Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/00980

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 06 өдөр                         Дугаар 102/ШШ2021/00980                       Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 18 дугаар хороо оршин суух, А А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, 8 дугаар хороо оршин байх хаягтай, “Х” ХХК

 

Хариуцагч: Б дүүрэг, 20 дугаар хороо,  “Б” ХХК -д холбогдох

 

56,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И, хариуцагчийн төлөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Г, түүний өмгөөлөгч Ж.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А, түүний өмгөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.А 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Б” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч “Б” ХХК нь С дүүргийн 18 дугаар хороонд байрлах  39.83 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Орон сууцны үнэ 1 м2 талбайг нэхэмжлэгч 1,421,000 төгрөгөөр тооцож, нийт 56,600,000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-ийн кассанд тушааж, байрны үнийг бүрэн төлсөн. Тухайн гэрээг байгуулах үед орон сууц нь “Х” ХХК-ийн нэр дээр байсан нь тогтоогдсон. “Б” ХХК нь “Х” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсний үндсэн дээр байрны өмчлөлийг аваад нэхэмжлэгч рүү шилжүүлэх ёстой байсан ч уг үүргээ биелүүлээгүйгээс болж байр “Х” ХХК-д хэвээр үлдсэн байна. Өөрөөр хэлбэл “Б” ХХК нь нэхэмжлэгч А.Ан өмчлөл рүү орон сууцыг шилжүүлэх боломжгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх ямар ч боломжгүй болоод байгаа учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн 56,600,000 төгрөгийг буцаан шаардаад байгаа.

Нэхэмжлэгч нь анх орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай шаардлага гаргаж үүнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар “Х” ХХК-ийг татан оролцуулсан. Гэвч нэхэмжлэгч орон сууцны гэрчилгээ гаргуулах шаардлагаа өөрчилж мөнгө гаргуулах шаардлага болгосон учир хариуцагч “Х” ХХК-иас татгалзаж байна.

Хариуцагч талаас “мөнгө хүлээж аваагүй” гэж маргаж байгаа. Гэтэл хэрэгт 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт” авагдсан. Уг баримтад “Б” ХХК-ийн тамга дарагдаж, нягтлан бодогч нь гарын үсгээ зурсан. Мөнгө тушаагч нь  А.А, гүйлгээний утга дээр байр худалдан авсан төлбөр төлөв” гэж, тушаасан мөнгөний дүнг 56,600,000 төгрөг гэж тусгагдсан байгаа. 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу талуудын хооронд №7/25 тоот “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдах үед бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Г.А нь “Б” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Г.А болон “Б” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”, Г.Ан цагдаагийн байгууллагад өгч байсан гэрчийн мэдүүлэг зэрэг зөндөө баримтуудаар нотлогдож байгаа. Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох М.Г нь “Б” ХХК-д ажиллаж, тус компанийг төлөөлөн үйл ажиллагаа эрхэлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байгаа. Эдгээр хүмүүс буюу М.Г, Г.А нар нэхэмжлэгчээс байрны төлбөрт 56,600,000 төгрөгийг хүлээн авсан гээд хэлээд яриад байгаа. Нэгэнт нэхэмжлэгч А.Ас 56,600,000 төгрөгийг “Б” ХХК хүлээн авсан болох нь хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч “Б” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Б” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдаж, гадаад, дотоод худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Э.Г миний хувьд тус компанийг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Л.Нс шилжүүлэн авсан бөгөөд түүнээс хойш компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа. 2017 онд А.А нь надад маргаан бүхий гэрээг үзүүлж, байрны гэрчилгээг гаргуулахыг шаардах болсон. Ингээд бид компанийн холбогдох бичиг баримт, санхүүгийн баримтуудад шүүлт хийж үзэхэд С дүүрэг 18 дугаар хороо 39.83 м2 талбайтай 3 өрөө орон сууцны баримтууд байгаагүй. Энэ тухай А.А, Э.Б нарт хэлснээр тэд маргаан бүхий гэрээг байгуулсан  М.Гт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг гомдлыг Б дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байсан. Энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэгт “Б” ХХК-ийн зүгээс шаардлагатай бүх бичиг баримтыг гаргаж, холбогдох тайлбар, мэдүүлгийг өгч, “Т ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/18/73 тоот аудитын дүгнэлт гаргуулан өгсөн. Мөн компанийн баримт бичигт М.Г нь ямар нэг албан тушаал эрхэлж байсан мэдээлэл байхгүй, компанийн тамга тэмдгийг хууль бусаар ашиглан эсхүл хуурамчаар үйлдэж, А.Аг хууран мэхэлж, хуурамч гэрээ байгуулан мөнгийг авсан байна. Тухайн орон сууцны өмчлөлийн асуудлаар өнөөдрийг хүртэл маргаантай байгаа бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсан мөнгө компанийн тайлан, баланс, дансанд бүртгэгдээгүй, баримт бичгийн архивд хадгалагдан үйлдсэн зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсаар нэг жилийн хугацаа хэтэрсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг харахад худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 56,600,000 төгрөгийг гаргуулна гэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг бэлэн мөнгө хүлээн авсан кассын баримт гэсэн 2 баримт байгаад байна. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлаад, гэрээний төлбөрт төлсөн мөнгөө шаардаж байна гэж үзэж байгаа. Манай зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ гэрээ нь хууль бус байсан, энэ гэрээнд оролцсон этгээдүүдийг оролцуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Г.А, М.Г нар нь “Б” ХХК-д ажиллаж байсан эсэх талаар манай зүгээс маргаагүй. Та нар гэрээнд гарын үсэг зураад хүнээс мөнгө авах эрх бүхий албан тушаалтан биш байсан л гэж хэлээд байгаа юм. Гуравдагч этгээдүүдийн хэрэгт гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ нь өнгөт канон, хуулбар үнэн гэж байгаа. Г.Ан хувьд сүүлд гэрээгээ өгсөн. Гэвч М.Гтэй адил нүдээр харахад ч “Б” ХХК-иас гаргасан эх хувь биш байгаад байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс харахад эдгээр хүмүүс нь тус компанид ямар албан тушаал хашиж байсан талаар мэдээлэл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад эрүүгийн хэргийг хааж байгаа нь тухайн үед М.Гантөмөрт холбогдуулж гаргасан хэдий ч “энэ хэрэгт буруугүй” гэсэн утга огт биш. Тухайн дүгнэлтэд “Б” ХХК-ийн мөнгийг аваад идсэн юм байна гэх үг өгүүлбэр огт байхгүй. Зүгээр тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх ёстой гэх дүгнэлт байгаа. Мөн аудитын дүгнэлтийг ярихад А.Ас авсан 56,600,000 төгрөгийг компанийн дансанд хийсэн гэх баримт байхгүй. Тухайн үед компанийн Хас банкны дансанд мөнгө орж байсантай хэн ч маргаагүй. Харин А.Ас шилжиж ирсэн гэх нотлох баримт байхгүй. Гэрээнд гарын үсэг зурсан болон мөнгийг өгсөн, мөнгийг хүлээж авсан 2 хүн энэ асуудлыг хариуцах ёстой. Хууль зүйн хувьд маргаан бүхий гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас энэ гэрээг үндэслэж шаардах эрх байхгүй. Маргаан бүхий гэрээнд “Б” ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал М.Г гэж хүн гарын үсэг зурсан. Компанийн тухай хуулийн 83.8-д заасан байгаа. Улсын бүртгэлийн баримтаас үзэхэд тус өдрийн компанийн гүйцэтгэх захирлаар Н ажиллаж байсан, харин 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдрөөс Э.Г гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн. Иргэний хуулийн 183.1-т заасны дагуу маргаан бүхий гэрээг байгуулсан М.Г нь “Б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх ямар нэгэн эрх бүхий субъект биш байсан. Тэрээр энэ гэрээг хийснээрээ нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулсан. М.Г нь залилж хууран мэхлэх замаар нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулан гэрээг хийсэн гэж үзэж байгаа. Талуудын байгуулсан гэх гэрээний 4, 5 дахь заалтууд, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд гэрээ хийх өдөр тухайн орон сууц нь бүрэн ашиглалтад орсон байсан. Харин 2018 онд “Х” ХХК нь 2018 онд уг байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр орон сууцыг бусдад худалдан борлуулах эрхтэй этгээд нь М.Г огт биш.  Хариуцагчийн зүгээс уг гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсгийг зөрчсөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Гэрээг нотариатаар батлуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Цаашлаад компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах ямар ч үндэслэлгүй байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд “Б” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Миний мэдэхээр н.Н захирал “Б” ХХК-ийг 4, 5 сард худалдаж авсан гэдэг. Маргаан бүхий гэрээг зөвшөөрлийн үндсэн дээр хийж 56,600,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Ас хүлээн авсан. Мөнгийг авсан тухайн өдрөө л “Хас” банкны дансанд хийсэн. Гэхдээ яг 56,600,000 төгрөг биш бага зэргийн зөрүүтэй 55,000,000 орчим төгрөг “Б” ХХК-ийн данс руу орсон. “Т”-ын дүгнэлт дээр ч “Энэ мөнгө компанийн данс руу орсон болно” гэж байгаа. Намайг ажиллаж байхад “Б” ХХК нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд гэхэд 900,000,000 гаруй төгрөгийн өртэй, помпоо ломбардад тавьсан, нэлээд өртэй компани байсан. Дээрээс нь 2014 онд ямар ч нийгмийн даатгал төлөгдөөгүй. Би сүүлд нь очиж хэл ам хийж байж 2015 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгч А.А болон хариуцагч “Б” ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа. Хэрвээ уг гэрээ хариуцагчийн хэлээд байгаа шиг үнэхээр хүчин төгөлдөр бус юм бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжих асуудал яригдах ёстой. “Б” ХХК хүнээс мөнгө авсан учир уг мөнгөөрөө үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй. “Хас” банкны данс руу тухайн өдөр орсон баримтуудыг аудит судлаад 55,700,000 төгрөгийн орлого орсон гэж байгаа. А.Ас гэх гүйлгээний утгыг бичээгүйн улмаас М.Г, Г.А нарыг залилан хийсэн гэх мэт зүйлийг ярих нь үндэслэлгүй байна. Компанийн тухай хуульд зааснаар тухайн үед “Б” ХХК-ийн захирал н.Нс одоогийн захирал н.Г худалдах-худалдан авах гэрээ байгуулан компанийг авсан. Компанийг шилжүүлэн авснаар тэрээр эдийн бус хөрөнгө, өр авлага бүгдийг 100 хувь шилжүүлж авсан гэсэн үг. Тийм байж “...тухайн үед хийсэн хэлцэл одоо надад хамаагүй, би хариуцахгүй” гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Тухайн үед гэрээнд компанийг төлөөлж зурсан, гэхдээ захирал н.Н-н зөвшөөрлөөр гэрээ байгуулж, мөнгийг “Б” ХХК руу шилжүүлсэн. “Б” ХХК-ийн үндсэн данс руу мөнгө орсон нь үнэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд тус “Б” ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 07-ноос 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. Хэргийн материалаас харахад тухайн мөнгө хүлээн авсан баримт дээр гарын үсэг зурсан байна. Энэ миний гарын үсэг мөн. Тэгэхдээ ажил үүргийн хуваарийн дагуу, захирлын зөвшөөрлөөр, “Б” ХХК-тай гэрээ хийсэн нөхцөлд гарын үсэг зурдаг байсан. Түүнээс би мөнгийг би хүлээж аваагүй, мөнгийг М.Г захирал авсан. Ийм учир надад энэ 56,600,000 төгрөг хамаагүй, надад өөр мэдэх зүйл байхгүй. Гэрээнд хоёр тал гарын үсэг зурж, санаа зорилгоо илэрхийлж, нэгдэж хийсэн тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байгаа. Аудитын дүгнэлтээс харахад мөнгө “Б” ХХК-ийн данс руу орсон гэдэг нь батлагдаж байна. Хариуцагчийн гаргаад буй тайлбар нь үнэнтэй нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэгч А.А болон хариуцагч “Б” ХХК-иудын хооронд байгуулагдсан №7/25 тоот “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” авагджээ.

 

Дээрх гэрээгээр нь “Б” ХХК нь С дүүрэг, 18 дугаар хороо хаягт байршилтай, 39.83м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр А.Ат шилжүүлэх, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхөөр, үүний хариуд нэхэмжлэгч А.А 56,600,000 төгрөгийг “Б” ХХК-д төлөхөөр талууд харилцан тохирчээ /1 хавтас, хх 6 хуудас/.

 

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч А.А хариуцагч “Б” ХХК болон “Х” ХХК-иудад холбогдуулж орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан /1 хавтас, хх 1, 20, 75-77 хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “Х” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан ба нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилжээ /2 хавтас, хх 230-234 хуудас/. Үүнд:

 

1/ “Б” ХХК болон А.А нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №7/25 тоот “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу төлсөн 56,600,000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулах;

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Х” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК-иас 56,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч компаниас байр худалдан аваад төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл байрыг миний өмчлөлд шилжүүлэн өгөөгүй, шилжүүлэн өгөх боломжгүй болох нь тогтоогдсон учир гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэмжилнэ” гэж тайлбарласан. 

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №7/25 тоот “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний 1 дэх заалтад “Худалдагч тал болох ‘Б’ ХХК, ‘Х’ ХХК-тай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №12/1144 тоот ‘Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ’-ний дагуу худалдагч талын өмчлөлд байгаа ...1136 тоот, 39.53м2, 3 өрөө орон сууцыг ...нэхэмжлэгчид шилжүүлэх, ...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ...А.Ан нэр дээр гаргаж өгөхөөр тохиролцов” гэжээ.

  

Тодруулбал, хариуцагч “Б” ХХК нь “Х” ХХК-д бетон зуурмаг нийлүүлсний хариу төлбөрт 1136 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах, ийнхүү авсны дараа нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр тохиролцоотой байжээ /2 хавтас, хх99, 100 хуудас/.

Харин Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн улсын комиссын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 520/2013 тоот актаар С дүүргийн 18 дугаар хороонд байрлах барилгыг ашиглалтад хүлээн авсан ба  С дүүрэг, 18 дугаар хороо, хаягт байршилтай, 39.83м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгожээ /1 хавтас, 54-68 хуудас/.

 

2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №7/25 тоот “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч А.А болон хариуцагч “Б” ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүхээс үзлээ.

   

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, үүний хариуд худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс “...хариуцагчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон” гэсэн агуулгаар татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэмжилсэн гэж үзэхээр байна. 

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба мөн зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №7/25 тоот “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийг биелүүлэх буюу орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх боломжгүй нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсгүүдэд заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт” авагджээ. Уг баримтад “...Байгууллагын нэр: ‘Б’ ХХК. Мөнгө тушаагч: А.А. Гүйлгээний утга: байр худалдан авсан төлбөр төлөв. Тушаасан мөнгөний дүн: 56,600,000 төгрөг” гэж тусгагдаж, “Б” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагджээ /1 хавтас, 9 хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг үндэслэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр М.Г, Г.А нарыг татан оролцуулсан /2 хавтас, хх 226 232, 233, 238, 247/.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох М.Г, Г.А нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг  “Б” ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт”, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Г.А болон “Б” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ” болон бусад бичгийн баримтуудтай харьцуулан судлахад 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч А.Ас 56,600,000 төгрөгийг “Б” ХХК хүлээн авсан гэж үзэхээр байна /3 хавтас, хх 31-34 хуудас/.

 

Иймд хариуцагч “Б” ХХК-иас 56,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ат олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А нь хариуцагч “Х” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 56,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ат олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 440,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   

 

 

 

    

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ