Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 18

 

Д.Ц нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 291 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум  Д.Ц нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц түүний өмгөөлөгч  Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн захирлын тушаалаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд Монгол хэлний багшаар ажилд орсон. 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлөвлөгөө хөтөлбөрөө батлуулаад ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар цагийн ачаалалгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Тухайн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Монгол хэлний багш Д.Ц нь ажлын ачаалалгүй болсон тул ажлын байрны тодорхойлолтод үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд уг хуулийн 16.5, 16.5.3, 16.5.9 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны А/72 дугаар тушаалаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон юм. Уг тушаалын хавсралтаар батлагдсан 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тооны Монгол хэл, уран зохиолын багш үндсэн 1, цагийн 1 байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлий жилд ажиллах багшийн тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журмын 4.1-ийг үндэслэн тухайн мэргэжлийн ангиудын элсэлт, уг элсэлтээс үндэслэн баталсан сургалтын төлөвлөгөөг баримталдаг болно. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд орох ёстой Монгол хэл, уран зохиолын хичээл нь нийт 972 цаг буюу 21.6 кредит цаг байна. Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журмыг үндэслэн багш Д.Ц багшийн ур чадварын түвшин багш зэрэглэлд тогтоогдсон учир Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1.8-д заасны дагуу жилийн цагийн ачаалал нь 20 багц цаг буюу 17 багц цагийг танхимын сургалтаар, 3 багц цагийг танхимын бус сургалтаар гүйцэтгэх ёстой. Дээрх ачааллын дагуу үндсэн 1 багш нь 17.6 кредит, цагийн багш нь 4 кредит цагийг заахаар тооцоолсон. Д.Цг нь монгол хэлний багшаар томилогдон ажиллаж байсан ба Д.Ц-н мэргэжил нь монгол-англи судлал мэргэжилтэй тул Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлага дээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын 4 дүгээр зүйлийн 4.1.1 заалтыг зөрчиж байгааг илэрхийлж, мэргэжлийн хүн байлгах ёстой тухай албан шаардлага ирүүлсэн. Мэргэжлийн бус хүн хичээл зааж байна. Өөрөөр хэлбэл монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй хүн тухайн хичээлийг заах ёстой гэсэн асуудлыг боловсролын асуудал хариуцсан байцаагч Д албан шаардлага өгсөн. Үүний дагуу багш Цт 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөх тухай мэдэгдээд тухайн мэдэгдлийн дагуу Д.Ц-г ажлаас чөлөөлөх талаар 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд мэдэгдсэн боловч Д.Ц багш нь би мэргэжлийн бус байгаа нь үнэн, монгол англи хэл судлалаа дүйцүүлээд монгол хэл уран зохиолын багш болоход тодорхой хугацаа шаардлагатай юм байна. Иймээс өөр ажилд ажиллуулах, эсхүл он дуустал ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Тэгээд захирлын зөвлөлийн хурал дээр хэлэлцээд он дуустал цагийг нь тавиад явъя гэдэг асуудлыг хэлэлцсэн. Монгол хэл, уран зохиолын хичээлийн цаг нь нийт 21.6 кредит буюу 840 цагийн хичээл байгаа учир үндсэн багш 1, цагийн багш 1 байхаар шийдвэрлэж зохицуулсан. 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт бага байгаатай холбоотойгоор он дуустал нэмэлт элсэлт авсан. 2017-2018 оны хичээлийн жилийн ачааллыг тооцоод захирлын 2017 оны А/72 дугаар тушаалаар хичээлийн жилд ажиллах багш нарын бүтэц орон тоог тогтоогоод, тухайн бүтэц орон тооны дагуу монгол хэл, уран зохиолын багш үндсэн орон тоогоор нэг, цагийн багшаар нэг багш байхаар шаардлага байна гээд он дуустал Д.Цг багшийг нийт 4 кредитийн буюу 108 багц цагийн хичээл байгаа учир үлдсэн нэг багш дээр нь шилжүүлээд явах боломжтой. Ингээд хүсэлтийн дагуу 2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд /09-12 саруудад/ 4 кредитийн /180 цагийн/ хичээлийг зааж гүйцэтгэсэн. Мөн хичээлийн жилийн 2 дугаар улирлаас багш Д.Ц-гт хичээл хуваарилаагүй ба 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэг ч цагийн хичээл заагаагүй боловч цалингаа бүрэн авч байсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүждэг юм. Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив-аар Говь-Алтай аймагт нэг суралцагчид ногдох хувьсан зардлын дундаж норматив 591.600 төгрөг байна. Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 4 багш ажлаас чөлөөлөгдөж, 2 багш түр хугацаагаар ажлаас чөлөөлөгдөж байгаа болно. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд /2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт мэргэжлийн 19 ангид 201 суралцагч суралцаж байна. Тус сургалтын төвийн 2018 оны батлагдсан төсөвт суралцагчдын тоог 619 байхаар тооцсон юм. Дээрх үндэслэлүүдийн дагуу Монгол хэлний багш нь ажлын ачаалалгүй болсон тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-09-029/01/12 дугаар албан шаардлага, Монгол хэлний багшийн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн Д.Ц-г ажлаас нь чөлөөлсөн юм. Д.Ц-н нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:  1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянмонгол овгийн Д-н Ц-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.300.166 /хоёр сая гурван зуун мянга нэг зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д-н Ц-т олгохыг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.300.166 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 51.753 төгрөг, нийт 121.953 /нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун тавин гурван / төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: Иргэн Д.Ц нэхэмжлэлтэй Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 291 шүүхийн шийдвэрийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам "-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам"-ын дагуу тогтоодог. Ур чадварын түвшинг тогтоож ажлын ачааллыг гаргадаг болно. Багш Д.Ц нь багшаар ур чадварын түвшин тогтоогдсон ба жилийн гүйцэтгэх ёстой ажлын ачаалал нь 17 кр байх ёстойгоос 4.0 кр-н байгаа учир цагийн багш болох үндэслэл болж байна. Монгол хэлний багш хийж байсан Д.Ц мэргэжил нь "монгол, англи судлал" мэргэжилтэй тул Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаапчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлага дээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын 4 дүгээр зүйлийн 4.1.1 заалтыг зөрчиж байгааг илэрхийлж, мэргэжлийн хүн байлгах ёстой тухай албан шаардлага ирүүлсэн.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 16,5,3 дахь хэсэгт батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчидын цалин хөлсийг тогтоох, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаар тушаалийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг бащ цагаар тооцох журам"-ын 1.3-т Мэргэжлийн боловсрол сургалтын асуудал эрхэлсэн төв төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог МСҮТ, Политехник коллежийн захирал тогтооно гэсэн заалтуудыг тус тус үндэслэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын хавсралтаар Мэргэжлийн сургалт сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан, тогтоосон.

Уг тушаалын хавсралтад заасны дагуу тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Монгол хэл, уран зохиолын багш нь үндсэн 1, цагийн багштай байхаар байна.

Багш Д.Ц-г ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гардуулан өгч, гарын үсэг зуруулсан ба 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мөн гардуулан өгсөн. Д.Цэрэнпунцаг нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг гардуулан өгөөгүй нэхэмжлэлд дурьдаагүй ба Д.Ц-г 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс ажлаас нь чөлөөлөн, 2018 оны 03 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цалинжуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь нэхэмжлэгч Д.Ц тус төвийн Монгол хэл, уран зохиолын багшийн ажлаас чөлөөлсөн тухай 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн Б/07 дугаартай тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүлйийн 43.1, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын 1.2, Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол,сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны А/72 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.1.1, 12.2, 12.2.1-д заасан үндэслэлүүдийг заажээ.

Ажил олгогч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа монгол хэл, уран зохиолын багш Д.Ц нь ажлын ачаалалгүй болсон тул үндсэн 1 багш нь 17.6 кредит, цагийн багш нь 4 кредит цагийг заахаар тооцоолсон. Д.Ц нь монгол хэлний багшаар томилогдон ажиллаж байсан ба Д.Ц мэргэжил нь “монгол-англи судлал” мэргэжилтэй тул Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны албан шаардлага дээр мэргэжлийн хүн өөрөөр хэлбэл монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй хүн тухайн хичээлийг заах ёстой гэсэн асуудлыг тавьсан. Дээрх байдлуудыг үндэслэн ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ингээд захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу нийгмийн ажилтны орон тоон дээр өөрийн хүсэлт, хийх ажлын төлөвлөгөө, танилцуулгыг үнэлэн томилохоор шийдвэрлэсэн боловч Д.Цэрэнпунцаг  материал ирүүлээгүй тул ажлаас чөлөөлсөн.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журам”-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын хавсралтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон.

2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тооны монгол хэл уран зохиолын  багш үндсэн 1, цагийн 1 байна.

Нэг багш цагийн багш байна гээд үндсэндээ үндсэн нэг орон тоотой нэг цагийн багштай гээд орон тооны хувьд ажилтнуудын орон тоог цөөрүүлэх нь зүйтэй байна гэсэн шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу аж ахуйн нэгж болон түүний салбар нэгж татан буугдсан орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр орон тоог цөөрүүлэн тогтоосон юм гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар тухайн байгууллагынхаа батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох эрх хэмжээнийхээ хүрээнд орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтаар тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн монгол хэл, уран зохиолын багшийн ажлын байр нь 2017-2018 оны хичээлийн жилийн эхнээс орон тоо, төсөв нь батлагдан тухайн жилийнхээ төсөвт суугдаж, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийн дагуу явагдаж, сургалтын багц цагийн тооцоо нь сар бүр хийгдэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар батлагдсан Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 43 багшийн орон тоотойгоор ажиллахаар тогтоосон орон тоонд орсон байхад орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Ажил олгогчийн санаачилга /орон тоо цөөрүүлсэн/-р хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан баримтад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагчаас ажилтанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 14, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд бичгээр хүргүүлээд 2018 оны 03 дугаар сарын 6-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа бөгөөд мэдэгдснээс хойш 5-11 сарын дараа ажлаас чөлөөлсөн нь ажилтанд эргэлзээ төрүүлэхүйц байдалд хүргэж, хуулийн уг заалтыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 133/ШШ2018/0291 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш .БАТТОГТОХ

                                    ШҮҮГЧИД                                         Ч.ЭНХТӨР

                                                                                             Т.ЖАРГАЛСАЙХАН