Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/01527

 

 

 

 

 

                                                                                              

 

   

             2021 оны  07 сарын 09 өдөр

   Дугаар 183/ШШ2021/01527

Улаанбаатар хот

 

          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хороо, Ө 3 дугаар гудамж, ХХ тоотод оршин суух, 19ХХ онд төрсөн, 34 настай, эмэгтэй, Б овогт Ц-ийн Н /рд:ШЖ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хороо, Ө 3 дугаар гудамж, ХХ тоотод оршин суух, 19ХХ онд төрсөн, 36 настай, эрэгтэй, Х овогт Х-ын Г /рд:ШД00000000/-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2008 онд Х.Г-тай танилцаж, улмаар 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлийн №000000 дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү Г.А нь 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, хүү Г.Г-Э 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, хүү Г.Г 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, охин Г.А 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Х.Г нь 2018 оноос хойш гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэн гэр орондоо ирэхгүй, үр хүүхдээ ч тоохгүй байгаа бөгөөд хүүхдүүдтэйгээ утсаар ч ярьдаггүй. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид Х.Г-тай хамт амьдрах боломжгүй гэж үзэж, гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Би цалингийн зээл авч байшин барьсан, зээлийн үлдэгдэл 6 000 000 гаруй төгрөг байгаа. Мөн бидний дундын автомашин надад үлдэж байгаа, ингээд цалингийн болон автомашины зээлд би сард 1 сая орчим төгрөг төлдөг үүнийг Х.Г төлнө гэж, би хүүхдүүдээ тэжээж өсгөнө, уг зээлийг төлж дууссаны дараа хүүхдийн тэтгэлэг төлж эхэлнэ гэж бид тохиролцсон” гэв.

 

          Хариуцагч Х.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Бид хоёр 2010 оны 7 дугаар сард танилцсан бөгөөд 11 жил хамт амьдарч дундаасаа гурван хүүхэд төрүүлсэн. Миний хувьд 2018 оноос хойш хөдөө ажиллах болсон тул гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь үнэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үүнээс гадна болох, болохгүй зүйлүүд ч байгаа. Намайг ганц нэг өдөр архи уухаар Ц.Н нь чи хогийн архичин, надаас салбал чи архичин болно, чи юу ч биш, чи намайг тэжээгээгүй гэх мэт янз бүрийн үгээр доромжлохоос гадна би өөрт нь гар хүрч байгаагүй байтал намайг цагдаад өгч байсан. Тэгээд хоорондоо ярилцаж тохиролцсоны үндсэн дээр бид салахаар шийдсэн. Миний алдаа байхыг үгүйсгэхгүй, би хааяа нэг архи уудаг нь үнэн боловч намайг хүндэлдэггүй учраас эргээд хамт амьдрах бодол алга байна. Харин ганц хүсэж байгаа зүйл маань үр хүүхдүүдтэйгээ хүссэн цагтаа уулзаж байх зөвшөөрлийг авмаар байна. Тэгэхгүй болохоор Ц.Н нь ингэвэл хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй, ингэхгүй бол ингэнэ шүү гэх мэтээр намайг дарамталдаг. Би 2018 оноос байнга хамтдаа амьдраагүй ч гэсэн цалингаа байнга гэр бүлдээ, хүүхдүүддээ явуулдаг байсан. Би сард 1 000 000 төгрөгийн цалин авдаг бөгөөд Ц.Н-ийн цалин болон машины зээлийг төлж дуусгаад, нэмээд хүүхдүүдийнхээ хэрэгцээнд тусалж байхаар буюу зээл төлж дууссаны дараа хүүхдийн тэтгэлэг төлөхөөр ярилцаж тохиролцсон. Миний ажилладаг байгууллагын цалин яг тогтмол нэг цагт буудаггүй учраас би Ц.Н-т яг тодорхой өдөрт өгнө гэж амлах боломжгүй байна. Банкны зээл төлөх сар бүрийн 13-ны өдрийн өмнө өгнө” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Х.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр Ц.Н, Х.Г нар нь 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн, 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Ариунбаярыг Н.Ганбаатараар овоглож, улмаар тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.Г-Э, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Г, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин Г.А нар төрсөн болох нь тогтоогдож байна. 

 

Гэрлэгчид гэр бүлийн асуудлаа шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх тул шүүх Ц.Н, Х.Г нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хүү Г.А 13 настай, Г.Г-Э 9 настай, Г.Г 7 настай, охин Г.А 4 настай тус тус эхийн асрамжид байх бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Г.А, Г.Г-Э, Г.Г, охин Г.А нарыг эх Ц.Н-ийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.Аыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Г.Г-Э, Г.Г, охин Г.А нарыг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Х.Г-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Х.Г хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй.

 

Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.   

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н, хариуцагч Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.А, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Г-Э, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Г, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г.А нарыг эх Ц.Н-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3,  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг хүү Г.Аыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр, хүү Г.Г-Э, Г.Г, охин Г.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоож, эцэг Х.Г-аар сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй. 

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.Н, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Х.Г нарт тус тус даалгаж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай. 

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 60 780 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулсугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.




 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНГӨНТУУЛ