| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2020/02025/И |
| Дугаар | 102/ШШ2021/01144 |
| Огноо | 2021-05-10 |
| Маргааны төрөл | Хадгалалт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2021/01144
2021 оны 05 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2021/01144 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 20 дугаар хороо оршин байх хаягтай, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 11 дүгээр хороо оршин байх “Б” ХХК -д холбогдох,
газар чөлөөлүүлэх, 23,933,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Б дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай газрыг “У” ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцож 2014 онд нүүн очсон. Улмаар 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б дүүргийн Засаг даргын захирамжаар “У” ХХК-иас 7,000 м2 газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. “Б” ХХК нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг ба манай газрын нийт талбайн 3,982 м2 газарт өөрийн барилгын материал болон БНХАУ-аас оруулж ирсэн ажиллах хүч буюу хятад ажилтнууд нь агуулгын байранд байрлан амьдарч эхэлсэн юм. Тухайн үед тус компанийн удирдлагууд нь бидэнтэй агуулах түрээс, ах ахуйн болон тоног төхөөрөмж, эд хөрөнгөө хадгалуулахаар тохиролцсон боловч нүүн орж үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа гэрээ хийхгүй, удаа дараа очин уулзахад элдэв шалтаг тайлбарлан, удирдлагууд нь ойр ойрхон солигдож, том дарга байхгүй гэх мэтчилэн итгэл үнэмшил төрүүлэх замаар хойшлуулсаар өнөөдрийн хүрсэн. 2017 онд манай компани албан бичиг өгч цахилгаан хэрэглээ, хог хаягдлын төлбөр болон харуул хамгаалалтын зардлыг шаардсан боловч тодорхой хэсгийг өгөөд аргацаагаад өнгөрсөн. Манай компанийн шаардлагын дагуу тодорхой хариу өгөхгүй, удирдлагатай нь уулзахаар байнга шалтаг хэлэн хойшлуулдаг байсан учир нь газрын өмнөх эзэмшигч хуулийн этгээдтэй 2014 оноос түрээсийн гэрээ байгуулан түрээсийн төлбөр төлж байсныг бид саяхан мэдлээ. Манай компани 2020 оны 02 дугаар сарын 05-нд тус “Б” ХХК-ийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор өмнөх төлбөрүүдээ төлж барагдуулан, газрыг чөлөөлж өгөхийг хүссэн шаардлагыг хүргүүлсэн боловч тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн МN/1940 тоот хариу албан бичгээр “газар чөлөөлөх боломжгүй” гэсэн хариу өгөөд байна. Компанийн зүгээс дотоод үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өөрийн эзэмшлийн газраа ашиглахад “Б” ХХК нь шууд болон шууд бусаар санаатай хохирол учруулж, газрыг чөлөөлж өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд “С” ХХК өөрийн эзэмшлийн Б дүүргийн 20 дугаар хороо хаягт байршилтай аж ахуйн зориулалттай газраас БНХАУ-ын “Б” ХХК-ийн машин, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг албадан нүүлгэж газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ихэсгэсэн шаардлагадаа: Манай “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох “С” ХХК-ийн эзэмшлийн Б дүүргийн 20 дугаар хороо, хаягт байршилтай аж ахуйн зориулалттай газраас “Б” ХХК-ийн машин, техник, тоног төхөөрөмж эд хөрөнгийг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг 2020 оны 5 сарын 20-ны өдрийн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 07927 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Хариуцагч “Б” ХХК нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани юм. Манай компанийн эзэмшлийн 7,000 м2 талбайтай ахуйн хашааны газрын нийт талбайн 3,982 м2 газарт тус “Б” ХХК нь өөрийн барилгын материал болон БНХАУ-аас оруулж ирсэн ажиллах хүч болох хятад ажилтнууд агуулахын байранд байрлан амьдарч, үйл ажиллагаагаа 2016 оноос хойш явуулж ирсэн. Тухайн үед тус компанийн удирдлагууд нь бидэнтэй агуулах түрээс, манай газрын тодорхой хэсгийг аж ахуйн болон тоног төхөөрөмж, эд хөрөнгөө хадгалуулахаар ашиглахаар тохиролцсон боловч нүүн орж үйл ажиллагаа явуулж эхэлснийхээ дараа гэрээ хийхгүй, удаа дараа тус компанийн төв оффист очин уулзахад элдэв шалтаг тайлбарлан, удирдлагууд нь ойрхон солигдож, том дарга байхгүй гэх мэтчилэн итгэл үнэмшил төрүүлэх замаар хойшлуулсаар өнөөдрийн хүрсэн юм. 2017 онд манай компани албан бичиг өгч цахилгаан хэрэглээ, хог хаягдлын төлбөр болон харуул хамгаалалтын зардлыг шаардсан боловч аргацаагаад өнгөрсөн болно. Тухайн үед буюу 2017 оны цахилгаан хэрэглээ, хог хаягдлын төлбөр гэж 13,800,000 төгрөг шаардахад 2,000,000 төгрөгийг өгөөд үлдсэн хэсгийг дараа өгнө гээд одоо болтол өгөхгүй байгаа. Манай компани 2020 оны 02 дугаар сарын 05-нд “Б” ХХК-ийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор өмнөх төлбөрүүдээ төлж барагдуулан, газрыг чөлөөлж өгөхийг хүссэн шаардлагыг хүргүүлсэн боловч тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хариу албан бичгээр “газар чөлөөлөх боломжгүй” гэсэн хариу өгөөд зогсохгүй, газрын эзэмшигч “У” компанитай 2014 оноос түрээсийн гэрээ байгуулан түрээсийн төлбөр төлж байсныг бид саяхан мэдлээ. Манай “С” ХХК нь Б дүүргийн 20 дугаар хороо хаягт байршилтай аж ахуйн зориулалттай 7,000 м2 газрыг эзэмшиж, ашигласны төлөө улсад газрын төлбөр төлж байгаа билээ. Тодруулбал манай компани газрын төлбөрийн нийлсэн актаар 2016 онд 770,000 төгрөг, 2017 онд 1,540,000 төгрөг, 2018 онд 1,540,000 төгрөг, 2019 онд 5,334,000 төгрөг, 2020 оны 1, 2 дугаар улиралд 2,667,000 төгрөг, нийт 11,851,000 төгрөгийг төлж байна. Хариуцагч “Б” ХХК нь манай 7,000 м2 газраас 3,800 м2 газрыг 2016 оноос өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа тул 2016 оны газрын төлбөрт 418,000, 2017 онд 836,000 төгрөг, 2018 онд 836,000 төгрөг, 2019 онд 2,895,600 төгрөг, 2020 оны 1, 2 дугаар улиралд 1,447,800 төгрөг, нийт 6,433,400 төгрөгийг газрын төлбөрт “Б” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна. Мөн манай компани 2016 оны 5 дугаар сараас уг аж ахуйн хашаа болон хариуцагч “Б” ХХК-ийн ашиглаж байгаа агуулах, мөн тус компанийн техник, эд хөрөнгийг хадгалж, хамгаалуулахаар харуулын 2 ээлжийн ажилтан авч, өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа. Харуулын ажилтанд сард 350,000 төгрөг ажлын хөлс цалинд өгдөг. 2016 оны 5 дугаар сараас хойш 4 жил гаруй хугацаанд 1 сард харуулын цалин хөлсний зардалд 700,000 төгрөг ба 2016 оны 5 дугаар сараас 2020 оны 7 сар хүртэл нийт 50 сарын хугацаанд 35,000,000 төгрөгийг манай компани зардал гаргаж “Б” ХХК-ийн техник тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хадгалж, хамгаалж байна. Иймээс “Б” ХХК-иас энэхүү харуулын ажилтны цалин хөлсний зардал 35,000,000 төгрөгийн 50 хувь буюу 17,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай “С” ХХК-ийн зүгээс дотоод үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өөрийн эзэмшлийн газраа ашиглахад “Б” ХХК нь шууд болон шууд санаатай хохирол учруулж, газрыг чөлөөлж өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд 23,933,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулж өөрийн хууль ёсны эзэмшлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Уг шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагыг 23,933,400 төгрөгөөр ихэсгэсэн билээ. Ингээд нэхэмжлэлийн шаардлагуудын хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1/ Хууль ёсны эзэмшлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага: Б дүүрэг, 20 дугаар хороо, хаягт байршилтай, аж ахуйн зориулалттай, 7,000м2 талбайтай газрыг “С” ХХК нь хамгийн анх “У” ХХК-иас Б дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу, ямар нэг хуулийн зөрчилгүйгээр шилжүүлэн авсан. Үүнээс хойш Э буюу эзэмших дугаар авахаар дахин хэмжилт хийлгэхэд газрын нарийвчилсан хэмжээг 6,995м2 гэж тогтоосон ба нэгж талбарын дугаар нь 16 болсон. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “С” ХХК-д 00 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байдаг. “С” ХХК нь анх 2014 онд маргаан бүхий газар нүүж очсон. 2016 оноос эхлээд “Б” ХХК нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулахаар манай компанитай харилцан тохироод БНХАУ-аас ажиллах хүч оруулж ирэн агуулахын байранд ажилчдаа оруулсан. Тухайн үед тус компанийн удирдлагууд нь бидэнтэй агуулах түрээс, аж ахуйн болон тоног төхөөрөмж, эд хөрөнгөө хадгалуулахаар тохиролцсон боловч нүүн орж үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа гэрээ хийхгүй, удаа дараа очин уулзахад элдэв шалтаг тайлбарлан, удирдлагууд нь ойр ойрхон солигдож, том дарга байхгүй гэх мэтчилэн итгэл үнэмшил төрүүлэх замаар хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар манай эзэмшил газрын буюу нийт 6,995м2 талбайн 3,982 м2 талбайд хариуцагч нь өөрийн барилгын материал, тоног төхөөрөмжийг байрлуулсан, нэхэмжлэгчийг ашиглах боломжгүй болгосон байгаа. Иймд “С” ХХК өөрийн эзэмшлийн эрхийн улсын Э-2 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 16 дугаартай, Б дүүрэг, 20 дугаар хороо, хаягт байршилтай, аж ахуйн зориулалттай 6,995м2 талбайн 3,982 м2 талбайг хариуцагч “Б” ХХК-ийн машин, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг албадан нүүлгэж газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан, уг шаардлагаа дэмжиж байна.
2/ 23,933,400 төгрөгийн шаардлага: Хариуцагч “Б” ХХК нь манай компанийн эзэмшлийн 6,995м2 талбайн 3,982 м2 хэмжээтэй газарт өөрийн барилгын материал болон БНХАУ-аас оруулж ирсэн ажиллах хүч болох хятад ажилтнууд агуулахын байранд байрлуулан, үйл ажиллагаагаа 2016 оноос хойш явуулж ирсэн. Тухайн үед тус компанийн удирдлагууд нь бидэнтэй агуулах түрээс, манай газрын тодорхой хэсгийг аж ахуйн болон тоног төхөөрөмж, эд хөрөнгөө хадгалуулах, ашиглахаар тохиролцсон боловч нүүн орж үйл ажиллагаа явуулж эхэлснийхээ дараа гэрээ хийхгүй, удаа дараа тус компанийн төв оффист очин уулзахад элдэв шалтаг тайлбарлан, удирдлагууд нь ойрхон солигдож, том дарга байхгүй гэх мэтчилэн итгэл үнэмшил төрүүлэх замаар хойшлуулсаар өнөөдрийн хүрсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Хадгалалтын гэрээг заавал бичгээр хийх зохицуулалт, шаардлага хуульд байхгүй. “С” ХХК нь Б дүүргийн 20 дугаар хороо байршилтай аж ахуйн зориулалттай 6,995м2 газрыг эзэмшиж, ашигласны төлөө улсад газрын төлбөр төлж байгаа. Үүнээс гадна манай компани 2016 оны 5 дугаар сараас уг аж ахуйн хашаа болон хариуцагч “Б” ХХК-ийн ашиглаж байгаа агуулах, мөн тус компанийн техник, эд хөрөнгийг хадгалж, хамгаалуулахаар харуулын 2 ээлжийн ажилтан авч, өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа. Эдгээр харуулын ажилтнууд нь хариуцагчийн эд хөрөнгийг харж, хамгаалж байгаа. Газрын төлбөрийн болон харуулын ажилтанд сард 350,000 төгрөгийн цалин өгч байгаа талаарх дэлгэрэнгүй баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Ийм учраас манай компани газрын төлбөрийн нийлсэн актаар 2016-2020 оны 1, 2 дугаар улиралд нийт төлсөн 11,851,000 төгрөгийн тал хувь буюу 6,433,400 төгрөг, 2016 оны 5 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл нийт 50 сарын хугацаанд хоёр харуул, хамгаалалтын ажилтанд төлсөн 35,000,000 төгрөгийн 50 хувь буюу 17,500,000 төгрөг, нийт 23,933,400 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас манай компанийн машин, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, мөн “Б” ХХК-иас 23,933,400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг өнөөдрийн хурлаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа. Б дүүрэг, 20 дугаар хороо хаягт байршилтай, аж ахуйн зориулалттай, 7,000м2 орчим талбайтай газрын 3,982 м2 талбайд хариуцагч нь өөрийн барилгын материал, тоног төхөөрөмжийг байрлуулсан үйл баримтын талаар маргахгүй. Гэхдээ манай компанийн эд хөрөнгө байгаа аж ахуйн зориулалттай газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301 захирамжаар “Ж” ХХК-иас “У” ХХК-д 10,000 м2 газрын эрх шилжүүлсэн. Харин Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/312 тоот шийдвэрээр “С” ХХК-д 7,000 м2, “У” ХХК-д 3,000 м2 газрыг тус тус хувааж эзэмшүүлсэн байдаг. “С” ХХК-ийн захирал П.У “У” ХХК-ийн эзэмшлийн 7,000 м2 газрыг залилан хийж шилжүүлэн авсан үйлдэлд Б дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой гэж үзэж байна. Хариуцагч талаас хэрэв үнэхээр “С” ХХК нь маргаан бүхий газрын жинхэнэ эзэмшигч мөн бол бид нэхэмжлэлийг биелүүлэх боломжтой гэсэн байр суурьтай байгаа. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаас үзэхээр нэхэмжлэгч нь манай эд хөрөнгө байгаа 3,982 м2 талбайн жинхэнэ, хууль ёсны эзэмшигч гэж үзэхэд бэрхшээлтэй, уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа. Ийм баталгаа, баримт байхгүй учир хэргийг эцэслэн шийдвэрлэхийг зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “У” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. Иймд газрын эзэмшигч тодорхой болтол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. 23,933,400 төгрөгийн шаардлагыг бол бүхэлд нь зөвшөөрөхгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэгч хэлж байгаа. Гэтэл энэ талаар ямар нэг баримт байхгүй. “С” ХХК нь угаасаа л газрын төлбөрийг өөрөө төлөх үүрэгтэй. Гэтэл манайхтай хадгалалтын гэрээ байгуулсан мэтээр ярьж байгаа нь буруу. Харуулын ажилтанд сард 350,000 төгрөгийн цалин өгч байгаа талаарх баримтгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших №00 тоот гэрчилгээ авагджээ. Уг гэрчилгээгээр “С” ХХК-д Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 16 дугаар бүхий, 6995.0 м2 газрыг ХАА-н машин, механизмын хашаа, гаражийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын Э-2 дугаарт бүртгэсэн байна /хх 91 хуудас/.
2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулж “С” ХХК-ийн эзэмшлийн, Б дүүрэг, 20 дугаар хороо,хаягт байршилтай, аж ахуйн зориулалттай газраас “БСИЖМН” ХХК-ийн машин, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...‘С’ ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа нийт 6,995м2 талбайн 3,800м2 талбайд нэхэмжлэгч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин үлдэх 3,195м2 талбайд хариуцагч компанийн эд хөрөнгө байгаа. Уг талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ” гэж тайлбарласан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч өөрийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд:
1/ Газрын төлбөрт төлсөн 6,433,400 төгрөгийг гаргуулах;
2/ Хариуцагч “Б” ХХК-ийн техник тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хадгалж, хамгаалуулсан зардлын тал хувь болох 17,500,000 төгрөгийг гаргуулах;
Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал “...‘С’ ХХК нь хуульд заасны дагуу газар ашигласны төлбөрөө төлдөг. Хариуцагчаас шалтгаалж 2016 оноос хойш газраа бүрэн хэмжээгээр ашиглаж чадаагүй. Иймд газрын төлбөрт төлсөн мөнгөний хариуцагчид оногдох хэсэгт 6,433,400 төгрөг, манай газар дээрх хариуцагч ‘Б’ ХХК-ийн техник тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хадгалж, хамгаалуулахад гарсан зардлын тал хувь болох 17,500,000 төгрөг, нийт 23,933,400 төгрөгийг хариуцагчаас Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулж авна” гэж тайлбарлаж байна.
Нэг. Газар чөлөөлүүлэх шаардлага:
Хариуцагчийн зүгээс “...3,195м2 талбайд манай эд хөрөнгө байгаа талаар маргахгүй. Харин газрын эзэмшигчийн талаарх асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой” гэж маргасан.
Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгүүдэд заасан.
Энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой.
Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхгүйг, мөн газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгүүдэд хуульчилсан.
Б дүүрэг, 20 дугаар хороо, хаягт байршилтай, аж ахуйн зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч “С” ХХК байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хариуцагч “Б” ХХК нь тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа, уг газарт хариуцагчийн техник, хэрэгслүүд байгаа гэж үзэх үндэслэл Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12/3691 тоот албан бичиг, түүний хавсралт болон тухайн газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна /1 хавтас, 71-194, 206-225 хуудас/.
Иймд бусдын хууль бус эзэмшлээс өөрийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцнэ.
Хоёр. 23,933,400 төгрөгийн шаардлага:
Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д “Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ”, 422.2-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ” гэжээ.
Түүнчлэн хадгалуулагч нь хадгалагчид эд хөрөнгө хадгалсны зайлшгүй зардлыг төлөхийг Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4, 422.4.1 дэх хэсгүүдэд заасан байна. Өөрөөр хэлбэл хадгалалтын гэрээг төлбөртэй хийсэн эсэхээс үл хамаарч зайлшгүй зардлыг хадгалуулагч хариуцан төлөх ёстой.
Гэвч энэ талаарх нэхэмжлэлийг хангахгүй орхив. Учир нь газрын төлбөрийг газар эзэмшигч этгээд Газрын болон Газрын төлбөрийн тухай хуульд заасан журмын дагуу төлдөг бөгөөд уг төлсөн төлбөрийг хадгалалт хийхэд гаргасан зайлшгүй зардал гэж үзэхгүй. Мөн хэрэгт нэхэмжлэгчээс өөрийн шаардлагыг нотлох гэж харуул хамгаалалтын гэрээнүүдийг гаргаж өгсөн боловч уг гэрээний дагуу төлбөр төлсөн талаарх баримтууд байхгүй байна. Иймд энэ талаар гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан буюу эрүүгийн, иргэний өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй гэж шүүхээс үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 422 дугаар зүйлийн 422.4.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн эзэмшлийн, нэг талбарын 1681910028 дугаар бүхий 6,995 м2 газрыг хариуцагч “Б” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Б” ХХК-иас 23,933,400 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 277,617 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× Í.ÕÀÍÃÀË