| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0380/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/396 |
| Огноо | 2023-11-02 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0380/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000459 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* /,******* -ны өдөр******* аймагт төрсөн, 33 настай , эмэгтэй , дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,******* , хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн хорооллын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын багт байрлах “ ” зочид буудлын тоот өрөөнд мэдээллийн технологи ашиглан фейсбүүк цахим хуудсаар “ ” нэртэй хаягаас шууд дамжуулалт хийж ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2318000000459 дугаартай хэргээс:
Хавтаст хэргээс улсын яллагч: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дахь тал/, шүүгдэгч *******ийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 17-27 дахь тал/, цагдаагийн дэд ахлагч энгэрийн камерын мемори картад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/, Самсунг Эс 5 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-32 дахь тал/, Самсунг А30 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-40 дэх тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-54 дэх тал/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй зочид буудлын тоотод мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор фейсбүүк цахим хуудсаар “ ” нэртэй хаягаас лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, ХААН банкин дахь дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтууд нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс *******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын багт байрлах “ ” зочид буудлын тоот өрөөнд мэдээллийн технологи ашиглан фейсбүүк цахим хуудсаар “ ” нэртэй хаягаас шууд дамжуулалт хийж ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог покер гэх мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-6, 7-8 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцуулах тухай: “...Ягаан өнгийн эсгий хавтан дээр 1-11 хүртэлх цифр бичсэн самбар 1 ширхэг, Лайв хийх зориулалт бүхий хөлтэй гэрэл 2 ширхэг, цагаан өнгийн гар утас тогтоогч 1 ширхэг, хар өнгийн гар утас цэнэглэгч 1 ширхэг, цагаан өнгийн уртасгагч 1 ширхэг, улаан өнгийн гэртэй Самсунг маркийн гар утас 1 ширхэг, гадуураа хар өнгийн хамгаалалтын гэртэй ягаан өнгийн гэр бүхий Самсунг маркийн гар утас 1 ширхэг, Poker Stars гэсэн бичиг бүхий хар өнгийн хайрцагтай хөзөр 1 ширхэг, Poker Stars гэсэн бичиг бүхий хүрэн өнгийн хайрцагтай хөзөр 1 ширхэг, ногоон өнгийн хасаа 13 ширхэг, улаан өнгийн хасаа 10 ширхэг, ягаан өнгийн хасаа 1 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар тооцсугай.” гэх тогтоол /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай: “...Энгэрийн камерын бичлэг бичсэн цагаан өнгийн 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай.” гэх тогтоол /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай: “...Цагдаагийн дэд ахлагч энгэрийн камерын мемори картыг Dell маркийн компьютерт хийж уншуулахад ...25-30 орчим насны, урд энгэр нь задгай цайвар өнгийн цамц өмссөн эмэгтэй хүн байх бөгөөд ширээн дээр 1-11 хүртэл дугаар бичсэн ягаан өнгийн хавтанг самбар руу тусгасан лайв-ны гар бүхий цагаан хүрээтэй гэрэлд гар утас тогтоож самбар руу харуулсан байх ба ширээн дээр мөн гар утас тогтоогчид гар утас залгасан байв. Мөн ширээн дээр урт залгуур харагдах ба утас цэнэглэгч залгуур байв. Мөн тухайн ягаан өнгийн самбар дээр хөзөр, хасаа байрлуулж тавьсан байлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тухайн эмэгтэй нь хүмүүс харж байгаа би лайваа зогсооё, тасалчихъя гэх мэтийн зүйл ярьж байгаа нь камерт бичигдсэн байлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул энгэрийн камерын бичлэгийг сидинд хуулж эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргахаар үзлэгийн тэмдэглэлийг дуусгав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Хаан банк дахь *******ийн эзэмшлийн тоот дансы хуулга /хавтаст хэргийн 17-24 дэх тал/,
Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тухай: “... Samsung S5 маркийн андройд үйлдлийн систем бүхий гар утас байх ба нүүрэн хэсэг нь хар дэлгэцийн дээд гол хэсэгт Samsung гэсэн бичиг байх ба камерын дэлгэц харагдах ба өөр ямар нэгэн товчлуур байхгүй байв. Утасны ард хэсэг нь Samsung гэсэн бичиглэл гол хэсэгт байрлах ба цагаан өнгөтэй гэртэй байлаа. Ард хэсгийн зүүн дээд буланд камерын хоёр ширхэг гэрэл байх бөгөөд өөр ямар нэгэн товчлуургүй байв. Гар утасны баруун хажуу хэсэгт хоёр хэсэг дуу ихэсгэж багасгах зориулалт бүхий нэг товчлууртай доод хэсэгт гар утсыг унтраах үүрэг бүхий нэг ширхэг товчлууртай байлаа. Гар утсыг асаахад ямар нэгэн хамгаалалтын код байхгүй байх бөгөөд дотор тал руу нь нэвтэрч ороход олон төрлийн программууд суулгасан байлаа. Гар утсан дээр Facebook программ байх ба тухайн программыг ажиллуулахад дотор талд нь ямар нэгэн Facebook хаяг байх бөгөөд уг утасны зураг гэсэн программыг нээж үзэхэд Texas poker тоглоом тоглуулж буй зурагууд байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж тэмдэглэлд хавсаргахаар тогтов.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 28-29, 30-32 дахь тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 33-34, 35-40 дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр олон нийтийн цагдаа Ө.Гантөгсийн хамт Дархан сумын багийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байгаад тухайн багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй зочид буудлын тоотыг орж шалгахад тухайн өрөөнд 25-30 орчим насны өөрийгөө******* гэж танилцуулсан эмэгтэй гар утсаараа лайв хийж цахим хэрэгслүүд ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Тэгээд би жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж хүлээлгэж өгсөн. Бид хоёрыг яваад ороход гар утсаараа лайв хийж байсан бөгөөд тухайн үед цагдаа ороод ирлээ гэж хэлээд лайваа тасалсан, тухайн лайвыг гэрэлтэй гар ашиглан нэг гар утас зоочихсон байсан ба доор ширээн дээр мөн нэг гар утас байсан. Мөн самбар байрлуулж дээр нь хасаа байрлуулж хөзөр тараасан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Би Фэйсбүүкээр хааяа нэг цахим покер тоглоом тоглуулдаг хаягуудаар орж тоглодог. гэх хаяг дээр онлайн покер тоглоом тоглуулж байхыг хараад 2023 оны 08 дугаар сарын сүүлээр нэг удаа орж тоглож үзсэн. Тэр утгаараа тэр гэсэн хаягийг мэддэг болсон. ...1-11 хүртэл дугаартай самбар дээр хөзөр хольж тавьдаг бөгөөд тухайн дугаарын аль нэгийг нь сонгоод нэг тоглолтод 50,000 төгрөгөөр тоглож байгаа хүмүүс админы данс руу мөнгөө шилжүүлээд тоглодог. Хожсон нь мөнгөө авдаг. ...Би гэсэн хаягаар тоот дансны дугаараар оролцож тоглодог. Би уг данснаас 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоглож эхэлсэн. Тухайн гэсэн хаяг нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн онлайн покер тоглуулахаа болиод хаагдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 08 дугаар сарын 23, 08 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр, 09 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс Дархан-Уул аймагт ирж Дархан сумын багт үйл ажиллагаа явуулдаг гээд зочид буудлын тоот өрөөнд Техас покерыг өөрийн нээсэн гэх цахим хаягаасаа лайв хийж тоглуулж эхэлсэн. Уг тоглоомыг тоглуулахдаа 11 суудал бэлдэж цахимаар гар утсаараа лайв хийж 1 суудал дээр 50,000 төгрөгөөр суулгаж тоглуулаад 1 тоглолтоос 50,000 төгрөгийн ашиг олдог байсан. Гэтэл өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дарханы гээд буудлын тоот өрөөнд лайв хийж цахимаар покер тоглуулж байтал хаалга хүн тогшихоор нь ресейпшин юм байна гэж бодоод хаалгаа онгойлготол хоёр цагдаа орж ирээд би баригдсан. Буудал руу орохдоо лайв хийж сугалаа явуулдаг гэж хэлээд анх орсон. Хөзөр тоглуулдаг гэж хэлбэл оруулахгүй байх гэж бодоод худлаа хэлж орсон. Намайг буудлын ажилтнууд тоглоом тоглуулдаггүй сугалаа явуулдаг гэж ойлгож байсан. ...Хөзөр, хазаа, гар утас, лайвны гар, ширээ, уртасгагч, утасны цэнэглэгч зэргийг ашиглан Фэйсбүүкээр лайв хийж Техас покер гэдэг тоглоом зохион байгуулдаг. Өдөрт дээд тал нь 5 удаа тоглолт зохион байгуулж байсан. Доод тал нь хоёр удаа зохион байгуулдаг байсан. Би Дарханд ирээд нийт 17 хоног буудлын өрөөнд цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Би ганцаараа л зохион байгуулдаг. Би дэлгүүр ажиллуулж байгаад дампуурч өрөнд орсон байсан болохоор мөнгө олох зорилгоор тоглоомыг зохион байгуулдаг байсан. ...Би нийт 31 удаа зохион байгуулж 1,550,000 төгрөгийн ашиг олсон. ...Би анх удаа ийм хэрэгт холбогдож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46, 48, 63 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын №ДаЦ23-91 дугаартай “...шинжилгээний объектын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 515,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Дээрх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол шаардахгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,550,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 10 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн гэртэй самсунг маркийн гар утас 1 ширхэг, гадуураа хар өнгийн хамгаалалт гэртэй ягаан өнгийн гэр бүхий самсунг маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн утас цэнэглэгч 1 ширхэг, цагаан өнгийн уртасгагч 1 ширхэг зэргийг улсын орлого болгож, ягаан өнгийн эсгий хавтан дээр 1-11 хүртэлх цифр бичсэн самбар 1 ширхэг, лайв хийх зориулалт бүхий хөлтэй гэрэл 2 ширхэг, цагаан өнгийн гар утас тогтоогч 1 ширхэг, покер старс гэсэн бичиг бүхий хүрэн өнгийн хайрцагтай хөзөр 1 ширхэг, ногоон өнгийн хасаа 13 ширхэг, улаан өнгийн хасаа 10 ширхэг, ягаан өнгийн хасаа 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт************** мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,00,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан улаан өнгийн гэртэй самсунг маркийн гар утас 1 ширхэг, гадуураа хар өнгийн хамгаалалт гэртэй ягаан өнгийн гэр бүхий самсунг маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн утас цэнэглэгч 1 ширхэг, цагаан өнгийн уртасгагч 1 ширхэг зэргийг улсын орлого болгож, ягаан өнгийн эсгий хавтан дээр 1-11 хүртэлх цифр бичсэн самбар 1 ширхэг, лайв хийх зориулалт бүхий хөлтэй гэрэл 2 ширхэг, цагаан өнгийн гар утас тогтоогч 1 ширхэг, покер старс гэсэн бичиг бүхий хүрэн өнгийн хайрцагтай хөзөр 1 ширхэг, ногоон өнгийн хасаа 13 ширхэг, улаан өнгийн хасаа 10 ширхэг, ягаан өнгийн хасаа 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,550,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР