Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2017/0002/з |
Дугаар | 125/ШШ/2018/0034 |
Огноо | 2018-05-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 125/ШШ/2018/0034
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ХХҮГ- даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн ХХҮГ даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн ХХҮГ Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, гуравдагч этгээд Б.П , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, иргэдийн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ХХҮГ Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах, ХХҮГ даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн үед би ХХҮГ шинээр батлагдсан бүтэц орон тоотой танилцаж, ямар орон тоо батлагдаж ирсэн талаар мэдээгүй байсан бөгөөд хуучин ажиллаж байсан Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрандаа томилуулахаар хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Ингээд шүүхэд хандсаны дараа ХХҮГ бүтэц орон тоотой танилцаж, 2018 оны 04 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ХХҮГ Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг хариуцсан мэргэжилтний ажилд томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Би аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр анх ажилд орж, тус хэлтсийн Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оноос эхлээд Өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Албан тушаалын нэршил нь өөрчлөгдсөн боловч чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн тул хэлтсийн дарга тушаал гаргаж өөрчлөн томилоогүй. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа, өргөдөл гомдлын асуудлыг 4 мэргэжилтэн хариуцан ажилладаг байсан ба үүнд Хүнс, тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн сангийн оператор програмист, Өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн ажиллаж байсан. Ингэж ажиллахдаа тухайн хуваарилагдсан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байсан. Би ажиллаж байх хугацаандаа ёс зүйн болон хууль зөрчсөн зөрчил гаргаж байгаагүй.
2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Мөн 2014 онд нийгмийн ажилтныг чадавхижуулах 1, 2, 3 дугаар шатны сургалтад сууж, ажиллаж байх хугацаандаа шаардлагатай сургалт, семинарт сууж, мэргэжлээ дээшлүүлж байсан. 2015 онд өрхийн мэдээллийн системийн сургалтанд сууж гэрчилгээгээ гардаж авсан. Энэ нь Халамж үйлчилгээний хэлтсийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тухайн сан буюу “вайс” программд шивдэг байсан.
2016 оны 09 дүгээр сард манай бүтэц шинээр батлагдаж, хэлтсийн дарга нь солигдож, 2016 оны 10 сарын 19-ний өдөр ажлын бүтэц орон тооны талаар танилцуулсан. Тухайн үед Л.Б дарга томилогдож ирснээс хойш би хуучин эрхэлж байсан ажлаа хийж байсан.
Ингээд 2016 оны 10 сарын 19-ний өдөр Л.Б дарга намайг дуудаж уулзсан. Гэхдээ ХХҮГ бүтэц, орон тоог надад танилцуулалгүй, “өрхийн мэдээллийн сан хариуцсан 4 мэргэжилтний орон тоо нь цөөрч, 2 мэргэжилтэн хариуцах болсон, чиний ажлын байр байхгүй болсон тул тэтгэмжээ аваад ажлаасаа гар, ... би н.Мөнхзул, Б.П нарыг ажиллуулна” гэж хэлсэн. Би тухайн үед бүтэц орон тоотой танилцаагүй, ямар албан тушаал нэгдсэн талаар надад тайлбар хэлээгүй. Тухайн үед 5 дахь өдөр байсан ба 10 дугаар сарын 24-ний өглөө ажил дээрээ ирэхэд 11 цагийн үед даргын нарийн бичиг намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг надад өгсөн.
Ингээд шүүхэд эрхээ хамгаалуулахын тулд хандсан. Яагаад намайг ажлаас чөлөөлсөн болон ямар шаардлагыг үндэслэн дээрх 2 хүнийг ажилд үлдээсэн нь тодорхойгүй байгаад гомдолтой байна. Тухайн өрхийн мэдээллийн санд ажиллаж байсан 4 мэргэжилтнээс Хүнс, тэжээл хариуцсан мэргэжилтэн, Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн буюу төрийн захиргааны албан хаагчийг асрамжийн зохион байгуулагч буюу төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлж, харин намайг ажлаас халж, Өрхийн мэдээллийн судалгаа хариуцсан мэргэжилтний ажилд Хүнс, тэжээл, өргөдөл гомдлын ажил нь нэгтгэгдэж, н.Мөнхзулыг тухайн албан тушаалд томилсон. Миний урд ажиллаж байсан ажлын байрыг Өрхийн мэдээллийн сангийн оператор програмистын ажлын байртай нэгтгэж, энэ ажилд Б.П-г томилон ажиллуулж байгаа юм.
Өрхийн мэдээллийн сангийн оператор програмистын ажлын байр мөн хасагдсан ба үүнд ажиллаж байсан хүнийг захиргааны албан хаагчийн албан тушаалд томилсон.
Би дээрх нэхэмжлэл гаргасантай холбоотой “...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, бичилт хийлгэх...”-ийг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо сарын дундаж цалингаа 483618 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан нийт 18 сар 16 хоногоор тооцоход нийт 8962920 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, Ховд аймгийн ХХҮГ дарга Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчлөхдөө Ховд аймгийн ХХҮГ даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн ХХҮГ өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг даалгахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ховд аймгийн ХХҮГ даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар Д.Ц-г “ХХҮГ болон зохион байгуулагдаж, зарим нэг ажлын байр, бүтцийн өөрчлөлтөөр хасагдаж цөөрсөн...” гэх үндэслэлээр өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн.
Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол, ХХҮГ даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тогтоолуудын дагуу =батлагдсан орон тоонд багтааж, ХХҮГ нь үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо байхгүй болсон. Энэ талаар өөрт нь танилцуулж тушаал гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг аваад ажлаас гарсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 08 дугаар сард Монгол Улсын Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталж, 2016 оны 9 дүгээр тогтоол гарсан. Үүний дагуу Х хэлтэст буюу 24 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст буюу 38 бүрэлдэхүүнтэй хэлтсүүд нь нэгдэж, ХХҮГ болж, тус газар нь 47 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар батлагдсан. Үүнтэй холбоотойгоор 15 хүнийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхдөө өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн. Учир нь анх 2013 онд өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдож, 2014 онд өрхийн мэдээллийн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн болж албан тушаал нь өөрчлөгдсөн боловч ямар нэгэн тушаал гаргаж, ажлын байрны тодорхойлолтыг нь өөрчлөлт оруулаагүй байсан.
Тухайн үед Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст өрхийн мэдээллийн санг хариуцсан 4 мэргэжилтэнтэй байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Б.П-ийн ажлын байрны тодорхойлолтод 7 үндсэн чиг үүргийг заасан. Харин Д.Ц-ийн ажлын байрны тодорхойлолтод 4 үндсэн чиг үүрэгтэй байгаа юм. Хуучин Д.Ц-ийн ажлын байрны тодорхойлолт дээр өргөдөл, гомдлын талаар 2 заалт, ахмадын талаар 2 заалт байдаг. Б.П-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан 7 үндсэн зорилтыг үзэхэд утга агуулгын хувьд өөр байгаа юм. Д.Ц-ийн ажлын байрны тодорхойлолтод сумдын мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгч, мэдээ тайлан гаргах гэсэн чиг үүргийг заасан байхад Б.П-ийн ажлын байрны тодорхойлолтод сумдын мэргэжилтний өргөдөл, гомдлын мэдээ тайлан авах гэж заасан. Өрхийн мэдээллийн сан гэдэг нь нэгдсэн том сүлжээ болсон. Энд өрхийн мэдээллийн сангийн тооцоо судалгаа хариуцсан мэргэжилтэн, өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэж ангилсан байгаа. Өрхийн мэдээллийн сангийн тооцоо судалгаа хариуцсан мэргэжилтэн нь өрхийн мэдээллийн сантай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч, тооцоо судалгаа гаргадаг. Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нь хүнсний эрхийн бичгийн асуудал давхар хариуцдаг бөгөөд үүнийг Б.П нь одоо хариуцаж байгаа юм. Б.П нь хүнсний эрхийн бичигтэй холбоотой өргөдөл гомдлын өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хүлээн авч шийдвэрлэдэг. Д.Ц-ийн хариуцаж байсан өргөдөл, гомдлын асуудлыг одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүд нь тус бүр дээр нь шилжиж очсон. Ахмад асуудал нь энэ чиглэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн өөрөө хариуцаж хүлээж авдаг болсон. Ахмад настангууд нь бүлгийн ажлыг зорилтот бүлэг юм. Өрхийн мэдээллийн сангийн оператор програмист, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын орон тоо нь цомхтголд орсон. Хүнсний эрхийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нь өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөн.
Мөн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын Б/37 дугаар тушаалаар ажилчдыг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс чөлөөлөөд, шилжүүлсэн байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэхэмжлэгчид өгсөн ба энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Тэтгэмжээ хэрхэн зарцуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан байгаа бөгөөд нэхэмжлэгч нь тэтгэмжийн мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан байсан. Байгууллагын дотоод зохион байгуулалтын хувьд ажилчидтай ярилцаж, харилцан тохиролцож, зохион байгуулалтыг хийсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.П шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 онд анх ажилд ороход салбар дундын мэдээллийн сан үүссэн бөгөөд бид уг мэдээллийн сан үүсгэлцсэн юм. Би өмнө нь судалгаа хариуцсан мэргэжилтэн байсан бөгөөд одоо өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа. Салбар дундын мэдээллийн сан нь үүссэнээс хойш 3 жил тутам шинэчлэгдэж, улсын хэмжээний нэгдсэн өрхийн мэдээллийн нэгдсэн систем болсон. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний ажиллаж байгаа албан тушаал нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо биш, одоо бүгд бүтцээрээ өөрчлөгдсөн юм.
Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хадгалагдаж үлдсэн зүйл байхгүй юм. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн нийгэмд эзлэх байр суурь нь томрох тусам миний ажлын байрны чиг үүрэг, хамрах хүрээ нь өргөн болсон. Мөн би хүнсний эрхийн бичгийг давхар хариуцаж байгаа. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа гэдэг нь нэгдсэн сангийн бүхий л ажиллагааг хэвийн зохион байгуулж байна гэсэн үг юм. Нэхэмжлэгч нь өргөдөл, гомдол хариуцаж байсан ажил нь хэвээр хадгалагдаж байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл хүнсний эрхийн бичигтэй холбоотой өргөдөл, гомдлыг би шийдвэрлэдэг. Мөн өрхийн мэдээллийн нэгдсэн сантай холбоотой сургалт зохион байгуулах, сумдад чиглэл заавар өгөх, тооцоо, судалгаа, тайлан мэдээг гаргах, нэгтгэх зэрэг хамрах хүрээ, чиг үүрэг нь ихэссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг анх ХХҮГ даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, урд эрхэлж байсан ХХҮГ Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх гэж нэмэгдүүлсэн. Энэ хугацаанд 3 шатны шүүхээр энэ хэрэг нь хэлэлцэгдсэн. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөн.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн ба үүнийг хариуцагч тал нь ажлын байрны орон тоо цөөрсөн гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь “миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул намайг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байтал урд нь өөр чиг үүргийг хэрэгжүүлж байсан мэргэжилтэнг ажиллуулсан нь үндэслэлгүй байна” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Хариуцагч байгууллагын Б.П-тэй байгуулсан 2017, 2018 онуудын үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд Д.Ц-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй тохирч байгаа юм. Д.Ц-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан зарим чиг үүргээс зарим хасагдсан байдаг. Д.Ц-ийн ажлын байрны тодорхойлолтод ахмад настны асуудалтай холбоотой чиг үүргийг зааж өгөөгүй боловч энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т энэ талаар тодорхой заасан. Хэдийгээр нэхэмжлэгчийн урд ажиллаж байсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангагдаж хавтаст хэрэгт хавсаргагдаагүй боловч үр дүнгийн гэрээнд чиг үүргийг нь тодорхой заасан байгаа. Гуравдагч этгээдийн ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн урд хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь таарч байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа буруу гаргасан. Өнөөдөр хүртэл нэхэмжлэлийн шаардлага нь буруу байгаа юм.
Нэхэмжлэгч нь сүүлд буюу 2018 оны 4 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ингэхдээ ХХҮГ Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах гэжээ. ХХҮГ Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаал гарч, Ховд аймгийн ХХҮГ 3 хэлтэстэй 47 орон тоотойгоор баталж, уг орон тоонд багтааж ажиллахыг үүрэг болгосон байдаг. Нэхэмжлэгчид 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3 сарын тэтгэмжийг өгч, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Өнөөдрийг хүртэл 3 сарын тэтгэмж нь буцаагдсан зүйл байхгүй. Улсын Дээд шүүхийн тогтоолд “...өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ямар чиг үүрэг нь шинэ бүтцээр бий болсон, өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ямар чиг үүрэгтэй нэгтгэгдсэн нь тодорхой бус байхад шүүх Б.П-г гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь ойлгомжгүй байна...” гэжээ. Гэтэл Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахыг даалгуулах гэж өөрчилсөн.
Д.Ц-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Б.П-ийн ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд томилуулахыг даалгах боломжтой юм. Гэтэл Б.П-ийн ажлын байрны тодорхойлолт нь тэс өөр болж өөрчлөгдсөн байгаа.
Нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцсэн эсэхийг шүүх тодруулах ёстой. Ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд давхцсан чиг үүрэг байна гэж тайлбарлаж байгаа боловч чиг үүрэг нь давхцаагүй, чиг үүрэг нь өөрчлөгдөж ирсэн юм.
Нэхэмжлэгч нь анхнаасаа Төрийн албаны салбар зөвлөлд хандсан байх ба Төрийн албаны салбар зөвлөл Д.Ц-ийн өргөдлийг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг тайлбарлаж, Х.Цэцэгханд, Д.Ц нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл чөлөөлөх талаар шийдвэр гаргаж байж дараа нь шүүхэд хандах ёстой бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой бөгөөд ХХҮГ дарга нь сонгон шалгаруулалт зарла, ингээд шийдвэр гарга гэсэн тогтоол гарсан.
ХХҮГ Хүнс, тэжээлийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо байдаг бөгөөд уг орон тоонд ажилладаг хүнийг гуравдагч этгээдээр татах нь зүйтэй байсан юм болов уу гэж үзэж байна. Гэтэл Б.П-ийн ажлын байранд томилуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхэд нэхэмжлэгчийг шууд томилох эрх хэмжээ байхгүй. Ажилд томилох эрх нь ХХҮГ даргад байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Улсын Дээд шүүхээр хэрэг хянагдаж ирсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахад гуравдагч этгээдийн эрх ашиг шууд хөндөгдөхөөр өөрчлөгдөж орж ирсэн. Нэхэмжлэгчийг аймгийн ХХҮГ даргын тушаалаар чөлөөлсөн болохоос биш ажлаас чөлөөлөх болсон нөхцөл байдал нь ХХҮГ хамааралгүй байгаа юм. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтол гарсан ба аймгуудын Х хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтсүүдийг нэгтгэж, шууд харъяалагдах байгууллагын бүтцийг тогтоож өгсөн. ХХҮЕГ даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймаг, нийслэлийн ХХҮГ, орон тоог баталсан байдаг. Үүнд ХХҮГ нийгмийн халамжийн хэлтэс нь 9 ажилтантай байхаар заасан. ХХҮГ даргын ажлаас чөлөөлсөн тушаалтай маргаж байгаа боловч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хамааралтай шалтгаант холбоо байхгүй гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна.
Аймгийн ХХҮГ нь босоо удирдлагатай, төв байгууллагадаа шууд харьяалагддаг, төсвийн сангаа өөрөө батлах эрхгүй байгууллага юм. Иймд шууд харъяалагддаг төв байгууллагынхаа тушаал шийдвэрийг биелүүлсэн юм. Нэхэмжлэгчийн маргаж байгаа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалын үндэслэл нь Засгийн газрын тогтоол болон эрх бүхий байгууллагын тушаал, шийдвэрт үндэслэсэн тул хууль зүйн үндэслэлтэй тушаал гарсан гэж үзэж байгаа юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар 62 орон тооноос 47 орон тоотой бол орон тоо хасагдсан агуулгыг тушаалдаа оруулж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлийг тушаалдаа мөн оруулж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь орон тоо цөөрсөн гэж маргадаг. Орон тоо цөөрөх гэдэг нь ижил чиг үүрэгтэй, адил ажил үүрэг гүйцэтгэдэг хэд хэдэн албан тушаалаас орон тоо хасагдахыг хамруулж ойлгох ёстой.
Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн гэх орон тоон дээр 2 хүн ажиллаж байсан бол сонгон шалгаруулж авах нь зүйтэй гэж маргах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Гэтэл өнөөдрийн байдлаар хасагдсан орон тоон дээр томилуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн урд ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь гуравдагч этгээдийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт нь хэвээр хадгалагдан үлдсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд ажлын байрны үндсэн зорилго нь зөрүүтэй байна. Нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод хамгийн чухал нь ахмад настны хуулийн хэрэгжилтийн хангуулах, хүнсний эрхийн бичигтэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх, ахмад настанд үйлчилгээг чанартай хүргэх гэж заасан. Маргаж буй ажлын байрны үндсэн зорилтоос 3, 4 дүгээр зорилт нь өөр ажлын байранд шилжиж очсон. Ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд бүхэлдээ өөр өөр ажлын байранд шилжиж очсон ба гуравдагч этгээдийн ажлын байрны чиг үүрэг нь өргөсөж, үндсэн зорилго зорилт нь өөрчлөгдсөн байгаа юм.
Зарим нэг чиг үүрэг нь хадгалагдсаныг чиг үүрэг нь бүхэлдээ хэвээр хадгалагдан үлдсэн гэж ойлгох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэдэг нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн зарим тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогддоггүй.
Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний асуудал энд яригдахгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Хариуцагчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь Ховд аймгийн ХХҮГ дарга Л.Б-д холбогдуулан ХХҮГ даргын 2016 оны 10 сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, өмнө нь эрхэлж байсан албан тушаал болох ХХҮГ нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Өргөдөл гомдол” хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдох нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байна. /хх1-1-3/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь
ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж нэмэгдүүлсэн /хх1-84/,
Мөн ХХҮГ даргын 2016 оны 10 сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн ХХҮГ Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан /хх2-60/ болно.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгч Д.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Ц урьд нь Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 тоот тушаалаар тус хэлтсийн “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр” мөн өдрөөс эхлэн томилогдон /хх1-12/ ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан төрийн захиргааны албан тушаал эрхэлж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна./хх1-78/
Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тушаалын хавсралтаар /хх1-236, 237/ Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоог баталсан ба энэ орон тоонд Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдсан ба уг орон тоонд Д.Ц ажиллаж байсан, тухайн үед бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж ирэхэд албан тушаалын нэршлийг нь өөрчилж Д.Ц-ийн хувьд Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилсон хэлтсийн даргын тушаал гаргаагүй болох нь гэрч Ч.Нохойжавын “...Би 2012 оны 10 дугаар сараас 2016 оны 09 сар хүртэл Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. ....2015 онд Нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар тус хэлтсийн бүтэц орон тоог баталсан. Үүний дагуу Хүнс тэжээлийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалын нэр өөрчлөгдөж Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн болсон. Хэдийгээр албан тушаалын нэр нь өөрчлөгдсөн ч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан үлдсэн тул шинээр тушаал гаргаагүй...” гэх мэдүүлгээр /хх2-36-38/ нотлогдох ба Д.Ц Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсантай хэргийн оролцогч нар маргаагүй болно.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дугаартай тогтоолоор /хх1-29/ өмнө нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Х хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс ажиллуулахаар тогтоосон Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол болон уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 08 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд ХХҮГ нэртэй байгууллага ажиллуулах болсонтой холбогдуулан урьд ажиллаж байсан Х хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс гэсэн 2 хуулийн этгээдийг нийлүүлснээр аймгийн ХХҮГ болж өөрчлөн байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнтэй холбогдуулан тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/37 дугаартай тушаалаар /хх2-21, 22/ хэлтсийн нийт ажилтнуудыг тушаалын нэгдүгээр хавсралтаар ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамтаар өөрчлөн байгуулагдсан ХХҮГ шилжүүлжээ.
Үүний дагуу аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Ц нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн аймгийн ХХҮГ шилжиж, 2016 оны 8, 9, 10 дугаар сард өмнөх албан тушаалын буюу Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний чиг үүргийг гүйцэтгэн ажилласнаар цалин хөлс авсан болох нь /хх2-33/ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон болно.
Улмаар Ховд аймгийн ХХҮГ даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалд /хх1-6/ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалт “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэх тухай” Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, ХХҮГ даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэн “Зарим нэг ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр хасагдан цөөрсөн” гэх үндэслэлээр Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Д.Ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгосноор маргаан үүссэн байна.
Нэхэмжлэгч нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программист гэсэн албан тушаалууд нэгдэж ХХҮГ Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн болсон гэж,
хариуцсан нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо нь ХХҮГ болж өөрчлөгдөхөд хасагдсан гэж тус тус маргаж байна. Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал хэвээр хадгалагдаагүй, хасагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ.
Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн /Д.Ц /, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программист /Ц.Насанчимэг/-ийн ажлын байрны чиг үүрэг нэгдэж Ховд аймгийн ХХҮГ Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт тусгагдсан талаар:
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программист, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэний баталгаажсан ажлын байрны тодорхойлолтыг аймгийн ХХҮГ нотлох баримтын шаардлага хангуулан авахаар шүүхээс шаардсан боловч тус ажлын байрны тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр тус газарт байхгүй гэсэн болно. /хх2-14, 20, 65/
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д “Төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл мөн”. 35 дугаар зүйлийн 35.1.5-д “төрийн байгууллагын ажлын албаны төрийн жинхэнэ албан хаагчийн удирдлагатай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, төрийн байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид нийгмийн аудит хийх арга зүйг нэвтрүүлэх талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх болон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах” гэж заасан ба Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын хавсралт 1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах Үлгэрчилсэн загварын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн гэрээ байгуулахад Үр дүнгийн гэрээ байгуулах аргачлалыг баримтлахаар заасан байна.
Уг аргачлалд “...нэгжийн хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд чиглүүлэн тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэх ажил, үйлчилгээг бичнэ.Энэ ажил, үйлчилгээг төлөвлөхдөө "Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө" болон тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтыг үндэслэнэ гэжээ.
Дээрхээс үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулахдаа төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн байгуулдаг байх тул төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг үндэслэн түүний ажлын байрны чиг үүргийг тодорхойлох үндэслэлтэй байна.
Иймд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программист, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангах хэлбэрээр хавтаст хэрэгт байхгүй тул тэдгээрийн үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр тэдгээрийн ажлын байрны үндсэн чиг үүргийг тодорхойллоо.
Нэхэмжлэгч Д.Ц нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа хүнсний эрхийн бичгийн болон өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйлчилгээтэй холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлтийг авах, бүртгэх, цаг хугацаанд нь шийдвэрлэж хариуг өгөх, өргөдөл гомдлоо мэдээллийн санд шалгах, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд шивэх, өргөдөл гомдлын дагуу НХҮЕГ-аас ирсэн мэдээллүүдийг тухай үед нь сумын мэргэжилтнүүдэд өгч, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах, сумын мэргэжилтнүүдээс өргөдөл гомдлын тайлан мэдээ сар бүр авч шийдвэрлэлтийн явцад хяналт тавьж ажиллах, Өргөдөл гомдлын дагуу дахин үнэлгээнд хамрагдах өрхийн жагсаалт үүсгэх, өрхийн амьжиргааны түвшний үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй иргэдийн хүсэлтийг харгалзан дахин үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, Өрхөөс авсан асуулгын хуудсыг санд шивж оруулах, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн нууцлал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, санд шинэ төрсөн болон судалгаанаас хоцорсон хүүхдийг бүртгэх, ахмад мэргэжилтнүүдийн судалгаа гаргах зэрэг ажлаас гадна Ахмад настнуудын нийгмийн хамгааллын хүрээнд холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэдэг байсан болох нь түүний 2016 онд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр нотлогдож байна. /хх1-92-102/
Товчоор хэлбэл Д.Ц нь Хүнсний эрхийн бичиг болон өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч, цаг хугацаанд нь шийдвэрлэх, хяналт тавих, сумын мэргэжилтнүүдээс өргөдөл гомдлын тайлан мэдээ сар бүр авч шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах нь ажлын байрны зорилго, үндсэн чиг үүрэг нь байна.
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программист нь Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан болох нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программист Ц.Насанчимэгийн тус хэлтсийн дарга Ч.Нохойжавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. /хх2-135/
Хөдөлмөрийн гэрээнд Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программистын гүйцэтгэх ажил үүргийг
-Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хүрээнд бүрдүүлсэн мэдээллийн санг шинэчлэх, мэдээлэл оруулах, хэвийн үйл ажиллагааг хангах
-ӨМНС-ийн тусгай хэрэглэгчийн мэдээллийн нууцлал хангаж, мэдээлэл өгч, аюулгүй байдлыг хангаж ажиллах,
-Сумдын мэргэжилтнүүдийг мэдээлэл арга зүйгээр хангаж, зөвлөгөө өгөх,
-ӨМНС-тай холбоотой нэгдсэн мэдээлэл судалгааг гаргаж, танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах
-Хүүхдийн мөнгө олгох ажлын хүрээнд ӨМНС-д бүртгэх ажлыг зохион байгуулах,
-ӨМНС-гийн талаар холбогдох төрийн байгууллагуудад олон салбарт ажиллах боломжийг зохион байгуулах гэж заасан байна.
Товчоор хэлбэл Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программистын ажлын байрны зорилго, үндсэн чиг үүрэг нь Өрхийн мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл оруулах шинэчлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, сантай холбоотой нэгдсэн судалгааг гаргах, Өрхийн мэдээллийн нэгдсэн санг олон нийтэд сурталчлах ажил байна.
Ховд аймгийн ХХҮГ дарга Л.Б, Захиргаа хяналтын хэлтсийн дарга П.Б нар ХХҮГ Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг баталсан ба тус ажлын байрны зорилгыг “Өрхийн мэдээллийн сангийн хэвийн ажиллагаа хангах, баазыг шинэчлэх, мэдээллийн сан, үйлчилгээтэй холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх” гэж тодорхойлсон байна. /хх1-51-56/
Мөн Ажлын байрны үндсэн зорилт
1.Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн программ болон бусад холбогдох программын хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавьж ажиллах,
2.Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хүрээнд бүрдүүлсэн мэдээллийн санг шинэчлэх, мэдээлэл оруулах ажлыг зохион байгуулах
3.Өрхийн мэдээллийн нэгдсэн сан, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээж авах, хугацаанд нь шийдвэрлэх,
4.Сумдын мэргэжилтнүүдээс өргөдөл, гомдлын тайлан мэдээ авах, шийдвэрлэлтийн явцад байдалд хяналт тавих
5.Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн програмтай холбоотой нэгдсэн мэдээлэл, судалгаа гаргаж, танилцуулах
6.Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулах
7.Байгууллагын удирдлагаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэх, байгууллагын дотоод үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэжээ.
Эдгээр 7 зорилтын 7 дахь зорилт нь нийтлэг зорилт бөгөөд, 1, 2, 5, 6 зорилт нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программистын, 3, 4 дэх зорилт нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний хийж гүйцэтгэж байсан ажлын байрны чиг үүрэг байна.
Иймд дээрхээс дүгнэхэд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн /Д.Ц / Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программистын /Ц.Насанчимэг/ ажлын байрны чиг үүрэг нь нэгдэж аймгийн ХХҮГ Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт тусгагдсан байна.
Өөрөөр хэлбэл Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн /Д.Ц /, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программист /Ц.Насанчимэг/-ийн ажлын байр нэгдэж Ховд аймгийн ХХҮГ Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт нэгтгэгдсэнээр тус газрын дарга Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулагдаж ажлын байрны орон тоо цөөрчээ.
Дээрх байдлаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдаж, орон тоо цөөрсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулагдсан.
Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программистаар ажиллаж байсан Ц.Насанчимэгийн хувьд төрийн үйлчилгээний албан тушаалыг хашиж, хөдөлмөрийн гэрээгээр /хх2-135/ ажиллаж байсан ба төрийн жинхэнэ албан хаагч биш байна.
Д.Ц-ийн хувьд урьд эрхэлж байсан ажлын байрны чиг үүргүүдээс ахмад настны асуудал хариуцах чиг үүрэг хасагдсан боловч бусад чиг үүрэг нь агуулгын хувьд Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Иймд Д.Ц төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй бөгөөд уг орон тоонд урьд нь Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр ажиллаж байсан Б.П-г томилсон нь буруу болжээ.
Гуравдагч этгээд Б.П-ийн хувьд урьд эрхэлж байсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны зорилго чиг үүргийг агуулгын хувьд дүгнэхэд аймгийн хэмжээнд өрхийн амьжиргааны түвшний судалгааны ажилтай холбогдсон бүхий л харилцааг хариуцан зохион байгуулж, судалгааны багийг бүрдүүлэн, арга зүйн зөвлөгөө өгөх талаарх чиг үүргийг гүйцэтгэж байсан байх ба энэ нь түүний Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргатай 2015 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээр /хх2-78-81/ нотлогдож байх ба уг судалгаатай холбоотой чиг үүрэг нь ХХҮГ Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт тусгагдаагүй, харин ХХҮГ Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн тооцоо, судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт /хх2-137-140/ “ Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа зохион байгуулах “ хэмжээнд томьёологджээ.
Иймд гуравдагч этгээдийн “миний өмнө ажиллаж байсан Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний чиг үүрэг ХХҮГ, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь дээрх байдлаар маргаан бүхий орон тоонд томилогдон ажиллах эрхтэй байхад Ховд аймгийн ХХҮГ дарга үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь хууль бус байх тул маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн ХХҮГ даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2.Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Д.Ц-ийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 10 дугаар сарын 24 -ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жил 6 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8100708 төгрөгийг Ховд аймгийн ХХҮГ гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8100708 төгрөгт нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл ороогүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр нь бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Дээрх бүгдээс дүгнэвэл Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ц-г Ховд аймгийн ХХҮГ Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч Д.Ц-ийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8100708 төгрөгийг Ховд аймгийн ХХҮГ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн ХХҮГ даргын 2016 оны 10 сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ц-г Ховд аймгийн ХХҮГ Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг хариуцагчид даалгасугай.
2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8100708 /найман сая нэг зуун мянга долоон зуун найм/ төгрөгийг Ховд аймгийн ХХҮГ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн ХХҮГ / 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл
шүүгч Г.Янжиндулам,
шүүгч Д.Алтанцэцэг