Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/325

 

 

 

 

 

 

     2024          05           07                           2024/ШЦТ/325                           

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ХХ овогт Т.Э-д холбогдох эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Ганцэцэг, шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Т.Э нь согтуурсан үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 50 минутын орчимд, Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хорооны нутаг дэвсгэр, ХХ дугаар гудамжинд Тоёота приус маркийн ХХХХ ХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1-т заасан “Жолоочид хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй 6 настай, эрэгтэй, М.Э-ийг мөргөж, эрүүл мэндэд нь ”хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Т.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Т.Э-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 2.200.000 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгчид нь дансаар шилжүүлэн төлсөн байгаа. Сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлээр тогтоосон дээр маргах зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохиролд 7.150.000 төгрөгийг төлнө. Эрүүл мэндийн даатгалын сангийн 553.000 төгрөгийг төлнө. ХХ уурхайд оператор ажилтай. Сарын цалин орлого 1.800.000 төгрөг. Энэ уурхай ХХ аймгийн ХХ суманд үйл ажиллагаа явуулдаг. Хохирол төлбөрийг энэ оны 7 сарын 30-ний өдөр гэхэд төлж дуусгахаар хохирогчтой гэрээ хийсэн байгаа. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,  

 

 

Гурав. Эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 7 дахь тал),

 

2. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.А-ы 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Илтгэх хуудас (хэргийн 5 дахь тал),

 

3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 8-9, 12-13 дахь тал),

 

4. Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 3.30% гарсныг баталгаажуулсан 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл баримт (хэргийн 11 дэх тал),

 

5. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хэргийн 14-15 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны хууль ёсны төлөөлөгч Ж.М-ы өгсөн:

“...М.Э нь миний хоёр дахь хүүхэд. Би зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна тухайн үед цуг яваагүй. 2023 оны 11 сарын 12-ны өдөр манай эхнэр У. над руу утсаар залгаад гудамжинд хүүг тоглож байхад машин шүргэчихсэн байна” гэж хэлэхэд нь мэдсэн юм. Тухайн үед миний хүү гадаа гудамжинд манай хамаатны хүүхдүүдтэйгээ цуг тоглож байгаад гэр лүүгээ орох гээд явж байсан юм байна лээ. Би гомдолтой байна. Буруутай этгээдээр нь хүүхдийнхээ эмчилгээний зардлыг төлүүлж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал),

 

7. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Хүний биед хийсэн хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн 000000 дугаартай:

“1. М.Э-ийн биед аарцгийн зүүн талд умдаг ясны доод салаа зөрөө багатай, хугарал, зүүн талд 10-р хавирганы далд хугарал, хэвлийд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаад үүсгэгдсэн байх боломжтой.

   4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл эндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

   5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 45-47 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Т-ын гэрчээр өгсөн:

“...Би тухайн үед буюу 2023 оны 11 сарын 12-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр 11-12 цагийн үед уг машиныг Э. жолоодоод манай хашааны үүдэнд зогсохыг гал тогооныхоо цонхоор харсан юм. Э. манай гэрт орж ирээд манай хүргэн Б-тай цуг гараад явсан.

Бар тухайн үед “дэлгүүрт 2 шуудай мод өгнө” гээд Э-н машинд суугаад цуг явцгаасан юм. Тухайн үед Э. нь ирэхдээ архи уучихсан байдалтай, үнэртүүлсэн байсан. Тэгэхэд нь би “чи архи уучихсан байж машин барьж явж болж байгаа юм уу” гэхэд “зүгээрээ”  гэж байсан. Тэгээд 14, 15 цагийн үед Г. /гэж дууддаг бүтэн нэрийн мэдэхгүй байна/ манай гэрт ганцаараа орж ирэхдээ “Э. машинаа барьж явж байгаад хүүхэд мөргөчих шиг боллоо, та нэг очоод хараадахаа ч”  гэхээр нь би хүргэн Б-ын хамтаар зааж өгсөн гудамжинд нь очиход хүнгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20 дахь тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Б-ийн гэрчээр өгсөн:

“...Т.Э нь миний 4 дэх хүүхэд байгаа юм. Би 2023 оны 11 сарын 11-ний өдөр хүүхдийнхээ гэрт нь Шүрт хотхонд хоноод 2023 оны 11 сарын 12-ны өдөр 12 цагийн үед би хүргэнээрээ гэртээ хүргүүлж ирсэн. Намайг гэрт ирэхэд Э. байхгүй, машин нь байхгүй байсан. Би гэртээ галаа түлээд байж байхад хүргэн над руу утсаар залгаад “Э. ахын машин 5 Наран дэлгүүрийн урд үүдэнд нь зогсож байна” гэж хэлсэн. Ингээд 13 цаг өнгөрч байх үед Бөмбөгөрөөс юм авах байсан тэрийг авчхаад буцаад гэртээ 17 цагийн үед ирэхэд Э. гэртээ ирчихсэн байсан ба ирэх замд “Од” дэлгүүрийн гадаа Э-г машинаа тэнд үлдээчихсэн юм байна гэж харсан.

Би тэгээд “Од” дэлгүүрийн худалдагч Б-ээс асуухад “Э-н ах машинаа барьж чадахааргүй согтуу байхаар нь би түлхүүрийг нь аваад, өөрийг нь явуулчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд машиныг нь хүргээд өгөөч гэхэд зөвшөөрөөд, хүргэж өгсөн. Машиныг нь оруулж тавьчхаад, буцаад дэлгүүрээс сүү авах гээд ортол цагдаа нар ирчихсэн, хар машин гээд яриад байсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ хариад Э-аас “юун осол, аваар хийчих вэ” гээд асуухад “би бариагүй, Г. барьж явсан” гэж хэлсэн. Тэгтэл орой нь 22:00 цагийн үед манай гэрт цагдаа нар ирээд Э-г аваад явсан. Би Г-той огт уулзаагүй байгаа. Г. нь аавынхаа эгч гэх 90 орчим насны хүнийг харж байгаа нэртэй тэндээ байдаг юм. Гэр нь Өвөрхангай аймагт байдаг гэсэн. Э. хэнтэй архи уусан талаар нь мэдэхгүй, надад юм хэлээгүй. Би маргааш өдөр нь Б-ын гэрт ороход Э., Т., Г. нар цуг архи уусан гэж сонссон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22 дахь тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ын гэрчээр өгсөн:

“...2023 оны 11 сарын 12-ны өдөр Э. нь манай гэрт Г-ын хамтаар 10 цагийн үед ирээд гарсан. Манай хадам ээж Э-д хандаж: чамаас архи үнэртээд байна, машинаа барьж явж болж байгаа юм уу гэхэд Э. “зүгээр зүгээр” гэж хэлээд Г-той гараад явсан. 15 цагийн үед би гэрээсээ гараад айлд хадам ээж Т-ын хамтаар оччихоод 16 цаг 10 минутын үед тэр айлаас буцаад гэр лүүгээ явж байхад “Э. хажуугаар явж байна, цаана айлын үүдэнд зогсчихлоо” гэж ээж хэлсэн.

Бид хоёр гэр лүүгээ орох гэж байхад Г. ирээд чаргатай хүүхэд дайрчих шиг боллоо гэсэн. Хэн жолоодсон талаар хэлээгүй. Мөнххадаагийн ард талын гудамд гэж хэлсэн. Г. манай гэрт үлдээд, ээж, бид хоёр очиж үзчихээд буцах замдаа “Од” дэлгүүрээс “2 шуудай модоор тамхи авъя” гэхэд “модоо аваар ир” гэсэн. Гэртээ ирэхэд  Г. байж байсан. Хамт дэлгүүр луу мод хүргээд өгье гэхэд Э-н машинаар явъя гэсэн. Машинд нь ороод суутал Э., Т. хоёр арын суудал дээр согтуу сууцгааж байсан. Дэлгүүрийн гадаа Г., Э. хоёрыг үлдээгээд Г. бид хоёр алхаад харьсан. Г. архи уучихсан байсан. Г.  хэлэхдээ тэр гурав 2 шил архи уусан гэсэн. Ослын талаар хэлэх үед нь би “хэн” гэж асуухад “Д. хүн дайрчих шиг боллоо” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24 дэх тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг:

“...Тухайн өдөр би өглөө 10 цагийн үед найз Б-ын гэрээс гараад гэр лүүгээ явах гэж байхад Э. Б-ын гэрт нь ирсэн. Бид 2 цуг гараад дэлгүүрээс нэг шил архи авах гээд Э-н машинтай дэлгүүр луу явсан. Явж байхад замд Т. таараад,  бид гурав гурвуулаа дэлгүүр ороод нэг шил архи аваад нөгөө осол болсон гудамжны зүүн үзүүр хэсэгт нь Э-н машинд суугаад 1 шил 0,75 литрийн архийг бид гурав гурвуулаа яг тэнцүү хувааж ууж дуусгахад, Т.  дэлгүүр лүү явж, 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи авсан. Энэ үед Э-н машинтай яваад, буцаад нөгөө газраа ирж авсан архиа бид гурав гурвуулаа хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусгаад 13- 14 цагийн үед Э. машинаа жолоодоод буцаад гэр лүүгээ явах гээд эргээд явсан.

Гудамжинд 3 хүүхэд чаргаар тоглож байсан. Э. нэг чаргатай хүүхдийг шүргэх шиг болсон. Тэгэхээр нь би “хүүхэд шүргэчихлээ, зогсооч” гэж хэлэхэд “зүгээрээ, чаргыг нь шүргэчихлээ” гэж хэлээд цааш явсан. Замдаа машин нь цасанд суучихсан. Нэг танихгүй хүн түлхэлцэж өгөөд Э-н гэрийн гудамжинд ирсэн. Би буугаад Б-ын гэрт очоод, “Э. хүүхэд шүргэчихлээ” гэж хэлсэн. Б., хадам ээжтэйгээ хамт байсан. Тэгж хэлээд би өөрийнхөө гэр лүүгээ орсон. Б. над руу 17 цагийн үед залгаад “хүрээд ирээч, дэлгүүр лүү 2 шуудай мод хүргээд өгье” гэхэд Э-н машин нөгөө зогссон газраа байж байсан. Э., Т. 2 унтаж байсан. Э-г сэрээгээд машиныг нь би жолоодоод Б-ын гэрийн гадаа очоод модоо аваад дэлгүүр явсан. Дараа нь Б-ын хамт гэр лүү нь явган явсан. Орой 19-20 цагийн үед гэртээ байж байхад Э. 2 цагдаагийн хамт зогсож байсан. Намайг суулгаад дэлгүүр дээр очиж надаас осол болсон газрыг нь асуугаад хэмжилт хийсэн. Би урд, Т. хойд талын суудал дээр сууж байсан. Их хурдан бол яваагүй, 20 орчим км/цагийн хурдтай явж байсан байх.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26 дахь тал),

 

12. Насанд хүрээгүй хохирогч М.Э 0000 оны 00 сарын 00-ны өдөр төрсөн, зам тээврийн осолд өртсөн 2023 оны 11 сарын 12-ны өдрийн байдлаар 0 нас 0 сар 0 хоногтой байсан байна гэсэн нас тоолсон тухай мөрдөгчийн магадлагаа баримт  (хэргийн 80-81 дэх тал),

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрыг төлөөлж С.Сувд-Эрдэнийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцсан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байна байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна.

Хан-Уул дүүргийн ХХ-р хороо ХХ гудамжинд 0000 оны 00 сарын 00-ны өдөр 14 цаг 50 минутын орчимд Toyota Prius маркийн ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч М.Э-ийг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Э нь Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 533.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Т.Э-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 0000000000000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 127 дахь тал),

 

14. Зам тээврийн осол хэргийн хохирогч насанд хүрээгүй М.Э-ийн яаралтай тусламж, үйлчилгээний зардал, төлбөрт нийт 533.000 /таван зуун гучин гурван мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан тухай мэдээлэл бүхий Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/1348 дугаартай албан бичиг, хавсралт (хэргийн 123-124 дэх тал),

 

15. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ж.М-д танилцуулахад хүлээн зөвшөөрч, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ гэсэн тэмдэглэл баримт (хэргийн 145 дахь тал),

 

16. Зам тээврийн осол хэргийн насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулахтай холбоотой нөхөн төлбөрт шүүгдэгч Т.Э нь 10.0 сая төгрөгийг төлөх, үүнээс 2.200.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдсэн 7.800.000 төгрөгийг 2024 оны 07 сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж, насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эх Ч.У-тэй тохиролцож, тэдгээрийн хооронд бичгээр байгуулагдаж, нотариатчаар гэрчлүүлсэн “Хохирол барагдуулах” гэрээ баримт (хэргийн 99 дэх тал), 

 

17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Л-ийн гэрчээр өгсөн:

“...Ослын талаар би сүүлд хүнээс л сонссон. Э-ийн ээж надад хэлж байсан. Э., Г. хоёр нь манай ойр хавьд амьдардаг зүс таних хүмүүс байгаа. Э. өглөө худаг онгойсны дараа өөрийнхөө хар өнгийн приус машинаа жолоодож явж байхад нь харсан.

Дэлгүүрийн үүднээс хөдлөөд явж байхад нь харсан. Тэрнээс хойш бол хараагүй. Г. орой 16 цаг өнгөрч байхад Э-н машиныг жолоодоод Б-тай хамт явж байхыг нь харсан. 17 цаг дөнгөж өнгөрч байхад Э. согтуу гарч ирээд машиндаа суух гэхээр нь дэлгүүрийн залуу түлхүүрийг нь хураан авсан байсан. Би тэр ослыг хараагүй. 14 цаг өнгөрч байхад 3 хүүхэд ирээд “хар өнгийн приус машин харсан уу” гээд асуугаад явж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 37-38 дахь тал),

 

18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Э.Т-ийн гэрчээр өгсөн:

“...Тухайн үед би эмээгийндээ хөдөөнөөс ирсэн байсан юм. Тэр өдөр би 14 цагийн үед хашааны гадаа гудамжинд хажуу айлын хүүхдүүд, төрсөн 2 дүүгийн хамтаар чаргаар гулгаад тоглож байсан.

Э. нь манай эмээгийн хажуу айлын хүүхэд байгаа юм. Тэнд очихдоо танилцсан. Тэр өдөр бид нар чаргаар гулгаад тоглож байхад хар өнгийн приустэй ах Э-ийг чаргаар гулгаж байхад машиныхаа жолоочийн эсрэг талын дугуйгаар дайраад гараад яваад өгсөн.

Тэр ах зогсоогүй чигээрээ яваад өгсөн. Би жолоочийг нь харахад шар царайтай, сахалтай маягийн хүн харагдсан. Тэр машины жолооч нь эхлээд намайг дайрчих шахаад өнгөрсөн. Тэр үед нь би жолоочийг нь харсан юм. Би одоо харвал багцаагаар бол бараг танина. Зургийг нь харвал би танина. Хар өнгийн Приус 20 маркийн машин байсан. Улсын дугаарыг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 40 дэх тал),

 

19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-ийн гэрчээр өгсөн:

“...Би тухайн зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна, би цуг байгаагүй. Г., Э. нарыг танина. Бид нэг гудамжинд амьдардаг хүмүүс. 2023 оны 11 сарын 12-ны өдөр би 15 цаг 20-30 минутын орчимд гэрээсээ гараад айл руу орох гээд явж байхад миний орох гэж байсан айлын хоосон хашаа руу Э. хар өнгийн приус машин нь орсон.

Би шууд зөрөөд нөгөө айл руугаа ороод, буцаад гараад ирэхэд машин нь хий эргээд зогсож байсан. Тэгээд намайг яваад очиход Г. Э. машиныг жолоодоод гаргах гэж байсан. Э., Т. хоёр хойд талд нь тасарчихсан унтаж байсан. Тухайн үед дугуй нь хий эргэж байхад нь Э. машиныг Г. жолоодож байсан. Намайг машиныг нь гаргаад өгсний дараа Г. машиныг нь жолоодоод явсан юм. Тухайн үед Г. эрүүл шахуу байсан. Надад бол архи үнэртсэн зүйл байгаагүй. Ослын талаар надад юу ч хэлээгүй. Би сүүлд нь 2-3 хоногийн дараа мэдсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 42 дахь тал),

 

20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү.Б-ын гэрчээр өгсөн:

“...Т.Э, О.Г гэх хүмүүсийг зүс таних төдий, миний ажиллуулдаг дэлгүүрийн ойр хавийн хүмүүс байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. Т. Э гэх хүн тэр өдөр 15 цагийн үед манай дэлгүүрийн гадаа нэлээн согтуу машинаа жолоодоод ирэхээр нь би машиных нь түлхүүрийн хураагаад авчихсан.

Орой 20 цагийн үед ээж нь ирэхээр нь би машиныг нь жолоодоод гэрт нь хүргэж өгсөн. Г. гэх хүн нь машин унаад явж байхыг нь би өдөр 12 цагийн үед дэлгүүрийн гадаа тамхи татаад зогсож байхдаа харсан. Тэр орой нь хоёр цагдаа ирээд манай дэлгүүрийн камер шүүгээд “харагдахгүй юм байна” гээд буцаад явсан.

Дараа нь хүнээс сонсож “гудамжинд хүүхэд мөргөсөн юм байна” гэдгийг нь мэдсэн. Манай дэлгүүрээс архи авсан, яг хэн нь авсныг нь одоо бол санахгүй байна. Байнга орж ирж архи аваад байдаг болохоор яг тэр нь тэдэнд орж ирсэн гэж санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 44 дэх тал),

 

21. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт  (хэргийн 82-90 дэх тал),

 

22. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт:

1. Toyota маркийн Prius загварын ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд буфер доод сетек хагарч унасан, урд улсын дугаар зурагдаж сэвтсэн, урд буфер зүүн баруун доод булан хэсэг хагарч унасан, зүүн хажуугийн доод шал хэсэг будаг замаск хагарсан, хойд буфер баруун дээд булан хэсэг хагарч байхгүй болсон, зүүн тоормосны гэрэл ажиллахгүй, урд буферийн нэмэлт гэрэл ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүдтэй байна.

3. Урд буфер доод сетек хагарч унасан, урд улсын дугаар зурагдаж сэвтсэн, урд буфер зуун баруун доод булан хэсэг хагарч унасан гэх эвдрэл гэмтлүүд нь тухайн ослын үед үүссэн байж болзошгүй гэмтлүүд юм.

Зүүн хажуугийн доод шал хэсэг будаг замаск хагарсан, хойд буфер баруун дээд булан хэсэг хагарч байхгүй болсон, зүүн тоормосны гэрэл ажиллахгүй, урд буферийн нэмэлт гэрэл ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүд нь уг зам тээврийн ослоос өмнө үүссэн байж болох гэмтлүүд юм.

4. Toyota маркийн Prius загварын ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулгат /цахилгаан/ хосолсон тоормосны системтэй. Тоормосны ажиллагаа бүрэн.

5. Toyota маркийн Prius загварын ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулгат /цахилгаан/ хосолсон тоормосны  системтэй. Тоормос гишгэх үед замын гадаргуугаас хамаарч тоормосны мөр зам дээр үүснэ.

6. Уг тээврийн хэрэгслийн хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна.

7. Уг тээврийн хэрэгслийн зүүн урд болон баруун хойд дугуй нь M+S тэмдэглэгээ бүхий усан хээтэй улирлын дугуйтай байна.

8. Уг тээврийн хэрэгсэл нь 2022 оны үзлэгт орсон ба тэнцсэн байна. 2023 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. үзлэгийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан байна. Холбогдох материалыг хавсаргав” гэсэн дүгнэлт (хэргийн 52-61 дэх тал),

 

23. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаартай:

“1. Явган зорчигч М.Э-ийн асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Жолооч Т.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэх тохируулан сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Энхтөрийн эрүүл мэндэд хохирол учирсан гэх үндэслэлтэй байна.

 Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа баримт (хэргийн 64-67 дахь тал),

 

24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Т-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг:

“...Манай төрсөн эгч 2023 оны 11 сарын 10-ны өдөр нас барчихсан юм.Тэгээд би сэтгэлээр унаад 2023 оны 11 сарын 11-ний өдөр би дэлгүүрээс архи аваад ганцаараа уучихсан. 2023 оны 11 сарын 12-ны өдөр гэрээсээ гараад хүргэнийхээ гэр лүү явж байгаад Г., Э. хоёр машинтай явж байгаад тааралдсан. Тааралдах үед Г., Э. машиныг жолоодоод явж байсан. Э. хойд суудал дээр суусан байсан тэгээд би Э-тай хамт хойд суудал дээр суугаад дэлгүүр лүү очоод хүнээс 30.000 төгрөг аваад дэлгүүрийн данс руу хийгээд, 2 шил архи аваад бид гурав гудамжинд Э. машин дотор Г., Э. бид гурав тэр 2 шил архийг хувааж уусан. Нэг сэрээд харахад гэртээ байж байсан.

Анх тааралдахад бол Г.  Э. машиныг жолоодоод Э. ард нь суугаад явж байсан. Тэгээд дэлгүүр ортол Г. жолоо бариад явсан дэлгүүрээс архи авчхаад буцаад машинд суугаад гудамжны үзүүрт очоод зогсох хүртэл Г. барьж явсан. Би хамгийн түрүүнд нь согтчихсон, тэр хоёр хэр согтсоныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30 дахь тал),

 

25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Г Т.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд:

Гэрч О.Г

Гэрч Т.Э

Би Э-г танина. Бид хоёр 2-3 жилийн өмнөөс танилцаж байсан юм. Надад нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй.

Асуулт: Та 2023 оны 11 сарын 12-ны өдөр Э. гэх хүний Toyota Prius ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцсон уу?

Хариулт: Бид хоёр 10 цагийн үед Б-ын гэрт уулзсан. Тэгээд тэднийхээс гараад Э. өөрөө  машинаа жолоодоод дэлгүүр явж байхад Т. замд тааралдсан юм тэгээд нэг шил архи дэлгүүрээс авчхаад гудамжны  үзүүрт очиж тэр архи хувааж уусан. Тэгээд Т. нэг найзтайгаа ярьж мөнгө аваад дахиад дэлгүүр ороод 2 шил архи аваад буцаад нөгөө газраа очиж хувааж ууцгаасан. Тэгээд 2 шил архиа хувааж ууж дуусгаад, архи ууж байсан газраасаа Э. машинаа жолоодоод явах үедээ тэр гудамжинд  чаргаар гулгаад тоглож байсан хүүхдүүдийг Э. машиныхаа жолоочийн эсрэг талын урд хэсгээр шүргэх шиг болсон. “Шүргэчихэв үү” гэхэд “чаргыг нь шүргэсэн” гэж хэлээд зогсолгүй яваад өгсөн юм. Тэгээд хойд талын гудамж руу ороод явж байгаад цасанд суусан байхад нэг залуу ирээд гаргаж өгсөн юм. Цаснаас гараад дахиад Э. жолоо бариад гудмаараа тойрч ирээд гэрийнхээ цаад талын хашааны үүдэнд очоод зогссон. Тэгээд би буугаад яваад өгсөн. Би гэрт байж байхад Б. намайг дуудаад дэлүүр лүү мод хүргээд өгөөч гэхэд нь би яваад очиход Э-н машин гудамжинд байж байсан. Э-н машины арын суудал дээр Т-той цуг унтаж байсан тэгээд би Э-н машиныг нь жолоодоод Б-ын гэрт ирээд модыг нь дэлгүүр луу хүргэж өгсөн. Би Б-ын гэрээс дэлгүүр луу мод хүргэж өгөх үед л  Э-н машиныг жолоодсон.

  Асуулт: Та гудамжинд явж байх үед таны зорчиж эсвэл жолоодож явсан тээврийн хэрэгслээр тухайн гудамжинд чаргаар тоглож байсан хүүхдийг мөргөж гэмтээсэн талаар мэдэж байна уу?

Хариулт: Би тухайн үед машин барьж яваагүй. Би жолоочийн хажуу урд суудал дээр сууж явсан. Э. жолоо бариад явж байсан. Тэр хүүхдийг мөргөх шиг болсон. Толинд харахад тэр хүүхэд босоод зогсчихсон байгаа харагдаж байсан. Э. зогсолгүй явсан.

Асуулт: Та ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үү?

Хариулт: Би тухайн үед машин барьж яваагүй, би жолоочийн хажуу урд суудал дээр сууж явсан юм. Э. жолоодоод явж байсан. Тэр хүүхдийг мөргөх шиг болсон. Толинд харахад тэр хүүхэд босоод зогсчихсон байгаа харагдаж байсан. Э. өөрөө машинаа барьж явсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй.

Би архи уучихсан байсан болохоор цагдаад мэдэгдэх талаар санаагүй байх. Орой нь 2 цагдаа ирээд надаас асууж байсан юм. Тэр үед би бүгдийг нь хэлж өгсөн.

Асуулт: Танд өөр нэмж ярих зүйл байна уу

Хариулт: Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 33-35 дахь тал),

Би Г. гэх хүнийг танина. Нэг гудамжинд амьдардаг. 2-3 айлын наана цаана амьдардаг хүмүүс байгаа юм аа. Надад нүүрэлдүүлж мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй.

Асуулт: Та 2023 оны 11 сарын 12-ны өдөр Э. гэх хүний Toyota Prius ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцсон уу?

Хариулт: Би тухайн өдөр 10 цагийн үед гэрээсээ машинаа жолоодож гараад Барын гэрт нь очсон тэгээд Г-той дэлгүүр луу явах замд Т. тааралдсан дэлгүүр ороод нэг шил виски аваад бид гурав гудамжинд миний машин дотор хувааж ууж дуусгасан. Т. хүнээс 30000 төгрөг авчихлаа гэхээр нь дэлгүүр орж архи авах гээд би машинаа жолоодоод ууж байсан газраасаа хөдлөөд дэлгүүр лүү очоод 2 шил архи аваад буцаад  анх архи ууж байсан газраа очоод сүүлд авсан 2 шил архиа хувааж уусан тэгээд юу болсныг би санахгүй байгаа.

Асуулт: Та гудамжинд явж байх үед таны зорчиж, эсвэл жолоодож явсан тээврийн хэрэгслээр тухайн гудамжинд чаргаар тоглож байсан хүүхдийг мөргөж гэмтээсэн талаар мэдэж байна уу? гэхэд

Хариулт: Би мэдэхгүй байна. архи уугаад согтоод тухайн үед болсон үйл явдлыг санахгүй байгаа.  

Асуулт: Тухайн үед чаргаар тоглож байсан гэх хүүхдийг мөргөх үед хэн жолоо барьж явсан юм бэ?

Хариулт: Хэн жолоо барьж байсныг би санахгүй байна.

Асуулт: О.Г мэдүүлэхдээ:

 “...Э. машинаа жолоодоод явах үедээ тэр гудамжинд чаргаар гулгаад тоглож байсан хүүхдийг Э. машиныхаа жолоочийн эсрэг талын урд хэсгээр шүргэх шиг болсон. Би Эрдэнэдалайд “хүүхэд шүргэчихэв үү” гэхэд “чаргыг нь л шүргэсэн” гэж хэлээд зогсолгүй яваад өгсөн” гэж мэдүүлсэн байна. Ганболд нь таньд хүүхэд шүргэсэн талаар хэлсэн зүйл байна уу гэхэд

Хариулт: Ганболд надад хүүхэд шүргэсэн гэж хэлснийг санахгүй байна.

Асуулт: Тухайн үед Ганболд таны тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсон зүйл байгаа юу?

Хариулт: Сүүлд авсан 2 шил архийг уухаас өмнө би жолоо бариагүй. Тэрнээс хойш жолоо барьсан эсэхийг мэдэхгүй байна.

Асуулт: О.Ганболд гэх хүн таныг өөрөө жолоо барьж явсан гэж мэдүүлж байна, та осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодсон юм уу?

Хариулт: Би ерөөсөө санахгүй байна.

Асуулт: Та тухайн осол болсны дараа хаашаа явсан бэ?

Хариулт: Би санахгүй байна. Нэг мэдэхэд л гэртээ унтаж байсан.

Асуулт: Тухайн осол болох үед О.Г гэх хүн жолоо барьж явсан юм уу, Та өөрийн ээж Бямбаа гэх хүнд итгэж  зүйл байгаа юу

Хариулт: Хажуу айлын Б. надад хэлэхдээ “Г. машиныг чинь барьж дэлгүүр лүү мод хүргэж өгсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь Г-ыг жолоо барьж байсан юм байна гэж бодсон.

Осол болох үед хэн жолоо барьсныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 33-35 дахь тал),

 

26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Э-н яллагдагчаар өгсөн.

“...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 11 сарын 12-ны өдөр хөрш залуу Г-той цуг байж байгаад гэрээсээ 12 цагийн үед өөрийн тээврийн хэрэгсэл болох Toyota Prius 20 маркийн ХХХХ ХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодон гараад явж байгаад Т. гэх тэр хавьд гэр нь байдаг эмэгтэйтэй тааралдаад, машиндаа суулгаад дэлгүүр луу очиж 1 шил 0.75 литрийн, 1 шил 0.5 литрийн архи аваад, гудамжинд машин дотроо уусан.

Тэгээд 2 шил архиа ууж дуусгасан юм. Тэгээд би юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд гэртээ байж байсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг “хүүхэд мөргөж гэмтээсэн байна” гээд намайг үлээлгээд тээврийн хэрэгслийг журамласан. Г., Т. нарын хамтаар явж байсан. Би машинаа өөрөө барьж явсан талаар санахгүй байгаа юм.

Г. жолооны үнэмлэхгүй, Т. тасраад унтаж байсан. Тухайн үед би цаг хэд болж байгааг хараагүй. Би 0000 онд жолооны курст сурч төгссөн. ХХ аймгийн ХХ жолооны курст сурч төгссөн. Би жолоодох эрхийн бүх ангилалтай.” гэсэн мэдүүлэг (хэргийн 137 дахь тал) болон шүүгдэгч Т.Э хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 74, 121 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 76 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 77 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 103 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 105-110 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 111-118 дахь тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24/86 дугаартай тогтоолын хуулбар (хэргийн 128 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа) (хэргийн 119 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 120 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 12 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Хэргийн шүүгдэгч Т.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтийг прокурор 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэн, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг түүнд танилцуулахад Т.Э нь хүлээн зөвшөөрснөөр Тээврийн прокуророос эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Э гэм буруугийн асуудлыг хэлэлцэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хорооны нутаг дэвсгэр, ХХ дугаар гудамжинд Тоёота приүс маркийн ХХХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо уг гудамжинд чаргатай тоглож байсан насанд хүрээгүй 6 настай, эрэгтэй, М.Э-ийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан ба уг ослын улмаас насанд хүрээгүй М.Э-ийн биед “...аарцгийн зүүн талд умдаг ясны доод салаа зөрөө багатай хугарал, зүүн талд 10-р хавирганы далд хугарал, хэвлийд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт”  гэмтэл бүхий ”хүндэвтэр” хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Тухайн зам тээврийн осол хэрэг нь Тоёота приүс маркийн ХХХХ ХХХ тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож байсан шүүгдэгч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7 заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1 заалт “Жолоочид хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3 заалт “Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх бөгөөд тухайн осол хэрэгт явган зорчигч 6 настай хохирогч М.Э-ийн асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тус тус тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Шүүгдэгч Т.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж  хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Т.Э-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нар нь харилцан тохиролцон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцон эмчилгээний төлбөрт 10.0 сая төгрөгийг нөхөн төлөхөөр тохирсноос 2.200.000 төгрөгийг төлж, үлдэх 7.800.000 төгрөгийг 2024 оны 07 сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлөхөөр хэлэлцэн тохирч, “Хохирол барагдуулах” гэрээг бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлэн хэрэгт хавсаргуулсан байх ба энэхүү талуудын тохиролцоо бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгах зэргээр хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцсэн гэж дүгнэхээр байна.

 

Иймд хохирол барагдуулах гэрээний дагуу төлбөрөөс үлдэх 7.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 230.2 дахь хэсэг тус тус зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэсний дагуу зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн сэтгэцэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөсөн осол гаргаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан авто тээврийн хэрэгслийн жолооч буюу шүүгдэгч Т.Э-аар насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон хүснэгтийн дагуу эдийн бус гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоосныг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүй байна. (хэргийн 145 дахь тал)

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрүүгийн гэмт хэргээс “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А275 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр, мөн Улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг хор уршгийн хувийг 9-15 хувь, сэтгэцийн эмгэгийн “Гуравдугаар” зэрэглэлд хамааруулж, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээтэй байхаар тодорхойлсон байна.

 

Шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо тухайн осол хэрэг гарахад насанд хүрээгүй хохирогчийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг эдийн бус гэм хорын хохиролд тооцон шүүгдэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.  

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ойрын дуудлага, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 553.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Э-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Т.Э-аас 7.703.000 төгрөг /долоон сая долоон зуун гурван мянга/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 553.000 төгрөг /таван зуун тавин гурав/, насанд хүрээгүй хохирогч М.Э, түүний хууль ёсны төлөөлөгчид 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцон эмчилгээний төлбөрт 10.0 сая төгрөгийг нөхөн төлөхөөр тохирсноос 2.200.000 төгрөгийг төлж, үлдэх 7.800.000 төгрөгийг 2024 оны 07 сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлөхөөр хэлэлцэн тохирч, “Хохирол барагдуулах” гэрээг бичгээр байгуулсныг дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М нь  “гомдол саналгүй, одоо гаргаж өгөх хохирлын баримтгүй” гэдгээ илэрхийлсэн (хэргийн 146 дахь тал) баримттай байх ба насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс учирсан гэмтлийн улмаас цаашид эмчилгээ, үйлчилгээний хийлгэх шаардлагатай гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ний өдөр 499 дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримттай байх бөгөөд “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан,

- эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Т.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр  01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

 

1. ХХ овогт Т.Э-д “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлд заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасныг журамлан Т.Э-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажлаа ... өөрчлөх,  зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,  “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулахыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар Т.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардал төлбөрт 10.000.000 /арван сая/ төгрөг нөхөн төлөхөөр тохирсноос 2.200.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, үлдэх 7.800.000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгийг 2024 оны 07 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хэлэлцэн тохирч “Хохирол барагдуулах” гэрээ байгуулсныг дурдаж,  

- Т.Э-аас 7.703.000 төгрөг /долоон сая долоон зуун гурван мянга/ төгрөг гаргуулж,

- 553.000 /таван зуун тавин гурав/  төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт,  

- 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг Хан-уул дүүргийн 4-р хороо, Арцатын 17-613 тоотод оршин суух хаягтай, насанд хүрээгүй хохирогч М.Э, түүний хууль ёсны төлөөлөгч /РД: / ХХ овогт Ж.М-д тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Энэ хэрэгт Т.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл “шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр  өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД