| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0385/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/397 |
| Огноо | 2023-11-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/397
2023 11 02 2023/ШЦТ/397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0385/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Д.******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Баатуд овогт ын *******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318002790581 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Баатуд овогт ын ******* /РД: /, 1966 оны 01 дүгээр сарын 23 -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай , эрэгтэй , тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2 , эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Төхөм бригадад оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Д.*******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны орой 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Монта 3 дугаар байрны хажуугийн авто зам дээр ДАР улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 11.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зоригч Г.*******г мөргөж эрүүл мэндэд нь зүүн сарвууны 5 дугаар шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн мэдүүлсэн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт нийт 2,100,000 төгрөгийн хохирол төлсөн.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318002790581 дугаартай хэргээс:
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6, 7-8 дахь тал/,
Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай: “... Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг 2 дугаар хэсгийн тоотод оршин суух хаягтай регистрийн дугаартай овогт *******ийн зөрчил үйлдэхэд ашигласан 2011 оны, хар өнгийн суудлын Тоёота приус 30 маркийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэв” тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Хохирогч Г.*******гийн мөрдөн байцаалтад 2023 оны 10 дугаар сарын 23, 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Би зам хөндлөн гарахдаа ганцаараа явж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Миний зүүн гар чиг баригчтай байгаа ба бугуй хэсгээрээ янгинаж өвдөж байгаа. Би оёдолчин хийдэг тул уг гараа ашигладаг. Одоогийн байдлаар ажлаа хийж чадахгүй байна. зүүн хөл харин ямар нэгэн зовуурьгүй байна. эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн ба эм ууж байгаа. Мөн хөдөлгөөнөө хязгаарласан. Ажил хийж чадахгүй байгаа тул зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалтай байна. Би хувиараа ажилладаг тул ажилладаг газраа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тухайн ажил нь хийснээрээ цалин хөлсөө сард хоёр хувааж авдаг. Би түргэний машинаар эмнэлэгт хүргэгдсэн ба намайг мөргөсөн жолооч эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...Би сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Ажилгүй байсан болон байх 1 сар 15 хоногийн цалинг нэхэмжилнэ. Тухайн цалин сүүлийн 4 сарын дунджаар бодоход 1,793,625 төгрөг болж байна. Намайг мөргөсөн жолооч нь одоогийн байдлаар 410,000 төгрөгийг надад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 20 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.*******ын мөрдөн байцаалтад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “... Д.******* бид хоёр 2020 оноос хойш одоог хүртэл хамт амьдар байгаа. Гэрлэлтийн баталгаагүй. Дундаасаа хүүхэдгүй. Д.******* нь даруухан, догшин ширүүн зан байхгүй. Хүнтэй нээлттэй ярьж чаддаггүй, сандруу, бусадтай хэрэлдэж маргалдаад байдаггүй төрлийн хүн. Одоогийн байдлаар тэтгэвэрт гарчихсан байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. ...Би Д.*******ийн хамт 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт ирсэн. Ирээд микрийн 11 дүгээр байранд охин *******гийнд байдаг ба 18 цагийн үед *******г Монтагийн байр руу хүргэж өгөх гээд гэрээс ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ******* жолоодоод би хажууд нь охин ард нь суугаад явсан. Анхан шатны шүүхийн уулзвараар эргээд шүүхийн урд байх Hi mart дэлгүүрийн хажуу талд байх зам руу эргээд явж байхад төмөр хашааны цаанаас эмэгтэй хүн зам руу гүйгээд явж байхаар нь би *******ид хандаад хүүе хүн гүйж явна шүү гэж хэлэхэд ******* тоормос гишгээд зогсоход боржур дээр эмэгтэй хүн зүүн гараа барьчихсан ёоёо гар өвдөж байна. танай машины толинд цохичихлоо, миний хөлөн дээгүүр гарчихлаа гээд орилоод байж байсан. Ингээд манай охин ******* эмнэлэг дуудаад түргэний машинаар тухайн эмэгтэйг аваад явсан ба бид нар эмнэлэг рүү явсан. Ингээд цагдаа ирээд осол болсон газар бид нарыг дагуулан очоод үзлэг хийсэн. ...Би 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өөрийнхөө нэр дээр тээврийн хэрэгслээ шилжүүлэн авсан ба миний хүүхэд Гэрэлсайханы нэр дээр байдаг. 2021 онд 17 сая төгрөгөөр худалдан авч байсан. Миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл учраагүй байгаа тул надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Тус хэрэгт *******ын ******* / / нь 2023 оны 09 дүгээр сарын 27-с 29-ний өдөр Нэгдсэн эмнэлэг гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас 110,000 төгрөгийн төлбөр гарсан байх ба төлбөрийг Төрийн сан тоот дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Гэрч П.*******гийн мөрдөн байцаалтад 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр ээж ******* , ах ******* хоёр Бугант тосгоноос Дархан-Уул аймагт ирээд манай гэрт байж байсан. Ингээд Монта 6 дугаар байр руу айлд хүргүүлэх гээд ******* ахыг гуйгаад машиных нь арын суудалд суугаад явж байсан. Ингээд 18 цаг 15-20 минутын үед манай байрны гаднаас хөдлөөд алтны уулзвараар эргээд анхан шатны шүүх рүү эргээд Hi mart-ын хажуу талын замаар явах гэхэд нэг талын эгнээнд нь машинууд зогсчихсон байхаар нь чигийн урсгал дагуу явж байсан ба би хойно суугаад утсаа оролдоод байж байхад ээж ******* нь хүүе гээд орилоход ******* ах тоормос гишгээд зогссон ба машины урд хүн байгаагүй, ингээд би машинаас буугаад гарахад ганцаараа явж байсан үл таних эмэгтэй хүн замын боржур дээр суугаад гар өвдөөд байна гээд гараа бариад байж байсан. Ингээд би түргэн тусламж дуудсан. ******* ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
Д.*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр, 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тухайн өдөр хүнсээ цуглуулах гээд Дархан-Уул аймагт эхнэр *******ын хамт Бугант тосгоноос ДАР улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслээр өглөө эрт орж ирсэн. Ингээд *******ын охин ******* нь харуй бүрий болсон байхад намайг Монта 5 дугаар байр руу хүргээд өгөөч гэхээр нь би Микрийн 11 дүгээр байрны урдаас машинтайгаа хөдлөөд алтны уулзвараар анхан шатны шүүх рүү эргээд байранд дундуур дөнгөж ороод 100 метр хүрэхгүй газар явахад улаан тоосгон дөрвөлжин том шон мэт зүйл дөнгөж өнгөрөхөд нэг эмэгтэй хүн гүйж гарч ирэхэд машины хойд талын хаалганд юм хүрэх шиг чимээ сонсогдохоор нь би зогссон. Би замын 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 15-20км цагийн хурдтай явж байсан. Учир замын нэгдүгээр эгнээнд машинууд зогсож байсан юм. Ингээд буугаад харахад нэг эмэгтэй хүн гайхсан байдалтай зогсож байсан ба гэнэт гар өвдөөд байна гээд газар суучихсан байсан. Ингээд эмнэлэг дуудаад түргэний машинаар тухайн эмэгтэйг эмнэлэг рүү аваад явсан. Харин би өөрийнхөө машинаар араас нь эмнэлэг рүү явсан. Үүний дараа цагдаа нар ирээд осол болсон газар очсон ба би тухайн газрыг зааж өгсөн. Миний машинд эвдрэл гэмтэл учраагүй. Миний машин одоогийн хамтран амьдарч байгаа *******ын нэр дээр байдаг хэдий ч би байнга ашигладаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 69 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 989 дугаартай: “... Г.*******гийн биед зүүн сарвууны 5-р шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг босон гэх хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
Шинжээч О.*******ын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 93 дугаартай: “... ДАР улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Явган зорчигч Г.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. ДАР улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.******* нь 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10а, 5.10б, 5.11а, 55.11б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эргэх хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Д.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.2, 11.1 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49 дэх тал/,
Шинжээч Ш.*******ын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн: “... Тоёота приус 30 маркийн хар өнгийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй. Уг материалд 22 ширхэг зураг хавсаргав.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 55-56, 57-58 дахь тал/,
Хохирол төлсөн тухай Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн орлогын ордер /хавтаст хэргийн 117, 118 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.*******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Баатуд овогт ын *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.*******ид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй..
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР