Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/00073

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/00073

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парксайд төв, B байр, B402 тоот хаягт байрлах, Пи Эс .... ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны зам 21-13 тоот хаягт байрлах, ...... ХХК /РД:..../-д холбогдох,

 

61,346,782 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Пи Эс Проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адъяахүү, Л.Нинжбат, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Пи Эс Проперти ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Баянзүрх дүүргийн 26-р дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө хаягаар байрладаг Парксайд төв оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 3 дугаар давхарын 200 кв.м. талбайг *******-д түрээслүүлэхээр Түрээсийн гэрээ-г 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан юм. Түрээслэгч ******* нь талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа түрээсийн төлбөрийг төлөхгүй, байнга хоцроосоор ирсэн ба 2019 оны болон 2020 оны түрээсийн төлбөрт нийт 45,741,233 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдлийг барагдуулах талаар бид байнга шаардаж байсан бөгөөд тооцоо нийлж, актаар баталгаажуулахаар удаа дараа хандсан боловч үр дүнд хүрээгүй. Бид Ландшарк ХХК-ийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сүхбаатар дүүрэг, 1 -р хороо, Чагдаржав Махаяна өргөө 3-1 тоот хаягаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч энэ хаягт Ландшарк ХХК байдаггүй гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамж гарч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Бид Ландшарк ХХК-ийн захирал Цэвэгдоржийн Гэрэлт-Одтой холбогдоход тэрээр Манай компани миний гэрийн хаягаар буюу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны замын 21-13 тоотод байгаа гэсний дагуу тус дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд хариуцагч Ландшарк ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул нийт 45,741,233 төгрөгийн түрээсийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 386,656 төгрөгийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Пи Эс Проперти ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай компани Баянзүрх дүүргийн 26-р дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө хаягаар байрладаг Парксайд төв оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 3 дугаар давхарын 200 кв.м. талбайг *******-д түрээслүүлэхээр Түрээсийн гэрээ-г 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан юм. Түрээслэгч ******* нь талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа түрээсийн төлбөрийг төлөхгүй, байнга хоцроосоор ирсэн ба 2019 оны болон 2020 оны түрээсийн төлбөрт нийт 45,741,233 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдлийг барагдуулах талаар бид байнга шаардаж байсан бөгөөд тооцоо нийлж, актаар баталгаажуулахаар удаа дараа хандсан боловч үр дүнд хүрээгүй. Иймээс бид тус шүүхэд хандаж түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45,741,233 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хариуцагчаас Түрээсийн гэрээний 6.1-д заасан хугацаа хэтрүүлсний алдангийг нэхэмжлэхээр шийдвэрлэлээ. Бидний гаргаж өгсөн баримтаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тооцоогоор хариуцагчийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 40,897,855 төгрөг болж байгаа юм. Энэ өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гарах өдрийг хүртэл 175 хоног өнгөрсөн байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 40,897,855 төгрөгийн 0,5 хувь нь 204,490 төгрөг болно. Үүнийг 175 хоногт тооцоход 35,785,623 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дүгээр зүйлд анзын нийт дүн гуйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул 40,897,855 төгрөгийн 50 хувь болох 20,448,927 төгрөгийн хэмжээтэй алдангийг нэхэмжлэлийн үндсэн хэмжээ 40,897,855 төгрөг дээр нэмж нийт 61,346,782 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Пи Эс Проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адъяахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, нийслэл хүрээ өргөн чөлөөнд байрлах Парксайд хотхоны орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 3 давхрын 200 м.кв  талбайг *******-д түрээслүүлэхээр түрээсийн гэрээг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Түрээслэгч ******* нь талбайг түрээсэлж үйл ажиллагаа явуулах хугацаандаа түрээсийн төлбөрийг төлөхгүй байнга хоцроосоор ирсэн ба 2019 оны сүүлээр 45,741,233 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Түрээсийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар бид байнга шаардсан бөгөөд тооцоо нийлж, актаар баталгаажуулж удаа дараа түрээслэгчид хандсан боловч үр дүнд хүрээгүй. Түрээслэгчид хандаж түрээсийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 6 дах хэсгийн 6.1-д зааснаар хугацаа хэтрүүлсний алдангийг нэхэмжлэхээр шийдвэрлэсэн. Бидний гаргаж өгсөн баримтаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тооцоогоор хариуцагчийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 40,897,855 төгрөг болсон. Энэ өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 175 хоног өнгөрсөн байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 40,897,855 төгрөгийн 0.5 хувь нь 204,490 төгрөг бөгөөд үүнийг 175 хоногоор тооцоход 35,785,750 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул үндсэн түрээсийн төлбөр 40,897,855 төгрөгийн 50 хувь болох алданги 20,448,927 төгрөгийг нэхэмжлэлийн үндсэн хэмжээ болох 40,897,855 төгрөгийн хамт нийт 61,346,782 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* тай манай компани 2018 оны 7 сарын 20-ны өдөр Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн №ПСП-18-09 тоот гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. №ПСП-18-09 тоот гэрээний уг талбайг түрээслэн Сорхагтаан гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулах зориулалтаар засварлан тохижуулж, 65.000.000 төгрөгний хөрөнгийг байршуулан 3.000.000 төгрөгний зардал гаргаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Компани үйл ажиллагаа хэвийн явагдаж нэхэмжлэгч *******-ийн №ПСП-18-09 тоот гэрээний дагуу явагдаж байсан боловч явуулж буй үйл ажиллагаанаас олох орлого ашиг буурч, гэрээгээр хамтран үйл ажиллагаа явуулж, салоны өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулж байсан Ц.Жанчивсэмбэгийн хуульд үл нийцсэн ажиллагааны улмаас түрээсийн төлбөрийг тохирсон хугацаандаа төлөлгүй улмаар өөрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Дээрх шалтгааны улмаас 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч *******-ийн №ПСП-18-09 тоот гэрээний 6.2-т зааснаар өөрийн эзэмшлийн түрээсийн талбайг лацдаж битүүмжилсэн. Ийнхүү түрээсийн талбайг битүүмжлэх явцдаа манай компани салоны эд зүйлийн хамт битүүмжилж лацадсан. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн төлбөр гэх 45.741.233 төгрөгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнд: Нэхэмжлэгч *******-ийн манай компанид цахимаар ирүүлсэн нэхэмжлэл 19/12-5, төлбөрийн нэхэмжлэл № 19/12-22, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх нотлох баримтуудаар 40.857.855 төгрөгийн түрээсийн тооцоо гарч байсан ба 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс хойшхи тооцож гаргасан 4.883.378 төгрөгийн шаардлага тодорхой, манай компанитай тохиролцсон тооцоогүй зэргээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Пи Эс Проперти ХХК тай манай тал цахим шуудангаар дараах зүйлийг тохирч байсан. Тодруулбал салоны тоног төхөөрөмжийг худалдан борлуулж түрээсийн төлбөрийг төлөхийг, салоны үйл ажиллагаа явуулах хэн нэгэнтэй хамтран ажиллаж, уг талбайгаа төнөг төхөөрөмжтэй нь түрээслэн, түрээсийн төлбөрийг манай компаний төлбөрт тооцож ажиллахыг санал болгож байсан. Салоны үйл ажиллагаа явуулах саналыг хэрэгжүүлж одоогоор манай компани тоног төхөөрөмж эд зүйлийг ашиглан шивээсийн үйл ажиллагаа явуулж байгаа өнөөдрийн хүртэл ажиллуулж байгаа гэжээ.

Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээний хувьд надаас өмнө болсон асуудал би хуулийн зөвлөхийн хувьд тайлбар хэлье, түрээсийн гэрээний хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д заасан ойлголтыг ярих боломжгүй байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд хоорондоо тэгш эрхтэй, хөрөнгө эзэмшиж өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоолгүйгээр харилцах зэрэг Иргэний хуулийн суурь зарчмууд хэрэгжиж байсан юм уу гэхэд харамсалтай нь үгүй байсан. Манай талын хувьд гаргаж өгсөн материалуудыг судалж үзэхэд манай талаас доголдож байсан зүйл бий гэхдээ байгаа хөрөнгийн хэмжээнд түрээсийн төлбөрөө төлж учир байдлаа тайлбарлаж явсан үйл баримт байдаг. Тийм ч учраас шүүхэд өнөөдөр болон өмнө өгсөн нотлох баримтууд болон тайлбаруудаар хариуцагч таг алга болоогүй нөхцөл байдал нь ийм болж үргэлжилсэн. Дараагийн асуудал нь түрээсийн гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдсан эсвэл түрээсийн гэрээнээс татгалзсан, тэр өдрөөр дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талын зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчийн эд хөрөнгийг лацадсан. Л.Нинжбат өмнө шүүх хуралдаанд тайлбарлахдаа өөртөө туслах зорилгоор эд хөрөнгийг битүүмжилсэн гэж тайлбарлаж байсан. Түрээслэгч талын тайлбарын тухайд түрээсийн төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн. Засаж сайжруулсан түрээсийн талбай болон тоног төхөөрөмжүүд нэхэмжлэгч талын эзэмшилд шилжсэн нөхцөл байдал үүссэн. Цахим зурвас болон М.Ганцэцэгийн талбараас харахад өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээний асуудал дууссан эсэх маргаантай болж байна. Үндсэн түрээсийн төлбөрийн хувьд Форс мажор цар тахлын үед аж ахуйн нэгж битгий хэл хувь хүмүүс ч амьдрах гэж зүтгэж байна. Энэ талаараа тайлбарлаж, түрээсийн төлбөрийг төлөхгүй гэж татгалзаагүй талаараа илэрхийлсэн. Нэхэмжлэгч тал хариуцагч талын гаргасан нотлох баримтыг үгүйсгэхгүй байгаа учир тус нотлох баримтын хүрээнд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байна. Хэн аль түрээсийн гэрээг дуусгавар болгоогүй, татгалзаагүй. Түрээсийн гэрээ нь 3 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусахаар байна. Нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй. Учир нь түрээсийн гэрээний үйл ажиллагаа, талуудын эрх үүрэг үргэлжилж байна. Зөвхөн хугацаа хоцорсон төлбөрийн асуудлыг ярьж байгаа учир нэхэмжлэгч тал алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Үндсэн төлбөр болон алдангийн асуудлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дахин нотлох шаардлага байхгүй цар тахлаас шалтгаалж аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. 2019 оны 06 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулахгүй үндсэндээ зогссон. Нэхэмжлэгч тал энэ хугацаанд тоног төхөөрөмж зарах зэрэг асуудалд нээлттэй хандаж үзээгүй, хатуу хандсан. Олон улсын болон Монгол улсын хэмжээнд үүссэн Форс-мажорын асуудалтай холбоотойгоор хүн ёсны болон хуульд заасны дагуу түрээсийн төлбөрийг алдангийг төлөх үндэслэл байхгүй. Алдангиас чөлөөлж өгнө үү. Үндсэн төлбөр нэхэмжлэх эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал тус төлбөрийг хөрөнгөөрөө төлж  барагдуулах, хөрөнгийг зарж борлуулах асуудлыг ярьж байсан учир тодорхой тайлбар хэлэхгүй. Хуулийн хүрээнд шүүх шийдэх байх. Манай талаас эвлэрэх гэж удаа дараа үзсэний нэг шинж нь нотлох баримтаар гэрэл зургуудыг гаргаж өгсөн. Битүүмжилсэн гоо сайхны аппарат зэрэг нь чанартай бараа гэдгийг би эмэгтэй хүн учир мэднэ. Гоо сайхан ажиллуулдаг эмэгтэй Ланд шарк ХХК-ийн тоног төхөөрөмжүүдийг үзэж, худалдан авахаар очиж худалдан авах саналаа 09 дүгээр сараас эхэлж тавьсан. Талууд хэл амаа ололцдоггүй юм уу, хоёр захирал нь дээгүүр хоорондоо харьцаад байдаг юм уу аль болохын мэдэхгүй үл ойлголцох байдал гаргадаг. Огт ойлголцохгүй байгаа юм уу гэхээр харилцан төлбөрийн асуудал дээр тохирч, түрээсийн гэрээний харилцаа үргэлжилсээр байдаг. Төлөөлүүлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ярьж байгаа үнэн эсэхийг тодруулахаар газар дээр нь очиход үнэхээр хэцүү байдалд оруулсан юм байна лээ, одоо тус хөрөнгийг хүн авах боломжгүй болсон. Ямар хөрөнгө байж байгаад ямар болсныг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан гэж ойлгож байгаа учир өмнө хавтаст хэрэгт өгсөн гэрэл зургаар өгсөн засан сайжруулалтын хөлс зэргийг ярьвал олон асуудал байна би тэр талаар хэлсэнгүй. Хүний хөрөнгийг хэрэглээд олон сар болсон болохоор хүн ёсоор хандах ёстой. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны дараа 10 дугаар сарын 28-ны өглөөний 09 цагт Т.Адъяахүүтэй ярьж Ланд шарк ХХК-ийн хөрөнгийг очиж үзсэн Т.Адъяахүү боломж олгосонд баярлаж байгаа. Гэтэл тоног төхөөрөмжийг худалдан авахаар сонирхож буй эмэгтэйд уурын аппарат, зөөлөвчтэй ор зэргийг нэг бүрчлэн үзүүлэх боломж байгаагүй. Тоног төхөөрөмжүүд дээр хивс тавьсан учир обжур зэрэг эд хөрөнгөнүүд хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Худалдан авахаар сонирхож байгаа этгээдэд үзүүлэх нөхцөл бодит байдалд огт байгаагүй. Гэтэл нөхцөл байдал ийм дээр тулж, талууд үл ойлголцох байдал гаргасан. Ланд шарк ХХК-ийг төлөөлж М.Ганцэцэг үйл ажиллагааг явуулдаг. Түрээсийн төлбөрийг төлөхөөр сэтгэл гаргасан. Төлөхгүй гэж хэлдэггүй. Өнөөдрийн байдлаар М.Ганцэцэг шүүх хуралдаанд оролцох сэтгэл зүй байхгүй. Өөрөө биш үр хүүхэд нь өвдсөн. Амь настай холбоотой асуудал яригдаж байгаа учир өр төлбөрийн асуудал яриад шүүх хуралдаанд орж ирэхэд хэцүү байгаа. Надтай утсаар ярьж чадахгүй байсан. Эдгээр нөхцөл байдлуудаас шалтгаалж байна. Миний хувьд та нарт хандаж хэлэхэд хүн ёсоор хандаж төлбөрийн асуудлыг хөнгөлж болоогүй юм уу, сэтгэл гаргаагүй биш гаргаж байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж, шүүх анхаарч үзээд шийдвэрлэх байх гэж бодож байна. Түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй. Гэрээ үргэлжилж байгаа. Тодорхой хугацааны түрээсийн төлбөр дээр асуудал ярьж байгаа болохоос гэрээнээс татгалзсан үйл баримт хэрэгт нотлох баримтаар байхгүй. Гэрээнээс татгалзсан талаараа хуульд заасны дагуу мэдэгдсэн зүйл мөн адил байхгүй. Түрээсийн төлбөрөө төл гэдэг асуудал яригдаж байсан. Тийм учраас хууль зүйн үндэслэлгүй, Форс-мажор-аас шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон.Төлбөрийг төлөх хөрөнгө нь тоног төхөөрөмжүүд байсан. Тэр утгаараа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч тал битүүмжилж өөрсдийн эзэмшилд оруулсан. Дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн журмаар битүүмжлэл, хамгаалалтын асуудал шийдэгдсэн. Тэр хэмжээний хөрөнгөөр шүүх шийдвэрлэх байх гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Пи Эс Проперти ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн төлбөр 40,897,855 төгрөг, алданги 20,448,927 төгрөг нийт 61,346,782 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

  

Шүүх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Пи Эс Проперти ХХК нь хариуцагч *******-ийг түрээсийн төлбөрөө гэрээд заасан хугацаанд төлөх үүргээ удаа дараан зөрчиж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 40,897,855 төгрөгийг төлөлгүй, үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор гэрээний үүргийг биелүүлэх шаардлагаа хангуулах зорилгоор тухайн түрээсийн талбайд байсан түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан барьж, хариуцагч талаас төлбөр төлөх нөхцөлийн талаар нэхэмжлэгчтэй тохиролцож чадаагүйгээс талууд маргажээ.

 

Нэхэмжлэгч Пи Эс Проперти ХХК нь хариуцагч *******-тай 2018 оны 07 дугаар сарын 20-ны ПСП-18/09 дугаартай Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ-г бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээгээр Пи Эс Проперти ХХК нь Баянзүрх дүүрэг, Нийслэл хүрээ өргөн чөлөөнд байрлах Парксайд төв-ийн А байрны 3 дугаар давхрын 200,000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******-д үсчин, гоо сайхан, спа салоны зориулалтаар ашиглуулах, ******* нь Пи Эс Проперти ХХК-д түрээсийн төлбөрт сард 4,400,000 төгрөг /НӨОАТ орсон дүнгэр/ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талууд түрээсийн гэрээний 3.1-т гэрээний хугацааг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жил, гэрээний 2.2.9-т сарын түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчийн ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан төлөхөөр тохирсон байна.

 

Талуудын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ПСП-18/09 дугаартай Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ-ний агуулгаас үзвэл түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Зохигч түрээсийн гэрээг бичгээр байгуулж, түрээсийн үйл ажиллагаа явагдсан, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаар маргаангүй байх бөгөөд нэхэмжлэгч түрээслүүлж буй 200,000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тусдаа хаалга, тасалгаа бүхий зохион байгуулалттай, улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

Талууд хуульд зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамаарч тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ болно.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шийдвэрлэ хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заасан.

 

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талуудын хэн аль нь гэрээний дагуу түрээсийн төлбөр, алданги зэргийг шаардах эрхгүй ч хариуцагч нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сард ашигласан учир нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгө ашигласан хугацааны төлбөрөөс үлдэх 40,897,855 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдохгүй байна.

 

Мөн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сард үүссэн үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон нь шалтгаа нь бүх нийтийг хамарсан цар тахал, онцгой нөхцөл байдалтай хамааралтай гэж үзэх үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч *******-иас 40,897,855 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Пи Эс Проперти ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,448,927 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг баримтлан хариуцагч *******-иас 40,897,855 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Пи Эс Проперти ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,448,927 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Пи Эс Проперти ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 646,850 төгрөгөөс 464,684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 182,166 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******-иас 362,438 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР