Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 38

 

Бо-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0038/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Н.Амаржаргал,

Хохирогч З-, М-,

Шүүгдэгч Бо- нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бо- давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2040000440048 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотын Багануур дүүрэгт 1992 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Т-н Бо-  

Бо- нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37-41 тоотод оршин суух З-ын гэрт түр амьдарч байхдаа түүний ХААН банкны виза картын нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авснаар виза картыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээс нь хулгайлан авч, Улаанбаатар хотод 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирж офицерын ордны дэргэд байршилтай ХААН банкны АТМ-аас виза картаар нэвтрэх нэр, нууц үгийг уншуулан 965000 төгрөгийг,

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 1200 тоотод оршин суух У.М- гэрт нь байхдаа түүнийг интернет банкаар гүйлгээ хийх үед нь нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авч улмаар Улаанбаатар хот явах замдаа 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өөрийн утсаар У.М- ХААН банкны данс руу нэвтрэн орж интернет банкнаас 14 цаг 39 минутад 1000000 төгрөг, 14 цаг 40 минутад 1164000 төгрөг, нийт 2164000 төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 3129000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Тн Бо- мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Х овогт Т-н Бо-д 08 /найм/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Бо-д оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Бо-эс 980000 /есөн зуун наян мянга/ төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 37-41 тоотод оршин суух З-д, 2164000 /хоёр сая нэг зуун жаран дөрвөн мянган/ төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, Хангайн 1200 тоотод оршин суух, М-д  тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн гэх ХААН банкны АТМ-ны зургийг эд мөрийн баримтаас хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Бо- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Би давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө нь хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна гэж бодоод хохирлоо төлсөн гэж гомдол гаргасан. 8 сар гараад манай өвөөгийн тэтгэврийн зээл авах эрх нь үүсэх байсан. Хохирлыг төлж амжина гэж бодсон ч амжсангүй. Би хохирогч нарт хохирлоо бүрэн төлж барагдуулах тул надад оногдуулсан 8 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогч М- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би Бо-эс хохирлоо барагдуулж аваагүй, 2164000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ

Хохирогч З- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Бо-эс хохирлоо барагдуулж аваагүй, 980000 төгрөг, олон улсын виза картын үнэ 15000 төгрөг, нийт 995000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.   

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Тухайн хэрэг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн бөгөөд энэ хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжтой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Шүүгдэгч нь үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй учир анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Бо- давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Бо- нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37-41 тоотод оршин суух З-ын гэрт түр амьдарч байхдаа түүний ХААН банкны виза картын нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авснаар виза картыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээс нь хулгайлан авч, Улаанбаатар хотод 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирж офицерын ордны дэргэд байршилтай ХААН банкны АТМ-аас виза картаар нэвтрэх нэр, нууц үгийг уншуулан 965000 төгрөгийг,

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 1200 тоотод оршин суух У.М- гэрт нь байхдаа түүнийг интернет банкаар гүйлгээ хийх үед нь нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авч улмаар Улаанбаатар хот явах замдаа 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өөрийн утсаар У.М- ХААН банкны данс руу нэвтрэн орж интернет банкнаас 14 цаг 39 минутад 1000000 төгрөг, 14 цаг 40 минутад 1164000 төгрөг, нийт 2164000 төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 3129000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь: 

Хохирогч З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагт миний ХААН банкны дансанд 01 дүгээр сарын цалин болох 919000 төгрөг орсон. ...мөн өдрийн 15 цаг 36 минутад 965000 төгрөгийн зарлага гарсан талаар утсанд мэдээлэл ирсэн. ... Хаан банкны лавлах 18001917 дугаар руу залгаж асуухад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Офицерын ХААН банкны АТМ-аас виза картаар мөнгө авсан байна гэж хэлсэн. ...би виза картаа хүнд өгч гаргаж байсан ба тэр үед Бо- миний виза картын нууц үгийг сонссон. ...Би өөрийн интернет банкны нууц үгийг хэн нэгэнд хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх 16-17х/

Хохирогч У.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 40 минутын үед миний ХААН банкны дансанд 01 дүгээр сарын цалин болох 2800000 төгрөг орсон. ...мөн өдрийн 14 цаг 39 минутад миний ХААН банкны данснаас 1000000 төгрөг 111 гэсэн утгатайгаар, ...дахин 14 цаг 40 минутад 1164000 төгрөг 111 гэсэн утгатайгаар өөр хүний данс руу шилжсэн мэдээлэл утсанд ирсэн. ...Нийт 2 удаагийн гүйлгээгээр 2164000 миний данснаас гарсан. ...Хамт ажилладаг байсан Бо- гэх залуу манай гэрт орж ирээд “...үсээ засуулах гэсэн юм 7000 төгрөг өгөөч” гэхээр нь би өөрийн ХААН банкны данснаас 7000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед Бо- миний хажууд байсан учраас интернет банкны нууц үгийг цээжилсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх 69-70х/,  

Гэрч Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр бид хоёр банкнаас дансныхаа хуулгыг аваад үзэхэд ХААН банкны данснаас 14 цаг 39 минутад 1000000 төгрөг 111 гэсэн утгатайгаар өөр хүний данс руу шилжсэн, мөн 14 цаг 40 минутад дахин 1164000 төгрөг 111 гэсэн утгатайгаар өөр хүний данс руу шилжсэн байсан. Би болон манай нөхөр Хаан банкны данснаас ямар нэгэн гүйлгээ хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх 75-76х/

Т.Бо- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр З-ын гэрээр ороод гарахдаа цэнхэр өнгийн ХААН банкны виза картыг аваад гарсан. ... 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод очоод офицерт байдаг ХААН банкны АТМ-аас З-ын виза картанд байсан 965000 төгрөгийг авсан...

...М-  над руу мөнгө шилжүүлэхээр ХААН банкны интернет банк руугаа орж байхад нь нэвтрэх нэр, нууц үгийг нь цээжилсэн. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө Улаанбаатар хотод очоод өөрийнхөө утсанд М- ХААН банкны интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь хийсэн чинь нэвтрээд орсон. М- дансанд 2164000 төгрөг байхаар нь эхлээд 1000000 төгрөгийг би өөрийнхөө Хас дансанд 111 гэсэн утгатай шилжүүлсэн. Дараа нь 1164000 төгрөгийг 111 гэсэн утга бичээд өөрийнхөө Хас банкны дансанд шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх 43-44, 92-93х/,

Хаан банкны дансны хуулга /хх 67х/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна. 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай бөгөөд Т.Бо- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 31 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагт тооцож Т.Бо- 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Бо-д 08 /найм/ сарын хорих” гэснийг “Бо- 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Бо-д оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Бо- цагдан хоригдсон 31 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагт тооцож Т.Бо- 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцож шүүх хуралдааны танхимаас сулласугай” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА