| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/00103/И |
| Дугаар | 183/ШШ2021/01283 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2021/01283
| 2021 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2021/01283 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.С-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,161,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь хариуцагч Ч.С-той хоёр удаагийн зээлийн гэрээ хийсэн байдаг. Хоёр зээлийн гэрээний нийт дүн нь 21.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хариуцагчийн зүгээс гэрээний дагуу 1,924.600 төгрөгийн хүү төлж, 148.800 төгрөгийн алданги төлж үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байдаг. Манай зүгээс үлдсэн төлбөрт тооцоолол хийхэд үндсэн зээлийн үлдэгдэл 21.000.000 төгрөг, зээлийн хүү нь 319.400 төгрөг, алданги нь 10.500.000 төгрөг, машиныг гаражид тавихаар тохиролцсон 712.000 төгрөг, дараа нь У ХХК-ийн зогсоолд заруулахаар тавьсаны төлбөр 300.000 төгрөг, үнэлгээ хийсэн 230.000 төгрөг нийт 33.061.400 төгрөгийн өглөгтэй болсон байдаг. Талуудын хооронд Фидуцын гэрээ байгуулсан, энэхүү гэрээнд 20.000.000 төгрөгөөр автомашиныг үнэлсэн. Дараа нь Х ХХК-иар автомашиныг үнэлүүлэхэд 19.900.000 төгрөг буюу тохиролцсон үнээс 100.000 төгрөгийн зөрүү гарсан. Бид Х ХХК-ийн үнийн дүнг үлдэгдэл нийт төлбөрөөс хасаж үзэхэд 13.161.400 төгрөгийн үлдэгдэл гарч байгаа юм. Иймд 13.161.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн фидуцын гэрээний дагуу 19.900.000 төгрөгөөр үнэлсэн авто машиныг зээлийн төлбөрт тооцож хассан хэдий ч уг авто машиныг худалдан борлуулаагүй байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг авто машиныг зарагдсан гэж бодож Авто тээврийни үндэсний төвөөс лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан байсан. Түүний дагуу ирсэн хариуг харахад одоогийн байдлаар авто машин нь хэн нэгний нэр дээр шилжээгүй болох нь харагдаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хоёр удаагийн үйлдлээр эхлээд 18.000.000 төгрөг зээлж аваад, түүний дараагаар нэмэлт зээл гэж 3.000.000 төгрөг зээлсэн боловч түүнээс хүүг суутгаж 2.337.600 төгрөг хариуцагчид олгосон байдаг. 2020.07.03-ны өдөр гэрээний үүргийг биелүүлээгүй учир авто машиныг худалдан борлуулна гэсэн мэдэгдэл ирсэн байдаг. Үүнээс гадна нэхэмжилж буй алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир Иргэний хуульд үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэлбэрийг тодорхой тусгасан байдаг. Үүн дээр фидуцын гэрээний дагуу автомашин нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн байдаг. Гэтэл фидуцын гэрээгээр үүргийн гүйцэтгэлээс нийт үлдэх төлбөрийг суутгаж авчихаад дахин үндэслэлгүйгээр алданги нэмж байгааг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусч фидуцын гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 13,161,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн, харин хариуцагч бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...надаас төлбөр мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй, тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2020.01.01-ний өдөр ...... дугаартай зээлийн гэрээ байгуулсан, гэрээний 1.1-д зааснаар сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар 18,000,000 төгрөгийг Ч.С зээлж авсан, мөн 2020.01.28-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг нэмж нийтдээ 21,000,000 төгрөгийг зээлж авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г 2020.01.01-ний өдөр байгуулсан, BUICK REGAL маркийн ..... улсын дугаартай автомашиныг 20,000,000 төгрөгөөр үнэлж, тэрээр үүрэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Э ХХК-ийн 2020.06.12-ны өдрийн 06/01 мэдэгдэлээс үзэхэд Ч.С нь гэрээний үүргийг ноцтой зөрчсөн, зээлийн нийт 23,991,900 төгрөгийн хугацаа хэтрэлт байгааг, мөн зээлийн эцсийн хугацаа 2020.03.25-нд дуусах болохыг, дээрх мөнгийг 2020.06.12-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрт нийтдээ 2,073,400 төгрөг /1,924,600+148,800/ төлсөн, нэхэмжлэгч тал тухайн үеийн зээлийн хугацаа хэтэрсэн төлбөрийг тодорхойлж төлөх хугацааг тогтоож, удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан 2020.07.03-ны өдрийн ......, 2020.09.14-ний өдрийн ..... тоот хэрэгт авагдсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, зохигчдын хооронд зээл, фидуцийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.3-т зааснаар зээлдэгч Ч.С нь автомашинаа компанийн зогсоолд байршуулах тохиолдолд төлбөр өдрийн 2,000-5,000 төгрөг төлөхөөр тохирсон байх тул 2020.01.01-ний өдрөөс 2020.05.24-нийг хүртэл 144 хоногоор тооцож 712,000 төгрөг, мөн автомашиныг худалдан борлуулахаар А ХХК-тай байгуулсан 2020.07.30-ны зуучлалын гэрээний дагуу 2020.07.30-ны өдрөөс 2020.08.31-ний өдрийг хүртэл зуучлалын үйл ажиллагааны нэг сарын зардал 300,000 төгрөг, автомашиныг үнэлүүлэхээр Х үнэлгээний компанид төлсөн 230,000 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд зуучлалын хөлс болон үнэлгээний хөлсийг нэхэмжлэгч Э ХХК төлсөн баримтууд хэрэгт авагдсан байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020.03.25-ны өдөр дууссан, хариуцагч Ч.С төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Талуудын хоорондын харилцаж байсан чат с үзэхэд 2020.12.18-ны өдөр автомашиныг худалдан борлуулахыг хариуцагч зөвшөөрсөн байх тул үндсэн зээл 21,000,000 төгрөг, зээлийн хүү 319,400 төгрөг, гаражын төлбөр 712,000 төгрөг, зуучлалын зардал 300,000 төгрөг, автомашины үнэлгээний хөлс 230,000 төгрөг нийтдээ 22,561,400 төгрөгийг нэхэмжлэгч Э ХХК нэхэмжлэх эрхтэй байх тул автомашины үнэ 19,900,000 төгрөгийг хасч үлдэх 2,661,400 төгрөгийг хариуцагч Ч.С-оос гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч алдангид 10,500,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д заасан “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэх заалтад нийцээгүй байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.
Иймд Х ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар автомашины үнэлгээний дүн 19,900,000 төгрөгөөр тогтоосоныг нэхэмжлэгч зээлийн төлбөрөөс хасч тооцсоноор талуудын хооронд байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Ч.Сос зээлийн гэрээний үүрэгт 2,661,400 төгрөг гаргуулж Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 57,532 төгрөгийг гаргуулж Э ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 236,749 /212,199+24,550/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ