| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 102/2021/01286/И |
| Дугаар | 183/ШШ2021/01498 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2021/01498
2021 оны 07 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2021/01498 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар хэсэг, С -гийн Х дүгээр байрны ХХ тоотод оршин суух, Б овогт С-ын Г /рд:ЧВ00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Х дүгээр хороо, Арцатын ХХ дугаар гудамж, ХХ тоотод оршин суух, Н овогт П-ийн М /рд:ИЮ00000000/-ад холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 1ХХХ байрны ХХ тоот хаягт орших 54.22 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зарна гэсэн зарын дагуу холбогдож П.М гэх хүнтэй тохирч уг орон сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон боловч орон сууцыг хараахан чөлөөлж өгөх боломжгүй байсан. Иймээс худалдах, худалдан авах тохиролцоогоо урьдчилан баталгаажуулан 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Байр худалдах, худалдан авах хэлцэл" гэх баримт үйлдэн П.М-д 3 000 000 төгрөгийг түүний эхнэр С.Д-ын Хаан банк дахь ********** тоот дансанд шилжүүлэн төлсөн. Дээрх “Байр худалдах, худалдан авах хэлцэл” гэх баримтаар М орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд чөлөөлж хүлээлгэн өгөх, С.Г нь 47 000 000 төгрөг төлөх, үлдэх 50 000 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохирсон. Гэвч П.М нь орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлж, хүлээлгэн өгч чадаагүй учраас гэрээ байгуулахаас татгалзаж, урьдчилж төлсөн 3 000 000 төгрөгийг шаардахад “Таны өгсөн мөнгийг хэрэглэчихсэн, одоо өгөх мөнгө байхгүй байна, мөнгөтэй болохоороо өгье” гэсэн тул мөнгөө хожим буцаан авахаар болоод салсан. Ингээд мөнгөө авахаар үе үе П.М руу утсаар залгаж шаардахад “Боломжгүй байна, боломжтой болохоороо өгье” гэдэг байсан боловч сүүлдээ “Өгөхгүй, чаддаг юм бол шүүх, цагдаагаараа яваад аваарай” гэж басамжлан, мөнгийг буцаан өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзах болсон. Иймд 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч П.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, үйлдвэрийн гудамж ХХ байрны Х тоот хаягт байрлах 54.22 м.кв 2 өрөө орон сууцыг 2020 оны 1 дүгээр сараас эхлэн зар байршуулж худалдахаар шийдвэрлэсэн. Уг зарын дагуу иргэн, ААНБ-ууд ирж худалдан авах анхан шатны хэлцэл хийх санал тавьж байсан. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уг зарын дагуу иргэн С.Г нь эхнэр хүүхдүүдийн хамт ирж авах хүсэлтэй байгаагаа удаа дараа ирж уулзан хүсэлт гаргаж байр зарах зараа устгаж бусад иргэн, ААНБ-уудтай хийсэн хэлцэл, ам тохироо зэргийг хүчингүй болгохыг хүсэж мөн урьдчилгаа мөнгө санал болгож байсан. Иргэн С.Г нь “Өөрийн охин болон зээ хүүхдүүдэд байр авч өгөх гэсэн юм бэлэн мөнгө 100 хувь байхгүй байгаа тул миний дүү ахдаа боломж олгоод хэлцэл хийчих мөн 30 хувийг чамд өгөх хүсэлтэй байна” гэж удаа дараа уулзаж учир шалтгаанаа хэлж гуйсан. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн С.Г-тай зөвшилцөж 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийж төлбөрийн 2 хуваан төлж үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр хэлцэл хийсэн. Харин хэлцлийг аль аль тал хүчингүй болгохгүй үүднээс албажуулан цаасан хэлцэл байгуулж байрыг султгаж өгөхөд зориулсан 3 000 000 төгрөгийн зардлыг шилжүүлэн авсан. 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр С.Гын ************* дугаар луу залгаж асуухад “Хэлцлийн дагуу байр худалдаж авах боломжгүй болсон, танайх байраа бусдад худалдаж борлуулах талаа бод” гэж хэлсэн. 2020 оны 6 дугаар сард иргэн С.Г нь залгаж “танайх байраа зарсан уу манайх 3 000 000 төгрөгөө авах хүсэлтэй байна” гэж хэлсэн. Миний бие нь иргэн С.Г-тай байгуулсан хэлцлээ зөрчөөгүй бөгөөд нэхэмжилж байгаа 3 000 000 төгрөгийг байр султгах, буцаан нүүлгэх зардалд зарцуулсан тул буцаан олгох боломжгүй гэж үзэж байна. Уг хэлцлийг өнөөдрийг хүртэл зөрчөөгүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээг байгуулахад бэлэн байна. Иймд иргэн С.Г-тай байгуулсан хэлцэл нь бэлэн мөнгө зээлэх, хууран мэхлэх, ямар нэгэн иргэнд хохирол учруулсан үйлдэлгүй учир хэлцэл байгуулсан талууд харилцан тохиролцон хүчингүй болгох тул уг нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч П.М-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Байр худалдах, худалдан авах хэлцэл байгуулж, 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч П.М тохирсон хугацаанд байраа чөлөөлж өгөөгүй тул гэрээнээс татгалзсан. Иймд урьдчилж төлсөн 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарласан.
Хэргийн баримт, талуудын тайлбараар С.Г болон П.М нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Байр худалдах, худалдан авах хэлцэл” байгуулагдсан, урьдчилгаа төлбөрт С.Г-аас 3 000 000 төгрөгийг П.М-д хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогдох бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй.
Харин хариуцагч “...Би гэрээний дагуу байраа зарахад бэлэн. Гэтэл энэ тал худалдаж аваагүй, дээрх мөнгийг байр суллах, буцаан нүүлгэх зардалд зарцуулсан тул төлөх боломжгүй” гэж маргасан.
Дээрх хэлцлээр, хариуцагч П.М Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, ****байрны 1 тоот, 54.22 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн чөлөөлж өгөх үүрэг хүлээсэн байх бөгөөд тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөөгүйн улмаас нэхэмжлэгч тал худалдан авах гэрээнээс татгалзаж буйгаа 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж, дуусгавар болжээ.
Ийнхүү гэрээ цуцлагдсанаар талуудын хэн алинд нь харилцан буцаах үүрэг үүсдэг тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт урьдчилж өгсөн 3 000 000 төгрөгийг хариуцагч П.М-аас гаргуулахаар шийдвэрлэв.
Хариуцагч нь урьдчилгаа 3 000 000 төгрөгийг байр султгах, буцаан нүүлгэх зардалд зарцуулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна хариуцагчийн хугацаандаа орон сууцаа суллаагүй нөхцөл байдал нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч П.М-аас 3 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Г-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ