Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0108

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч татварын улсын байцаагч Т.*******, Х.*******, Б.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Х.*******, Т.*******, Б.*******, Х.Батхишиг нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 241 дүгээр зүйлийн 241.1-д заасныг баримтлан “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагчид “******* *******” ХХК-ийн      2010-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21020529 тоот актаар нийт 87.036.178.512 төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгч эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

  1. Татварын улсын байцаагчид тус компанийн 2010-2014 оны ашигт малтмалын
    нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт
    хийсэн. Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсэгт Ашигт малтмалын
    тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, 47.4, 47.5, 47.8, 47.12
    дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн актаар төлбөр ногдуулсан. Гэтэл шүүх
    шийдвэр гаргахдаа дээрх хууль тогтоомжийн заалт зөрчигдсөн эсэх, Засгийн
    газрын тогтоолууд л гэж дүгнээд байх боловч яг хэдэн оны ямар тогтоолуудыг
    актыг гаргахдаа үндэслэсэн эсэх, тэдгээр тогтоол нь хууль тогтоомж зөрчсөн
    эсэхийг тогтоогоогүй, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болох
    Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014
    оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор хүчингүй болгож
    шийдвэрлэсэн Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4.4 дэх заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн “төмрийн баяжмал”-д
    холбогдох хэсэг, Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар
    хавсралтын 3 дахь заалт, 2013 оны 131 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус
    тус үндэслэсэн эсэхийг тогтоогоогүй байж шийдвэр гаргаж буй нь үндэслэл
    бүхий шийдвэр болж чадаагүй гэж үзэхээр байна.
  2. Хэрэв Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014       оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор дээрх Засгийн газрын тогтоолуудын холбогдох заалтыг хүчингүй болгосон нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгохдоо шүүхийн шийдвэрийг буцаан хэрэглэж буй нь хууль тогтоомжид нийсэн гэж үзэхээргүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно” 120 дугаар зүйлийн 120.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 120.1.3-д “Хяналтын шатны шүүх гомдлыг хянаад нэн хуулийн 176.2.1-176.2.3-д заасан тогтоол гаргасан бол” гэж заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын дээрх тогтоолын холбогдох заалтууд хүчингүй болж тухайн өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх хуулийн зохицуулалттай байна. 2010-2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан эрх зүйн актуудыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь хууль тогтоомжид нийцэж байгаа болно. Өөрөөр хэлбэл, 2010-2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд татвар төлөгчийн гаргасан зөрчил нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрх зүйн актад хамааралтай болно. Зөрчил гарах үед дээрх эрх зүйн актууд нь хүчин төгөлдөр үйлчилж байсны зэрэгцээ эрх бүхий байгууллага, шүүхээс аль аль нь хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоож маргаан гараагүй байсныг тэмдэглэх нь зүйтэй байна.
  3. Татварын улсын байцаагчид 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх эрх зүйн акт болох Засгийн газрын тогтоолуудыг үндэслэсэн эсэхийг мөн шүүх тогтоогоогүй хэргийг тал бүрээс нь бүрэн хянаж үзэлгүй, нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

            Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 930 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэв.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Х.*******, Т.*******, Б.*******, Х.Батхишиг нар “******* *******” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 дүгээр актаар тус хуулийн этгээдийг “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Засгийн газраас тогтоосон олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг үнийг хэрэглэлгүйгээр өөрийн гэрээний үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогыг бууруулсан” зөрчил гаргасан гэж үзэж, нийт 87,036,178,512.1 төгрөгийн төлбөр ногдуулсан, “******* *******” ХХК уг актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргахдаа “…Засгийн газрын тогтоосон жишиг үнэ болон төмрийн *******, баяжмалын ангилал тогтоосон тогтоолуудыг Улсын Дээд шүүхийн 2014 оны тогтоолоор хүчингүй болгосон байхад Татварын ерөнхий газар шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, хууль бус Засгийн газрын тогтоолуудыг үндэслэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”,  47.8-д “Энэ хуулийн 47.5-д заасан *******, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж тус тус заасан байна.

Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол  банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг баталсан 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь заалт, Ашигт малтмалын *******, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг баталсан Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсэг, 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нар “******* *******” ХХК-ийн 2010-2014 онд экспортод гаргасан төмрийн *******, баяжмалын борлуулалтад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дээрх Засгийн газрын тогтоолын дагуу тооцсон нь үндэслэлтэй байна.

Учир нь олон улсын зах зээлийн үнийн эх сурвалжийг тогтоосон дээрх Засгийн газрын тогтоол Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор хүчингүй болохоос өмнөх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон татварын тайланд тусгаж, татвар төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол 2014 оны 10 дугаар сард хүчингүй болсон нь нэхэмжлэгч “******* *******” ХХК 2010 оноос  2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тухайн тогтоолд заасан жишиг үнэ, аргачлалын дагуу бодож төлөөгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

Мөн Засгийн газрын тогтоол нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсны дараа буюу 2014 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо хариуцагч нар Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно”, 48.1.2-т “жишиг үнийн арга” гэж заасны дагуу Сангийн яамны 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-2/5633 дугаар албан бичгээр ирүүлсэн олон улсын зах зээл дээрх төмрийн хүдрийн үнийн мэдээлэл, судалгааг үндэслэл болгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасантай нийцжээ.

Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байх тул хариуцлага болох                     15,931,560,597 төгрөгийн торгууль, 17,999,414,625.4 төгрөгийн алданги, нийт 33,930,975,222.4 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулах нь зүйтэй.

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, 47.4, 47.5, 47.8, 47.12, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын гаргасан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 дугаар актаар тогтоосон 15,931,560,597 төгрөгийн торгууль, 17,999,414,625.4 төгрөгийн алдангийг тус тус өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                        ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

                        ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН