Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 36

 

Х-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0036/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Г.Мөнхболд,

Шүүгдэгч Х-, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х-ий давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1939008140424 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1996 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн 1-2 тоотод оршин суух, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 6 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх З овогт Б-н Х-

Х- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-02 тоотод 2 нас 10 сар 25 хоногтой бага насны хүүхэд болох С-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж, зодож алсан,

-урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-02 тоотод Б-, М- нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Б-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж  хүчиндсэн,

- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод бага насны хүүхэд болох 1 настай М.М- биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод бага насны хүүхэд болох М.С- дүү болох М.М- зодлоо гэж гарыг нь өргүүлж, хана мөргүүлэх, шилэн хүзүү рүү хөлөөрөө жийх, өшиглөх зэргээр зодсон, эхнэр М-ыг хүү М.М- өмөөрлөө гэж хөлөөрөө өшиглөж, дагзан тус газар нь гараараа 2 удаа цохиж зодсон,

- 2019 оны 12 дугаар сард эхнэр М-ыг эрэгтэй хүнтэй утсаар ярилаа гэж хардан гараараа алгадаж зодсон,

- 2019 оны 12 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 20-ны хооронд гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд болох С-, М- нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түлхэх, өшиглөх, алгадах зэргээр байнга зодсон, энэ цаг хугацаанд харгис хэрцгий хандаж, догшин авирлан хүү С-, М-, эхнэр М- нарыг удаа дараа зодсон, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овгийн Б-н Х-ийг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, урьд нь хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсоны дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасны дагуу оногдуулсан бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг бүх насаар  хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу Х-д 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 28 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан бүх насаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг бүх насаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч Х-д оногдуулсан бүх насаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлж, шүүгдэгч Х-ий 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хоригдсон 185 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х-ээс 2885500 төгрөгийг гаргуулж хохирогч М-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х- давж заалдах гомдолдоо: Миний бие архи уугаагүй, эрүүл ухаанаар сэтгэж байсан бол тэр хөөрхөн нялх амьтныг хөнөөж, Б-ыг хүчиндэхгүй байсан. Миний ээж О нь залуу насандаа нуруундаа хүнд гэмтэл авч өнөөг хүртэл бусдын асрамжид байдаг. Би ээжийгээ шаналгаж, зовоож, амьдын шаналалд оруулсандаа харамсаж байна. Ээж маань намайг хүлээхгүй ч гэсэн миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг 20 жилийн хугацаатайгаар хорих ял болгож багасгаж өгнө үү. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Х- нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг, түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар маш олон гэрчүүдийг асуусан байдаг. Х-ийг бага байхад нь эцэг, эх нь салж, эцэг, эхийн анхаарал хайр халамж, гэр бүлийн элэг бүтэн байдал алдагдсан. Дунд сургууль төгсөж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бетон арматурчны мэргэжлээр суралцаж байгаад гэмт хэрэгт холбогдож шийтгүүлсэн. Гэвч Х- нь хувь хүнийхээ хувьд эелдэг зан ааштай, буруугаа ойлгож хүлээж авах чадвартай гэж гэрчүүд мэдүүлдэг.

Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Б-, М-, Х- нар нь хамт архидан согтуурсан нөхцөл байдал харагддаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь хохирогч Б- нь бага насны хоёр хүүхдийнхээ дэргэд архидан согтуурсны улмаас хүүхдийн амь нас эрсэдсэн. Х-ий хувьд хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж, хяналт тогтоогдсон байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавих үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэж байна.

Мөн Х- нь 2019 оны 11 сараас эхлэн бага насны 2 хүүхдийг зодсон асуудал яригддаг. Ийм нөхцөл байдалд байсан ээжийн хувьд хүүхдүүдээ хамгаалж цагдаа болон хүүхэд хамгаалах байгууллагад хандаж түр хамгаалах байр, хохирогчийг хамгаалах байранд байрлах хүсэлт гаргах болон ойр дотны хүмүүстээ хандах боломжтой байсан. Энэхүү арга хэмжээг авсан бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх боломж байсан.

Х-ий ээж О 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан, ясны сүрьеэ оноштой, байнгын асрамжид байдаг. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ”, тус хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан байдаг. Монгол Улс цаазын ялыг халж, бүх насаар нь хорих ялыг хуулиндаа тусгаж өгсөн. Энэ нь цаазын ялаас амьд байгаагаараа л ялгаатай юм. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Х-ий гаргасан гомдлыг хүлээн авч хугацаагүй хорих ялыг хугацаатай хорих ялаар сольж өгнө үү. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 20 жилийн хорих ял оногдуулахаар санал тавьсан байсан гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал түүний гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргээс харахад хохирогч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж байна. Шүүх өөрийн бүрэн эрхийн хэмжээнд дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Х-ий ээжийг 65 настай, хөдөлмөрийн чадвараа алдсан гэж ярьсан атлаа гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарын сэтгэл санаа ямар байгаа талаар ярихгүй байгааг гайхаж байна. Анхан шатны шүүхээс Х-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Х-ий давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Х- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-02 тоотод өөрийн гэртээ 2 нас 10 сар 25 хоногтой бага насны хүүхэд болох М.С- биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж, зодож алсан,

 - урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-02 тоотод Б-, М- нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Б-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж  хүчиндсэн,

- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод бага насны хүүхэд болох 1 настай М.М- бие хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод бага насны хүүхэд болох М.С- дүү болох М.М- зодлоо гэж гарыг нь өргүүлж, хана мөргүүлэх, шилэн хүзүү рүү хөлөөрөө жийх, өшиглөх зэргээр зодсон, эхнэр М-ыг хүү М.М- өмөөрч авахад нь хөлөөрөө өшиглөж, дагзан тус газар нь гараараа 2 удаа цохиж зодсон,

- 2019 оны 12 дугаар сард эхнэр М-ыг эрэгтэй хүнтэй утсаар ярилаа гэж хардан гараараа алгадаж зодсон,

- 2019 оны 12 сараас 2019 оны 12 дугаар сарын 20-ны хооронд гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд болох С-, М- нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түлхэх, өшиглөх, алгадах зэргээр байнга зодсон, энэ цаг хугацаанд харгис хэрцгий хандаж, догшин авирлан хүү С-, М-, эхнэр М- нарыг удаа дараа зодсон, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн  болох нь: 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Х- миний хүүг алсан. ...2019 оны 12 дугаар сарын 18-нд ...ажилдаа яваад орой гэртээ ирэхэд бага хүүгийн маань нүүр нь энд тэндээ хөхөрчихсөн, зүүн талын хамрынх нь нүх шархалчихсан, хэвлий хэсэг нь хөхөрчихсөн, хүзүү нь боосон юм уу гэмээр 2 талаараа улайчихсан, гар нь хавдчихсан байсан...

....2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хардаж зодсоноос хойш “хүүхдээ өмөөрлөө” гэж ганц хоёр удаа алгадаж байсан ч надад гэмтэл учирч байгаагүй. ...2019 оны 11 дүгээр сараас миний 2 хүүхдэд гар хүрдэг болсон, хэлэхээр би хүүхдүүдээ өөрөө мэдэж байна, чамайг өмөөрөөд байхаар уур хүрээд байна гэж хэлдэг байсан.  ...Би Х-ийг надад болон 2 хүүхэд маань муу зүйл хийчихвий гэж айгаад хуулийн байгууллага болон ар гэрийнхэндээ нэг ч үг цухуйлгаагүй байсан. ...2019 оны 11  дүгээр сарын 16-ны орой ажлаа тараад гэртээ ирсэн чинь бага хүү М- бөгснийх нь нүх ангайгаад урагдчихсан байсан. ...нилээн хэд хоногийн дараа  Х-ийг согтуу байхад нь асуухад Х- “ би 2 хуруугаа хийчихсэн юм, тэгээд уйлахаар нь больчихсон” гэж хэлсэн. ...2019 оны 11 дүгээр сарын 29-ний орой намайг эмнэлэгт хэвттэл зодсон. ...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр талийгаач хүү маань дүүгээ ундааны саваар цохичихсон чинь Х- хүүг маань тонгойлгоод шилэн хүзүү рүү нь хөлөөрөө доош нь дараад жийгээд байсан ...би  хүүгээ өмөөрөөд авсан чинь хүү бид хоёрыг давхар өшиглөөд унагаасан. ...Х-д маш их гомдолтой...” гэх мэдүүлэг /хх 49, 52-53х, 56-60х/

Хохирогч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х- гэнэт миний дээрээс дарж аваад “дуугүй байгаарай гичий минь” гээд миний 2 гарыг бариад авсан ...би М-ыг дуудаж сэрээх гээд их орилсон. ...Х- “дуугүй бай, ална шүү” гээд миний амыг дараад толгой, нүүр рүү гараараа цохисон. Тэгээд намайг хүчиндсэн, цавь, хэвлийн доод хэсгээр их өвдсөн.. ... М- манай ажил дээр хүүхдүүдээ дагуулаад ирсэн, бага хүүгийнх нь нүүр хөхөрчихсөн байсан, ах нь аав зодсон гэж байсан. ....М-ыг 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр зодсон байсан. ...Би Х-д гомдолтой...” гэх мэдүүлэг /хх 66-68х/,

   Гэрч С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг 01 минутад “Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-2 тоотод хүүхэд амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тухайн хаяг руу 06 цаг 07 минутад очсон. ...намайг гэр рүү нь ороход гэр дотроос архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...талийгаачийн биед үзлэг хийхэд С- нь нас барчихсан, цогцос хөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх 84х/,  

Гэрч М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С- манай аавынд ирсэн байсан. С- баруун талын гуяны гадна болон дотор талд хөхөрсөн байсан. Би “үнсье” гээд чанга дуугарсан чинь С- айгаад гар хөл нь салгалаад суугаад өгсөн. Урьд нь ийм хүүхэд байгаагүй. С- их аймхай болсон байсан. Мөн С- хүзүүний орчим улаан өнгийн зураас гарсан байсан. Би яагаад энд улайсан юм гэж С-эс асуухад С- цамцны захаа бариад өөрийгөө боосон үйлдэл хийж үзүүлсэн. ...манай дүү М- бидэнд хэлэхгүй их дарамтад байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 101-103х/,  

Гэрч Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М- унжийгаад маш сонин байдалтай болсон байсан. ...нүүр нь нилэнхүйдээ хөхөрсөн, биеийнх нь хэвлий хэсэг, цавь, нуруу хөхөрсөн байсан.  ... 2019 оны 12 дугаар сарын 09-ний өглөө ... М-ын баруун нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх 106-107х/,

Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...М- гэх 1 настай хүүхдийг үзсэн. Эмнэлэгт ирэх үедээ нүүрээр хавантай, баруун нүдний доор хацар орчимд зөөлөн эдийн хөхрөлт няцралтай, хэвлийн урд хана, баруун хавирганы нумаар, мөн зүүн цавь хуухнаг орчимд зөөлөн эдийн хөхрөл няцралттай, ар нуруунд зөөлөн эдийн няцралтай, баруун гар сарвуу хэсгээрээ хавантай зөөлөн эдийн няцралтай байсан...” гэх мэдүүлэг /хх 122-123х/,

Гэрч М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүүхдийг үзэхэд шулуун гэдэсний амсар бага зэрэг бүлтийсэн, хошногоны амсар бага зэрэг онгорхой, ямар нэгэн шарх сорвигүй байсан...” гэх мэдүүлэг /хх 124х/,  

Гэрч О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын эхээр хүү Х- эхнэр М-даа гар хүрсэн байсан...” гэх мэдүүлэг /хх133-134х/,

Шинжээч Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...элэгний урагдалт задрал бүхий гэмтэл учирсан үед шокийн байдалд орно. Талийгаачийн хэвлийн хөндийд үүссэн цус хуралтууд бүлэгнэсэн байдалтай байсан.  Амь хохирогч элэгний урагдал задрал бүхий гэмтлийг авснаас хойш 3-4 цагийн хугацаад амьд байсан байх боломжтой. Учир нь гэмтлийн улмаас цус алдалт явагдаж, хүндрэлийн улмаас нас барна. Шокийн байдалд орсон үед ямар нэгэн идэвхитэй үйл хөдлөл хийх, юм ярих, уйлах зэрэг үйлдэл хийх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх 152х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний  өдрийн 02 дугаартай

“ - Талийгаач М.С- цогцост элэгний урагдал, задрал, хэвлийн  хөндийн шингэн хуралт, зүүн чамархай зүүн нүдний доод  хэсэг, зүүн хацар, эрүү  уруулын баруун  хажуу хэсэг, нуруунд цус  хуралт  гэмтэл тогтоогдлоо...

  •  

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай

- М-ын биед тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо...

...Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 150х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  25 дугаартай

- М.М-  биед тархи доргилт, хамарт шарх, зулгаралт, зүүн дал, нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хүзүү, хэвлий, цавь, баруун  сарвуу, баруун зүүн гуянд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо...

...Уг гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 153х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 347 дугаартай

- Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б-ын өмсөж байсан гэх цагаан /цайвар саарал/ өнгийн дотоож дээр цус илрээгүй...

....Хохирогч Б-ын өмсөж байсан гэх цагаан /цайвар саарал/ өнгийн дотоож дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн...” гэсэн биологийн шинжилгээний дүгнэлт /хх 165х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 378 дугаартай

- Шинжилгээнд ирүүлсэн Б-ын үтрээнээс авсан гэх арчдаст үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна...” гэсэн шүүх-ДНХ-н шинжилгээний дүгнэлт /хх 168х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2520 дугаартай

- Б-ын үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь Х-ий гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн шүүх-ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтэнд /2хх 222х/,

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шинжээчийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 3 дугаартай

- Х- гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн ямар нэгэн эмгэг өвчин үгүй, сэтгэцийн  хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэсэн дүгнэлт /хх 172х/,

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2хх 227-235х/,

Эрсдлийн түвшинг “өндөр” гэж тогтоосон Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /2хх 236-237х/,

Х-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна. 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж байх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Х-ийг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, урьд нь хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсоны дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд бүх насаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул “шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х-ий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х-ий цагдан хоригдсон 35 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА