Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0012

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн  хурлын дарга, Булган сумын засаг дарга, Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын тооллогын комиссын дарга нарт  холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Г.Б-ыг Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг Ховд аймгийн Булган сумын  засаг даргад даалгах, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн  Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай санал хураасан  дүнгийн тухай тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын  шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Ховд аймгийн  Булган сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэн Г.Б би тус багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны орон нутгийн сонгуулиар тус сумын Баянгол багийн засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшин оролцож багийн нийт иргэдийн 56.8 хувийн санал авч Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Баянгол багийн Засаг даргаар нэр дэвшүүлж сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн.

Сонгууль хууль бус явагдсан байна. Дахин сонгууль явуулна. Та нэрээ  тат, аль эсвэл дахин сонгуульд оролц гэж надад шахалт үзүүлэн Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргын сонгуулийг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин явуулж, олонхийн санал /48.8 хувь/ авч чадаагүй Б.Г-ийг Баянгол багийн Засаг даргаар нэр дэвшүүлж сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаартай захирамжаар бүрэн эрхийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Г.Б намайг Баянгол багийн Засаг даргын үүрэгт ажлаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн чөлөөлж, мөн өдрөөс багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдийн олонхийн санал авч чадаагүй Б.Г-ийг багийн Засаг даргаар батламжлан томилсон захирамж гаргасан нь хууль зөрчиж байна.

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаартай захирамж нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг ноцтой зөрчиж, миний үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж иргэн намайг хохироож байна.

Иймд Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2017 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоол, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Г.Б  намайг Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг Ховд аймгийн Булган сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэн Г.Б би тус багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны орон нутгийн сонгуулиар тус сумын Баянгол багийн засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшин оролцож багийн нийт иргэдийн 56.8 хувийн санал авч Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Баянгол багийн Засаг даргаар нэр дэвшүүлж сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн.

Миний бие Баянгол багийн Засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшин багийн нийт иргэдийн 56.8 хувийн санал авсан ба сонгууль явуулсан Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай тогтоол хүчинтэй байгаа тул миний бие багийн Засаг даргаар томилогдох хууль зуйн үндэслэлтэй гэж үзэж байна

Сонгууль хууль бус явагдсан байна. Дахин сонгууль явуулна.Та нэрээ тат, аль эсвэл дахин сонгуульд оролц гэж надад шахалт үзүүлэн Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргын сонгуулийг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин явуулж олонхийн санал /48.8%/ авч чадаагүй Б.Г-аянгол багийн Засаг даргаар нэр дэвшүүлж сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/ОЗ дугаартай захирамжаар бүрэн эрхийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Г.Б намайг Баянгол багийн Засаг даргын үүрэгт ажлаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн чөлөөлж, мөн өдрөөс багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдийн олонхийн санал авч чадаагүй Б.Г-ийг багийн Засаг даргаар батламжлан томилсон захирамж гаргасан нь хууль зөрчиж байна

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаартай захирамж нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуүлийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг ноцтой зөрчиж, миний үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж, иргэн намайг хохироож байна

Иймд Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2017 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоол. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Г.Б намайг Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг Ховд аймгийн Булган сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Булган сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай санал хураасан дүнгийн тухай тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Ховд аймгийн Булган сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

2016 оны 12 дугаар сарын 17-ны багийн Иргэдийн нийтийн хурлын сонгууль болж 56.8 хувийн санал авсан. Тухайн санал хураалтын тухайн тогтоолыг Булгын сумын Засаг даргад хүргүүлэхэд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр сумын Засаг даргаас дахин сонгууль явуулах тухай шийдвэр ирсэн. Ингээд 2017 оны 01 сарын 08-ны өдөр дахин сонгууль явуулж 41.7 хувийн санал авч , Б.Г  нь 48.8 хувийн санал авсан. Би 2016 оны 12 сарын 17-ны өдөр явагдсан багийн Иргэдийн нийтийн хурлын сонгуулийн дүнг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү.

Ховд аймгийн Булган сумын Засаг даргад 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Тооллогын комиссын 01 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, Иргэдийн нийтийн хурлын 02 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Б/03 дугаартай Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх, мөн Г.Б  намайг Ховд айммгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч Б.А  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол улсын Үндсэн хуулинд зааснаар 4 жилд 1 үдаа явагддаг багийн Засаг даргын ээлжит сонгууль тус сумын Баянгол багт 2016 онь 11 дүгээр сарым 17-ны өдөр зохион байгуулагдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 тоот тогтоолоор нийт хуралд оролцсон иргэдийн 56.2 хувийн санал авсан Г.Б-ыг багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан юм

Гэтэп 2016 оны 11 дугээр сарын 19-ний өдөр Баянгол багийн иргэн Б.Г-ээс багийн даргын сонгууль хууль бус болсон өөр багийн харъяат Г.Б нь хүргэн ах Т.Нямдэлгэр, төрсөн эгч Г.Ариунбилэг, бэр Т.Болормаа нараар санал өгүулсэн. Иймд шударгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдол сумын Засаг даргад гаргасан юм. Ингээд миний бие сумын Засаг даргын орлогч Н.Бөхчулуунд Б.Г-ийн гомдолд дурдсан иргэдийн харъяаллыг тогтоож эргэж мэдэгдэх тухай үүрэг өгөхөд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн надад ирүулсэн албан бичигтээ Баянгол багт харьяалалгүй Бүрэнхайрхан багийн иргэд болох Тямдэлгэр, Г.Ариунбилэг, Т.Болормаа нар санал өгсөн нь тогтоогдсон мөн тус багийн 4 иргэн 2 удаа дахин санал өгсөн байна гэжээ.

Мөн тус сумын Улсын бүртгэгч Б.Батцэцэгээс иргэний харъяаллын тодорхойлолт гаргуулахад Т.Нямдэлгэр, Г.Ариунбилэг, Т.Болормаа нар нь Бүрэнхайрхан багийн иргэн болох нь тогтоогдсон юм.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний үдирдлагын тухай хуулийн  /хурлын хуралдаан/ 23 дугаар зүйлийн 23.10-д зааснаар баг, хорооны хурлын хуралдаанд эөвхөн тухайн баг хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэжээ.

Иймд сумын Засаг даргын хувьд гомдлыг шийдвэрлэхдээ Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг зөрчиж өөр багийн иргэд санал өгсөн байх тул уг шийдвэрийг хүчингүйд тооцож Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зуйл /Засаг дарга түүний бүрэн эрх/ 26.4-д зааснаар /энэ хуулийн 26.2-т заасан/ нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-д заасан эрх бухий апбан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй /багийн Засаг дагаар Г.Б-ыг томилохоос татгалзаж энэ шийдвэрээ Г.Б , Б.Г  нарт танилцуулахад аль аль нь зөвшөөрч иргэний бүртгэлийн ажилтан ажиллуулж өгөхийг хүссэн.

Мөн Г.Б  дахин багийн даргаар сонгогдвол томилж өгөөрэй гэхэд нь би чамайг сонгогдсон өдөр чинь томилно гэж хэлж байсан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 08-нь өдөр Баянгол багийн Засаг даргын дахин сонгууль явагдаж Г.Б , Б.Г нар /өөр хүн өрсөлдөөгүй/ өрсөлдөж Иргэний бүртгэлийн ажилтан Д.Мядагмаа багийн иргэдийг нэрсээр хяналт тавьж санал өгүүлсэн юм.

Баянгол багийн Засаг даргын сонгуулийн талаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас өргөн мэдүүлсэн 02 тоот тогтоолыг үндэслэн олонхийн санал авсан Б.Г-ийг тус багийн Засаг даргаар томилж Г.Б-ыг уүрэгт ажлаас чөлөөлсөн юм. /Сумын Засаг даргын Б/03 захирамж/

Нэхэмжлэгч Г.Б  нь Монгол улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ноцтои зөрчиж миний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан гэжээ. Миний биө сумын Засаг даргын хувьд Монгол улсын хуүль тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хэрэв нэхэмжлэгч Г.Б  нь сумын Засаг даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол дахин сонгуулийн талаар гомдол гаргах боломжтой байсан гэж үээж байна. Иймд нэхэмжлэгч Г.Б-ы нэхэмжлэлииг хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.

Тус сонгуульд тухайн багийн иргэд оролцох ёстой байсан. Гэтэл тус сонгуульд Г.Б нь өөр багийн иргэн болох хүргэн ах Т.Нямдэлгэр, төрсөн эгч Г.Ариунбилэг, бэр Т.Болормаа нараар санал өгүулсэн, мөн 4 иргэнээр 2 удаа санал өгүүлсэн нь тогтоогдсон байдаг. Ингээд миний бие Засаг даргын бүрэн эрхийнхээ дагуу багийн Засаг даргаас татгалзаж дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Засаг дарга эрхийнхээ хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч С.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймаг Булган сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурал багийн даргын сонгууль 2016 оны 12-р сарын 17-нд багийн төвд болсон. Тус багаас Иргэдийн нийтийн хурлын даргад 11 хүн, багийн Засаг даргад 5 хүн тус тус нэр дэвшиж, багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар С.Оюунчимэг миний биө 85 хүний санал авч Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар,сонгогдсон. Багийн Засаг даргад нэр дэвшигчдээс нийт иргэдийн 56.8%-ын санал авсан Гинсээ овогтой Б-ыг Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2016 оны 12-р сарын 17-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор Баянгол багийн Засаг даргаар нэр дэвшүүлж сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн

Гэтэл 2016 оны 12-р сарын 19 өдөр тус багийн иргэн Б.Г- нь Засаг даргын сонгууль хууль бусаар явагдсан, Г.Б  нь өөрийн төрсөн эгч, хүргэн ах, бэр зэрэг ойр дотно, өөр багт харьяалалтай иргэдээр санал өгүүлсэн /хууль зөрчсөн/ гэх гомдлыг судалж узэхэд уг үйлдэл нь иргэний буртгэл мэдээллийн мэргэжилтэнгийн тодорхойлолтоор нотлогдож байх тул Монгол улсын ззхиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг үндэслэн багиин Засаг даргаар Г.Б-ыг сонгохоос татгалзаж сонгуулийг 2017 оны 01-р сарын 08 өдөр дахин зохион байгуулж. дээрх зөрчлийг гаргахгүй ажиллахыг багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдэд үүгээр мэдэгдье гэсэн Булган сумын Засаг даргын албан тоотыг 2017 оны 01-р сарын 03-ны өдөр ирүүлсэн. Сумын Засаг даргын сонгуулийг дахин явуулах тухай албан тоотыг Г.Б нь хүлээн авч гомдол гаргахгүйгээр Засаг даргын сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Энэхүү албан тоотыг үндэслэн Баянгол багийн Засаг даргын дахин сонгуулийг 2017 оны 01-р сарын 08 өдөр явуулахаар болсон. Тус сонгуулиар Г овогтой Б , Б.Г-нар нэр дэвшиж өөр дэвшигч байхгүй тул зөвхөн 2 нэр дэвшигч дээр санал хураахаар болсон. Санал хураалт эхлэхээс өмнө багийн нийт иргэдиин зүгээс энэ 2 нэр дэвшигчээс олон санал авсаныг нь багийн Засаг даргад томилох тухай санал дэвшүүлсэн. Иргэдийн дэвшүүлсэн санал дээр 2 нэр дэвшигчийн зүгээс эсэргүүцсэн санал гомдол гаргаагүй тул санал хураалтыг саналын дүнгээр тооцож гаргахаар болсон.

Тус сонгуулийн тооллогын комиссьг сумын Засаг даргын Тамгын Газрын 3 ажилтан, /Сумын мэргэжилтэн А.Бурмаа, Байгаль хамгаалагч Э.Мягмар, Иргэний мэдээллийн ажилтан Д.Мядагмаа/, багийн 4 иргэн /М.Баттөмөр, Д.Болормаа, О.Ууганцэцэг, Г Ариунбилэг/-ий бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажилласан.

Санал хурааж дуусахад саналын хайрцагнаас 443 хуудас гарч ирсэн.Үүнээс 45 хуудсыг хүчингүйд тооцсон байсан. Учир нь хөдөөгийн малчин ард иргэдийн маань сонгууль өгөх мэдлэг боловсрол дутмагаас 2 нэр дэвшигчийг хоёуланг нь дугуйлах, аль эсвэл хэнд нь ч зурахгүй байх, урд хойно нь зөвлөж цэглэх гэх мэтийн алдаанаас үүдэн дээрх  45 хуудсыг хүчингүйд тооцсон байсан. Хүчинтэй хуудаснаас авч үзэхэд Б.Г  53.5%-ийн саналтай, Г.Б  46.4%-ийн саналыг тус тус авсан байсан Тооллогийн комисс саналыг тооцож гаргахдаа саналын хайрцагнаас гарсан нийт санал дээр үндэслэн тооцож гаргасан байсан.

Жич: С.Оюунчимэг миний бие Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын даргын ажлыг аваад удаагүй, анх удаагаа хуралдаан хийж байсан тул мэдэхгүй чадахгүй зүйл их байсан. Тухайн өдөр иргэдийн дийлэнх нь энэ удаагийн санал хураалтыг 2 нэр дэвшигчийнхээ дунд саналын илүүгээр тооцож явуулах зөв гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Саналыг бодож гаргахдаа тооллогийн комиссын зүгээс 2 янзын хувиар бодож гаргасан байсан. Аливаа сонгуулийн саналыг хүчинтэй санал дээр үндэслэж гаргах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

Ингээд тооллогын комиссын 01 тоот тогтоолыг уншиж танилцуулахад уг тогтоолыг үндэслэн багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 02 тоот тогтоолыг гаргаж сумын Засаг даргад уламжилсан гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Г Б  нь нэхэмжлэлдээ тооллогын комиссын 01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Тус сонгуулийн Тооллогын комисст сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн А.Бурмаа, Байгаль хамгаалагч Э.Мягмар, иргэний бүртгэл мэдээллийн улсын бүртгэгч Д.Мядагмаа, багийн иргэн М.Баттөмөр, Д.Болормаа, О.Ууганцэцэг Г.Ариунбилэг нарын бүрэлдэхүүнтэйгээр багийн иргэдийн олонхийн саналаар байгуулагдаж ажилласан.

Санал хураалт эхлэхээс өмнө багийн иргэдээс ирцийн талаар Ш.Ганболд /Засаг даргын Тамгын газрын дарга/ асууж тодоруулсан Иргэдийн олонхийн саналаар санал хураалтыг нэг л удаа явуулна 2 хүн өрсөлдөж байгаа учир хамгийн олон санал авсан иргэнийг багийн даргаар томилуулахаар багийн иргэдийн олонхийн саналаар баталж санал хураалт явагдаж эхэлсэн.

Иргэний бүртгэл мэдээллийн улсын бүртгэгч Д.Мядагмаа нэрсийн жагсаалтанд тулгалт хийж гарын үсэг зуруулан баримтжуулсан.

Санал хурааж дуусахад саналын хайрцагнаас 443 хуудас гарч ирсэн. Үүнээс тооллогын комиссын олонхийн саналаар 45 хуудсыг хүчингүйд тооцсон. Учир нь хөдөөгийн малчин иргэдийн бичиг үсгийн боловсрол муугаас 2 нэр дэвшигчийг хоёуланг нь дугуйлах, аль эсвэл хэнд нь ч зурахгүй байх, урд хойно нь зөвлөж цэглэх гэх мэтийн алдаа гарсан байсан. Хүчинтэй нийт хуудаснаас авч үзэхэд Б.Г  53.5 хувийн саналтай, Г.Б 46.4 хувийн саналыг тус тус авсан байсан. Нийт саналын 443 саналын хуудаснаас авч үзэж дүнг гаргасан Б Г сонгогчийн санал 48.8 хувь, Г Б  185 сонгогчийн санал 41.7 хувийн санал авсан. Багийн Засаг даргын дахин сонгуулийн ирцийн талаар Сонгуулийн тухай хуулинд ямар нэгэн заалт байхгүй учир Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 10 дахь заалтыг удирдлага болгон Баянгол багийн иргэдээс тэмдэглэлээр гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн тогтоолоо гаргаж уламжилсан.

Иймд уг тогтоолыг хүчингүй болгох нь Баянгол багийн иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Тухайн багийн Иргэдийн нийтийн Хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн тооллогын комиссын тогтоолыг гаргасан болно гэв.

Гуравдагч этгээд Б.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан багийн Иргэдийн нийтийн хурал, Засаг даргыг сонгох сонгуулийг 2016 оны 12 сарын 17-ны өдөр Баянгол багийн төвд зохион байгуулсан юм.

Энэ хурлаар Б.Г миний бие багийн Засаг даргад нэр дэвшин ерсөлдөж Г.Б-д цөөхөн хэдэн саналаар ялагдсан юм.

Гэтэл энэ санал хураалтанд оролцсон иргэдийг судлан үзэхэд манай багийн иргэн бус сонгогч тэр дундаа Г.Б-ы төрсөн эгч нөхөртэйгээ, бэртэйгээ өөр багаас ирж оролцсон нь нэрсийн жагсаалтаар нотлогдсон юм

Энэ байдлын талаар сумын Засаг даргад гомдол гаргахад Засаг дарга Б.А судлан үзээд багийн Иргэдийн нийтийн хурлаас багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй гэж тогтоон сонгуулийг дахин явуулах тухай шийдвэр ирүүлсэн юм

Иймд багийн Иргэдийн нийтийн хурлыг 2017 оны 01 сарын 08-ны өдөр дахин хуралдуулж багийн Засаг даргыг сонгох сонгуулийг явуулахад Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу багийн нийт өрхийн 50 хувиас дээш гарсан ирцтэй сонгууль болж миний бие олонхийн санал авч ялалт байгуулан Баянгол багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Сонгууль хуулийн хүрээнд явагдаж, сонгогдон томилогдсон гэж би өөрийгөө үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Эрдэнэчимэг өмгөөллийн үгэндээ: Багийн иргэдийн нийтийн хурлын Багийн засаг даргыг сонгох сонгууль 2 удаа явагдсан. 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн сонгуулийн тогтоол. шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоол шийдвэрийг хүчингүй болгоогүй байж дахин сонгууль явуулсан нь Сонгуулийн тухай хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Засаг даргын яриад байгаа хүчинтэй байгаа сонгогчийн санал хүчингүй болсон учраас бид нар хүчинтэй хуудаснаас хувь тоолсон гэж яриад байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4 дэх зүйлд зааснаар саналын хуудсын хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэж заасан байдаг учир бүх хуудсуудыг тоолж байж хувь гарган тоолсон нь хууль бус гэж үзэж байгаа. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 –д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан байдаг. Гэтэл Б.Г-ийг Багийн Засаг даргаар томилсон захирамж нь хууль зөрчсөн захирамж байгаа юм. Мөн тооллогын комиссын тогтоолууд нь  Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн тогтоол байгаа учир Иргэдийн нийтийн хуралдааны тооллогын комиссын тогтоол, Засаг даргын захирамж хууль бус байгаа учир хүчингүй болгох хууль зүйн үндэсэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн  хурлын дарга, Булган сумын засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Г.Б-ыг Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг Ховд аймгийн Булган сумын  засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Булган сумын Засаг дарга,  Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын тооллогын комиссын дарга нарт холбогдуулан Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн  Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай санал хураасан  дүнгийн тухай тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын  шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Ховд аймгийн  Булган сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. 

Хариуцагч А.Б , С.Оюунчимэг, гуравдагч этгээд Б.Г  нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтээ ирүүлсэн ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Амгаланбадрах нар нь  дээрх  хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжүүлэхээр зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн  Иргэдийн нийтийн хуралдааны тооллогын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай “Санал хураасан  дүнгийн тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурал 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болж, тус хурлаар Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалт болсон байна.

Баянгол багийн Иргэдийн нийтийн хуралд нийтдээ 443 сонгуулийн насны иргэд оролцож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад саналаа өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа ба талууд энэ талаар маргахгүй байна.

Баянгол  багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолоор Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын тооллогын комиссыг иргэн А.Бурмаа, М.Баттөмөр, О.Ууганцэцэг, Д.Мягдагмаа, Г.Ариунбилэг, Д.Болормаа, Э.Мягмар нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын тооллогын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар “Санал хураасан дүнгийн тухай” тогтоолд  нэр дэвшигч Б.Г 213 хүн 48.8 хувь /53.5 хувь/, Г.Б  185 хүн 41.7 хувь /46.4 хувь/  санал авсан  гэжээ.

Ийнхүү хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр Баянгол багийн Иргэдийн нийтийн хуралд  саналын хуудас 474 хэвлэгдсэнээс  сонгуульд 443 иргэн  оролцож саналаа өгсөн бөгөөд  нэр дэвшигч Б.Г-д 213 хүн, нэр дэвшигч Г.Б-д 185 хүнийн санал авч,  хүчингүй 45 саналын хуудас гарсан  ба   сонгуульд санал өгсөн хүний тоо болон нэр дэвшигчид санал өгсөн хүний тоотой талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч “Б.Г нь олонхийн буюу 50-иас дээш хувийн саналыг аваагүй байхад тооллогын комисс Засаг даргад нэрийг нь өргөн мэдүүлсэн гэж, хариуцагч Бурмаа маргаан бүхий актын үндэслэлээ “Тооллогын комиссын  нэр дэвшигчдийн саналын хувийг тооцохдоо нийт санал өгсөн хүнээс  Б.Г-ийн хувийг тооцоход 213 хүн буюу 48.8 хувь, нийт санал өгсөн хүнээс хүчингүй саналын хуудсыг хасаад хүчинтэй саналын хуудаснаас тооцоход 53.5 хувийн санал авсан, мөн хуралд иргэдээс 2 нэр дэвшигчийн хэн илүү санал авсаныг нь засаг даргад өргөн мэдүүлэхээр тогтсон тул Б.Г-ийг өргөн мэдүүлсэн” гэж  тус тус маргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар багийн Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхи буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох ёстой. Гэтэл энэ тохиолдолд хуралдаанд оролцсон иргэдийн 48.8 хувийн санал авсан Б.Г-ийг багийн Засаг даргаар томилуулахаар өргөн мэдүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

Өөрөө хэлбэл нэр дэвшигчийн саналын хувийг гаргахдаа  хуралд оролцсон нийт иргэд буюу 443 хүний саналын хуудаснаас тооцож гаргах нь дээрх хуулийн зохицуулалттай нийцнэ. 

Тухайн өдрийн Иргэдийн Нийтийн хуралд багийн Засаг даргад 2 иргэн нэр дэвшиж, 443 саналын хуудас тоологдож, хэн аль нь олонхийн санал аваагүй болох нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хариуцагчийн “багийн иргэд 2 нэр дэвшигчийн хэн их санал авсныг засаг даргад өргөн мэдүүлэхээр тогтсон тул  Б.Г-ийн нэрийг дэвшүүлсэн, мөн хүчинтэй саналын хуудаснаас хувийг тооцоход Б.Г  53.5 хувийн санал авсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Иргэдийн Нийтийн Хурал нь багийн Засаг даргад хуулийн шаардлага хангасан буюу хуралд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн санал авсан иргэний нэрийг Засаг даргад томилуулахаар дээд шатны буюу сумын Засаг даргад өргөн мэдүүлэх үүрэгтэй, мөн  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно...” гэж заасан  ба  нэр дэвшигчдийн саналын хувийг тооцохдоо хуралдаанд оролцсон  нийт иргэд төлөөлөгчдийн саналын хуудаснаас /Баянгол багийн хуралд ороцсон 443 хүнээс/ нэр дэвшигчдийн саналын хувь тооцох эрх зүйн зохицуулалттай ба хүчинтэй саналын хуудаснаас тооцох үндэслэлгүй байна.

Иймд Баянгол  багийн Засаг даргад өрсөлдсөн Б.Г нь 213 хүн буюу 48.8 хувийн  санал авч, хуулинд заасан 50 хувиас дээш хувийн санал аваагүй байхад Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын тооллогын комиссын тогтоол гаргасан нь хууль бус байх тул Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны  өдрийн 01 дугаар тогтоол, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус  хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ....баг, хорооны Засаг даргыг сум....Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасан ба Булган сумын Засаг дарга нь 50-иас дээш хувийн санал аваагүй  Б.Г-ийг томилсон нь үндэслэлгүй буюу дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

2.Г.Б-ыг Ховд аймгийн булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг Ховд аймгийн Булган сумын  засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар “Санал уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгоогүй тул уг тогтоолыг үндэслэн   намайг багийн засаг даргаар томилох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурал 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болж, тус хурлаар Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалт болсон байна.

Эхний санал хураалтаар нэр дэвшигч нарын 50-иас дээш хувийн санал аваагүй тул  хамгийн олон санал авсан нэр  дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулж  нийт сонгогчдын 56.8 хувийн санал авсан  Г.Б-ыг Баянгол багийн засаг даргад  нэр дэвшүүлж,  Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар “Санал уламжлах тухай” тогтоолыг сумын засаг даргад уламжилсан байна. 

Булган сумын засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар “Сонгууль дахин явуулах тухай” албан бичгээр “.....Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг үндэслэн багийн Засаг даргаар Г.Б-ыг томилохоос татгалзаж,  тус багийн  Засаг даргын дахин сонгуулийг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сайтар зохион байгуулах, дээрх зөрчлийг дахин гаргахгүй ажиллахыг  багийн иргэдийн Нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдэд үүгээр мэдэгдье” гэсэн хариуг Баянгол багийн иргэдийн нийтийн хуралд хүргүүлсэн ба Засаг даргын 01 дугаар албан бичигтэй нэр дэвшигч Г.Б  нь маргаагүй, хүлээн зөвшөөрч Баянгол багийн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн  Багийн иргэдийн нийтийн хуралд оролцож, Багийн Засаг даргын сонгох хуралд оролцсон болох нь тус хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.  

Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос  татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан ба Булган сумын Засаг даргын “Сонгууль дахин явуулах тухай” албан бичгийг биелүүлж Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлаар Баянгол багийн Засаг даргыг сонгох асуудлыг дахин хэлэлцсэн байх тул Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн  02 дугаар “Санал уламжлах тухай” тогтоолыг хүчинтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Г.Б-ыг Ховд аймгийн булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг Ховд аймгийн Булган сумын  засаг даргад даалгасан шийдвэр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

3. Нийгмийн даатгалын  шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Ховд аймгийн  Булган сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Багийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоогдсон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон сонгуулийн үр дүнд томилогддог  улс төрийн албан тушаалтанд хамаарах ба улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа сонгуулийн үр дүнтэй шууд холбоотой.  

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар  төрийн албан хаагч гэдэг нь  төрийн албан тушаал эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө  төрөөс цалин хөлс авч,  ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж байгаа этгээдийг ойлгох ба  Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн Нийтийн Хурлаас багийн засаг даргад  нэр дэвшигчдээс хэн  нь ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан шаардлага хангаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог.  

Иймд Г.Б-д ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэр бичилт хийлгэхийг Ховд аймгийн Булган сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.   

Дүгнэвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны  өдрийн 01 дугаар тогтоол, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг  тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс Г.Б-ыг Ховд аймгийн булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг,  ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын  шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг тус тус Ховд аймгийн  Булган сумын Засаг даргад даалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасны тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26  дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн  Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр “Санал хураасан  дүнгийн тухай” тогтоол, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс Г.Б-ыг Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын  шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг тус тус Ховд аймгийн  Булган сумын Засаг даргад даалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЯНЖИНДУЛАМ