| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 226/2020/0037/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 37
Б-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2020/0037/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Прокурор Г.Мөнхболд,
Шүүгдэгч Б- нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б-гийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2039000000114 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Хэнтий аймгийн Дадал суманд 1976 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Яргайтын 911 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1 жил 5 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ц-н Б нь
2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багт оршин суух Ч-гийн гэрийн гадна согтуугаар Ба-той марган улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, өшиглөж Ба-ийн биед дээд уруулын салстад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Сэлбийн дэв” гэх газарт оршин суур Ц-гийн гэрт согтуугаар зэвсэг буюу заазуур ашиглан Мө-ийн биед халдан зодож, улмаар түүний биед зүүн хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Сэлбийн дэв” гэх газарт оршин суух Ц-гийн гэрт согтуугаар Мөн-ийн биед халдан зодож, улмаар түүний биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Сэлбийн дэв” гэх газарт оршин суух Ц-гийн гэрт согтуугаар, зэвсэг буюу заазуур ашиглан онц харгис хэрцгийгээр, хохирогчид бие махбодын шаналал зовиур үүсгэж, О-гийн биед 31 удаа заазуурдаж, зодон улмаар түүний биед цээжний баруун дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины дунд дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт, зулай, дагз, баруун зүүн чихний дэлбэн, баруун шууны гадна дээд хэсэг, бугуйн үеийн гадна хэсэг, зүүн шууны дотор дээд хэсэгт сорви бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Ц-гийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёроос дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дахь заалтад зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дахь заалтад зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 3 сарын хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн 9 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 212 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 26 хоногийн хорих ялаар сольж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 900000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон 2 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 9 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр тус тус нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 9 /ес/ жил 5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногоор тогтоож, шүүгдэгч Б-д оногдуулсан 9 жил 5 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоохоор тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б- давж заалдах гомдолдоо: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хүнд гэмтэл авсан О- бол миний багийн найз юм. Хохирогч О-, Мө-, Мөн-, Ба- нар нь надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Би 2000 онд сэтгэцийн өвчний улмаас группд орсон. Ээж маань 62 настай, би ээждээ болон ах дүү нартаа ойр байж ялаа эдлэх хүсэлттэй байгаа тул надад оногдуулсан 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б-гийн үйлдсэн гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Б-д 9 жил 5 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулсан хорих ялын хэмжээний тухайд маргаагүй бөгөөд ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б-д оногдуулсан 9 жил 5 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б-гийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багт оршин суух Ч-гийн гэрийн гадна согтуугаар Ба-той марган улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, өшиглөж Ба-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Сэлбийн дэв” гэх газарт орших суур Ц-гийн гэрт согтуугаар зэвсэг буюу заазуур ашиглан Мө-ийн биед халдан зодож, улмаар түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Сэлбийн дэв” гэх газарт оршин суух Ц-гийн гэрт согтуугаар Мөн-ийн биед халдан зодож, улмаар түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Сэлбийн дэв” гэх газарт оршин суух Ц-гийн гэрт согтуугаар, зэвсэг буюу заазуур ашиглан онц харгис хэрцгийгээр, хохирогчид бие махбодын шаналал зовиур үүсгэж, О-гийн биед 31 удаа заазуурдаж зодон улмаар түүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...удалгүй Б- миний цээж рүү хутгалсан. ...үргэлжлүүлээд миний баруун, зүүн гар руу маш олон удаа хутгаар хатгасан. Би хутгыг нь булааж авах гэж байгаад гарын алга, өндөгнүүдээ зүсүүлсэн. ...Б- “би чамайг алаад өгье” гэж хэлээд миний толгой, чих рүү заазуурдсан. Би өөрийгөө хамгаалж чадаагүй. ...эхлээд 2-3 удаа заазуурдаад, хэсэг хугацааны дараа дахиад заазуурдаад байсан. ...миний ухаан балартаад унасан. нэг сэрэхэд Хөлөг, Түлхүүрийн ээж нь ирчихсэн “эмч, цагдаа яаралтай дуудъя” гээд уйлж байсан. ...удалгүй эмч, цагдаа ирж би анхны тусламж авсан. ...Б- архи уухаараа ингэж догшин хэрцгий авирладаг хүн...” гэх мэдүүлэг /хх 35-39х/,
Хохирогч Г.Мө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- гэнэт мах хэрчиж байсан хутгаараа миний зүүн хөмсөгний дээд талд зоосон. ...миний нүүр болон бие рүү өшиглөж, зодож чирээд гаргасан. ...Б-г явсны дараа гэрт ороход О- цусандаа хутгалдсан байдалтай урд орон дээр хэвтэж байсан. Мөн- хойд орон дээр ухаангүй хэвтэж байсан. ...О-, Мөн- хоёрыг яаж зодож, хутгалсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх 43-44х/,
Хохирогч Мөн-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- гаднаас орж ирээд толгой руу хүчтэй цохиж унагааж зодсон. ...миний зүүн талын 3 хавирга хугарсан, хүзүү гэмтсэн, баруун хөл, баруун гуя маш хөндүүр өвчтэй байгаа, зүүн шанаа халцарсан, духны зүүн хэсэгт халцарсан, уруул язарсан, баруун хацар зулгарсан, зүүн гарын шуу, бугалга хавдсан. ...Б- ууж идэхээрээ ингэж догшин авирладаг. ...өмнө нь олон хүнийг гэмтээж байсан...” гэх мэдүүлэг /хх 48-49х/,
Хохирогч Ба-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч-н хашаан дотор ялихгүй зүйлээс болж муудалцаж улмаар Б- намайг зодож гэмтээсэн. ...миний баруун талын нүд, зовхи, хөмсөг, шанаа, хацар, уруул хэсэг хавдаж хөхөрсөн. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 54-55х/,
Гэрч Б.Одмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр би Эрүүл мэндийн төвийн жижүүр эмчээр ажиллаж байсан. Орой 17 цаг 50 минутын орчимд ...дуудлагын дагуу очиход О- урд талын орон дээр хэвтсэн байдалтай, Мө- ширээний хажууд сууж байсан. ...О-гийн толгой, хоёр гар, цээж, хоёр чихнээс их хэмжээний цус гарч хатсан байсан. ...нийт 31 зүсэгдэж, хатгагдаж, язарсан шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх 60-61х/,
Гэрч Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэрт ороход О- урд талын орон дээр, Мө- сандал дээр цусандаа хутгалдсан хэвтэж байсан. Мөн- хойд талын орон дээр хэвтэж байсан. ...Б- бид нарыг зодож хутгалаад мотоциклтой зугтаачихлаа гэж хэлсэн. ...О-гийн биеийн байдал маш хүнд, цус их алдсан байсан. ...Мөн- ухаангүй байсан. Мө-ийн хөмсөгний дээр хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх 63х/,
Гэрч Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хашаан дотор хүн орилохоор хашхираад байхаар нь гараад гартал Б-, Ба-ийг газарт хэвтүүлчихсэн зодож байсан. ...Б-, Ба-ийг нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. ...Б-д архи зохидоггүй, уухаараа догшин ширүүн авиртай болдог хүн...” гэх мэдүүлэг /хх 69х/,
Гэрч С.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- миний том хүүхэд. ...2002 онд шиг санаад байна ...хүүгийн маань сэтгэцэд өөрчлөлт орж Улаанбаатар хотод Сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон. ...сэтгэцийн байдлаар группд орсон. ...2004, 2006 онуудад сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг/хх 78-79х/,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 197 дугаартай
“Ш.Мө-ийн биед зүүн хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо...
...Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...
...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх 89х/,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 198 дугаартай
“Мөн-ийн биед нүүрний зүүн талын шанаанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо...
...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 94х/,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугаартай
“ - Ба-ийн биед дээд уруулын салстад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...
...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 99х/,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 235 дугаартай
“О-гийн биед цээжний баруун дээд хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун уушгины дунд дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт, зулай, дагз, баруун зүүн чихний дэлбэн, баруун шууны гадна дээд хэсэг, бугуйн үеийн гадна хэсэг, зүүн шууны дээд хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо...
...Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...
...Уг гэмтэл нь нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 103х/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 484 дугаартай
“Б- нь шизофренийн хий үзэгдэлт, дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байсан байна...
...Б-гийн дээрх эмгэг нь удамших хандлагатай дотоод шалтгаантай сэтгэцийн эмгэг байна, тодорхой үе шатгүй эмгэг болно. Одоогоор засрал сайжралын байдалтай байна...
...Б- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...
...Б- нь засрал сайжралын байдалтай байгаа тул өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай байна...
...Б- нь хэрэг хариуцах чадвартай байна...
...Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт /хх 155х/,
Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Мө- шургуулганаас хутга аваад Мөн-тэйгээ маргалдаж муудалцаад байсан, би хутгыг нь булааж авахдаа Мө-ийн зүүн хөмсөгний дээд хэсэгт нь зүсчихсэн. ...О- намайг хутга барилаа гээд над руу уурлаад дайраад байсан. Би гарт байсан хутгаараа О-гийн гар, цээж рүү нь хутгалсан. ...яг хэдэн удаа хутгалснаа санахгүй байна. ...нэг ухаан ороход би гартаа заазуур барьчихсан орны толгойг заазуураараа цохиж байсан. ...би 20-21 цагийн үед Ч-н гэрээс нь гарсан ...Ба- миний араас гарч ирэнгүүтээ над руу дайрсан, тэгэхээр нь би бултаад Ба-ийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Ба- ойчоод өгөхөөр нь уурандаа Ба-ийн нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 187-188, 191х/,
Хохирогч Ш.Мө-, Ш.Мөнгөнтүхүүр, О- нарын гаргасан “Б-д гомдол, саналгүй” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.
Б-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялуудыг зөв нэмж, нэгтгэсэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.
Анхан шатны шүүхээс Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, түүнд 9 жил 5 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорин байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн “ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б-гийн цагдан хоригдсон 35 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Б.СҮХГОМБО