Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/01357

 

 

 2021 оны 06 сарын 22 өдөр                         Дугаар 183/ШШ2021/01357                       Улаанбаатар хот

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б.Б-тай гэр бүл болон 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр том хүү болох Б.С-ийг төрүүлэн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бага хүү болох Б.Ч-ийг төрүүлсэн. Б.Б нь хамтран амьдрах хугацаандаа хардаж, найз нөхөд болон ажлын хамт олон, гэр бүлийнхэн гээд эргэн тойрны хүмүүст байнгын дарамт учруулж, сэтгэл санааны гүн хямралд оруулсан бөгөөд танхай балмад үйлдлийг гаргасаар ирсэн ба эрүүл мэндийн болон сэтгэл санааны байнгын дарамт шахалтанд байсан. Энэ талаар хөрш болон миний зүгээс цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагууд байгаа бөгөөд энэхүү байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, бие сэтгэлийн гүн дарамтанд байлгаж буй тул нөхөр болох Б.Б-тай цаашид хамтран амьдрах боломжгүй болсон ба одоогийн байдлаар тусдаа амьдарч байгаа. 5 жил амьдрах хугацаандаа хүссэн үедээ байнгын давтамжтай гэрээсээ олон хоногоор явдаг байсан. Миний бие сэтгэлийн гүн дарамтанд орж удаа дараа амиа хорлох зэрэг бодлууд тээж, оролдож байсан. Санхүүгийн хувьд нөхөр болох Б.Б-ын эцэг, эх хийгээд Б.Б-аас хараат байсан тул өдийг хүртэл тэвчиж ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд салах тухай өргөдлийг нэг удаа гаргаж байсан бөгөөд эвлэрсэн байгаа. Тус эвлэрлийн гэрээнд Б.Б нь дахин дээрх үйлдлийг гаргахгүй гэж амласан боловч тус өдрөөс хойш дээрх үйлдлийг гаргасаар байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн ч бид эвлэрээгүй, эвлэрэх талаар ярилцаагүй. Тиймээс гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүгээ өөрийн асрамжид авах, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Уг нь бидний амьдарч байгаа байрыг хүүхдүүддээ үлдээнэ гэсэн боловч өөр байр авч гэсэн учраас зөвшөөрч байна. Хүүхдүүд маань энэ байрандаа дассан, мөн цэцэрлэг нь ойр учраас энэ байрандаа байвал сайн л байна. Гэхдээ хариуцагч энэ байрны орчин нөхцлийг дордуулахгүйгээр 3 өрөө орон сууц авч өгнө гэж байгаа болохоор зөвшөөрч байна. Хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж байж болно, гэхдээ нэг хүүгээ авч яваад нөгөө хүүгээ үлдээгээд уйлуулаад байдаг, түүнээс биш хүүхдүүдтэйгээ уулзуулахгүй гэдэггүй, сая байрнаас хөөхөөр нь уурлаад уулзуулахгүй гэсэн юм гэв.  

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие Г.А-тай 2016 оны 05 дугаар сард гэрлэлтээ батлуулж дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Сүүлийн жилүүдэд бид хоёрын харилцаа таагүй болж маргаан гарах нь ихэссэн тул Г.А нь салах шийдвэр гаргасан. Миний бие энэ шийдвэртэй үл нийцэж 2020 оны 11 дүгээр сараас хойш нийлэх талаар харилцан ярилцаж мөн гуйж үзсэн боловч Г.А нь нийлэх бодолгүй байгаа тул энэ хариу тайлбарыг бичиж байна. Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч тухай үедээ эвлэрэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан нь бодлогогүй үйлдлээс болж үүссэн тул өнөөдрийг хүртэл эвлэрэх талаар Г.А-тай ярилцсан билээ. Г.А гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч миний бие цаашид 2 хүүхэд болон тэтгэмжийн талаар Г.А-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч эв найрамдалтай салахыг түүний хүссэний дагуу шүүх шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Шүүхээс бидэнд эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрэх боломж байсангүй. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Гэхдээ хүүхдүүдтэйгээ уулзаж байна, би хоёр хүүгээ хоёуланг нь аваад явдаг боловч бага хүү жоохон болохоороо өөрөө ээж дээр очино гээд уйлаад байдаг болохоор буцааж өгдөг юм. Түүнээс хүүхдүүдээ ялгаварласан зүйл байхгүй. Хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлнө. Харин орон сууцны хувьд бол хүүхдүүдээ гудамжинд хөөж гаргана гэж байхгүй. Гэхдээ энэ байраа өгөх боломжгүй, энэ байрныхаа орчин нөхцлийг дордуулахгүйгээр хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийг бодолцож орчин нөхцөл сайтай 3 өрөө орон сууц авч өгнө. Энэ талаараа шийдвэрт тусгуулахад татгалзахгүй гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Г.Г.А, Б.Б нар нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.С, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Ч нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, 0000000 дугаарт бүртгэгдсэн Б.С, 00000000 дугаарт бүртгэгдсэн Б.Ч нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5, 11-12-р хуудас/

Нэхэмжлэгч Г.А нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №332 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ. /хэргийн 8-р хуудас/

Мөн тус дүүргийн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №183/ШЗ2021/00000 дугаар шүүгчийн захирамжаар 4 настай хүү Б.С, 3 настай хүү Б.Б.Ч нарын болон гэрлэгсдийн эрх ашгийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч эвлэрээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

Иймд гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж хэн аль нь тайлбарлаж  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д “гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана” гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш хүү Б.С, Б.Ч нар нь эхийн асрамжид байсан, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.С, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Ч нарыг эх Г.А-гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.С, Б.Ч нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Б-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасан байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Б-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эхГ.Ад тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь өөрийн хүү Б.С, Б.Ч нарын амьдрах орчин, аюулгүй байдал, цэцэрлэг, сургуулийг харгалзан одоо амьдарч байгаа орон сууцны орчин нөхцлөөс  нь дордуулахгүйгээр 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч болон хүүхдүүддээ авч өгөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 60 780 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                               ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт зааснаар Г.А, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.С, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Ч нарыг эхГ.А-гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгүүдэд зааснаар зааснаар 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.С, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Ч нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Г.А-д даалгасугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Б-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.А-д тус тус даалгасугай.

 

7.Зохигч нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч нь хүү Б.С, Б.Ч нарын амьдрах орчин, аюулгүй байдал, цэцэрлэг, сургуулийг харгалзан одоо амьдарч байгаа орон сууцны орчин нөхцлөөс  нь дордуулахгүйгээр 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч болон хүүхдүүддээ авч өгөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 60 780 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

 

9.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН