Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01184

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр                           Дугаар 102/ШШ2021/01184                       Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 3 дугаар хороо оршин суух, Я М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Бг, 12 дугаар хороо оршин суух,  Б Т-т холбогдох,

 

хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.М, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.М миний бие 2017 оны 9 дүгээр сард Б.Ттай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Т.Х төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Б.Т нь надтай үл ойлголцох, маргаан үүсэх болгондоо өөрийн охин Т.Хг миний хүүхэд мөн үү биш үү гэсэн үг хэрэглэдэг. Энэ байдлын улмаас бид таарамжгүй харилцаатай байгаа бөгөөд одоо тус тусдаа амьдарч байна. Иймд Б.Т нь охин Т.Хн биологийн эцэг нь мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү. Хүү Т.Х нь төрсөн цагаасаа миний асрамжид байгаа. Хүүхэдтэй чөлөөтэй уулзах боломжийг миний зүгээс хариуцагчид олгох болно гэжээ.

 

Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалтай танилцахад шинжээчийн дүгнэлтээр намайг Т.Хн биологийн төрсөн эцэг нь мөн болохыг нотолсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хүүгээ эхийн асрамжид хэвээр байлгана. Харин миний хувьд хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзахыг хүсэж байгаа гэжээ. 

  

Зохигчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.М нь хариуцагч Б.Тт холбогдуулж 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн  Т Хн төрсөн эцэг нь Б.Т мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1017 дугаартай дүгнэлтээр “хариуцагч Б.Т нь хүү Б.Хн биологийн эцэг байх боломжтой буюу 99.99 хувийн магадлалтай” гэсэн хариу гарсан байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. 

 

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Т Хн төрсөн эцэг нь Б.Т мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Зохигчид хүү Б.Х төрсөн цагаас эхийн асрамжид байгаа талаар маргаагүй тул хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүд эцэг Б.Тс тэтгэлэг гаргуулж хүүхдэд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Хотгойд овогт Түвшинбаярын Хүслэнгийн төрсөн эцэг нь  Б Т мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн  Т Х-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Б.Тс гаргуулан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод, 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

                       

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ