөрөө төл” гээд яаруулсаар байгаад авсан. Гэвч надад ямар ч ажлын санал танилцуулаагүйгээс гадна, тус компанийн амлалт баталгаа өгч байсан хугацаа нь аль хэдийнээ дууссан байхад АНУ-руу ажилд зуучлаагүй. Ингээд нэгэнт гэрээ хэрэгжих боломжгүй болсон байна гэж ойлгоод тус компани дээр очиж АНУ-руу ажилд зуучлуулахаар тохиролцож төлсөн төлбөрөө буцаан авах гэсэн боловч тус компанийн захирал нь солигдсон байсан ба надад “...хувь хүний дансаар мөнгөө шилжүүлсэн байна. Манай компани зуучлалын үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн мэдээлэл, зөвлөгөө өгч АНУ-д ажиллах хүмүүст сургалтын үйл ажиллагаа явуулдаг, байгуулсан гэрээгээ сайн унш” гэж хэлсэн. Анх тус компанитай уулзах үед визний асуудлыг 100 хувь шийдвэрлэж өгнө, 4 сар гэхэд явуулна гэж байсан боловч гэрээтэй нь яг уншаад танилцаад үзэх үед хэлсэн, ярьсан зүйлээсээ огт өөр агуулгатай гэрээг байгуулсан байсан. Ингээд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулах гэсэн боловч гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргасан. “А” ХХК нь тус гэрээ байгуулагдахад 300 ам.доллар авсан. Гэрээ ямар нэгэн үр дүнд хүрээгүй тохиолдолд тус мөнгийг буцаан өгнө гэж байсан ба ажлын санал ирсэн гэж 600 ам.доллар авсан боловч бодитой ажлын санал ирсэн эсэх нь ч тодорхойгүй байна. Миний бие “Атуяа адис групп” ХХК-ийн захирал А.Бтай гэрээ байгуулсан боловч захирал болох А.Б гэх хувь хүний дансанд мөнгийг шилжүүлсэн. Ийм учраас хоёр хариуцагч татсан ба буруутай этгээдээс нь 2,565,801 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь хариуцагч “А” ХХК-иуд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан боловч төлбөрийг урьд нь хийсэн байсан гэжээ. 

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С миний бие анх тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа иргэн А.Бд холбогдуулан гэрээний дагуу төлсөн төлбөр 900 ам.доллар дээр сургалтын төлбөрт төлсөн 150 ам.доллар буюу нийт 2,995,587 төгрөгийг нэхэмжилсэн. Гэхдээ хамтран хариуцагчаар “А” ХХК-ийг татсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийн нийт дүнг сургалтын төлбөр болох 150 ам.доллар буюу 427,941 төгрөгөөр багасгасан.

Б.С миний бие 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “А” ХХК-ийн захирал А.Бтай түүний ажлын байран дээр очиж АНУ-ын Н2 ангиллын визний материал бүрдүүлэлт, ажилд зуучлуулж, виз хөөцөлдүүлэх асуудлаар уулзсан. Тухайн үед тус компани нь маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан ба тус компанийн зүгээс надад “...АНУ-д Н2 визээр хөдөлмөр эрхлэхэд зуучилж өгнө, гэрээний төлбөр 1,500-2,000 ам.доллар болно, одоо бүртгүүлсэн хүмүүсийг хамгийн сүүлийн хугацаа нь 2020 оны 4 дүгээр сар гэхэд АНУ-руу явуулна” гэж амлалт, баталгаа өгч байсан. Ингээд би тус компанид итгэж гэрээ байгуулахаар шийдсэн ба гэрээ байгуулах үед бидэнд гэрээний зүйл заалтуудыг бүрэн гүйцэт танилцуулаагүй, “...АНУ-руу ажилд зуучлах бүх асуудлыг зохицуулсан гэрээ” гэж хэлсэн тул би болон надтай адил бусад хүмүүс гэрээний зүйл заалтыг нарийвчлан уншиж танилцуулалгүйгээр гэрээ байгуулсан. Миний хувьд тус компанид итгэж, гэрээ байгуулсны дараа өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 300 ам.долларыг А.Б-н Х банкны 45 дугаартай дансанд, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 600 ам.долларыг А.Б-н Х банкны 54 дугаартай дансанд тус тус шилжүүлсэн. Үүнээс эхний 300 ам.доллар нь гэрээ байгуулсны баталгаа болгож өгсөн ба надад тэрээр “...АНУ-ын хөдөлмөрийн биржид хувь хүний анкет байрлуулах болон бусад зардалд хэрэглэнэ” гэсэн. Энэ хугацаанд тус компанийн зүгээс сургалт АНУ-ын соёл болон хэлний түвшин сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулсан ба сургалтын төлбөрт 150 ам.доллар гэснийг мөн би төлсөн болно. Харин 600 ам.долларыг авахдаа АНУ-ын хөдөлмөрийн биржээс ажлын санал ирсэн тул гэрээнд заасны дагуу төлбөрөө төл гээд яаруулсаар байгаад авсан боловч надад ямар ч ажлын санал танилцуулаагүйгээс гадна, тус компанийн амлалт баталгаа өгч байсан хугацаа нь аль хэдийнээ дууссан байхад АНУ-руу ажилд зуучлаагүй юм. Ингээд нэгэнт гэрээ хэрэгжих боломжгүй болсон байна гэж ойлгоод тус компани дээр очиж АНУ-руу ажилд зуучлуулахаар тохиролцож төлсөн төлбөрөө буцаан авах гэсэн боловч тус компанийн захирал нь солигдсон байсан ба надад “...хувь хүний дансаар мөнгөө шилжүүлсэн байна. Манай компани зуучлалын үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн мэдээлэл, зөвлөгөө өгч АНУ-д ажиллах хүмүүст сургалтын үйл ажиллагаа явуулдаг, байгуулсан гэрээгээ сайн унш” гэж хэлсэн. Анх тус компанитай уулзах үед визний асуудлыг 100 хувь шийдвэрлэж өгнө, 4 сар гэхэд явуулна гэж байсан боловч гэрээтэй нь яг уншаад танилцаад үзэх үед хэлсэн, ярьсан зүйлээсээ огт өөр агуулгатай гэрээг байгуулсан байсан. Ингээд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулах гэсэн боловч гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргасан. “А” ХХК нь тус гэрээ байгуулагдахад 300 ам.доллар авсан бөгөөд гэрээ ямар нэгэн үр дүнд хүрээгүй тохиолдолд тус мөнгийг буцаан өгнө гэж байсан. Мөн ажлын санал ирсэн гэж 600 ам.доллар авсан боловч бодитой ажлын санал ирсэн эсэх нь ч тодорхойгүй байна. Харин сургалтын төлбөрт төлсөн 150 ам.долларыг Б.С миний бие нэхэмжлэхгүй болно. Миний бие “А” ХХК-ийн захирал А.Бтай гэрээ байгуулсан боловч захирал болох А.Б гэх хувь хүний дансанд мөнгийг шилжүүлсэн. Ийм учраас хоёр хариуцагч татсан ба буруутай этгээдээс нь 2,567,646 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А овогтой Б нь “А” ХХК-ийн дотоод харилцааны менежер албан тушаалаар 2018 оны 3 дугаар сараас 220 оны 4 дүгээр сар хүртэл ажил гүйцэтгэл хийсэн. Энэ хугацаанд компанийн захирал Т.М АНУ руу ажлын чиглэлээр хэд хэдэн удаа явахад, намайг шинэ үйлчлүүлэгчидтэй гэрээ хийх, ажилчдын цалинг хугацаанд нь өгөх, оффисын түрээс төлөх гэх мэтийн үүрэг даалгавруудыг хариуцуулан өгсөн. Мөн 2019 оны 6 дугаар сараас хойш захирал Т.Мн тушаалаар компанийн орлого миний банкны дансанд орж ирэх болсон. Захирал Т.Мн хувьд өөрийн хувийн зардалдаа компанийн ихэнх орлогыг зарцуулдаг байсан нь ийнхүү шийдвэр гаргахад нөлөө үзүүлсэн. 2019 оны зуны улирлын бүртгэлээс хойших компанийн орлого нь миний бие А.Б (дансаар) ба захирал Т.М (бэлнээр) нарт орж ирсэн. “А” ХХК-ийн хувьд АНУ-ын албан ёсны ажлын Н2А/В гэсэн визний ангилалд ажилчид явахад зөвлөгөө тусламж үзүүлдэг байсан. Манай компаниар дамжуулан одоогийн байдлаар нийт 77 ажилчид АНУ-д 1 жилийн гэрээтэйгээр ажиллаж амьдраад эх орондоо буцаж ирсэн. Гэвч 2020 онд явах ажлын байрны саналууд Ковид-19 цар тахлын нөлөөтэйгөөр хойшилж манай компанийн үйлчлэгчдэд хохирол учруулсан. Үйлчилгээний төлбөрөө буцаж нэхэмжилсэн зарим үйлчлэгчдэд захирал Т.М худал амлан, шалтаг гаргаж миний бие А.Бг компанийн мөнгийг авсан хэмээн гүтгэж байгаа. Миний хувьд компанийн орлогуудыг захирал Т.Мөнхгал руу шилжүүлдэг байсан ба компанийн мөнгийг авсан гэх гүтгэлэг нь худлаа гэдгийг нотлох гэрч нар байгаа гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “А” ХХК-ийн зүгээс дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Гэрээ байгуулсан болон төлбөрийн тооцооллын асуудал дээр маргаан байхгүй. Харин дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалж бид гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Одоо жоохон хугацаа өгвөл гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой. Хариуцагч А.Бтай хамт ажилладаг, тэрээр сургалттай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ А.Бны хэлж байгаа шиг түүнээс мөнгийг нь бид нар аваагүй. Цаашлаад нэхэмжлэгч нар жоохон хүлээхэд гэрээ биелэгдэх боломжтой байхад надтай холбоо барилгүй шууд шүүхэд хандаад байгааг гайхаж байна. Тэгээд ч гэрээнд заасны дагуу урьдчилж төлсөн 300 ам доллар үйлчлүүлэгч нарт буцаагдахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч А.Бд холбогдуулж 2,574,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Э.Цн хүсэлтийг үндэслэж хамтран хариуцагчаар “А” ХХК-ийг татан оролцуулсан ба 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Э.Ц өөрийн шаардлагын хэмжээг 2,565,801 төгрөг болгон багасгасан байна /хх 22, 26, 27 хуудас/. 

 

2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.С нь хариуцагч А.Бд холбогдуулж 2,995,587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.Сн хүсэлтийг үндэслэж хамтран хариуцагчаар “А” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан ба  2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б.С өөрийн шаардлагын хэмжээг 2,567,646 төгрөг болгон багасгасан байна /хх62, 78, 79 хуудас/. 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/шз2020/17090 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Ц, Б.С нарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б, “А” ХХК-иудад холбогдох иргэний хэргийг нэгтгэсэн /хх 42 хуудас/.

 

Шүүхээс зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлаад дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

А. Э.Цн нэхэмжлэл: 

 

Нэхэмжлэгч Э.Ц болон хариуцагч “А” ХХК-иуд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ” байгуулжээ. 

 

Дээрх гэрээний зорилгыг талууд “Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдрахад шаардлагатай мэдээлэл, сургалт, зөвлөгөөг иргэнд өгөх, виз бүрдүүлэлтэд туслах, Америкийн нэгдсэн улсын хөдөлмөр зуучлагчтай холбоход туслах, виз гарснаар зөвлөгөө, мэдээлэл, хамтын ажиллагааны төлбөрийг төлөх, эдгээртэй холбоотой харилцааг зохицуулах” гэж тодорхойлсон байна.

 

Түүнчлэн гэрээний нийт төлбөрийг 2,000 ам доллар байхаар тохирсон ба мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны үйл ажиллагаа эхлэхэд 300 ам доллар, АНУ-аас хөдөлмөрийн санал ирсэн тохиолдолд 600 ам доллар, АНУ-аас Хөдөлмөрийн яамны зөвшөөрөл ирэхэд 600 ам доллар, виз гарсан тохиолдолд 500 ам долларыг тус тус төлөхөөр хуваарилжээ.

 

Улмаар нэхэмжлэгч Э.Ц дээрх гэрээний дагуу нийт 900 ам доллар шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаангүй байна. 

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ” байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. 

 

Хариуцагч А.Б, “А” ХХК-иудаас 2,565,801 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...гэрээний дагуу 900 ам доллар шилжүүлсэн. Гэвч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан, харин захирал А.Б хувийн данс руу мөнгө шилжүүлсэн. Ийм учраас хариуцах ёстой этгээдээс миний мөнгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “А” ХХК-ийн зүгээс дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа “...дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалж гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Одоо жоохон хугацаа өгвөл гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой” гэсэн агуулгаар тайлбарлаж байна. 

 

Харин хариуцагч А.Б “...миний бие ‘Атуяа адис групп’ ХХК-д ажиллаж байхдаа хүмүүсээс хүлээн авсан мөнгийг компани руу шилжүүлж байсан тул нэхэмжлэлийг хариуцахгүй” гэж өөрийн татгалзлаа тайлбарлажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс “...хариуцагчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон” гэсэн агуулгаар татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэмжилсэн гэж үзэхээр байна. 

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба мөн зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Тодруулбал, зуучлуулагч буюу даалгавар өгөгч нь зуучлагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар гуравдагч этгээдтэй хүссэн гэрээгээ байгуулсан нөхцөлд тохирсон хөлсийг зуучлагчид төлөх хуулийн зохицуулалттай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ”-гээр хүлээсэн үүргээ хариуцагч “А” ХХК-ийн зүгээс биелүүлсэн талаарх баримт авагдаагүй байна.  

 

Иймд нэхэмжлэгч Э.Цн нийт 900 ам долларыг хариуцагч “А” ХХК-иас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасантай нийцнэ. 

 

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ”-г Э.Ц болон хариуцагч “А” ХХК, компанийг төлөөлж А.Батсайхан нар байгуулсан ба уг гэрээнд “А” ХХК-ийн тамга дарагдсан.  Мөн гэрээний дагуу зарим төлбөр “А” ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэл  хэрэгт авагдсан “А” ХХК-ийн кассын зарлагын ордероор нотлогдож байх тул төлбөрийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж, харин хариуцагч А.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 900 ам долларыг буцаан шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасантай харшлахгүй. 

 

Б. Б.С-н нэхэмжлэл:

 

Нэхэмжлэгч Б.С болон хариуцагч “А” ХХК-иуд “Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан байна. Уг гэрээний зорилгыг талууд “Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдрахад шаардлагатай мэдээлэл, сургалт, зөвлөгөөг иргэнд өгөх, виз бүрдүүлэлтэд туслах, Америкийн нэгдсэн улсын хөдөлмөр зуучлагчтай холбоход туслах, виз гарснаар зөвлөгөө, мэдээлэл, хамтын ажиллагааны төлбөрийг төлөх, эдгээртэй холбоотой харилцааг зохицуулах” гэж тодорхойлсон байна /хх 48, 49/.

 

Нэхэмжлэгч Б.С болон хариуцагч “А” ХХК-иудын байгуулсан “Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ”-нд сар, өдрүүдийг бичээгүй боловч талууд уг гэрээ 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан талаар маргаагүй.

 

Дээрх гэрээний нийт төлбөрийг 2,000 ам доллар байхаар тохирсон ба мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны үйл ажиллагаа эхлэхэд 300 ам доллар, АНУ-аас хөдөлмөрийн санал ирсэн тохиолдолд 600 ам доллар, АНУ-аас Хөдөлмөрийн яамны зөвшөөрөл ирэхэд 600 ам доллар, виз гарсан тохиолдолд 500 ам долларыг тус тус төлөхөөр хуваарилжээ.

 

Улмаар нэхэмжлэгч Б.С дээрх гэрээний дагуу нийт 900 ам доллар шилжүүлсэн, энэ үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.  

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ” байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. 

 

Хариуцагч А.Б, “А” ХХК-иудаас 2,567,646 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...гэрээ байгуулснаас хойш хариуцагч тал ямар нэг ажиллагаа хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй. Би анх гэрээ байгуулахад 300 ам доллар, дараа нь 600 ам долларыг тус тус төлсөн. Ингээд нийт 900 ам долларыг нэхэмжилнэ. Харин хариуцагчаас зохион байгуулсан хэлний сургалтад хамрагдсан учир сургалтад төлсөн 150 ам долларыг нэхэмжлэхгүй. Ийм учраас хариуцах ёстой этгээдээс миний мөнгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “А” ХХК-ийн зүгээс дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа “...дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалж гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Одоо жоохон хугацаа өгвөл гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой” гэж тайлбарлаж байна. 

 

Харин хариуцагч А.Б “...миний бие ‘Атуяа адис групп’ ХХК-д ажиллаж байхдаа хүмүүсээс хүлээн авсан мөнгийг компани руу шилжүүлж байсан тул нэхэмжлэлийг хариуцахгүй” гэсэн агуулгаар өөрийн татгалзлаа тайлбарлажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс “...хариуцагчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон” гэсэн агуулгаар татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэмжилсэн гэж үзэхээр байна. 

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба мөн зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Тодруулбал, зуучлуулагч буюу даалгавар өгөгч нь зуучлагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар гуравдагч этгээдтэй хүссэн гэрээгээ байгуулсан нөхцөлд тохирсон хөлсийг зуучлагчид төлөх хуулийн зохицуулалттай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ”-гээр хүлээсэн үүргээ хариуцагч “А” ХХК-ийн зүгээс биелүүлсэн талаарх баримт авагдаагүй байна.  

 

Иймд нэхэмжлэгч Б.С-с төлсөн нийт 900 ам долларыг хариуцагч “А” ХХК-иас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасантай нийцнэ. 

 

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ”-г Б.С болон хариуцагч “А” ХХК, компанийг төлөөлж А.Б нар байгуулсан ба уг гэрээнд “А” ХХК-ийн тамга дарагдсан.  Мөн гэрээний дагуу зарим төлбөр “А” ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэл  хэрэгт авагдсан “Ат” ХХК-ийн кассын зарлагын ордероор нотлогдож байх тул төлбөрийг хариуцагч “Атуяа адис групп” ХХК-иас гаргуулж, харин хариуцагч А.Батсайханд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.  

 

Нэхэмжлэгч тал хариуцагчаас 900 ам долларыг буцаан шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасантай харшлахгүй /хх 47 хуудас/. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ÒÎÃÒÎÎÕ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 2,565,801 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Цд, 2,567,646 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас А.Б д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Цс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,134 төгрөг, нэхэмжлэгч Б.Сс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,879 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 56,003 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Цд, 56,032 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сайханбилэгт тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ