Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 147

 

Д.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч П.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр магадлалтай, 1718002400102 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Э-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-гийн Э нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 599,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Э гаргасан гомдолдоо “...Миний бие анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа ойлгон, сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Хохирол, эмчилгээний зардалд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 280,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг хугацаа тогтоон төлөхөө илэрхийлж, нотариатаар баталгаажуулж хохирогчийн хамт гарын үсэг зурсан баримт гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн нотариатаар гэрчлүүлсэн баримтыг харгалзан үзэлгүй “хохирол бүрэн төлөгдөөгүй” гэсэн үндэслэлээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч торгох ял оногдуулж өгнө үү гэж хохирол төлбөрийг бүрэн төлсөн баримт болон ажил орлоготойгоо нотолсон баримтыг хавсарган давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх надад торгох ял оногдуулах боломжтой байхад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдааны товыг надад болон өмгөөлөгчид мэдэгдээгүй, биднийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Би гэм буруугаа ойлгож, хохирогчид нийт 930,000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр гаргаж өгсөн бөгөөд би эхнэр, 1-10 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, жолооч, мах ачигч ажилтай, сарын 600,000 төгрөгийн цалинтай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заасан. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж, хохирогчтой эвлэрсэн. Мөн хохирлын заримыг нь төлсөн, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирлыг барагдуулсан, улсын яллагч торгох ял оногдуулах санал тавьсан байхад анхан шатны шүүх уг саналыг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэсэн заалтыг зөрчсөн. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаар өөрийн үндсэн ажилгүй болох нөхцөл байдал бий болж байгаа тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Э-гийн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Харин хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, прокурорын саналын хүрээнд гэснээс хальж хэргийг шийдвэрлэсэн. Иймд гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “З” зочид буудалд найз Б.Б-тэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдах явцдаа төмсөгнөөс нь базаж “төмсөг, умдагны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Э-гийн дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хуулийг зөв хэрэглэсэн байна.

Уг хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин прокуророос Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Д.Э-гийн хувьд өрхийн хэдэн төгрөгийн орлоготой нь тодорхойгүй, “Хадатын Ундарга” ХХК-д мах ачигч ажилтай гэх боловч үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд 599,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Шүүгдэгч Д.Э нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчид 650,000 төгрөг, урьд өгсөн мөнгөтэйгөө нийт 930,000 төгрөгийг нөхөн төлж, “Хадатын Ундарга” ХХК-д жолоочоор ажилладаг, нэг сарын 600,000 төгрөгийн цалин, хөлстэй болохыг тодорхойлсон уг компанийн тодорхойлолт зэргийг гарган өгч, нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулахаар гомдол гаргасан бөгөөд энэхүү нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан ял тохирсон гэснээс өөрөөр түүний гомдлыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлоогүй байна.

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн, хохирогчид учруулсан хохирлыг шүүгдэгч бүрэн хэмжээгээр нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг харгалзан Д.Э-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Э-гийн “ялыг хөнгөрүүлэн тогтоож өгөхийг хүссэн” гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын нийтэд тустай ажил хийлгэх ялтай холбогдох заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН